О.Чулуун: Томоохон орд уурхай нээнэ гэдэг дадлага туршлага, оюун ухаан, хөрөнгө мөнгө шаарддаг
Монголын геологийн салбарын өнөөгийн байдлын талаар Үндэсний геологийн албаны дарга О.Чулуунтай ярилцлаа.
-Хайгуулын ажлыг идэвхжүүлж байж дараагийн Оюутолгой нээгдэх үүд болно гэж ярьдаг. Тэгэхээр уул уурхайн тэргүүн эгнээнд явдаг салбарын хувьд энэ тал дээр ямар бодлого баримталж байгаа вэ? Хайгуулын ажлыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?
-Үндэсний геологийн алба нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын хэвлийтэй харьцаж, геологийн судалгаа хийж буй бүх төрлийн үйл ажиллагааг бүртгэх, эдгээрийн үр дүнд бий болсон мэдээллийг нэгтгэн боловсруулж дүгнэлт хийдэг. Өөрөөр хэлбэл, геологчдын газрын хэвлийг судалж цуглуулсан бүх мэдээллийг нэгтгэн дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, олон нийтэд хүргэх нь Үндэсний геологийн албаны үндсэн үүргийн нэг юм.
Тэгэхээр Монгол Улсын газрын хэвлийн судалгааг сайжруулах, иж бүрэн судлах, гадаад дотоодын хөрөнгө оруулалт татах асуудал дээр суурь мэдээллийг бий болгодог гэсэн үг.
Бүх л геологичид дахин нэг Оюутолгойг нээн илрүүлэх юмсан гэсэн хүсэл эрмэлзэл, сэтгэлтэй байдаг. Гэхдээ олъё гэсэн хүслээр олдоод байдаггүй л дээ. Аливаа нэг ашигтай эрдэс баялагийг олж илрүүлнэ, судална гэдэг цаг хугацаа, хөрөнгө мөнгө маш их шаарддаг ажил. Монгол Улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулах, томоохон хэмжээний орд нээнэ гэдэг дадлага туршлага, оюун ухаан шаарддаг үйл хэрэг.
Үүнийг хөнгөн талаас нь ойлгож болохгүй. Энэ асуудалд хэдий чинээ хөнгөн хандана төдий чинээ алдаа, хохирол амсана. Энэ байдал өнгөрсөн 30 жилийн хугацаанд харагдлаа. Сөрөг үр дагаварууд нь маш их байсан.
Манай улс ашигт малтмалын арвин нөөцтэй, эрдэс баялаг ихтэй гэсэн ойлголтоор бараг л хүн болгон геологич, уурхайчин болсон. Энэ үр дагаврыг байгаль орчин, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаан дээр ч харлаа.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд уул уурхайн салбарт боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах, улмаар тэдгээр үйлдвэрүүдийг төрөлжүүлэн хөгжүүлэх нь эцсийн зорилго юм. Гэхдээ энэ зорилгод хүрэхийн тулд уул уурхайн салбарын манлайд нь шинжлэх ухаанчаар хандаж, судалгаа мэдээллээр хангах үндэс суурь нь геологийн судалгааны ажил юм.
Одоо хайгуулын ажлыг өргөжүүлье гэвэл газрын хэвлийн геологийн судалгаагаа эрчимжүүлэх нь чухал. Геологи, хайгуулын салбар олборлолт, үйлдвэрлэлээсээ 15-20 жилийн өмнө алхах ёстой. Ингэж гэмээнэ Оюутолгой шиг ордыг бий болгох нөхцөл бүрдэнэ.
-Монгол Улсын геологийн салбарын хөгжил ямар түвшинд байна гэж та боддог вэ?
-Үндсэндээ сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Монголын геологийн салбар арай ч ухарсангүй, гэхдээ байгаа байрнаасаа хөдлөөгүй гэж болно. Нэг байрандаа 10 гаруй жил болно гэдэг үнэхээр цаг хугацаа алдсан хэрэг.
Гэхдээ манай салбар дэлхийн геологийн хөгжилтэй хөл нийлүүлж алхах бүрэн боломж бий. Энэ хүрээнд манай алба байгуулагдаад үйл ажиллагаагаа жигдрүүлээд явж байна. Энэ хугацаанд Үндэсний геологийн алба чамлалтгүй олон ажил хийлээ. Геологи гэдэг ганцхан улсын хэмжээнд яриагддаг салбар биш. Аливаа нэг геологийн тогтцод хил хязгаар гэж байдаггүй. Манай улсад байгаа геологийн тогтоц Орос, Хятадыг дамжаад л үргэлжлэх жишээтэй.
Нутаг дэвсгэрийнхээ геологийн тогтоц, газрын хэвлийгээ сайн таниж мэдье гэвэл олон улсын харилцаагаа өргөжүүлэх ёстой. Бусад орны геологийн салбартай харилцаа тогтоож, хамтран ажиллах ёстой.
Ингэж байж дараа дараагийнхаа уул уурхайн хөгжлийн суурийг зөв тавина. Үүний нэг тод жишээ гэвэл Польшийн геологийн хүрээлэнтэй санамж бичиг байгуулж, БНСУ-ын геологийн хүрээлэн болон Английн геологийн албатай урьдчилан ярилцаж, харилцаа холбоо тогтоолоо. Цаашид хийх ажил маш их байна.
-Монголын геологийн салбарт ямар асуудал хамгийн их тулгамдаж байна вэ?
-Геологийн салбарт хүндрэлтэй, тулгамдаж байгаа асуудал их байна. Гэхдээ асуудал их байна гээд зовлонгоо тоочоод суухаас илүүтэй шийдвэрлэх ёстой гэдэг байр сууринаас манай алба байгуулагдсан. Улсын хэмжээнд геологи, эрдэс, баялагийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, нууцын зэрэглэлээс бусад мэдээллээр сонирхсон этгээдэд үйлчилгээ үзүүлэх нь манай албаны зорилт юм.
Геологийн салбарт байгаа бүх мэдээллийг нэгтгэж цахимжуулах шаардлагатай. Эдгээр мэдээллээ гадаад, дотоодын гэж ялгахгүйгээр сонирхож байгаа хэрэглэгчдэд түргэн шуурхай цахим байдлаар хүргэдэг болмоор байна. Техник, технологи хөгжихийн хэрээр орчин үеийн тоног, төхөөрөмжөөр геологийн судалгааны ажлаа хийж баталгаажуулсан мэдээллүүдийг хөрөнгө оруулагчид илүү хүлээн зөвшөөрөх болно. Бид 1993 оноос эхлээд геологийн мэдээллийн сан үүсгэн ажиллаж байгаа хэдий ч одоо гурав дахь удаагаа техник технологийн шинэчлэл хийгдэж байна. Үүний дараа мэдээллүүдээ боловсруулах ирээдүйн аналитик төв байгуулах зайлшгүй шаардлага бий. Аналитик төвтэй болсноор олон улсын түвшинд хүрсэн мэдээ, мэдээлэл дүгнэлтээ солилцох болно.
Нийт газар, нутгийнхаа геологийн судалгааг сайжруулах, нэгтгэх асуудлууд ч гарч ирнэ. Үүнийг хийхэд тодорхой хэмжээний төсөв, мөнгөний асуудалтай уялдаж байдаг.
Геологийн салбарын бас нэг тулгамдаж байгаа асуудал бол хүний нөөцийн дутагдал. Тэр дундаа төрийн байгууллагад ажиллаж байгаа боловсон хүчин бүр их дутагдалтай байна. Гэхдээ хүндрэлтэй асуудлуудыг зүгээр яриад суух биш хувийн хэвшил, төрийн бус мэргэжлийн байгууллага, шинжлэх ухааны хүрээлэнгүүдтэй хамтран ойрын хэдэн жилдээ геологийн албыг бэхжүүлэх зорилготой ажиллаж байна.
Региональ геологи, Эрдэс баялагийн, хэтийн төлөвийн геохимийн, геофизикийн, эрэл үнэлгээний, гадаадын хамтарсан судалгааны төслүүд
-Геологийн суурь судалгааны ажлыг төсвийн мөнгөөр хийх ёстой юу, эсвэл хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийх нь зүйтэй юу?
-Хайгуул бол геологийн судалгааны ажлын нэг хэсэг. Тодорхойлогдсон эрдэс баялагийн тоо хэмжээ, байр байршил зэргийг нарийвчлан нөөц тогтоох, олборлох, баяжуулах, боловсруулах нөхцөлүүдийг иж бүрнээр нь судлах ажил бол хайгуулын ажил. Үүнээс өмнө хэдий хэр хэмжээний эрдэс баялаг, хаана байж болох вэ гэдгийг судлах, шинжлэх ухаанд суурилсан ажил нь геологийн албаны ажил. Геологийн судалгаа гэдэг нь Монгол Улсын газрын хэвлий доор юу байгаа болон тодорхой бүс нутгийн талаарх иж бүрэн мэдээллийг бий болгосноор тухай бүсийн талаар мэдлэгтэй болж байгаа хэрэг. Тиймээс геологийн судалгаа, эрлийн ажлыг төр өөрөө хариуцаж хийх ёстой. Үүнээс хойших ажлыг хайгуулын тусгай зөвшөөрлөөр хөрөнгө оруулагчид хийх ёстой. Хайгуулын ажил бол асар их хөрөнгө шаардсан нөгөө талдаа эрсдэлтэй ажил юм.
-Үндэсний геологийн алба энэ онд ямар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Энэ онд улсын төсөвт нийт 27.7 тэрбум төгрөгийг геологи судалгааны ажилд зарцуулахаар өнгөрсөн хоёрдугаар сарын төсвийн тодотголоор суулгаж өгсөн. Энэ санхүүжилтээр нийт 81 төслийг санхүүжүүлнэ. Үүний 11.4 тэрбум төгрөгөөр 1:50000 геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил, үлдсэн 16.3 тэрбум төгрөгөөр геоэкологийн, геохимийн, агаарын геофизикийн, ашигт малтмалын хэтийн төлвийн судалгаа зэрэг сэдэвчилсэн судалгаа болоод ашигт малтмалын эрлийн ажилд зарцуулна.