Оюу толгой: 16.6 их наядын чимээгүй нөлөө
Оюу толгой компани 2026 оны эхний улирлын тайлангаа өнөөдөр танилцууллаа. 2026 оны эхний улиралд Оюу толгой компани татвар, хураамж болон бусад төлбөрт 2.2 их наяд төгрөг төлжээ. 2010 оноос хойш нийт 16.6 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүнийг төсвийн орлого талаас харвал үл тоож боломгүй том тоо. Гэхдээ энэ дүнд татварын нөхөн ногдуулалтын акт болон олон улсын арбитрт хэлэлцэгдэж буй маргаантай дүн багтаж байгааг тайлан өөрөө тэмдэглэсэн нь чухал. Тиймээс энэ тоог “бүрэн баталгаажсан орлого” мэтээр ойлгох нь өрөөсгөл. Оюу толгой Монголын төсөвтэй том хэмжээний санхүүгийн харилцаанд орсон, тэр харилцаа нь үр өгөөжтэй ч маргаан, тайлбар шаардсан хэвээр байна.
Оюу толгойн тайлангаас харахад 2026 оны эхний улиралд үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, татвар, хураамж, ажилчдын цалин зэрэгт нийт дөрвөн их наяд төгрөг дотоодод зарцуулжээ. Энэ нь өдөрт дунджаар 43.3 тэрбум төгрөг Монголын эдийн засгийн эргэлтэд орсон гэсэн үг. Том тоо өөрөө сайхан сонсогддог. Гэхдээ энэ тооны үнэ цэн нь “их” гэдэгтээ бус, хаашаа хуваарилагдаж байгаа нь чухал. Нийт 738 ханган нийлүүлэгчтэй ажилласны 536 нь дотоодын аж ахуйн нэгж, үйл ажиллагааны худалдан авалтын 85 хувь буюу 1.5 их наяд төгрөгийг үндэсний компаниудаас авсан нь уул уурхай тойрсон дотоодын бизнесийн сүлжээ аль хэдийн бий болсныг харуулж байна.
Харин Өмнөговь аймагт бүртгэлтэй 99 ханган нийлүүлэгчээс 303.8 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авчээ. Уурхай ганцаараа баялаг олборлодоггүй, эргэн тойрондоо тээвэр, хүнс, засвар үйлчилгээ, барилга, логистик, жижиг дунд үйлдвэрлэлийн зах зээлийг тэтгэдэг гэдгийн бодит жишээ бол Оюу толгой төсөл юм. Улаанбаатар-Оюу толгой чиглэлд нэг улиралд 80,523 хүн зорчсон нь дотоодын нислэгийн нийт урсгалын 84.2 хувийг бүрдүүлсэн гэх тоо ч анхаарал татна. Өөрөөр хэлбэл, Оюу толгой зөвхөн говьд уурхай ажиллуулж байгаа биш, Монголын агаарын тээврийн нэг том зах зээлийг өөрөө бий болгож чаджээ.
2026 оны нэгдүгээр улирлын танилцуулгыг Оюу толгой компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх хийсэн. Танилцуулгын үеэр тэрбээр сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулж байлаа. Онтрегийн талбайн талаар асуусан сэтгүүлчийн асуултад тэрбээр “Хамгийн хойд хэсэг буюу Панел 1-ийн тал нь Оюу толгойн лицензэд, тал нь Онтрегийн лицензэд хамаардаг. Төлөвлөгөөний дагуу Панел 0-1 рүү шууд орох ёстой байсан. Гэвч бид Панел-0 дэх өөрийн талбай дахь ажлаа зогсоогоод Панел-2 руу орох гээд бэлтгэл ажил хийж байгаа.
Энэ жил Онтрегийн эзэмшилтэй талбайд ажил хийгдээгүй. Онтрегийн лицензтэй холбоотой асуудал 2027 ондоо шийдэгдлээ гэхэд төлөвлөсөн байгаа төсөөллөөр 2028 оноос Панел-1 рүү орно.” хэмээн онцоллоо.
Үйлдвэрлэлийн үйл явцын хувьд гүний уурхайн өсөлт энэ улирлын чухал үзүүлэлт болжээ. Оны эхний улиралд гүний уурхайн зэс болон алтны үйлдвэрлэл шинэ дээд амжилт тогтоосон байна. Баяжмал дахь алт болон зэсийн үйлдвэрлэл төлөвлөгөөгөө тус бүр 10 гаруй хувиар давуулсан байна. Баяжмал дахь зэсийн хэмжээ 101.6 мянган тонн, алт 123.1 мянган унц буюу 3.8 тонн хүрсэн нь “Панель 2”-ын бүтээн байгуулалт, хүдэр татах цэгүүдийн ахицтай шууд холбоотой. Эндээс харахад Оюу толгой одоо бүтээн байгуулалтын урт, зардалтай үеэсээ илүү тогтвортой үйлдвэрлэлийн мөчлөг рүү шилжих босгон дээр байна.
Гэхдээ үйлдвэрлэл өсөхийн хэрээр хүлээлт ч өснө. Төсөв илүү их орлого хүснэ. Орон нутаг илүү их ажлын байр, дэд бүтэц хүснэ. Иргэд ус, байгаль орчны баталгааг илүү чанга асууна. Тиймээс Оюу толгойн дараагийн сорилт нь зөвхөн илүү их олборлох бус, илүү их тайлбарлах, монголчуудын итгэлийг илүү их дааж ажиллах байх болно.
Усны үзүүлэлт энэ утгаараа эмзэг боловч зайлшгүй ярих сэдэв юм. Оюу толгой компани 2013 оноос хойш ус ашигласны төлбөрт 226 тэрбум төгрөг төлжээ. Харин 2026 оны эхний улиралд ашигласан усныхаа 86.4 хувийг дахин ашигласан, нэг тонн хүдэр боловсруулахад 0.45 м³ ус нөхөн сэлбэлтээр авч хэрэглэсэн байна. Энэ нь дэлхийн ижил төрлийн уурхайнуудын дунджаас гурав дахин бага хэрэглээ гэж тайланд дурдсан байна.
Орон нутгийн хөгжлийн багц ажлууд ч энэ улиралд багагүй жинтэй харагдаж байна. Ханбогд суманд 18.5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй мал нядлах, мах бэлтгэх үйлдвэрийн барилгын ажил эхэлжээ. Ингэсэнээр малчдаас түүхий эдийг тогтвортой, бодит үнээр авах, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэх, цаашлаад экспортын суваг нээх боломжтой гэсэн үг. Үүн дээр Ханбогдын Хөгжлийн Хурдасгуур Сангийн хүрээнд жижиг, дунд бизнесийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн гэрээ байгуулсан байна. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний 15 кВт-ын систем нэвтрүүлсэн зэрэг нь уул уурхайн орлого орон нутагт бизнес эрхлэх боломжийг нээж өгөх оролдлого гэж харж болно.
Оюу толгойн 2026 оны эхний улирлын тайланг нэг өгүүлбэрээр дүгнэвэл, энэ төсөл эдийн засгийн хувьд улам “хүнд жинтэй” болж байна. Гэхдээ том жин дагаад том хариуцлага ирнэ. Татварын 2.2 их наяд, дотоодын 4 их наяд, 1.5 их наядын худалдан авалт, 101.6 мянган тонн зэс, 123.1 мянган унц алт зэрэг эдгээр тоо бүгд Оюу толгойн эдийн засгийн жинг харуулж байна. Харин энэ жин Монголын хөгжилд хэр чанартай шингэх вэ гэдэг нь зөвхөн компанийн тайлангаар бус, төрийн хяналт, орон нутгийн оролцоо, олон нийтийн итгэлээр баталгаажих учиртай. 
