Оюу толгой төслөөс Монгол Улсад ногдох өгөөж нэмэгдэх нь “гарцаагүй үнэн” боллоо
Рио Тинто Оюу толгойн уурхайн ашиглалтын хугацаанд нийт өгөөжийн дийлэнх хувийг буюу 53-аас доошгүй хувийг Монгол Улсад үлдээхээр болж, албан захидлаараа эл тохиролцоог баталгаажууллаа.
“Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал, “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх, Санхүү эрхэлсэн дэд захирал Б.Дуламсүрэн, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Эндрью Лая нар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатартай пүрэв гарагт (2026.02.12) уулзаж, Рио Тинто Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кейти Жаксоны хариу захидлыг гардуулан өгсөн бөгөөд өнөө өглөө (2026.02.13) Засгийн газар эл захидлыг монголчуудад задаллаа.
Кейти Жаксон захидалдаа, Монгол Улсын Ерөнхий сайдын 67, 68, 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүд Рио Тинтотой “Оюу толгой” ХХК-ийн асуудлаар хэлэлцээ хийж буйг бүрэн дэмжиж, бодит үр өгөөжид тулгуурлан идэвхтэй хамтран ажиллаж буй талаараа дурдсан байна.
Мөн “Оюу толгойн уурхайн ашиглалтын хугацаанд нийт өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад үлдэх буюу Үндсэн хуульд заасан 53 хувиас доошгүй байх хэмжээнээс өндөр байна. Зээлийн хүү болон менежментийн зардлыг бууруулах тодорхой саналуудыг ажлын хэсэгт хүргүүлсэн. Үүний үр дүнд Монгол Улсын хүртэх өгөөж нэмэгдэх болно” гэж захидалдаа дурджээ.
Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал Саймон Трот мөн Ерөнхий сайд Г.Занданшатарт энэ оны 2 дугаар сарын 05-ны өдөр захидал илгээсэн. Тэрбээр захидалдаа Оюу толгойн үйл ажиллагааг урт хугацаанд амжилттай, тогтвортой явуулах талуудын нэгдмэл ашиг сонирхолд тулгуурласан нээлттэй, үр дүнтэй яриа хэлэлцээг үргэлжлүүлэх байр суурь хэвээр байгаагаа илэрхийлээд байсан юм.
Харин Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр болсон уулзалтын үеэр Үндсэн хуулийн суурь зарчмын дагуу Оюу толгой төслийн өгөөжийн дийлэнх хувийг Монголын ард түмэнд ногдох, зээлийн хүү болон менежментийн зардал бууруулах асуудлаар бодит үр дүн гаргах шаардлага зүй ёсоор тулгараад байсныг онцлоод Монголын Засгийн газраас гаргасан саналын дагуу хэлэлцээг эрчимжүүлж, асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэхийг хүссэн юм.
Ийнхүү гараанаасаа хөдөлсөн цагаасаа эхлэн маргаан дагуулсан сэдэв эцэс бол болж, монголчуудын хувь эзэмшил нэмэгдээд зогсохгүй зээлийн хүү буурснаар ногдол ашиг хүртэх хугацаа арай наашлах төлөвтэй байна.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-ны өдрийн УИХ-ын 120 дугаар тогтоол Рио Тинтог арбитр луу чиглүүлж, тэр ч бүү хэл төслийн санхүүжилтээ зогсооход хүргэж болзошгүй гэж олон улсын хэвлэлүүд бичиж байсан. Тэгвэл талуудын хэлэлцээр “эв түнжин”-тэйгээр үргэлжилж буй бололтой.


Зургийг Монгол Улсын Засгийн газрын албан ёсны цахим хуудсаас ашиглав.
