Рио Тинтотой хийх уулзалтаас юуг хүлээх вэ
Бичвэрээ шууд шинэ үйл явдлаас эхэлье. Оюу толгойн асуудлаар “Рио Тинто” компанийн хэлэлцээрийн баг өнөөдөр /2026.05.12/ ирнэ. Уг хэлэлцээний хүрээнд талууд, тодруулбал Монголын тал маргаан дагуулсан төслийн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах гэсэн үндсэн хоёр том асуудалд шийдвэр гаргах зорилготой байна. Гэхдээ асуудал үүгээр дуусахгүй. Үүнийг жич тайлбарламц. Харин айлын талаас “зүгээр май” гээд буулт хийгээд явахгүй л байх. Тэд уг хэлэлцээгээр дамжуулан байр сууриа алдахгүйг хичээнэ.
Учрыг ухваас, энэ удаагийн уулзалт төслийн зээлийн гэрээтэй холбоотой долоон жилийн гацааг гаргаж буй https://news.mn/r/2864884/ гэж Монгол Улсын Засгийн Газар мэдээлж байгаа. Салбарын сайдын мэдээлснээр, талууд бодитой үр дүнд хүртлээ яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцсон. Энэ хүрээнд төслийг хэрэгжүүлэхэд Монголын талын 34 хувьд ногдох бүтээн байгуулалтын зардалд “Рио Тинто”-гоос олгосон зээлийн хүүг олон улсын жишигт нийцүүлэн одоогийн 11 хувиас зургаа болон түүнээс доош хүргэж бууруулах, тус компаниас төслийг хэрэгжүүлэхэд үзүүлж буй удирдлага арга зүйн буюу менежметийн төлбөрийг багасгах, 2030 он гэхэд Оюу толгойг хараат бус болгох нөхцөлийг бүрдүүлэх эрмэлзэлтэй байна. “Тодорхой ахиц гарсан” гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэлж буй. Тэрбээр мөн жич тайлбарлахаар дээр дурдсан “Онтре”гийн орд, тусгай зөвшөөрлийн талаар хэлэлцэх ажлын хэсэг байгуулсныг ч дуулгасан.
Тэгвэл асуудал юунд байна вэ? Уулзалт болдгоороо болж, үр дүн нь бараг л бидэнд байгаа мэдээллийн дагуу гарах магадлалтай. Яагаад?
Британи болон Австралид “Rio Tinto” plc, “Rio Tinto Limited” гэсэн хос бүртгэлтэй, өөрөөр хэлбэл хоёр өөр улсын ийм хоёр хуулийн этгээдийн хамтарсан “Рио Тинто” компани уг төсөлд учирч буй эрсдэл, тогтворгүй байдлыг зогсоох хүсэлтэй. Тэдний хувьд маргааныг эцэслэхгүй бол улс төрийн шалтгаанаар төслийн үйл ажиллагаа удаашрах, магадгүй гацах нөхцөл байдал үүсэхээс сэрэмжилж байж болно.

Цаашлаад Оюу толгой гэсэн гол төсөл нь маргаантай гэсэн “хоч” авбал олон улсын хөрөнгийн зах зээл дэх нэр хүнд нь унах, хөрөнгө оруулагчид зайгаа авж магадгүй. Тиймээс тэд манай талаас тавьж буй эхний хоёр асуудлыг шийдэх магадлал өндөр. “Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт хоёрдугаар сарын 5-нд Монгол Улсын Ерөнхий сайдад илгээсэн захидалдаа төслийн тогтвортой байдал, урт хугацааны амжилтыг хангахад чиглэсэн хоёр талын хоёулангийнх нь зорилгод тулгуурлан нээлттэй, үр бүтээлтэй яриа хэлэлцээг үргэлжлүүлэх хүсэл сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байдаг. Үнэндээ ч түүний зөв, маргаан бидэнд ч сайнгүй. Гүний уурхайгаас баяжмал гаргаж буй энэ чухал цаг үед “хүчийг тарамдуулах” магадлалтай. Гэхдээ “Рио Тинто” энэ удаа хүүгээ бууруулж, менежментийн төлбөрөөсөө татгалзаж байгаа мэт харагдах боловч урт хугацаанд төслийн 66 хувийг ямар нэг саадгүйгээр эзэмших “дархлаа” тогтоож буй юм. Ноён Саймон Тротт зардал танах хүрээнд өнгөрсөн хугацаанд 650 сая ам.доллар хэмнэж чадсан гээд, үүнийг цаашид дорвитой үргэлжлүүлж, ажилтнуудынхаа тоог цөөлөх, зарим хөрөнгөө худалдах зэргээр 5-10 тэрбум ам.доллар олох төлөвлөгөөтэй гэдгээ мэдэгдсэн. Тодорхой тоо хэлээгүй ч олон зуун монгол залуугийн хүчин зүтгэдэг төслийн бүрэлдэхүүнийг “цомхон болгох” нь манайд бол нийгмийн асуудал дагуулах нэг нөхцөл.
“Рио Тинто”-гийн агссан өөр нэг “хуяг дуулга” нь “Онтре” компани.
Оюу толгой төслийн хамгийн баялаг нөөцтэй хоёр ордын зарим хэсэг Онтре Ресурс компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайд байдаг. Хюго ордын хойд хэсэг Оюу толгойн үндсэн хэсгээс хальж, “Онтре”-гийн мэдэлд байдаг бол, Оюу толгойн бүлэг ордын хамгийн урд хэсэгт байрладаг Хэрүгэ ордын нийт нөөцийн 93-94 хувь нь уг Канад компанийн эзэмшлийн “Жавхлант” хэмээх ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаардаг байна. Энэ орд зэс, алтнаас гадна их хэмжээний молибденийн нөөцтэй.
Эхний ордын олборлолт лицензийн асуудлаар хойшилсон. Шийдэгдвэл ирэх оны эхний хагаст анхны хүдрийг гаргаж эхлэхээр төлөвлөсөн байна. Харин хайгуул, судалгааны шатанд байгаа хоёрдох ордын олборлолт 2031 оноос наашгүй. “Онтре”-гийн удирдлагын баг Монгол Улсын Засгийн газарт ашгийн 34 хувийг, эсвэл түүнтэй дүйцэх рояалти өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн байр суурийг албан бусаар илэрхийлээд байгаа ч уг компанийн 16 хувийг “Рио Тинто” шууд болон дам байдлаар эзэмшдэг. Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Стивен Скотт нь “Рио Тинто”-д удирдах алба хашиж байсан, төслийн талаар нарийн мэдээлэлтэй нэгэн юм.
Анхнаасаа биднийг өөрсдийн хувьд ногдох зардлаа хүнээр төлүүлсэн гэдэг утгаар “Рио Тинто” компани “Бид өөрсдийнхөө хөрөнгөөр уурхайгаа ухаж “Онтре”-гийн талбай руу орж байгаа учраас лицензийг нь манай нэр дээр шилжүүлж өг” гэж шаарддаг. Тэгтэл уг нь Монголын тал өр төлөөд яваад л байгаа. Тиймдээ ч “Лицензийг шилжүүлж болох ч, тэр талбайгаас гарах ашгийн 34 хувийг манайх эзэмших ёстой” гэсэн байр суурь илэрхийлээд буй.
Эндээс харахад, “Рио”-ийн нөхөд маань ирээд өнгөн дээрээ найрсаг “загнаж” болох л юм. Цаана нь бид “мад” тавиулахгүй ч гэлээ, нөгөөдүүл хэдийнэ “шаг” гээд зогсож байна.
Өөрөөр хэлбэл, манайхан дотроо “нөөц” нүүдлээ тооцоолохгүй бол тэд 66 хувиа саадгүйгээр урт хугацаанд эзэмших замаа засаад буцна. Дээр нь Оюу толгой төслийн хувьд одоо ч эрчим хүчээ БНХАУ-аас импортолж байгаа тул энэ нь зардал болдог. Нэмэх нь олон улсын компаниудтай нийлж зэс зэрэг байгалийн баялгаа ухахдаа зөвхөн баяжмал гаргахаас эцсийн бүтээгдэхүүн гаргаж чадахгүй л байна. Олон жил яригдсан хайлуулах үйлдвэрээ барих уу, болих уу гэх мэтчилэн “хадуураад явчихаар” олон асуудал цаана нь үлдэж байна.
Сэтгүүлч Б.Даваажав
