Рио Тинто Гүйцэтгэх удирдлагын шинэ багаа танилцууллаа

Сарангуа Төмөр
2021-01-28 15:08:49
Ангилал: Эдийн засаг

Австрали болон Монгол Улсад хэрэгжүүлж буй томоохон төслүүдтэй холбоотой маргаан дэгдсэн нь Рио Тинто группийг цаашдын үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад удирдлага, үйл ажиллагаандаа шинэчлэлт хийхэд хүргэжээ. Тэгвэл өмнө нь Рио Тинтогийн Эрчим хүч, эрдсийн группийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Болдыг Зэсийн группийн Гүйцэтгэх захирлаар томилж, гүйцэтгэх удирдлагын багт оруулсан байна. Ялангуяа эдгээр өдрүүдэд Оюу Толгой төсөлтэй холбоотой Рио Тинто болон Монгол Улсын Засгийн газрын хооронд үүсээд буй үл ойлголцол, маргааныг шийдвэрлэхэд түүний томилгоо нааштай, эерэг нөлөө үзүүлэх нь лавтай.

Б.Болдын хувьд анх 2013 онд Рио Тинто группт ажиллаж эхэлсэн бөгөөд богино хугацаанд олон улсын уул уурхайн томоохон компанид карьераа ахиулж яваа Монгол мэргэжилтэн. Үүний дараа 2013 оны зургаадугаар сард Зэсийн группийн Олон улсын үйл ажиллагаа хариуцсан Ерөнхийлөгчөөр, 2014 оны тавдугаар сард Төмрийн хүдрийн группийн далайн тээвэр хариуцдаг Рио Тинто Марине компанийн захирлаар, 2015 оны наймдугаар сард Төмрийн хүдрийн группийн Маркетинг, борлуулалт хариуцсан захирлаар ажиллаж байсан юм.

Уг томилгоотой холбоотой Рио Тинто групп компанийн вэбсайтад 2020 оны нэгдүгээр сарын 27-нд нийтэлсэн мэдээллийг товчлон хүргэж байна.

Рио Тинто групп үйл ажиллагааны чанар, төсөл хөгжүүлэлтэд түлхүү анхаарч, компанийн нийгмийн хариуцлага, засаглал, итгэлцлэлийг бэхжүүлэх, ялангуяа Австрали улстай хамтын ажиллагаагаа сайжруулах зорилгоор шинэ бүтцээр ажиллахаар болж байна. Уг шийдвэрийг гаргах гол шалтгаан нь компанийн дэлхийн хэмжээнд үнэлэгдэх хөрөнгийн аюулгүй ажиллагаа, капиталын хуваарилалтыг сахилга баттай үргэлжлүүлэх, хүчтэй санхүүгийн балансыг хадгалж үлдэх зорилгод оршиж байна хэмээн бичжээ.

Эдгээр зорилгыг биелүүлэхийн тулд Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаушольм, Рио Тинтогийн Төмрийн хүдрийн группийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийг томилж, Үйл ажиллагаа хариуцсан захирлын албан тушаалыг шинээр бий болгож, удирдлагын багтаа Австралийн асуудал хариуцсан Гүйцэтгэх захирлыг нэмж оруулсан байна. Мөн одоо Худалдааны үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж буй Саймон Троттыг Төмрийн хүдрийн группийн Гүйцэтгэх захирлаар, Зэс ба алмаз эрдэнийн бизнес хариуцсан Гүйцэтгэх захирал Арнауд Соиратыг Группийн Үйл ажиллагаа хариуцсан захирал, одоо Номхон далайн Хөнгөн цагааны үйл ажиллагааны Удирдах захирал Келли Паркерыг Гүйцэтгэх хорооны багт оруулж, Австрали дахь үйл ажиллагааны Гүйцэтгэх захирлаар томилжээ.

“Хэдийгээр Ковид-19 цар тахлын улмаас ихээхэн сорилттой нүүр тулж байгаа ч Рио Тинто групп аюулгүй байдлыг өндөр түвшинд ханган үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байна.” хэмээн Якоб Стаушольм хэллээ. Тэрбээр мөн Рио Тинтогийн үйл ажиллагааг илүү уян хатан болгож, илүү хүчирхэг гүйцэтгэгч, ажил олгогч байхын тулд группийн хэмжээнд бизнесийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн сайжруулж байна гэв. Би Рио Тинтог төсөл хэрэгжүүлэгч улс орнууд, засгийн газрууд, хувьцаа эзэмшигчдийн итгэлтэй түнш байхын төлөө дахин шинэчлэн байгуулахыг хүсэж байна хэмээн тэрбээр хэлэв.

Рио Тинто одоогийн Хөнгөн цагаан, Зэс, Төмрийн хүдэр, Ашигт малтмал (Алмаз эрдэнийн бизнес багтсан) гэсэн бизнесийн дөрвөн гол чиглэлээ хадгалж үлдэж байна. Саймон Троттын томилгооноос гадна одоо Төмрийн хүдрийн группийн Гүйцэтгэх захирлын албан тушаалыг түр хашиж буй Иван Веллаг Хөнгөн цагааны группийн Гүйцэтгэх захирал, Эрчим хүч, ашигт малтмалын группийн Гүйцэтгэх захирал Баатарын Болдыг Зэсийн группийн Гүйцэтгэх захирал, Зэс, Алмаз эрдэнийн үйл ажиллагааны удирдах захирлаар ажиллаж буй Шинэд Кауфманыг Ашигт малтмалын группийн Гүйцэтгэх захирлаар томилж удирдлагын багтаа орууллаа.

Ийнхүү Рио Тинтогийн удирдлагын шинэ баг дараах бүрэлдэхүүнтэйгээр ирэх гуравдугаар сарын 1-ээс албан тушаалаа хүлээн авч, ажилдаа орох нь;

Якоб Стаушольм, Гүйцэтгэх захирал

Баатарын Болд, Рио Тинтогийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал

Алф Барриос, Худалдаа хариуцсан захирал

Питер Каннингэм, Санхүү харицсан Захирлын үүрэг гүйцэтгэгч

Марк Дэвис, Аюулгүй байдал, техникийн болон төслүүд хариуцсан Гүйцэтгэх захирал

Шинэд Кауфман, Рио Тинтогийн Ашигт малтмалын группийн Гүйцэтгэх захирал

Барбара Леви, Хууль эрх зүй, гадаад харилцаа хариуцсан захирал

Жеймс Мартин, Хүний нөөцийн захирал (дөрөвдүгээр сарын 6-нд ажилдаа орно.)

Келли Паркер, Австрали дахь бизнес хариуцсан Гүйцэтгэх захирал

Арнауд Сойрат, Үйл ажиллагаа хариуцсан захирал

Питер Тот, Группийн стратеги, хөгжил хариуцсан Гүйцэтгэх захирал

Саймон Тротт, Рио Тинтогийн Төмрийн хүдрийн группийн Гүйцэтгэх захирал

Иван Велла, Рио Тинтогийн Хөнгөн цагааны группийн Гүйцэтгэх захирал

 

Эх сурвалж: riotinto.com

Сарангуа Төмөр