“Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирлаар Дэйрдэ Лингенфэлдер томилогдлоо

B Shurenchimeg
2022-03-16 13:41:39
Ангилал: Уул уурхай

“Оюу толгой” компанийн шинээр томилогдоод буй Дэйрдрэ Лингенфэлдер нь тус компанийн түүхэн дэх  анхны эмэгтэй Гүйцэтгэх захирал юм.

Тэрбээр албан үүргээ тавдугаар сарын 1-ээс эхлүүлэх бөгөөд энэ хугацаанд Жак Ван Тондер Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр үргэлжлүүлэн ажиллах аж. “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар сүүлийн тав  гаруй жил ажилласан Армандо Торрес ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасны дагуу ТУЗ-өөс Жак  Ван Тондерийг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилоод байсан. 

Дэйрдрэ Лингенфэлдерийг уул уурхайн салбарт хуримтлуулсан арвин туршлагатай, шилдэг манлайлагч хэмээн тодорхойлдог. Хамгийн сүүлд Рио Тинтогийн Зэсийн группийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин (ЭМААБО) болон Орон нутгийн харилцаа хариуцсан Дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байжээ.  

Тэрбээр энэ хугацаанд Рио Тинтогийн Зэсийн группийн олон улсын үйл ажиллагаа, тэр  дундаа “Оюу толгой” компанийн хэмжээнд ЭМААБО болон тогтвортой хөгжлийн стратегийг  хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гарган манлайлан ажиллаж байсан. 

Рио Тинто группт ажиллахаасаа өмнө Англо Американ, Де Биерс компаниудад олон  улсыг хамарсан, өргөн хүрээтэй удирдах албан тушаалуудыг хашиж, гүйцэтгэх удирдлага болон  төлөөлөн удирдах зөвлөлийн түвшний үүрэгт ажлуудад томилогдож байжээ. Тэрбээр уул уурхай, аж  үйлдвэрийн салбарт төрөл бүрийн таваарыг хамарсан үйл ажиллагаа, тогтвортой хөгжлийн  чиглэлээр ажилласан 20 гаруй жилийн туршлагатай аж. 

“Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Элчин сайд Г.Батсүх “Оюу толгой компанийн түүхэн дэх  анхны эмэгтэй Гүйцэтгэх захирлаар Дэйрдрэ Лингенфэлдерийг томилж буйдаа Төлөөлөн удирдах  зөвлөлийн бүрэлдэхүүн сэтгэл маш хангалуун байна. Дэйрдрэ бол бизнес шинэчлэл, сайжруулалтын чиглэлээр арвин туршлагатай бөгөөд орон нутгийн чадавх, хүний хөгжил,  байгууллагын соёлыг бэхжүүлж, “Оюу толгой” компанийг чадварлагаар удирдан манлайлж, манай  үйл ажиллагааны амжилтыг буухиалан үргэлжлүүлнэ гэдэгт бат итгэж байна. Энэ хугацаанд  Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж, хамт олноо манлайлан ажиллаж буй Жак Ван  Тондерт Төлөөлөн Удирдах Зөвлөл сайшаалтай хандаж байна.” хэмээн онцоллоо.  

Харин “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон Дэйрдрэ Лингенфэлдер “Оюу толгойн хамт олныг  удирдуулахаар итгэл хүлээлгэж буйд миний бие гүнээ талархаж, сэтгэл хөдлөхийн сацуу бахархал  төрж байна. Оюу толгойн баг, хамт олны өнгөрсөн аравны хугацаанд нөр их хөдөлмөрөөрөө цогцлоосон амжилт бүтээлийг цаашид түүчээлэн үргэлжлүүлэхийн төлөө ажиллах болно. Оюу толгой дэлхий дахинаа нэр алдраа хэдийн цуурайтуулсан. Би Оюу толгойн нэг эд эс болж,  энэ компани Монгол Улсад хувь нэмрээ бүрэн дүүрэн оруулан ажиллахад өөрийн зүгээс  шаардлагатай бүхнийг хийж, хичээх болно” гэдгээ мэдэгдлээ. 

 

 

 

B Shurenchimeg