О.Сүрэнжав: Хилийн чанад дахь монгол залуусын хамгийн том уулзалт болно

Sarangerel
2025-10-29 13:01:49
Ангилал:

Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн дэргэдэх Оюутан залуучуудын хорооны дарга О.Сүрэнжавтай ярилцлаа.

-Хилийн чанад дахь Монгол оюутан, залуусын чуулга уулзалт Туркийн Истанбул хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэхүү чуулга уулзалтын талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Энэ удаагийн чуулга уулзалт 2025 оны арваннэгдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд БНТУ-ын Истанбул хотод болох гэж байна. Өмнө нь 2016 онд Улаанбаатар, 2017 онд Бээжин, 2018 онд Москва, Токио зэрэг хотод зохион байгуулагдаж байсан бол хамгийн сүүлд 2019 онд Унгар улсын Будапешт хотноо болсон. Чуулганыг Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл (ХЧМЗ)-ийн Оюутан, залуучуудын хорооноос санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 24 улсын 200 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна. Энэхүү арга хэмжээний гол зорилго хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч буй монгол оюутан, залуучууд хоорондоо танилцах, туршлагаа хуваалцах, хамтран ажиллах шинэ боломжуудыг нээхэд оршино. Мөн тэдний эх орондоо болон олон улсад оруулах хувь нэмрийг дэмжих, урам зориг өгөх, улмаар хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.

-Оюутан залуус маань ямар ямар орнуудаас очихоор байна вэ?

-Европын холбооны ихэнх орноос, тухайлбал, Герман, Франц, Польш, Чех, Бельги, Нидерланд, мөн ОХУ, Казакстан, Киркизстан, Турк улсад сурч, ажиллаж буй оюутан залуус ирнэ. Мөн Солонгос, Япон, Хятад, АНУ, Тайвань, нийт 24 улсаас төлөөллүүд оролцохоор бүртгүүлээд байна. Нэг үгээр хэлбэл, гадаадад сурч ажиллаж буй монгол залуусын хамгийн өргөн хүрээний уулзалт болохоор байгааг эндээс харж болно.

-Өмнө нь 4-5 удаа өөр улс орнуудад зохион байгуулагдаж байсан арга хэмжээ юм. Харин энэ удаагийнх өмнөх жилүүдийнхээс юугаараа онцлог вэ?

-Хамгийн сүүлийн чуулга уулзалтаас хойш зургаан жилийн дараа олон улсын түвшинд зохион байгуулж буйгаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл, Ковид цар тахлын дараа хилийн чанадад буй залуусыгаа цуглуулж буй юм. Истанбулын уулзалтаар хэлэлцүүлэг, сургалтаас гадна чөлөөт арга хэмжээнүүд болно. Тухайлбал, спортын тэмцээн болно, мөн Истанбул хотын түүх дурсгалын газруудаар явж танилцана, аялна. Түүнчлэн оюутан залуусын дунд NextGen төслийн уралдаан зарласан бөгөөд энэхүү уралдааны шилдгүүдийг шалгаруулна зэрэг олон талт хөтөлбөртэй. Бид өмнөх жилүүдийн туршлага дээрээ тулгуурлан “Таны оролцоо ирээдүйг өөрчилнө” гэсэн уриан дор арга хэмжээг зохион байгуулж байгаа.

-Хилийн чанад дахь монгол оюутан, залуусын нэгдэл, хөгжлийн оролцооны талаар, тэд улс орны хөгжилд ямар хувь нэмэр оруулах боломжтой гэж та бодож байна вэ?

-Хилийн чанад дахь монгол залуус бол дэлхийн хамгийн сайн боловсрол, туршлага, инновацийг өөрийн биеэр сурч, мэдэрч байгаа хүчтэй нөөц юм. Тэд эх орондоо буцаж очоод эсвэл гадаадад байнга амьдарч байсан ч мэдлэг, сүлжээ, хөрөнгө оруулалт, санаачилгаараа эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах бүрэн чадвартай. Бидний зорилго бол энэ боломжийг нэгдэл, сүлжээгээр дамжуулан бодит үр дүнд хүргэх явдал юм.

-Оюутан залуусын чуулга уулзалтыг дэмжиж буй байгууллага, хүмүүсийн талаар товч ярина уу?

-Чуулганы албан ёсны зохион байгуулагчаар Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл, Истанбул хотын Ерөнхий консулын газар, БНТУ-ын Оюутны холбоо ажиллаж байна. Айдент, Монгол Донж, Ханбогд, Оюунс Финанс, Billy Sushi зэрэг компани манай арга хэмжээг дэмжин оролцож байна. Мөн ОХУ дахь Монгол ахын дүүсийн холбоо Мөнхтэнгэр ТББ, АНУ-д үйл ажиллагаа явуулж буй Refugee & Immigrant Center, Монголын Оюун ухааны академи, Монгол адууны диваажин мөн мэдээллийн түншээр Mongolian Economy сэтгүүл хамтран ажиллаж байна. Энэ дашрамд, оюутан залуусын ирээдүйн хөгжих боломжийг нээж өгөхөд үнэтэй хувь нэмэр оруулж буй дээрх байгууллага, хамт олонд нийт оролцогчдынхоо болон зохион байгуулагч залуусынхаа өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье.