Р.Ганжуур: Би үнэ тариф нэмснийхээ төлөө ажлаасаа халагдсан хүн

Sarangerel
2024-04-19 12:16:49

Эрчим хүчний тухай хууль 2001 онд батлагдаж, Эрчим хүчний зохицуулах хороо байгуулагдаж байсан түүхтэй. Тус байгууллагын үүрэг, зорилго нь Засгийн газраас хараат бусаар шийдвэр гаргаж, эрчим хүчний үнэ тарифыг зах зээлийнх нь зарчимд нийцүүлж зохицуулах үүрэгтэй юм. Тус хорооны анхны даргаар Монгол Улсын зөвлөх инженер Р.Ганжуур томилогдож байв. Тэрбээр хороондоо есөн жил ажиллаад үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байжээ. 

Эрчим хүчний зохицуулах хороо байгуулагдаад 23 жилийн нүүрийг үзсэн боловч эрчим хүчний үнэ тарифыг зохих хэмжээнд хүргэж чадаагүй гэж хэлэхэд болно. Үнэ тариф нэмэгдээгүйгээс эрчим хүчний салбар байнгын алдагдал хүлээж ирсэн нь нууц биш. Бид энэ удаа Эрчим хүчний зохицуулах хорооны анхны дарга, Эрчим хүчний инженерүүдийн холбооны тэргүүн, Монгол Улсын зөвлөх инженер  Р.Ганжууртай 20 гаруй жилийн алдаа оноо, сургамж, одоогийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Та эрчим хүчний салбартай анх хэрхэн холбогдсон бэ?

-1980 онд ЗХУ-ын Уралын Политехникийн дээд сургуулийг дулааны цахилгаан станцын инженер мэргэжлээр суралцаж төгссөн. Дулааны III цахилгаан станцаас хөдөлмөрийн гараагаа эхэлж, ерөнхий инженер хүртэл ажиллаад Түлш эрчим хүчний яаманд ахлах мэргэжилтнээр очсон. Дараа нь Эрчим хүчний удирдах газарт албаны дарга, техникийн асуудал хариуцсан орлогч даргаар ажиллаж, 2001 онд Эрчим хүчний зохицуулах хорооны анхны даргаар томилогдоод есөн жил ажилласан байна.

-Та Эрчим хүчний зохицуулах хорооны анхны дарга. Тэр үед нөхцөл байдал ямар байсан бэ. Хорооны үйл ажиллагаа яг хуульд заасан шигээ хараат бус байж чадсан уу?

-Тэр үед эрчим хүчний салбар төвлөрсөн төлөвлөгөөт босоо удирдлагын тогтолцоотой байсан. Салбарын үйлдвэр, албан газрууд бүгд Эрчим хүчний удирдах газрын шууд харьяанд ажилладаг байлаа. Үйлдвэр, албан газруудын мөнгө санхүү, хангамж, боловсон хүчин, техник технологи гээд бүхий л асуудлыг Эрчим хүчний удирдах газар шийддэг байв. 

2001 он бол эрчим хүчний салбарын хувьд шинэчлэлийн реформ хийсэн түүхэн он жил болсон гэж би дүгнэдэг. УИХ-аас 2001 оны хоёрдугаар сарын 1-нд Эрчим хүчний шинэ хуулийг баталснаар Эрчим хүчний зохицуулах хороог байгуулсан. Үүний дараа эрчим хүчний үйлдвэрүүдэд бүтцийн өөрчлөлт хийж, мөн оныхоо долдугаар сард эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах чиглэлийн 18 компани байгуулагдсан. Наймдугаар сараас эдгээр төрийн өмчит хувьцаат бие даасан компаниудад үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг Эрчим хүчний зохицуулах хороо олгосон бол аравдугаар сараас компаниуд хоорондоо гэрээ байгуулан арилжааны эхний хэлбэрт шилжиж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ингэж эрчим хүчний салбар төвлөрсөн төлөвлөгөөт босоо удирдлагын тогтолцоог халж, зохицуулалтын хэвтээ удирдлагын тогтолцоонд шилжсэн дээ. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний компаниуд өөрсдөө мөнгө санхүү, хангамж, боловсон хүчин, техник технологио шийддэг болсон. Үүнээс өмнө Эрчим хүчний удирдах газар бүхнийг шийддэг байсан гэж дээр хэлсэн. 2001 онд хийсэн эрчим хүчний салбарын шинэчлэлийн реформ нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламж дэмжлэгтэйгээр явсныг хэлэх ёстой.

Эрчим хүчний зохицуулах хороо бол Засгийн газраас хараат бус бие даасан байгууллага. Хараат бус гэдэг нь Засгийн газрын бүтцэд ордоггүй гэсэн үг.  Засгийн газар өөрчлөгдөх бүрт бүтцэд нь ордог агентлаг, байгууллагууд дагаад өөрчлөгддөг шүү дээ. Харин Эрчим хүчний зохицуулах хороо Засгийн газраас хараат бус учраас тусдаа бие даасан байдалтай 23 жил өөрчлөгдөөгүй ажиллаж байна. Эрчим хүчний зохицуулах хороо байгаа учраас дээрх эрчим хүчний компаниуд байсаар байгаа юм. Хэрэв энэ байгууллага байхгүй болбол эрчим хүчний компаниуд аль хэдийн салж нийлээд, өөрчлөгдөөд, зарим нь устаж алга болох байсан. Хорооны үйл ажиллагаа хуульд заасан шигээ хараат бус байж чадсан уу гэдэг асуултад ярилцлагын явцад дэлгэрэнгүй хариулт өгье.

-За тэгье. Та Эрчим хүчний зохицуулах хорооны дарга байхдаа үнэ тариф нэмэгдүүлэх асуудлаар хэрхэн ажиллаж байсан бэ?

-Манай эрчим хүчний салбарынхан “Зохицуулах хороо хуулиараа бие даагаад үнэ тарифаа нэмэх эрхтэй. Засгийн газраас хараат бусаар нэмээч” гэдэг. Бид Засгийн газраас хараат бусаар хоёр удаа үнэ тариф нэмсэн. 2002 оны наймдугаар сард цахилгааны үнийг дөрвөн төгрөгөөр нэмсэн. Тэр үед нэг кВт.ц цахилгааны үнэ 45 төгрөг байсан. Үүнийг 49 төгрөг болгосон. Өмнө нь орон сууцны гал тогооны өрөөний квадратаас дулааны хөлс авдаггүй байсныг авдаг болгосон. Манай Америк зөвлөхүүд “Та нар бие дааж шийдэх ёстой” гэж зөвлөсөн. Тэр үед бид залуу ч байж, зоригтой ч байж. Мөнхөө, Дамдинсүрэн гэдэг хоёр зохицуулагчтайгаа ярилцаж байгаад “За одоо нэмэх цаг болсон, нэмнэ ээ” гээд л цахилгааны үнийг нэмчихсэн. Маргааш нь цахилгааны үнэ нэмэгдсэн тухай мэдээлэл сонинд гарна биз дээ. Тэр үеийн Эрчим хүчний сайд Б.Жигжид сайд утасдаад “Юу болоод байна аа, Ганжуур аа наагуур чинь. Яагаад би мэддэггүй юм. Та нар хэлэх ёстой шүү дээ” гээд л загнаж гарсан. Ингэхэд нь би “Бид эрхийнхээ дагуу цахилгааны үнийг нэмсэн. Бид бие даасан болохоор заавал сайд дарга нарт хэлэх ёсгүй л дээ, сайд аа” гээд л хэлээд тавьсан. Гэтэл Б.Жигжид сайд “Тийм юм байхгүй шүү. Би та гурвыг Ерөнхий сайдад санал болгож энэ албан тушаалд тавьсан. Наад албан тушаалыг чинь буцааж болно шүү” гээд  асуудал өрнөв өө. Тухайн үед Ерөнхий сайд Н.Энхбаяр байсан юм. Гэтэл Ерөнхий сайд уурлаад өрөөндөө дуудаж, загнаад бөөн юм болсон. УИХ дээр асуудлыг авч хэлэлцээд ажлын хэсэг гаргаж манайхыг шалгахаар боллоо. Би хуульд заасан “Эрчим хүчний зохицуулах хороо нь үнэ тарифыг алдагдалгүйгээр бодит үнэ өртөг зардлыг хаахаар нэмнэ” гэсэн заалтыг уншиж өгөхөд хуралдааныг удирдаж байсан УИХ-ын Дэд дарга Ж.Бямбадорж “Яасан том толгойтой улсууд вэ та нар. Наад хуулийг чинь бид баталдаг юм. Өөрчилж бас чадна” гээд л биднийг сүрдүүллээ. Харин УИХ-аас томилсон ажлын хэсэг нь ирж ажиллаад биднийг ойлгоод явсан. Эцэст нь эрчим хүчний үнийг дөрвөн төгрөгөөр нэмэхийг цуцалж, хоёр төгрөгөөр нэмэхээр болсон. Сүүлдээ Н.Энхбаяр Ерөнхий сайд өөрөө ч ойлгосон. 2002 онд үнэ тариф нэмэх анхны асуудал ийм л үйл явдалтайгаар дууссан юм.

 Сонгуулийг далимдуулж цахилгааны үнийг 28.3 хувиар нэмж байсан

-Үүний дараа дахин үнэ тариф нэмсэн үү?

-2005 оноос хоёр удаа бага зэрэг нэмсэн. Цахилгааны нэгжийн үнэ нь 47 төгрөг байсныг 53 төгрөг болгосон. Бид бас гайгүй туршлагажиж “хараат бус ч эрхийнхээ хүрээнд үнэ хамаагүй нэмж болохгүй” гэдгийг ойлгосон байлаа. Тэгээд сонгуулийг далимдуулаад нэмчихье, сонгуулиар хэн ялж ямар засаг гарахыг бид мэдээгүй гээд хэлчихье гэсэн санаа төрсөн. Ингээд 2008 оны сонгуулийн дараах өдөр цахилгааны үнийг хэлэхгүйгээр нэмье гээд бэлдэж эхэлсэн. Тэр үед сайдад хэлээгүй юм. Хэлэх л юм бол нэмүүлэхгүй шүү дээ. Ингээд сонгууль 2008 оны зургаадугаар сарын 29-нд болж, сонгуулийн дүн хараахан гараагүй байхад Зохицуулагчдын зөвлөл хуралдаад цахилгааны үнийг 28.3 хувиар нэмэх шийдвэр гаргачихсан. 53 төгрөг байсан цахилгааны үнийг 13 төгрөгөөр нэмж, 68 төгрөг болгосон. Эрчим хүчний зохицуулах хорооны түүхэнд үнэ тарифыг хамгийн өндөр дүнгээр нэмсэн нь энэ. Дараа нь Эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатар намайг дуудаад “Та нар яах гэж үнэ тариф нэмсэн юм. Энийгээ буулга” гэсэн. Мань эр шинэ албан тушаалд очих гэж байсан, тэрэнд нь нөлөөлөх гээд байсан бололтой. Хариуд нь би “Сайд аа, үнэ буулгаж болохгүй ээ. Зохицуулагч нар хуралдаад яг хуулийн дагуу шийдвэрээ гаргасан. Нэмэхээс өөр арга байхгүй. Үнээ буулгаж чадахгүй” гэсэн. Тэгсэн “Чамайг хийж чадахгүй бол солино” гэж байна. Тэгэхээр нь би “Та шүүхэд гомдол гаргаад цахилгааны үнийг хэтэрхий их нэмсэн байна, буцаая гэдэг асуудлаа ярь. Хэрэв шүүх буруу байна гэвэл буцааж болно. Өөр ямар ч гарц байхгүй. Намайг сольсон солиогүй, халсан халаагүй энэ бол шийдэгдэхгүй” гэж хэлсэн юм. Сайдын өрөөнд өрнөсөн энэ маргаан сүүлдээ даамжирч, чи би дээрээ тулж, хараал ерөөлдөө хүрсэн л дээ. Ингээд л Ч.Хүрэлбаатар намайг заначихсан. Дараахан нь Ч.Хүрэлбаатар шинэ Засгийн газарт Хэрэг эрхлэх газрын дарга болоод намайг ажлаас халах операцаа эхэлсэн. Айхтар занадаг хүн юм билээ.

-Ч.Хүрэлбаатар сайд занасан учраас та ажлаасаа халагдсан юм уу. Үйл явдлыг тодорхой ярьж болох уу?

-За даа, энийг ярих хэрэг байна уу. За яахав ярья. Нэгдүгээрт, та сонирхож асуулаа.  Хоёрдугаарт, “Та яагаад ажлаасаа халагдсан юм бэ” гээд зарим хүмүүс сонирхож асуугаад байдаг юм. 

2024 оны сонгуулийн дараа шинэ Засгийн газар байгуулагдахаар мэргэжлийн хүн сайд болоосой гэж салбарынхан хүсэж байна 

Бидний хооронд бас нэг юм бий л дээ. Ч.Хүрэлбаатар Ховд аймагт байдаг Хотгор шанагын уурхайд дулааны станц барина гээд тусгай зөвшөөрөл авъя гэсэн юм. Тэрийг нь яахав би өөрийнхөө хүмүүст хэлээд тусгай зөвшөөрлийг нь олгох гэж байлаа. Гэтэл зэрэгцээд Хөшөөтийн уурхайд Байгаль орчны сайд байсан У.Барсболд станц барих хүсэлт гаргасан. Энэ төсөлдөө эрчим хүчний зөвлөх инженер ажиллуулж, ном журмынх нь дагуу тооцоо судалгаатай ажил хийсэн юм. Гэтэл нөгөө талд Ч.Хүрэлбаатарын хүмүүс “Р.Ганжуур гэдэг нөхөр станц барих зөвшөөрөл өгөхгүй байна” гээд хов зөөгөөд гүйгээд байдаг. Ингэхээр яахав, Ч.Хүрэлбаатар надад өсөрхөж “Чи яагаад Барсболдод цахилгаан станцын тусгай зөвшөөрөл олгочихоод минийхийг олгодоггүй юм. Ер нь чамайг хална” гэсэн. Тэгэхээр нь би “Хал, хал чи” л гэсэн. Тэр үед “ойлгомжтой, бүтэхгүй юм байна. Есөн жил ажиллачихлаа, боллоо” л гэж бодсон. Хэрэг эрхлэх газрын дарга болсон хүн дараа жил нь Засгийн газрын хуралдаанаар Эрчим хүчний зохицуулах хорооны төсөв оруулахдаа Р.Ганжуурын асуудлыг яриад “Энэ нөхөр эрчим хүчний салбарын эдийн засгийг унагасан, салбар нь алдагдалтай гарсан. Ажлаас нь халах хэрэгтэй” гэдэг асуудлыг ярьсан. Тэр үед дэлхий даяараа эдийн засгийн хямралд өртсөн байхад ганц Р.Ганжуур эрчим хүчний эдийн засгийг унагана гэж ч юу байхав. Хэнд ч ойлгомжтой асуудал. Шүүхдээд явбал ялах л байсан. Гэхдээ би хүсээгүй. Нэгэнт Ч.Хүрэлбаатартай хэл амаа олохгүй юм чинь. Тэгээд л халагдсан даа. Хуулийн дагуу хараат бусаар эрчим хүчний үнэ тарифыг нэмснийхээ төлөө би ингэж ажлаасаа халагдаж байлаа.

Хууль мөрдүүлэх боломжийг Засгийн газар хангаж өгөхгүй байна

-Таны ажиллаж байсан хугацаанд дээрх үйл явдал болоод өнгөрчээ. Тэгвэл өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хороо байгуулагдаад 20 гаруй жил болсон байна. Танаас хойш энэ хороо юу хийсэн бэ? Одоо болтол үнэ тариф асуудалтай хэвээр байна?

-Үнэ тариф нэмэх асуудлыг заавал Засгийн газарт мэдэгдэх ёстой. Миний үед Засгийн газарт мэдэгдэхгүйгээр үнэ тарифыг хоёр удаа нэмсэн түүх байна. Сайн жишээ биш л дээ. Хамгийн гол нь цахилгааны үнэ бүх салбарын ажил үйлчилгээнд тусдаг суурь үнэ учраас нийгэм, олон нийт маш эмзэг хүлээж авдаг. Нийгэм бужигнадаг, хямрал гаргадаг. 

Гадаадын гурван кэйс яръя. 2000 онд АНУ-ын Калифорни муж улсад эрчим хүчний үнийг чөлөөлөх шийдвэр гаргасан. Гэтэл эрчим хүчний компани, цахилгаан станцууд зохиомлоор хомсдол үүсгээд үнэ нь хоёрхон сарын дотор арав дахин нэмэгдсэн. Калифорни муж улсад нийгэм, улс төрийн хямрал үүссэн. Үүнийг “2000 оны Калифорнийн цахилгаан эрчим хүчний хямрал” гэж ном зохиолуудад нэрлэсэн нь бий. Тэр хямралаас гарахын тулд холбооны Засгийн газар 45 тэрбум ам.доллар зарцуулж байж асуудлыг нэг тийш нь болгосон. Түүнээс хойш АНУ-ын бүх муж улс эрчим хүчний үнийг чөлөөлөх асуудлыг ярихаа больсон түүхтэй.

2011 онд Киргиз улсын улс төрийн нөхцөл байдал тогтворгүй, авлига хээл хахуульд автсан, ард түмэн нь бухимдалтай байсан. Тэр үед эрчим хүчний үнэ тариф хариуцдаг байгууллага нь цахилгааны үнийг хоёр дахин нэмчихээр нийгэмд бужигнаан үүсэж, Засгийн газар нь тэр чигтээ унаж, ерөнхийлөгч Бакиев нь Беларусь руу зугатсан. Одоо болтол тэндээ орогнож байгаа. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний үнээр хамаагүй оролдвол нийгэм, эдийн засгийг бужигнаанд оруулдаг гэдгийн тод жишээ нь энэ. Дахиад нэг жишээ дурдъя. 2015 онд Армен улсад цахилгааны үнийг найман хувь нэмэхэд ес хоног үргэлжилсэн олон нийтийн тэмцэл өрнөж, үнэ нэмэх асуудлаа болиулж байсан түүх бий. Тэгэхээр цахилгаан, дулааны үнийг нэмж болно. Гэхдээ Засгийн газартайгаа зөвшилцөж, ард иргэдэд ойлгуулах хэрэгтэй. Хувь хүн, аж ахуйн нэгжид хэр дарамт болох, хэрэглээний үнийн индекст хэр зэрэг нөлөөлөх зэрэг бүх төрлийн тооцооллыг хийх нь чухал.

Эрчим хүчний зохицуулах хороо 2022 оны арванхоёрдугаар сард зөвхөн аж ахуйн нэгжийн цахилгааны үнийг маш зөв тооцоо судалгаатай нэмсэн. Харин одоо ард иргэдийн цахилгааны үнийг нэмье гэхээр дээрээс “Одоо үнэ нэмж болохгүй, хүлээж бай” гээд байгаа юм билээ. Хууль мөрдүүлэх боломжийг Засгийн газар хангаж өгөхгүй байна. Эрчим хүчний зохицуулах хороо үнэ тарифыг хүчээр нэмж болно. Ингэвэл хамгийн наад зах нь дарга нь ажлаасаа хусагдах нь тодорхой. Яг миний жишээ шиг. Цаашлаад Эрчим хүчний зохицуулах хороо гэдэг байгууллагыг татан буулгах эрсдэлтэй. Ийм л ярвигтай, төвөгтэй асуудал үүсээд байдаг юм шүү дээ. 

Эрчим хүч улстөрчдийн хоол идэш болчихдог онцлогтой. Өнгөрсөн жил иргэдийн цахилгааны үнийг нэмээгүй Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэр маш зөв болсон. Хэрвээ нэмсэн бол С.Ганбаатар мэтийн гишүүд ард түмнийг өмөөрдөг мундаг хүн болоод 2022 оны үнэ тарифын нэмэлтийг хийлгэхгүй байх байсан. Ер нь бол Эрчим хүчний зохицуулах хорооны ажил хэцүү, амаргүй шүү. Нэг талаас эрчим хүчний компаниуд үнэ тариф нэмсэнгүй гэж шаардлага тавьдаг, нөгөө талаас ард түмэн үнэ тариф нэмлээ гэж уурлаж бухимддаг. “Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий” гэсэн үг байдаг даа.

-Та Эрчим хүчний зохицуулах хорооны даргын ажлаа хүлээлгэж өгснийхөө дараа юу хийж байв?

-Хувийн хэвшлийн хэд хэдэн компани зөвлөхөөр ажиллах санал тавьсан. Тэр компаниудад одоо хүртэл баярлаж явдаг. “Ньюком” компанийн саналыг хүлээж аваад зөвлөхийн ажилд орсон. Тус компанид Тавдугаар цахилгаан станц барих олон улсын тендерт оролцохыг санал болгож уг ажилд чадлынхаа хэрээр зүтгэсэн. Тухайн үеийн “Ньюком” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан их чадалтай сайн залуу шүү. “Ньюком” дэлхийд нэртэй Франц, Япон, Солонгосын компаниудтай хамтарч консорциум байгуулж улмаар тендерт ялсан. Тавдугаар цахилгаан станцыг яг барихын даваан дээр бүтээгүй. Энэ талаар зөндөө ярьсан даа. 

2017 оноос одоог хүртэл Монголын эрчим хүчний инженерүүдийн холбооны тэргүүнээр ажиллаж байна. Намайг өдий зэрэгт хүргэсэн эрчим хүчний салбарын хамт олондоо үргэлж баярлаж, бахархаж, хүндэтгэж явдаг. Тийм ч учраас тус салбарын сайн муу, ярвигтай, хүнд хэцүү байдлыг амьдралаараа туулж үзсэн хүний хувьд Монголын олон нийтэд, ард түмэнд эрчим хүчний салбарыг аль болохоор зөвөөр ойлгуулахыг хичээж явна даа, ах нь.

-Эрчим хүчний салбарын хувь заяа хэний гарт байдаг юм бэ, ард түмэн үү, улстөрчдөд үү?

-Гоё асуулт байна, баярлалаа. Эрчим хүчний салбарын хувь заяа гурван хүний гарт байдаг. Нэгдүгээрт, ард иргэд. Ард иргэд эрчим хүчийг ойлгохгүй явсаар өдийг хүрлээ. Алдагдалтай эрчим хүчний үнийг засах гэсэн шийдвэр бүрийг эсэргүүцэж ирсэн. Яагаад эрчим хүчний үнэ алдагдалтай байх ёстой гэж тэд бодоод байгаа юм. Монголд үнэхээр ойлгомжгүй зүйл юу байдаг вэ гэвэл энэ л байна. Харин өнгөрсөн арванхоёрдугаар сарын дундуур оросууд манайд өгдөг импортын эрчим хүчээ хоёр дахин бууруулна гэснээс хойш одоо болохоо байж байна гэж бодсон уу, жаахан ойлгох шиг болсон. Би нэг удаа Японд ажлаар явж байхдаа орчуулагч бүсгүйгээс “Та гэрийнхээ цахилгааны тооцоог харуулж болох уу” гэхэд “Тэгэлгүй яахав” гээд харуулсан. Нэгж цахилгааны үнэ 28 цент байсан. Манайхаас долоо дахин өндөр үнэ. “Пөөх, ямар өндөр үнэтэй юм бэ” гээд уулга алдахад орчуулагч эмэгтэй “Үнэтэй байх тусмаа эрчим хүчний чанар сайн, найдвартай байдаг” гэж хэлсэн. Өндөр хөгжилтэй орны ард иргэд ингэж л эрчим хүчийг ойлгодог юм билээ. Түүнээс хойш ард иргэддээ ингэж ойлгуулах юмсан гэж бодсоор өдийг хүрлээ. 

Хоёрдугаарт, эрчим хүчний хувь заяа Ерөнхий сайдын гарт байдаг. 1997 онд М.Энхсайхан Эгийн голын усан цахилгаан станцыг малайзуудаар бариулчихсан бол, эсвэл 2008 онд С.Баяр хятадуудаар бариулсан бол өнөөдөр эрчим хүчний салбарын хувь заяа өөр байх байлаа. Гуравдугаарт, эрчим хүчний хувь заяа Эрчим хүчний сайдын гарт байдаг. Хэрвээ 2013-2018 онд тэр үеийн сайд М.Сономпил, Ц.Даваасүрэн нар Тавдугаар цахилгаан станцыг бариулчихсан бол өнөөдөр эрчим хүчний салбарын хувь заяаөөр байх байсан.

Эрчим хүчний компаниуд 100 хувь төрийн өмчит байгаа нь шүүмжлэлийн том бай болдог 

-Эрчим хүчний сайд мэргэжлийн хүн байх ёстой. Жишээ нь, “Н.Тавинбэх сайд байхдаа маш зөв ажил хийсэн” гэж эрчим хүчний салбарынхан сайшаадаг юм билээ. Ямар ажлыг нь та олзуурхаж байсан бэ?

-Н.Тавинбэх шиг мэргэжлийн сайд эрчим хүчинд хэрэгтэй байна. 2022 оны гуравдугаар сарын 21-нд Монголын Эдийн засгийн чуулганд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх 2030 он хүртэл хэрэгжүүлэх Эрчим хүчний сэргэлтийн бодлогыг танилцуулахдаа 22 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Үүнд, 14.8 их наяд төгрөг хэрэгтэй гэж танилцуулсан. Бид маш их баярлаж байсан. Урьд өмнөх сайд нар ингэж бодлогоо тодорхой танилцуулж чаддаггүй байсан юм. Харамсалтай нь, 2022 оны намар түүнийг сайдын суудлаас нь буулгасан. Н.Тавинбэх зоригтой ярьдаг. Энэ нь зарим хүмүүст шалтаг, шалтгаан болсон байх. Н.Тавинбэх бол 25 жил эрчим хүчний салбарт ажилласан мэргэжлийн хүн. Аав нь цахилгаанчин, ээж нь Дулааны III цахилгаан станцад химийн лаборантаар ажиллаж байсан, эрчим хүч цусанд нь, тархинд нь шингэсэн хүн л дээ. Ийм л эрчим хүчээр амьсгалсан менежер эрчим хүчний салбарт хэрэгтэй байгаа юм. 2024 оны сонгуулийн дараа шинэ Засгийн газар байгуулагдахаар мэргэжлийн хүн сайд болоосой гэж салбарынхан бид хүсэж байна.

Тавдугаар цахилгаан станц болон Эгийн голын усан цахилгаан станцыг барих, алдагдалтай үнэ тарифын асуудлыг шийдэх гурван асуудлыг нэг багц болгоод УИХ-д өргөдөл гаргаж, оруулахаар төлөвлөж байна 

-Эрчим хүчний хүндрэлтэй асуудлуудаар та юуг нэрлэх вэ? Эл салбарын гацааг мултлах ямар боломж байна гэж та үзэж байгаа вэ?

-Эрчим хүчний салбарт хүндрэлтэй олон асуудал байдаг. Тэдгээрийг шийдэхийн тулд юун түрүүнд тулгамдсан гурван асуудлыг эхлээд шийдэх ёстой. Нэгдүгээрт, Улаанбаатар хотын дулааны хомсдлыг шийдэж, Тавдугаар цахилгаан станцыг хоёрдугаар цахилгаан станцын газар дээр барих хэрэгтэй. Хоёрдугаарт, хойд хөршийн эрчим хүчний хараат байдлаас гаргах Эгийн голын усан цахилгаан станцыг  НҮБ-ын Тусгай хорооны хурлаар хэлэлцүүлж, эцэслэн шийдвэрлүүлэх хэрэгтэй. Гуравдугаарт, алдагдалтай үнээр эрчим хүч худалдахыг бүрмөсөн зогсоох. Энэ гурван асуудлыг шийдэж чадваас сэтгүүлч таны хэлснээр эрчим хүчний салбарын гацааг мулталж чадна.

-Энэ асуудлыг эрчим хүчний салбарынхан Засгийн газар, Ерөнхий сайд болон бодлого тодорхойлогчдод хэлж ойлгуулж байсан уу. Ингээд ярихаар ямар хариу хэлдэг вэ?

-Өнгөрсөн оны долдугаар сарын 17-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрчим хүчний салбарынхантай Дулааны IV цахилгаан станц дээр ирж уулзсан. Энэ үеэр би “Эрчим хүчний инженерүүдийн холбооны тэргүүний хувьд танаас хүсэх гурван зүйл байна. Эрчим хүчний салбар дээсэн дөрөөн дээр байна. Зөвхөн таны оролцоотой шийдэх эрчим хүчний тулгамдсан гурван асуудал байна. Тавдугаар цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, алдагдалтай эрчим хүчний үнэ гэсэн гурван асуудлыг шийдэж өгөөч ээ” гэсэн. Тухайн үед мань хүн хүлээж авах шиг болсон. Нэг үг хэлсэн. “Та нар нэг өөр юм ярьдаг. Сайд чинь арай өөр юм ярьдаг” гэсэн утгатай зүйл Ерөнхий сайд хэлсэн. Засаг төрийн хүмүүс нь салбарынхаа төрийн бус байгууллагын хүмүүстэй санаа оноогоо нэгтгээд асуудлаа оруулаад ир гэсэн. Өөрөө сонсоод бичээд л байсан. Би ч гол зүйлээ хэлчихлээ дээ гээд баярлаж байлаа. Гэвч түүнээс хойш долоон сар болоход асуудлууд шийдэгдээгүй л байна. 

-Яагаад шийдэж болдоггүй юм болоо?

-Яагаад шийдэж болохгүй байгааг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс асуух нь зүйтэй. За даа, асуугаад ч олигтой хариулт өгөхгүй байх даа. Нэгэнт Засгийн газар асуудлыг шийдэж чадахгүй учраас УИХ шийдэж болох юм гэх бодол төрсөн. Хэрэв иргэн өргөдөл гаргаад түүнийг нь 100 мянган хүн дэмжвэл тус асуудлыг УИХ-аар хэлэлцэж шийдүүлж болдог хууль, журам гарсан юм билээ. Тэрийг хараад надад эрчим хүчний асуудлыг УИХ-д оруулж шийдүүлж болох юм гэсэн санаа төрсөн. Ингээд УИХ-д тулгамдсан гурван асуудлыг нэг багц болгон оруулах хүсэл бодолдоо хөтлөгдөж, үүнийг эрчим хүчний салбарынханд танилцуулахад маш ихээр дэмжиж байгаа. “Тавдугаар цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, эрчим хүчний үнэ тарифыг алдагдалгүй болгох” гэсэн нэг багц асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхийн тулд хуулийн этгээдийн өргөдлийг D-Parliament апликэйшнд байршуулсны дараа эхний шатанд 100 хүний дэмжлэг авах хэрэгтэй юм билээ. Эхний шатны 100 хүний дэмжлэг авбал өргөдлийн системд 30 хоногийн хугацаанд байршуулах бөгөөд энэ хугацаанд 33,000 хүний дэмжлэг авбал ажлын хэсэг байгуулах, 70,000 хүний дэмжлэг авбал байнгын хорооны хүрээнд хяналт шалгалт явуулах, 100,000 хүний дэмжлэг авбал УИХ-аар асуудлыг хэлэлцэх журамтай юм билээ.

Эрчим хүчнийхнээс эхний шатанд дэмжлэг үзүүлэх 145 хүн байгаа нь нэгэнт тодорхой болсон тул одоо иргэн Р.Ганжуур УИХ-д өргөдлөө гаргаж өгнө. Цаг хугацааны асуудал.  

-Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтад орвол цахилгааны асуудал учиртай болно гэдгийг эрчим хүчний салбарынхан хэлдэг. Гол нь дулаан үйлдвэрлэлийн дутагдал хамгийн том асуудал болоод байна. Тийм үү?

-Тийм, тэр үнэн. Гэхдээ Улаанбаатар хотын дулааны хомсдолын тулгамдсан асуудлыг шийдэж чадахгүй. Бөөрөлжүүтийн цахилгаан станц зөвхөн цахилгаан үйлдвэрлэнэ. Тавдугаар цахилгаан станцыг баривал дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх учир асуудлыг шийдэж чадна. Улаанбаатар хот 20-40 хувийн дулааны хомсдолд орсон нь тун аюултай. 1980-аад оны эхээр, дараа нь 1990-ээд оны эхээр Улаанбаатар хот хөлдөх аюулд хүрч байсныг ахмадууд санаж байгаа байх. 1986 оны өвөл Багануур хот хөлдсөн шүү дээ. Гал тогооныхоо өрөөнд зуух тавиад цонхоороо яндан гаргаад хавар хүртэл амьдарч байсан. Заримыг нь Улаанбаатар руу нүүлгэн шилжүүлж байлаа. 2008 онд Бэрх тосгон хөлдсөн. Эрчим хүчний яам тэр чигээрээ хөдөлж байж хөлдөлтөөс гаргасан. Эдгээр явдлыг эрчим хүчний салбарынхан ямагт санаж байх ёстой. Зарим хүмүүс тархмал эх үүсвэр маягаар байгалийн шингэрүүлсэн хийгээр ажилладаг халаалтын зуухнууд барьж асуудлыг шийдэх тухай ярьдаг. Энэ бол асуудлыг шийдэх бус харин  улам хүндрүүлэх шийдэл гэдгийг шулуухан хэлье. Хийг Оросоос авна. Оросууд хийний импортоо хоёр дахин багасгана гэвэл яах вэ. Саяхан байгалийн шингэрүүлсэн хий ачиж явсан цистерн аймшигтай аваар осол гаргаж, хэчнээн хүний аминд хүрэв? Импортоос хамааралтай дулаан хангамжтай болох гэж байгаа хүмүүст Узбекстаны импортын хийгээр дулаан хангамжаа шийдсэн Киргизстаны хоёр дахь том хот Ош энэ өвөл ямар байдалд хүрснийг гүүглээр хайгаад  үз гэж хэлье. Муу нэртэй ч нүүрсээ ашиглаад халуун дулаан сууж байсан нь дээр байлгүй. Тавдугаар цахилгаан станцаа олон долоон юм ярилгүй шууд барих хэрэгтэй байна.

-Таны хувьд цахилгааны оройн ачааллыг багасгахын тулд ямар оновчтой арга хэмжээ авах ёстой гэж боддог вэ?

-Цахилгааны оройны их ачаалал өвлийн улиралд 18-21 цагийн хооронд үүсдэг. Иймд хэрэглээг багасгаж тогтвортой байлгахын тулд оройн их ачааллын менежментийг боловсруулж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Нэг зүйлийг хэлэхэд оройн их ачааллын үеийн цахилгааны үнийг ердийн үеийнхээс 2-3 дахин нэмэгдүүлэх хэрэгтэй. Жишээлбэл, үдэш орой баар, ресторануудын ажиллагаа нэмэгдэж оройн их ачааллыг асар ихээр өсгөдөг. Иймд тэдний цахилгааны үнийг гурав дахин нэмэгдүүлэх хэрэгтэй. 

-Өндөр хөгжилтэй орнуудад ахуйн хэрэглээний цахилгааны үнэ аж ахуйн нэгжийнхээс өндөр байдаг гэж та нэг удаа ярьж байсан. Яагаад тийм байгаа юм бол?

-Тэр үнэн. Жишээлбэл, Японд айл өрхийн цахилгааны үнэ аж ахуйн нэгжийнхээс 30 хувиар, Данид 55 хувиар өндөр байдаг. Сингапурт бүр арав дахин өндөр байдаг. Яагаад ийм байна гэвэл бөөний болон жижиглэнгийн үнийн ялгаа гарч ирж байгаа юм. Энгийн жишээн дээр авч үзвэл, Улаанбаатарын цахилгаан түгээх сүлжээнээс Улсын их дэлгүүрт хүргэх цахилгааны зардлаас Дамбадаржаад байдаг гэр хороолын айлуудад хүргэх цахилгааны зардал их гарах нь ойлгомжтой биз дээ. Гэтэл Монголд цахилгааны нэгжийн бодит өртөг 243 төгрөг болчихсон байхад айл өрхийн хэрэглээнд 140 төгрөгөөр борлуулж байгаа нь арай л дэндүү. Айл өрхөд цахилгааныг бараг хоёр дахин алдагдалтай үнээр борлуулж байна. Ингэж болохгүй гэдгийг эрхбиш ард иргэд, олон нийт ойлгож эхэлж байгаа болов уу. Дулаан ч мөн шударга бус үнэ тарифтай. Судалгаанаас үзэхэд, орон сууцны дөрвөн ам бүлтэй 50 ам.метр талбай бүхий айл өрх жилд 394 мянган төгрөгийг халаалт, халуун усанд зарцуулдаг бол гэр хорооллын айл өрх нүүрс, модондоо хоёр сая төгрөг зарцуулдаг байна. Орон сууцныхан гэр хорооллын айлуудаас тав дахин бага үнэтэй дулаан хэрэглэж байна. Гэр хороолын айлууд цахилгааны мөнгөөрөө орон сууцны айлуудын дулааны хөлсийг төлж байгаа юм. Гэх мэт жишээ дурьдвал зөндөө юм бий.

Эрчим хүчнийхнээс эхний шатанд дэмжлэг үзүүлэх 145 хүн байгаа нь нэгэнт тодорхой болсон тул одоо иргэн Р.Ганжуур УИХ-д өрөгдлөө гаргаж өгнө. Цаг хугацааны асуудал

 -Эрчим хүчний үнэ тариф олон улсад ямар байдаг юм бэ?

-Дэлхийн 100 гаруй оронд хийсэн судалгаагаар айл өрхийн цахилгааны дундаж үнэ 17.8 цент/кВт.ц байна. Монголынх 4.5 цент/кВт.ц байдаг. Дэлхийн дунджаас 3.95 буюу бараг дөрөв дахин хямд цахилгаан хэрэглэж байна, бид. Хөрш хоёр улсын тухайд, Хятадад ахуйн цахилгааны үнэ найман цент/кВт.ц, Оросынх зургаан цент/кВт.ц. Бусад улсын ахуйн нэгжийн цахилгааны үнийг түүвэрлэн сонирхож үзвэл, Японд 25 цент, Францад 21 цент, АНУ-д 18 цент, Өмнөд Солонгост 10 цент байдаг. Нэг хүнд ноогдох жилийн цахилгааны хэрэглээ нь тухайн орны эрчим хүчний хөгжлийн үзүүлэлт болдог. Монголын нэг хүнд ноогдох жилийн цахилгааны хэрэглээ 1872 кВт.ц бол дэлхийн дундаж 3105 кВт.ц байна. Эндээс Монгол Улсын эрчим хүч дэлхийн эрчим хүчний хөгжлийн аль түвшинд явж байгаа нь харагдана.

-Эрчим хүчний зохицуулах хороог Засгийн газрын мэдлээс гаргаад УИХ-д өгөх хэрэгтэй, УИХ шийдээд явах нь зөв гэж та хэлсэн. Үүнийг тодруулж ярихгүй юу?

-Эрчим хүчний зохицуулах хороо Засгийн газрын бүтцэд ордоггүй, хараат бусаар шийдвэрээ гаргадаг ч Засгийн газрын мэдэлд байгаа гэж ойлгож болно. Учир нь Эрчим хүчний зохицуулах хорооны таван зохицуулагчийг Ерөнхий сайд томилдог. Тиймээс Ерөнхий сайд нар эрчим хүчний үнэ тарифын асуудалд хутгалдан оролцоод байна. Хэрвээ Эрчим хүчний зохицуулах хороог УИХ-ын мэдлийнх болговол Ерөнхий сайдын хамаарлаас гарна. УИХ-аар эрчим хүчний үнэ тарифын асуудлыг хэлэлцвэл асуудал шийдэгдэх тал руугаа орно гэж ойлгож байгаа. 

-Эрчим хүчний компаниуд төрийн өмчит байгааг та юу гэж үздэг вэ? Олон нийт, хэвлэл мэдээллийнхэн үүнийг их шүүмжилдэг.

-Эрчим хүчний компаниуд 100 хувь төрийн өмчит байгаа нь шүүмжлэлийн том бай болдог. 2001 онд хийсэн шинэчлэлийн нэг гол зорилго нь эрчим хүчний улсын үйлдвэрүүдийг эхлээд төрийн өмчит хувьцаат компани болгох, дараа нь хувийн өмчит хувьцаат компани болгох буюу салбарыг хувийн хэвшилд шилжүүлэх явдал байсан. Харамсалтай нь хэрэгжээгүй. Ганцхан “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” л хувийн өмчит хувьцаат компани болсон. 

Одоо 100 хувь төрийн өмчит хувьцаат, хаалттай компаниудыг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох хэрэгтэй. Ингэхдээ Өмнөд Солонгос улсын туршлагыг сайн судалж хийх нь зүйтэй. Тус улсын эрчим хүчний компаниудын 51 хувь нь төрд, 49 хувь нь олон нийтийн эзэмшилд байдаг. Ингэснээр эрчим хүчний компаниуд олон нийтэд нээлттэй хувьцаат компани болж, Өмнөд Солонгосын зарчмаар ажиллаж хөгжлийн өндөр түвшинд хүрч чадна. Энэ асуудлаар би Эрчим хүчний инженерүүдийн холбооны тэргүүний хувьд удаа дараа ярьж, бичдэг боловч сонсдог хүн энэ төр засагт алга. Улс төрийн намууд удахгүй болох сонгуулийн хөтөлбөртөө энэ асуудлыг оруулаасай билээ.