Ресорт гэж андуурам хогийн цэг

Mongolian Economy
2022-01-07 19:16:25

Хог хаядаг газар руу явна гэж төсөөлөөд л өөрт байгаа хамгийн тааруу хувцаснуудаа нийлүүлж өмслөө. Улаанбаатар хотын Улаан чулуутын хогийн цэг шиг аймаар дүр зураг угтахгүй гэдийг мэдсээр байсан ч, хог л байдаг газар юм чинь гэж бодоод +30 хэмийн “хар” халуунд хүзүү толгойгоо хүртэл ороолтоор баглав. Эргээс хөдөлж, Сингапур хот-улсын хог булшлагддаг гэх Семакау аралд дөхлөө. Далайн зөөлөн салхи дал модны навчсыг илбэж, усан доорх шүрэн хаданд нь төрөл бүрийн загас жараахай эргэлдэх хүн багатай намуухан оршихуй. Сингапурын өнөөх алдарт жаргалын орон Сентоза арлаар дайраад цаашилдаг юм байхдаа гэж гайхшраад, “Бид хаана ирчихэв ээ” хэмээн асуухад хамт яваа хүн “Зорьсон газраа ирчихлээ, буугаарай”  элээ. Зүүн Өмнөд Азийн орнуудын сэтгүүлчдээс бүрдсэн аяллын багийн Сингапурын туршлагатай танилцах аяллын нэг зогоол нь энэ “хогийн” арал байв. Дэлхий дээрх хамгийн аймшигтай муухай хогийн цэгүүдтэй гэгддэг Энэтхэгээс ирсэн хоёр сэтгүүлчийн нүд бараг орой дээрээ гарсан гэхэд  илсдэхгүй.

Цэцэг навч дэлгэрч, шувууд жиргэсэн энэ жижигхэн арлын зүүн эрэгт Сингапур улсын цорын ганц бөгөөд хамгийн том хогийн цэг байрладаг. Хог хаягдлыг боловсруулах нарийн системийн ачаар энд овоолсон хог, эвгүй үнэр байхгүйгээр үл барам нүд баясгам үзэсгэлэнт байгальтай ажээ. Дахин боловсруулах боломжгүй хог хаягдлаа тус улс шатааж үнсийг нь далайгаас тусгаарласан усанд хийдэг бөгөөд “хогийн цэг” нь дүүрэхэд дээр нь хөрс асган нөхөн сэргээлт хийдэг учраас тэр. Семакау арал нь гадаад дотоодын жуулчдын хөл тасардаггүй газар болсноор барахгүй хосууд хуримын зураг авалтаа хүртэл хийхээр очдог байна. Тус арлын тухай хийсэн “Nas Daily” сошиал сувгийн видеог бараг 100 сая хүн үзэж, гайхшралаа сэтгэгдэл хэсэгт хуваалцсаар байна. Энэ байдлаараа Сингапурт ирэх жуулчдын хувьд тус арал мөнгө заран очиж үздэг алдартай газруудынх нь нэг болж ч мэдэх юм.

Газар нутгийн хомсдолын улмаас газар доорх зай талбайгаас эхлээд агаарын орон зай хүртэл боломжит бүхий л нөөцөө ашигладаг Сингапур улсын хувьд хог хаягдлаа төвлөрүүлэх цэг гаргах нь хүртэл асуудал болж байв. Хүн амын өсөлт, эдийн засгийн хөгжлийн улмаас тус улсын хог хаягдлын хэмжээ 1970-аад оноос хойш даруй долоо дахин нэмэгдэж өдөрт бий болох хатуу хог хаягдлын хэмжээ нь 7-8 мянган тоннд хүрчээ.

Хог хаягдлыг төвлөрүүлэх цэг байгуулах зорилгоор тус улсын Засгийн газар 1987 онд Семакау, Сакенг хэмээх хоёр арлын оршин суугчдыг Сингапурын гол арал рүү нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна. Нүүлгэн шилжүүлэлт болон хөрсний нөхөн сэргээлтийн ажил дууссанаар 1995 онд өдгөө дэлхий дахинаа алдаршсан Семакау арлын хаягдал хүлээн авах цэгийн бүтээн байгуулалт эхэлжээ.

Тус хогийн цэгийг байгуулахдаа хоёр арлын дундах 350 га талбайг далайн уснаас тусгаарласан долоон км урттай далан босгожээ. Хаягдлыг далайн ус руу нэвчихээс сэргийлж уг даланг тусгай бүрхүүлээс гадна далайн шавраар бүрж хамгаалалтын давхарга үүсгэсэн байна. Семакау хогийн цэгийн бүтээн байгуулалт хоёр үе шаттай өрнөсөн бөгөөд эхний ээлжинд 350 га талбайн талаас их хувийг хог хаягдал булшлах 11 хэсэгт хуваажээ. Түүнчлэн, ачааны усан онгоцны буудал, дамжуулалтын хэсэг зэрэг нэмэлт байгууламж зэрэг нийт бүтээн байгуулалтад 610 сая сингапур доллар зарцуулсан байна. Ийнхүү дөрвөн жил үргэлжилсэн бүтээн байгуулалт амжилттай дууссанаар Семакаугийн хаягдал хүлээн авах цэг 1999 онд ашиглалтад оржээ.

Сингапур улсын Байгаль орчны агентлагийн тооцоолсноор анхлан ашиглалтад орсон 11 хэсэг бүхий хогийн цэгийн багтаамж 2016 онд дүүрэх байсан тул 2010 онд бүтээн байгуулалтын хоёр дахь шатыг эхлүүлэв. Зардал хэмнэхийн зэрэгцээ багтаамжийг нэмэгдүүлэх үүднээс далайгаас тусгаарласан талбайн үлдсэн хэсгийг энэ удаад олон хэсэгт хуваалгүй нэг том контейнер болгохоор шийдсэн байна. Уг контейнерийн эзлэхүүн 63 сая шоо метр буюу Олимпын наадамд ашигладаг усан сангаар баримжаалбал 6700 орчим ийм усан сантай тэнцэх хэмжээтэй аж. Бүтээн байгуулалтын хоёрдугаар шатанд хөвдөг зам барьснаар далангийн аль ч цэгээс хаягдлаа буулгах боломжтой болсон юм. Мөн хаягдал нэмэгдэхийн хэрээр усны түвшин дээшилж буй учир, асуудлыг хөвдөг ус цэвэрлэх байгууламжийн тусламжтайгаар шийдсэн байна. Усны түвшин дээшлэхэд илүүдэл усыг цэвэршүүлж далай руу урсгах болсноор хогийн цэгийн багтаамжийг бүрэн ашиглах боломжийг нэмэгдүүлж чаджээ.

Сэтгүүлчид бидний хогийн цэгтэй танилцах аялал төсөөллөөс 180 градус эргэж, Сентоза арал дээр амарч яваа мэт хөгжилтэй зугаалгын уур амьсгал бүрдчихэв. Алхам тутамд зураг авхуулмаар үзэсгэлэнт бүтээн байгуулалт, модод цэцэгс, сонин содон зүйлс тааралдаж, сүүлдээ бид цагаандаа гарч, зураг авхуулахаас санаа зовохоо ч болив.

Семакау арлынхан ч “Манай энд анх ирж буй хүмүүс зураг авч, авхуулах их дуртай байдаг юм. Бид сурчихсан” хэмээн хэлээд инээлдэж байсан юм.

Хогийг ч тултал нь ашиглана
Семакаугийн хогийн цэгт зөвхөн дахин боловсруулах боломжгүй хатуу хог хаягдлын үнс болон бусад шатамхай бус хаягдлыг булдаг аж. Сингапурууд өдөрт дунжаар 20 мянга орчим тонн хог хаягдал үйлдвэрлэдэг бөгөөд үүний 60 хувийг дахин боловсруулж үлдсэнийг нь үнс болгон булшилдаг. Хаягдлыг шатааснаар эзлэхүүн нь 90 хувиар багасгахын зэрэгцээ дахин ашиглах боломжтой металлын ашиглалтыг нэмэгдүүлдэг байна. Сингапурууд хогоо зүгээр ч нэг шатаагаад болчихдоггүй бөгөөд шаталтаас ялгарах дулааныг ашиглан эрчим хүч үйлдвэрлэдэг. Тус улс хаягдлаас эрчим хүч гаргаж авдаг нийт дөрвөн үйлдвэртэй. Үйлдвэрүүд өдөр бүр 7-8 мянга тонн хаягдлыг шатааж 2600 МВт эрчим хүч үйлдвэрлэдэг байна. Энэ нь үйлдвэрүүдийн үйл ажиллагаанаас гадна 200 гаруй мянган өрхийг цахилгаанаар хангахад хүрэлцдэг аж.

Хог хаягдлыг шатаахад ялгарах утааны асуудлыг ч тэд маш ухаалгаар, хамгийн гол нь байгальд ээлтэйгээр шийджээ. Зуухнаас гарах утааг нарийн технологиор цэвэрлэн шүүдэг тул үйлдвэрийн яндангаас утаа биш бараг л цэвэр агаар ялгардаг аж. Цэвэршүүлсэн агаарын бүрэлдэхүүн хэсгүүд нь нэг микроноос бага хэмжээтэй буюу маш цэвэр болохыг үйлдвэрийн мэргэжилтнүүд онцолсон юм.

Хог хаях газар үгүй. Тиймээс багасгана, дахин боловсруулна, ашиглана
2019 онд Сингапур улс нийт 7.2 сая тонн хатуу хог хаягдал үйлдвэрлэсэн нь өмнөх оныхоос зургаан хувиар буурсан үзүүлэлт байв. Энэ нь гурван жил дараалан буурсан үзүүлэлт бөгөөд 2035 онд дуусах тооцоотой Семакаугийн хогийн цэгийн ашиглалтын хугацааг бага ч гэсэн уртасгахад нөлөөлж буйг албаны хүмүүс онцолсон.

Сингапур улс 2030 он гэхэд нийт хог хаягдлынхаа 70 хувийг дахин боловсруулдаг болох зорилго тавиад буй.

Эл зорилгодоо хүрэхийн тулд тус улс тойрог эдийн засагт шилжих зорилт тавьж үйлдвэрлэл, хэрэглээ, хаягдлын менежмент гээд бүхий л шатанд анхаарал хандуулж ажиллахаар төлөвлөжээ. Ингэхдээ тэд 3R буюу багасгах, дахин  ашиглах, дахин боловсруулах зарчмыг баримталж байгаа аж.

Тус улс нийт хог хаягдлынхаа 60 хувийг дахин боловсруулдаг ч үүний дийлэнх хувийг барилгын хаягдал бүрдүүлдэг бол ахуйн хаягдлын ердөө 22 хувь нь дахин боловсруулагддаг. Ахуйн хог хаягдлын дахин боловсруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор тус улс хогийн саван дээрх наалтуудыг илүү нарийн, тодорхой болгохоор шийджээ. Мөн олон нийтийн мэдлэгийг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор #RecycleRight аяныг өнгөрсөн оноос  хэрэгжүүлж эхлээд буй. Тус улсад хогийн сав дүүрчихээд, хог нь сагаад байж байхыг бараг л үзэхгүй. Угаасаа хогийн савнууд нь газар доогуур хог татах шугамд холбогдсон байдаг учир байнгын хоосон, үнэргүй байж байдаг. Харин иргэдийн хувьд хогоо зөв ангилж, зөв савандаа хаяхад л хангалттай.

Түүнчлэн, хатуу хог хаягдлыг шатаахад гарах үнсийг барилга, бүтээн байгуулалтад ашиглах боломжийг тус улс судалж байгаа аж. Ухаалаг менежмент, тооцоонд суурилсан бодлогоор хогийг ч  эдийн засгийн эргэлтэд оруулж болдгийн бодит жишээ бол Сингапур. Газар нутгийн хомс байдал Сингапурыг эхний үед хогийн менежментээ бусдаас хэд дахин илүү ухаалаг болгох шахалтад оруулж байв. Харин өдгөө байгаль орчинд ээлтэй инновациудыг хөгжүүлж, бусад орнуудтай хуваалцах нь менежментээ сайжруулах гол шалтгаануудынх нь нэг болжээ. Өөрөөр хэлбэл, дотоодын хогийн менежмент нь олон оронд туслах ноу хау болж байна.

 

 

Mongolian Economy