“Оюу Толгой” ХХК 2024 оны III улирлын гүйцэтгэлийн тайлангаа танилцуулав
2024 оны гуравдугаар улирлын байдлаар Өмнөговь аймагт бүртгэлтэй 118 ханган нийлүүлэгчээс 294 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ авсан байна. 2010 оноос хойш Өмнөговь аймгаас нийт 4.7 их наяд төгрөгийн бараа, үйлчилгээ тус компани авчээ.
“Оюу Толгой” ХХК 2024 оны гуравдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа танилцууллаа. Онцлох үйл явдлаас хүргэж байна.
“Оюу толгой” компани “100 сая мод” тарина
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Оюу толгой” компани 100 сая мод тарих амлалтаа биелүүлэхээр Өмнөговь аймгийн Цогт-Овоо болон Ханбогд суманд тус бүр иж бүрэн тоноглогдож механикжсан мод үржүүлгийн газар байгуулан, сумдын удирдлагад хүлээлгэн өгсөн байна. Цогт-Овоо сум дахь мод үржүүлгийн газар нь жилдээ 500,000 тарьц бэлтгэх хүчин чадалтай бол Ханбогд сумынх жилд 250,000 модны тарьц бэлтгэх хүчин чадалтай. “Оюу толгой” компани мод тарьж уургуулахаас гадна ойжуулалтын ажлын бэлтгэл, боловсон хүчин, мод үржүүлэг, ойжуулалтын ажлын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарч, нөөц, бааз суурийг нь бэхжүүлэх ажлуудыг хэрэгжүүлсээр байна. Энэ хүрээндээ Өмнөговь аймгийн Даланзадгад хотод “Говь: Цөлжилтийн эсрэг ногоон ирээдүй” сургалтыг дөрвөн аймгийн 160 гаруй мэргэжилтнийг хамруулан амжилттай зохион байгуулж, говийн бүсийн ургамалжуулалт, ойжуулалтын талаар туршлага солилцжээ.
“Оюу толгой” компани 1,130 дахь тэтгэлгээ гардуулав
“Оюу толгой” компани 1,130 дахь тэтгэлгээ гардууллаа. Өнгөрөгч баасан гарагт 40 оюутанд Дотоодын тэтгэлгийн батламжийг гардуулснаар, 2010 оноос хойш Гадаад, Дотоод, Говийн оюу тэтгэлэгт хөтөлбөрүүдээрээ дамжуулан нийт 1,130 тэтгэлгийг Монголын ирээдүй болсон залууст олгоод байгаа юм. Мөн тус компани, Монгол-Германы Ашигт Малтмал, Технологийн Их Сургуультай хамтран Өмнөговь аймгийн ахлах ангийн сурагчдад зориулсан STEM зуны сургалтыг зохион байгуулжээ. Энэхүү хөтөлбөр нь сурагчдад байгалийн шинжлэх ухааны хичээлүүдийн талаар гүнзгий мэдлэг олгож, инженерийн чиглэлээр мэргэжлээ сонгоход нь урам зориг өгөх зорилготой аж. Боловсролын ерөнхий газар, “Оюу толгой” компаниас ахлах ангийн сурагчдад мэргэжлээ сонгоход нь туслах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор “Мэргэжлээ крашлая” өдөрлөгийг Булган болон Мөрөн хотод амжилттай зохион байгуулсан юм.
Түүнчлэн “Оюу толгой” компанийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй өсвөр үеийнхний эрүүл мэндийг дэмжих “Гэрэлт” төсөл 2024- 2025 оны хичээлийн жилийн нээлтээ хийжээ. Энэ жилийн хөтөлбөрийн онцлог нь өмнөх төсөл хэрэгжсэн сургуулиудын сэтгэл зүйчдийг чадавхжуулах, Баянзүрх дүүрэгт шинэ жюү жицүгийн клуб байгуулан, Сонгинохайрхан болон Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй клубуудын тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллах юм. Өнгөрсөн хугацаанд нийт 23,656 хүнд сэтгэл зүйн эрүүл мэндийн дэмжлэг хүргэн, 17 сургуульд жишиг өрөөг тохижуулан сэтгэл зүйчтэй болох үүд хаалгыг нээж, Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргийн сургуулиудад 17 эрүүл мэндийн клуб байгуулж, 260 гаруй үе тэнгийн зөвлөх бэлтгэжээ.
Орон нутгийн тогтвортой хөгжлийн хөрөнгө оруулалт
Өмнөговь аймгийн Ханбогд суманд “Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан”-ийн хөрөнгө оруулалтаар баригдах шинэ спорт цогцолборын шавыг тавив. Нэг дор 500 хүнд үйлчлэх хүчин чадалтай энэхүү орчин үеийн цогцолбор нь орон нутгийн иргэд болон Оюу толгойн ажилтнуудын эрүүл мэнд, тав тухтай амьдралд хувь нэмэр оруулж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой, орон нутагт жишиг болохуйц бүтээн байгуулалт болох юм. Мөн Ханбогд суманд 5 га талбай бүхий усан оргилуур, ногоон бүс, 300 машины зогсоол, ариун цэврийн байгууламж, гэрэлтүүлгийг цогц шийдсэн Галба цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг бүрэн гүйцэтгэжээ. Ханбогд сумын төвийн явган зам, дугуйн зам мөн гадаргын ус зайлуулах систем бүхий 7.96 км автозамын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 97 хувьтай байна. Түүнчлэн орон нутгийн бизнесийн хөгжлийг дэмжих зорилгоор “Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан” Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран Ханбогд суманд жижиг дунд бизнесийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Түүнчлэн ХасБанкаар дамжуулан жижиг дунд бизнесийн хөнгөлөлттэй зээлийг олгож байгаа аж.
Баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн ажил 2025 онд ашиглалтад орно
Дэлхийд хамгийн томд зүй ёсоор тооцогдох агааржуулалтын урд болон хойд босоо амуудын нэвтрэлтийн ажил амжилттай дууссан нь гүний уурхайн агааржуулалтад нэн чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд уурхайн үйлдвэрлэл бүрэн хүчин чадалдаа хүрэх боломжийг нээж өгнө. Энэхүү үйл явдал төслийн хувьд нэн чухал үе шат юм. Баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн ажил хуваарийн дагуу 2024 оны дөрөвдүгээр улирлаас 2025 оны хоёрдугаар улирал хүртэл үе шаттайгаар үргэлжилж, ашиглалтад орох төлөвтэй байна. Анхдагч бутлуур 2-ын барилгын ажил хэвийн үргэлжилж байгаа бөгөөд 2025 оны эцэс гэхэд дуусах төлөвлөгөөтэй байгаа аж.
23.6 хувийг эмэгтэй ажилчид эзэлж байна
“Оюу толгой” компани аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж, гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 0.17 байснаар, 200,000 хүн/цаг тутамд 0.23-аас доош түвшинд барих зорилтоо амжилттай биелүүлжээ. Олон улсад нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 1.2 шоо метр ус ашигладаг бол, “Оюу толгой” компанийн хувьд нэг тонн хүдэр боловсруулахад 0.55 шоо метрээс бага (2024 оны гуравдугаар улиралд 0.37 шоо метр ус ашигласан) ус зарцуулдаг. Нийт ажилтнуудын 97.2 хувь нь дотоодын ажилчид бөгөөд үүнээс 23.6 хувийг эмэгтэй ажилчид эзэлж байна.
Уурхайгаас жилд 500 мянган тонн зэс олборлоно
2023 оны III улиралтай харьцуулахад зэсийн үйлдвэрлэл 19 хувиар өссөн нь гүний уурхайд үйлдвэрлэл эрчимжиж, хүдрийн агуулга нэмэгдсэнтэй холбоотой. Гэсэн хэдий ч, баяжуулах үйлдвэрийн төлөвлөгөөт засвар үйлчилгээ болон цаг агаарын таагүй байдал нь ил уурхайн үйл ажиллагаанд нөлөөлж, үйлдвэрлэл өмнөх улирлаас 5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гүний уурхайн 0-р Панел нийт 120 хүдэр буулгуурыг нээж, энэ улиралд зургааг ашиглалтад оруулжээ. Энэ улиралд гүний уурхайгаас 2.05 хувийн дундаж зэсийн агуулгатай 1.5 сая тонн хүдэр, ил уурхайгаас 0.39 хувийн дундаж агуулгатай 7.4 сая тонн хүдэр боловсруулсан байна. Үйлдвэрлэл хэвийн үргэлжилж, 2028- 2036 онуудад гүний болон ил уурхайгаас жилд 500 мянган тонн зэс (100 хувийн цэвэр металл) олборлох зорилготой ажиллаж байгаа юм байна.