“Салхит”-ын орд тэтгэврийн зээлийг тэглэж хүрэхгүй
Ерөнхийлөгчийн шинэ жилийн мэндчилгээний дараа УИХ-ын дарга, ЗГХЭГ-ын дарга, ХНХ-ын Сайд гээд төрийн өндөр дээд албан тушаалтнуудын ээлж дараалан хийсэн мэдэгдлийн дагуу “Салхит”-ын ордоос олсон орлогоор ахмад настнуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх хуулийг МАН олонхоороо хүч түрэн батлах нь тодорхой биз ээ.
Уг нь “Салхит”-ын мөнгө-алтны орд тэтгэврийн зээлийн үлдэгдэл болох 776 тэрбум гаруй төгрөгийг тэглэх хэмжээний том биш. Тус ордын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн хүсэлтийн дагуу мэргэжлийн инженерүүдийн бүрэлдэхүүнтэй баг “Салхит” мөнгө-алтны ордын ТЭЗҮ-д хийсэн тодотголоор тус ордоос олох нийт орлого 988.8 тэрбум төгрөг бол үйл ажиллагааны зардал 651.4 тэрбум төгрөг. Долоон жилийн хугацаанд 1.9 сая гаруй тонн хүдэр, 669.5 мянган тонн мөнгө, 877.2 кг алт олборлоно. Нийт хөрөнгө оруулалт 31.7 тэрбум төгрөгийн шаардлагатай ба 250 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах аж. Харин өнөөгийн үнэ цэнэ нь 121.6 тэрбум төгрөг байна. Өөрөөр хэлбэл, тус ордын өнөөгийн үнэ цэнэ тэтгэврийн нийт зээлийн үлдэгдлээс 7.2 дахин, цэвэр ашиг нь бараг дөрөв дахин бага гэсэн үг.
Topazia Consulting Services-ийн хийсэн “Салхит”-ын ордын ТЭЗҮ-ийн тодотголоор тус ордоос улсын төсөвт нийт 204.5 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрөх аж. Гэтэл эрх мэдэлтнүүд тус ордоос ирэх таван жилд бараг хоёр их наяд орчим төгрөгийн орлого олно гэж тооцсон байна.
Тухайлбал, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Салхитын мөнгөний ордын ТЭЗҮ батлагдсан. Мөнгөний нөөцийг тогтоосон. Алтны нөөц бас байна. Улсад хоёр их наяд төгрөг оруулах таван жилийн ТЭЗҮ гарсан” гэсэн бол УИХ-ын дарга Г.Занданшатар “Салхитын мөнгөний ордын ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн зөвлөл гаргаж тооцсоноор 808 тонн мөнгө, 1,117 кг алтны нөөцтэй бөгөөд хайгуул судалгаагаар цаашид нэмэгдэх боломжтой гэж үзэж байгаа. Энэ тооцоогоор нийт 2.5 их наяд төгрөг буюу 1 тэрбум долларын борлуулалт хийгдэж, Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлнэ. Татварын өмнөх ашиг нь 1.1 их наяд орчим төгрөг байх тооцоо гарч байгаа. Энэ ашгаар бонд гаргах бөгөөд Хөгжлийн банк баталгаа гаргана. Ингээд арилжааны банкуудад байгаа тэтгэврийн зээлийн үлдэгдлийг хаана” гэв.
Харин ТЭЗҮ-д дурдсан 669.5 мянган тонн мөнгө, 877.2 кг алтыг зах зээлийн өнөөгийн ханшаар тооцоход дөнгөж нэг их наяд төгрөг давна. Үүнээс үйл ажиллагааны болон холбогдох бусад зардлыг хасаад, үлдсэн мөнгө нь тэтгэврийн нийт зээлийн тэн хагаст ч хүрэхгүй байна. Тиймээс “Салхит”-ын мөнгө-алтны ордоос олох орлогоор тэтгэврийн зээлийг хаах нөөц боломж байхгүй. Тиймээс л эдийн засагчид, УИХ-ын ганц нэг гишүүн эцсийн дүндээ улс төрийн энэ шийдвэрийг хэрэгжүүлэхэд Монголбанкаар мөнгө хэвлүүлж таарна гэдгийг анхааруулаад байгаа хэрэг.
“Салхит”-ын ордын лицензийг эзэмшиж байгаа “Эрдэнэс силвер ресурс” компани нь хөрвөх чадвартай, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц бонд гаргаж, хөрөнгийн зах зээл дээр чөлөөтэй арилжаалагдаж, босгосон мөнгийг нь төр юунд зарцуулахаа шийдвэл байдал огт өөр байх байлаа. “Гэтэл зургаан хувийн хүүтэй, ямар нэг хөрвөх чадваргүй бондын эцсийн худалдан авагч нь төв банкнаас өөр байхгүй байна. Төв банк мөнгөний нийлүүлэлтээр бондыг худалдаж авлаа гэхэд инфляцад зохих хэмжээний дарамт ирнэ. Төв банканд бондоос үүсэж болзошгүй эрсдэл, алдагдлыг Засгийн газар хариуцна гээд заачихсан. Засгийн газар төсвөөрөө хариуцна. Төсөв гэдэг нь татвар төлөгчдийн хөрөнгө шүү дээ. Хамгийн том эрсдэл нь энэ” хэмээн УИХ-ын гишүүн Б.Жавхлан ярьсан.
Харамсалтай нь эрх баригчид сонгуулийн оноогоо авахын тулд хүч түрэн зүтгүүлж байна. Үүний сөрөг үр дагаврын талаар эдийн засагч Н.Энхбаяр “Хуулийн төслийн танилцуулгад дурдсанчлан “Эрдэнэс Монгол” ХХК зургаан хувийн хүүтэй бонд гаргавал компанийн санхүүгийн байдлыг доройтуулна. Зүй нь олон жил ярьж буй Тавантолгой ордын 30 хувь дээр IPO гаргах асуудалдаа анхаарал хандуулж, экспортыг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэх ёстой” гэсэн.
Тэтгэврийн зээл тэглэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр нь эцсийн дүндээ сонгуульд оноо авах гэсэн хавтгайрсан халамжаас гадна уул уурхай, банк санхүү, эдийн засгаа тэр чигт нь самрах поп улстөрчдийн нэгэн нүүдэл гэдгийг олон нийт одоо л тод томруун ойлгож эхэллээ. Гэвч салбар хариуцсан сайд нар нь таг дуугүй байгаа нь харамсалтай. Хамаг хүчээрээ зүтгүүлж байгаа “Тавантолгой”-н ордын IPO босгох ажлыг нь нураах шахаж байхад уул уурхайн сайд нь таг дуугүй, төсөвт ирэх дарамтыг улам нэмж, арай гэж сэхэл авсан эдийн засгийг элэгээр нь хэвтүүлэх гэж байхад Сангийн сайд нь гэдийж, инфляц хөөрөгдөж, төгрөгийн ханшийг тамирдуулах шийдвэрийг Монголбанк яг л дуулгавартай хүүхэд шиг хэрэгжүүлж байна.
Эргэн сануулахад Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь “Салхит”-ын мөнгө-алтны ордын тусгай зөвшөөрлийг АМГТГ цуцалж, төрийн мэдэлд авах болсноо одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байхдаа буюу яг жилийн өмнө мэдэгдэж байв. Улмаар өнгөрсөн зургадугаар сарын 12-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Салхит”-ын ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-д шилжүүлсэн юм.
Энэ оны эдийн засгийн хамгийн том эрсдэлийг шинжээчид сонгууль хэмээн дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ сонгуулийн жил дөнгөж эхэлж байна.