Р.Сэддорж: Хөгжлөөс хэнийг ч орхихгүй байх зарчим баримталдаг

Mongolian Economy
2023-09-28 14:14:59
Ангилал: Ярилцлага

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржтой тус аймгийн хөгжлийн онцлог, хэтийн төлөв, хөрөнгө оруулалт, гол төслүүдийн талаар ярилцлаа.

-Бүс нутгийн хамтын ажиллагааны түвшинд Өмнөговь аймгийн хөгжлийг та хэрхэн төсөөлж байна вэ?
-Өмнөговь аймаг Монгол орны төвийн бүсэд хамрагддаг ч Засгийн газраас сүүлийн жилүүдэд барьж байгаа бодлого, чиглэлийн хүрээнд говийн дөрвөн аймгийг багтаасан говийн бүсэд хамаарч байна. Говийн бүсдээ чухал үүрэг рольтой гэдэг нь тодорхой. Бусад аймагтай хамтын ажиллагаа, хамтдаа хөгжих нөхцөлийг бүрдүүлэх тухайд хэд хэдэн асуудлыг цохон дурдахыг хүсэж байна.

Нэгдүгээрт, говийн дөрвөн аймаг нь бие даасан, тус бүрийн хөгжлийн бодлогоос гадна нэгдмэл уялдаатай, хамтын төлөвлөлт гаргах нь зүйтэй. Тухайлбал, манай аймаг уул уурхайн маш их түүхий эд, баялагтай. Харин Дорноговь аймагт аж үйлдвэрийн парк байгуулах ажил явагдаж байна. Үүнээс харахад нэг аймагт нь түүхий эд, нөгөөд нь боловсруулах үйлдвэр, мөн энэ хоёрыг холбосон дэд бүтэц байна. Хоёрдугаарт, говийн аймгуудад бэлчээрийн даац муудаж, уур амьсгалын өөрчлөлтөд ижил хэмжээгээр автаж байгаа зэрэг нийтлэг сорилт, бэрхшээлийг хамтын хүчээр даван туулах ёстой. Манай аймаг говийн бүсийн тулгуурын нэг, эдийн засгийн өрсөлдөх чадвараар бүс нутгаа тэргүүлж байгаа учраас үүнд чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй.

Аймгууд хоорондын хөгжлийн уялдааг хангаж ажиллах тал дээр төрийн захиргааны төв байгууллагууд, ялангуяа Эдийн засаг, хөгжлийн яам ихээхэн үүрэгтэй оролцож байна.

-Өмнөговь аймгийг 2020-2024 онд хөгжүүлэх “Нутгийн хишиг” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгнө үү. Хэрэгжилт нь хэр байна вэ?
-Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2020-2024 оны мөрийн хөтөлбөр “Нутгийн хишиг” хэмээх нэр томьёо нь их түүхтэй. Анх 2008-2012 онд Ардчилсан нам аймгийн иргэн бүрд 500 мянган төгрөгийн бэлэн мөнгө олгох санаачилга гаргаж хэрэгжүүлж байсан. Харин 2012 оноос улс төрийн намуудыг мөнгө амлах, тараахыг хориглосон учраас орхигдсон юм.

“Нутгийн хишиг”-ийг яагаад дахин санаачилсан талаар тайлбар хэлэх нь зүйтэй. Манай аймагт 16 уурхай идэвхтэй үйл ажиллагаа явуулж буйн зэрэгцээ хайгуулын маш олон лицензийг олгосон. Гэтэл Өмнөговь аймаг нь цаг уурын болон хүний амьдрах орчин талаасаа маш олон сорилт, бэрхшээлтэй тулгарч буй.

Тийм учраас байгалийн баялгийн өгөөж, орлогыг иргэддээ бэлэн мөнгөөр бус “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэнд, боловсрол, ая тухтай амьдрал, орон нутгийн эдийн засгийн өсөлт, засаглалыг сайжруулах хэлбэрээр зарцуулахаар шийдсэн. Хишиг гэдэг нь таван үгийн товчлол. Х буюу хөгжил нь орон нутгийн үйлдвэрлэл, ажлын байрыг нэмэгдүүлэх, оролцоотой өсөлтийг бий болгох эдийн засгийн хөгжлийг илэрхийлж байна. И буюу ирээдүй нь иргэдийн боловсролын тухай юм. Боловсролын чиглэлээр олон төсөл хэрэгжиж байна. Ш үсэг нь шударга буюу орон нутагт ил тод, нээлттэй, авлига, хүнд сурталгүй засаглалыг бий болгохыг хэлж байгаа юм. И буюу итгэл нь нийгмийн бодлого, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн бодлогыг төлөөлж байгаа бөгөөд энэ хүрээнд олон ажил төлөвлөөд хэрэгжүүлж байна. Г нь говь буюу ус, бэлчээр, хүрээлэн буй орчныг хамгаалах бодлого юм.

Өмнөговь аймгийн хөгжлийг энэ таван чиглэлд авч үзэж байгаа гэж ойлгож болно.

Тодруулбал, боловсролтой иргэдтэй, шударга засаглалтай, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээ сайтай, хүрээлэн буй орчноо сайн хөгжүүлсэн аймаг болохыг зорьж байна.

Энэ бол 2008-2016 онд аймгийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ Ардчилсан намын тодорхойлсон Таван тулгуурт бодлогын үргэлжлэл хөтөлбөр юм.

“Нутгийн хишиг” хөтөлбөрийн хэрэгжилтийг жил бүр үнэлдэг. Энэ оны хувьд 81,5 хувийн хэрэгжилттэй байна. “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд бодлогын баримт бичигтээ өөрчлөлт оруулахыг чиглэл болгосны дагуу өнгөрсөн онд “Нутгийн хишиг” хөтөлбөрт шинэчлэлт хийж, ИТХ-аар батлуулсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд нийт 100 орчим км замыг орон нутгийн төсвөөр барьж, дэд бүтцийн шугам сүлжээ, сумдын дулааны эх үүсвэр, цэвэр, бохир усны шийдлийг хэрэгжүүлжээ.

-Өмнөговь аймагт “Оюу толгой”, “Тавантолгой”, “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс” зэрэг 16 компани үйл ажиллагаа явуулж байна. Дээрх төслүүд
танай аймагт хэр өгөөжөө өгч байна вэ? Уул уурхайгаас олсон орлогыг орон нутагтаа хангалттай зарцуулж чадаж байна уу?
-Бид ашиглалтын лиценз эзэмшиж байгаа компаниудтай Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хамтын ажиллагааны гэрээ байгуулдаг. Энэ хүрээнд тодорхой орлогыг аймагтаа төвлөрүүлэх ажлыг хийдэг. Тухайлбал, “Оюу Толгой” компанитай хамтарсан “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-г долоон жилийн өмнө байгуулсан.

Энэ жил 6,1 сая ам.долларыг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулж байна. “Эрдэнэс Тавантолгой” компанитай хамтраад жил бүр таван тэрбум төгрөгөөр төсөл хэрэгжүүлж буй. “Энержи Ресурс” нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой ажлууд хийдэг бол “Монголын Алт” ХХК баруун бүсийн гурван сумын эрчим хүчний тарифын хөнгөлөлтөд дэмжлэг үзүүлдэг.

“Энержи Ресурс” компанийн хувьд Даланзадгад болон зүүн бүсийн том сумдын хагас автомат уурын зуухыг нүүрсээр хангадаг. Мөн орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК энэ онд 126 тэрбум төгрөгийг ногдол ашиг болгож, аймагт хуваарилсан байна. Энэ бүх хөрөнгө оруулалт, ногдол ашгийг бид эмнэлэг, сургууль, сумдын төвийн бүтээн байгуулалт, сумдыг холбосон замын ажлуудад зориулж байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу татварын шинэ орчин бий болж, ААНОАТ, ХХОАТ-ын тодорхой хувийг аймаг, суманд төвлөрүүлдэг болсон.

Нөгөө талаар, Өмнөговь аймгийн улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ жил бүр нэмэгдэж ирсэн. Энэ онд 451 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой. Бид тухайн сумын нийгэм, эдийн засгийн байдлыг харгалзан үзэж, хөгжлийн зөрүү гаргахгүй, хөгжлөөс хэнийг ч орхихгүй байх үндсэн зарчмыг баримталсны үндсэн дээр төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтаа жигд төлөвлөж хэрэгжүүлдэг.

Энэхүү төлөвлөлтийг хийхдээ мэдээж сум иргэдийн санал бодол, тухайн сумаас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчдийн саналыг авдаг. Бид олон судалгаа хийж, эдгээр судалгааны үр дүнг ч авч үздэг.

Хөгжлөөс нэг ч иргэнээ хоцроохгүй, үлдээхгүйгээр жигд бөгөөд орон нутгийн онцлогийг харгалзсан төлөвлөлтийг хийж ажиллаж байна.

-Уул уурхайн компаниудтай хамтран ажиллах тал дээр Өмнөговь аймаг ихээхэн туршлага хуримтлуулсан. Хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд одоо ямар сорилт, асуудлууд тулгарсан хэвээр байна вэ?
-Миний хувьд уул уурхайн компаниудын зовлон жаргал, орон нутагтай харилцахдаа юунд анхаарах вэ гэдгийг их сайн мэдэх хүний нэг. Нөгөө талаас, Засаг даргаар ажиллаж буй учир төр, орон нутгийн удирдлага юунд анхаарах ёстой вэ гэдгийг мөн анхаарч харж байна.

Хүндрэл бэрхшээл тодорхой хэмжээнд бий. Манай аймагт үйл ажиллагаа явуулдаг “Тавантолгой” компаниас бусад уул уурхайн компанийн удирдлага, захирал бүгд Улаанбаатарт байдаг. Уурхай дээр, аймгийн төвд төлөөлөгчийн газар, удирдлага нь байдаггүй. Үүнээс үүдээд харилцааны бэрхшээл үүсэх нь бий. Миний санаж буйгаар Цогтцэцийд маш их цас орж, шуурахад манай орон нутгийн “Тавантолгой” компани техник, хэрэгслээ шуурхай гаргаад ажиллах жишээний. Харин бусад компани удирдлагатайгаа холбогдох, шийдвэрээ бодитоор гаргах гэж цаг алдаж байсан тохиолдол бий. Иргэдээс  олдох, иргэд, төрийн харилцааны тал дээр газар дээр нь байхгүй зэрэг асуудал бий. Тэр утгаараа би Засаг даргын хувьд уул уурхайн компаниудыг Өмнөговьд оффисоо, мөн ажилчдынхаа орон сууцыг уурхайн орчиндоо байгуулах зэрэг асуудлаар ярилцаж байна. Засгийн газраас ч ийм чиглэл өгдөг. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс өгсөн энэхүү чиглэл бол бодит байдлыг харсан, алсын хараатай шийдвэр юм. “Оюу толгой”, “Тавантолгой”, “Эрдэнэс тавантолгой” компаниуд энэ тал дээр идэвхтэй ажиллаж байна.

Хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт алаг цоог байдаг. Үүнийг нь хэрэгжүүлэх зорилгоор гурван талт зөвлөл, хамтын ажиллагааны хороо, хамтран ажиллах механизм дээр төвлөрч ажиллаж байна.

-Дараагийн Оюутолгой шиг орд танай аймагт байгаа эсэх дээр та юу хэлэх вэ. Газрын доороос биш газрын дээрх баялгаас дараагийн Оюутолгойг бий болгох боломж бий юу?
-Хэд хэдэн боломж бий. Тухайлбал, манай аймагт сэргээгдэх эрчим хүчний 11 төслийн судалгаа хийгдэж байна. Өмнөговь нар, салхины нөөц ихтэй аймаг. Дэлхий нийтээр нүүрсхүчлийн ялгаралгүй болохыг зорилгоо болгож буй энэ цаг үед сэргээгдэх эрчим хүчний маш том нөөцүүд манайд байна. Энэ нь эдийн засгийн өсөлтийг бий болгох маш том боломж юм. Дараагийнх нь метан хийний төслүүд.

Тухайлбал, манайд дөрвөн том төслийн судалгаа, хайгуулын туршилтыг хийж байна. Эдгээр нь бүгд гадны хөрөнгийн биржэд бүртгэлтэй, нээлттэй компаниуд. Энэ бол манай дараагийн нөөц баялаг болох юм. Алт, зэсийн том орд гэвэл баталгаажуулалтын хайгуулыг нь хийж буй Хармагтай юм. Маш том орд байх бүрэн боломжтой.

Өмнөговь дэд бүтэц эрчимтэй хөгжиж байгаа аймаг. Төмөр зам, авто замын олон төсөл хэрэгжиж байгаа учир тээврийн салбар хөгжих томоохон суурь бүрдэж байна. Ийм дөрвөн чиглэлийн алинаас нь дараагийн Оюутолгой байж болох тухай асуудал яригдана. Түүнчлэн газрын баялгаас гадна хүний баялаг их чухал. Тэр утгаараа Даланзадгад хотод ШУТИС-ийн харьяа Технологийн сургуулийг байгууллаа. Энэ сургууль цаашдаа хүрээгээ улам тэлж хөгжих боломжтой. Үр дүнд нь мэдлэг чадвартай, технологийн ур чадвар эзэмшсэн олон сайн инженер, боловсон хүчин Өмнөговьд ажилладаг болно.

-“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Хот хөдөөгийн сэргэлт”-ийг түргэтгэх ажил ямар шатанд явж байна вэ?
-“Хот хөдөөгийн сэргэлт” бол Засгийн газрын маш чухал зорилт. Энэ зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд хүн амын тоог 20 хувиар нэмэгдүүлэх үүднээс дараах ажлуудыг хэрэгжүүлж байна. Нэгдүгээрт, Өмнөговьд бүртгэлгүй ажилчид маш их. Шилжиж ирээгүй мөртлөө олон жил ажиллаж байгаа хүмүүсийг аймагтаа суурьшуулах асуудлыг уул уурхайн компаниудтай хамтарч шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Ялангуяа уул уурхайн ажилчдыг гэр бүлээрээ ажиллаж, амьдрах нөхцөл бүрдүүлэх нь чухал. Энэ талаар олон бодлого хэрэгжүүлж байна. Хоёрдугаарт, Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг 20 хувиар нэмсэн бол аймаг өөрийн хүч бололцоонд тулгуурлаж нэмэх боломжтой гэсэн шийдвэрийг гаргалаа.

2022 оны арванхоёрдугаар сард ИТХ-аар аймгийн төсвийг батлуулахдаа төрийн албан хаагчдын цалинг 80 хувиар нэмсэн. Ингэснээр ямар давуу тал бий болсныг нэг жишээгээр дурдъя. Боловсролын салбарт манай аймагт өнгөрсөн жил 160 ажлын байр дутуу байсан. Он гараад багш нарын сонгон шалгаруулалтыг хийж, одоогоор 10 хүрэхгүй ажлын байр л сул байна. Бусад орон тоо эзэнтэй болж, зарим сум багшаа сонгон шалгаруулж авсан. Аймгийн 4500 орчим төрийн албан хаагчийн ажиллах, амьдрах орчныг дэмжээд өгөхөөр Өмнөговьд ажиллая гэдэг хүсэл эрмэлзэл нэмэгдсэн. “Нутгийн дэм” хөтөлбөрийн хүрээнд Өмнөговьд ажиллаж байгаа төрийн албаны болон төрийн үйлчилгээний ажилтан, албан хаагчдын цалин дээр нь нэмж 400 мянган төгрөг өгдөг. Энэ бол бас нэг том хөшүүрэг. Гуравдугаарт, ажилтан, албан хаагчдыг орон сууцаар хангахыг зорилгоо болгож, аймгийн төсвөөр орон сууц худалдаж авч байна.

Тухайлбал, Ханбогд, Цогтцэций Гурвантэс зэрэг суманд орон нутгийн төсвөөр орон сууцны талбай худалдаж аваад төрийн албанд ажилладаг, эсвэл тогтвор суурьшилтай ажиллахаар шилжиж ирж байгаа сайн мэргэжилтнүүдэд өгч, түрээсээр эзэмшүүлдэг.

“Шинэ сэргэлтийн бодлого”, ялангуяа “Хот хөдөөгийн сэргэлт”-ийг Өмнөговь аймаг ийнхүү түүчээлж байна. Мөн бизнесийн орчноо сайжруулах ёстой. Энэ хүрээнд дэд бүтцийн ажлуудыг хийж байгаа нь дамаа ажлын байр бий болно. Ялангуяа гэр бүлийн нөхөр нь уурхайд ажилладаг эмэгтэйчүүдийн ажлын байрыг нэмэгдүүлэхэд ихэд анхаарч байна.

-Гадаадын хөрөнгө оруулалт болон бизнес эрхлэх таатай орчин нөхцөл Өмнөговь аймагт хэр бүрдсэн бэ? ГХО-гчид яагаад Өмнөговь аймагт ирэх ёстой вэ?
-Бид хоёр үндсэн арга хэмжээ хэрэгжүүлж байна. Юуны өмнө үйлдвэр байгуулах нөхцөл бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Тухайлбал, Даланзадгадад үйлдвэр технологийн парк, үйлдвэрийн бүс байгуулахаар сүүлийн гурван жилд 11 гаруй тэрбум төгрөгийг зөвхөн дэд бүтцэд нь зориулсан. Үйлдвэр байгуулах сонирхолтой компаниудад газрыг нь сонгон шалгаруулалтаар өгнө. Тус паркт арьс шир, ноос боловсруулах, сав баглаа боодлын үйлдвэр, хүнд металл боловсруулах, барилгын материалын үйлдвэр, хог хаягдал боловсруулах үйлдвэр, мал нядалгааны газар зэргийг байгуулах боломжтой.

Үйлдвэрийн бүсийн ерөнхий төлөвлөгөөг гаргаж, түүнийхээ дагуу тодорхой байршлууд руу дэд бүтцээ татсан. Уг байршил дээр сонгон шалгаруулалт зарлаад байна. Энэ бол Өмнөговьд хөрөнгө оруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн дэд бүтцийг бий болгохоор хийж буй маш чухал ажил юм. Аймгийн ИТХ үүнийг сайн дэмжиж ажиллаж байна.

Дараагийн ажил бол Өмнөговьд бизнес эрхлэх  хүсэлтэй хүмүүсийг санхүүгийн эх үүсвэрээр дэмжих явдал юм. Миний бие ИТХ-д санал оруулж ИТХ, аймгийн АН дэмжсэнээр жижиг ,дунд бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийн эх үүсвэрийг тусад нь гаргасан. Өмнөговь аймаг сүүлийн хоёр жилд ЖДҮ-ийг хөгжүүлэх санд 10 тэрбум төгрөг төвлөрүүлж, эргэн төлөлтөөр нь компаниудаа санхүүжүүлж байна. Энэ бол тун ач холбогдолтой бодлого. Орон нутгийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор 10 тэрбум төгрөгийн хөрөнгийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар дамжуулан орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгохоор төлөвлөж, өнгөрсөн онд 42 аж ахуй нэгжид 5,0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Үүний үр дүнд 12 үйлдвэр шинээр бий болж, 30 үйлдвэр өргөтгөл хийж, орон нутагт 92 ажлын байр хадгалагдаж, 239 ажлын байр шинээр бий болсон байна. Энэ онд 26 аж ахуй нэгжид 3.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Үүний үр дүнд 12 үйлдвэр шинээр бий болж, 14 үйлдвэр өргөтгөл хийж, орон нутагт 54 ажлын байр хадгалагдаж, 145 ажлын байр шинээр бий болсон.

Эдийн засаг, өрсөлдөх чадвараар сүүлийн 10 гаруй жил улсдаа эхний гуравт явж буй аймгийн хувьд бизнесийн орчныг сайжруулах дээрх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.

-Өмнөговь аймаг БНХАУ-тай ямар хамтын ажиллагаа хөгжүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Манай аймаг БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө засах орны Баяннуур, Альшаа аймагтай хиллэдэг. Гол харилцаа нь худалдаа, ялангуяа нүүрс, зэсийн экспорт. Энэ хоёр аймаг, Хөх хоттой бид найрсаг дотно, харилцан ашигтай харилцааг хөгжүүлж ирлээ. Засгийн газар, Гадаад харилцааны яамаар дамжуулаад харилцаагаа өндөр түвшинд байлгахын төлөө ажиллаж байна. Цар тахлын дараа хоёр талын харилцаа маш хурдтай сэргэсэн.

Анхаарах нэг асуудал нь Шивээхүрэн, Гашуун сухайтын боомтоор бараа материал оруулж ирэх боломжийг нээх юм. Энэ асуудлыг бид Засгийн газарт болон хөрш аймгууддаа олон удаа тавьдаг. Өмнөговь орон нутгийн төсвөөр маш их хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийдэг учраас их хэмжээний барилгын материал, олон төрлийн материал авах хэрэгтэй байдаг. Оюутолгой төсөл гэхэд олон бараа материал урд хөршөөс авдаг. Тиймээс боомтуудаар бараа материал, хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэх, жуулчид зорчдог болгох шаардлагатай. Жишээ нь, уул уурхайн компаниуд гадаад ажилчдаа Замын Үүд-Эрээний боомтоор дамжуулан, Улаанбаатар хотоор дайруулан Өмнөговь аймагт авч ирдэг. Хэрэв энэ асуудлыг шийдвэл зөвхөн нүүрснээс гадна бусад бараа материалын экспорт, импорт, худалдаа эргэлт нэмэгдэх учиртай.

-Өмнөговьчуудын хүсэл мөрөөдөл юу байна вэ гэж асуумаар санагдлаа.
-Хамгийн түрүүнд хоёр зүйл бодогдож байна. Бидний олон жил судалж, шат шатны байгууллагад тавьдаг гол асуудал бол ус. Манай аймаг гадаргын усны нөөцгүй. Улаан нуур Онгийн голоор тэжээгддэг бөгөөд Хангайн нурууны ус бага үед ус нь шургаж, Улаан нуурт цутгадаггүй. Тиймээс Монгол Улс говийн бүс рүү ус аваачих ёстой. Даланзадгад, Тавантолгой чиглэлийн ус дамжуулах хоолойг байгуулах нэн шаардлагатай. Өнгөрсөн онд аймгийн төсвийн 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Улаан нуур-Булган-Даланзадгад-Тавантолгой чиглэлийн ус дамжуулах хоолойны ТЭЗҮийг боловсруулсан. Энэ төслийг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ бол зөвхөн миний бус манай аймгийнхны эртнээс судалж, зорьсон зүйл.

Говийн бүсийн хот байгуулалт, үйлдвэрүүдийн хэрэгцээг гадаргын усаар хангах нь маш том бодлого төдийгүй хөгжлийн нэг том тулгуур юм. Говьчуудын мөрөөдөл юм. Усаа эрдэнэ мэт хайрладаг ард түмэн бол говьчууд юм шүү.

Хоёрдугаарт, өмнөговьчууд ногоон өнгөнд дуртай, мод ургамалд хайртай. Аль болох олон мод тарих, ногоон орчинд байх нь өмнөговьчуудын мөрөөдөл. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд бид 2030 он хүртэл 70 сая, уул уурхайн компаниуд 400 сая мод тарих ёстой. Бид 2025 он хүртэл суулгац, мод тарих дэд бүтцээ бэлтгэнэ. Аймгийн болон тухайн ААНийн хөрөнгө оруулалтаар олон ойн анги, мод үрсэлгээний газруудыг шинээр байгуулсан. Мөн Даланзадгадаас Булган чиглэлийн 100 км урт, 500 м өргөнтэй “Говийн ногоон хэрэм” байгуулах ажлыг эхлүүллээ.

-Өмнөговь аймаг сүүлийн жилүүдэд Монгол Улсын шилдэг аймгаар хэдэнтээ тодорсон. Энэ амжилтын нууц юу вэ?
-Өмнөговь 2010 оноос хойш долоон удаа шилдэг аймгаар шалгарсан. Энэ бол манай аймгийн иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд хамтын хүчээр нэг зорилгын төлөө ажиллаж ирсний үр дүн юм. Эдийн засгийн хувьд байнгын өсөлттэй хөгжиж ирлээ. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргадаг аймгуудын өрсөлдөх чадварын тайланд Өмнөговь аймаг сүүлийн 15 жилд тогтмол эхний гурван байрт орлоо. Нөгөө талаас сумын хөгжлийн нөлөө бий. Сумдын хөгжлийн үзүүлэлт нийлээд аймгийн хөгжлийн индекс болдог юм.

Шилдэг аймгаар шалгарахад өмнөх Засаг дарга нарын бодлого, үйл ажиллагааг үргэлжлүүлж, илүү сайжруулж, шинэ бодлого хэрэгжүүлж ирсэн нь нөлөөлсөн. Жишээлбэл, Даланзадгад-Гурван тэс чиглэлийн хатуу хучилттай автозамыг барьж, Даланзадгад хотын шинэ театр, музейн барилгууд ашиглалтад орлоо. Эдгээр бүтээн байгуулалт 2022 онд салбар тус бүрийнхээ шилдгээр шалгарсан. Энэ мэт амжилт манай аймгийг шилдэг болоход нөлөөлсөн гэж бодож байна.

Цаашид эдгээр амжилтаа улам бататгаж, илүү сайн ажиллаж, иргэдийнхээ тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр бид зорьж байна. Ялангуяа нийгмийн эмзэг бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ажилгүй иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн асуудлыг шийдвэрлэх нь нэн чухал. Өмнөговь аймаг хөгжлөөс нэг ч хүнийг хоцроохгүй, өсөлтийг өрх бүрд хүргэхийн төлөө ажиллана.

 

 

 

Mongolian Economy