“Оюу толгой” компани 435 тэрбум төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлжээ
“Оюу толгой” компани 2024 оны дөрөвдүгээр улирлын гүйцэтгэлийн тайлангаа танилцууллаа. Тус тайлан мэдээгээр “Оюу толгой” компани 2024 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 66,335 тонн баяжмал дахь зэс, 66,323 унц баяжмал дахь алт үйлдвэрлэжээ.
2023 оны дөрөвдүгээр улиралтай харьцуулахад зэсийн үйлдвэрлэл 63 хувиар өссөн нь гүний уурхайд үйлдвэрлэл эрчимжиж, хүдрийн агуулга нэмэгдсэнтэй холбоотой юм. 2024 оны аравдугаар сард хүдрийг 1,300 метрийн гүнээс газрын гадарга руу тээвэрлэх 6.9 км урт туузан дамжуургын бүтээн байгуулалтыг дуусгаснаар үйлдвэрлэл өмнөх улирлаас 33 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд хүдрийн агуулга сайжирснаар ил уурхайн гарц мөн нэмэгдсэн гэдгийг “Оюу толгой” компаниас мэдээллээ.
Тус компани дөрөвдүгээр улиралд нийт 435 тэрбум төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлжээ. 2010 оноос хойш татвар, хураамж, үндэсний компаниудад төлсөн НӨАТ зэрэг бусад төлбөрт 12.1 их наяд төгрөг төлсөн байна.