Салхи хагалагчдаас итгэл эхэлнэ

Sarangerel
2026-05-27 11:00:19

Манай сэтгүүлийн баг өнгөрсөн долдугаар сард Лондонд ажиллах үеэрээ Лондонгийн хөрөнгийн биржийн Анхдагч зах зээлийн газрын орлогч дарга Жон Эдвардстай ярилцаж амжсан юм. Тэрбээр ОХУ болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл (ТУХН)-ийн орнуудад тус биржийн үйл ажиллагааг өргөжүүлэх ажлыг хариуцдаг. Жон Эдвардс ОХУ, Казакстан, Украйн болон Монгол Улс руу ажлын журмаар тогтмол аялдаг байна. Тэрбээр Колумбийн их сургуульд суралцаж, Орос судлалын бакалаврын зэрэг, мөн бизнес, хууль хосолсон чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан бөгөөд 2003 оны наймдугаар сараас хойш ЛХБ-д ажиллаж байгаа аж.

-Та Монголд олон удаа ирж байсан. Монголын санхүүгийн зах зээл тэр дундаа хөрөнгийн зах зээлийн талаар Таны бодол?

-Монголын зах зээлийг их эрчтэй гэж боддог. Залуу зах зээл ч, ялангуяа Монголоос төрөн гарч буй шинэ уул уурхайн компаниудад боломж их байна. Гаднынхны сонирхол их байгаа нь дотоодын хүчтэй хүсэл эрмэлзлэлтэй нийцэж, хөгжлийн шинэ түүхүүдийг бичих үндэс болж байна. Энэ нь зөвхөн уул уурхайгаар хязгаарлагдахгүй бөгөөд аялал жуулчлал зэрэг туслах үйлчилгээ мөн багтана. Тиймээс Монгол Улс олон түвшинд анхаарал татаж буй. Хөрөнгийн зах зээлийн хувьд энэ бүгд онцгой боломж. Зах зээлээ бий болгохын тулд нэн тэргүүнд хийж бүтээсэн зүйлтэй, тодорхой туршлагатай байх шаардлагатай. Хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан ямар нэг зүйлтэй байх хэрэгтэй юм.

-Түншлэлийн хүрээнд Монголын хөрөнгийн зах зээлтэй хуваалцах хамгийн чухал туршлагыг Та юу гэж бодож байна вэ?

-Бидний хуваалцаж чадах хамгийн чухал хүч бол өдийг хүртэл бүрдүүлж чадсан хүрээлэл, сүлжээ гэж боддог. Бид хөрөнгө оруулагчдын өргөн сүлжээ, мэргэжлийн зөвлөхүүдээ Монголын зах зээлд татан оролцуулах бүрэн чадамжтай. Мөн Монголын компаниудыг энд авчирч хөрөнгө оруулагч, мэргэжилтнүүдтэйгээ уул зуулж байсан удаатай. Энэ бол манай хоёр биржийн хамтын ажиллагаа.

Монголын зах зээлд илүү олон хөрөнгө оруулагч татах нь түншлэлийн нэг хэсэг. Бид боломжийг ихээхэн сонирхож байгаа. Монголын хөрөнгийн биржээр дамжуулан Монголын компаниуд Лондонд Дэлхийн үнэт цаасны хадгалалтын бичиг (GDR-global depository receipt)-тэй болох боломжтой. Мөн Монголын хөрөнгийн бирж өөрийн бүртгэлийн жагсаалтаа хадгалж авч үлдэхэд тусална.

Олон зүйл өөрчлөгдөж болох ч хөрөнгийн бирж үлдэнэ

-Лондонгийн хөрөнгийн биржийг дэлхийн шилдгүүдийн нэг гэлцдэг. Цөөн үгээр амжилтын хүчин зүйлсээ тодорхойлохгүй юу?

-ЛХБ үйлчилгээгээ сайжруулах шинэ арга замыг байнга эрэлхийлж, улмаар арилжаанд оролцогчдод хамгийн сайн үйлчилгээ хүргэхэд бэлэн байдагтай холбоотой. Тэд бол компаниуд, хөрөнгө оруулагчид, зуучлагчид юм. Олон оролцогч тал байдаг учир биржийн ажил маш хэцүү. Энэ бол бидний МХБ-тэй хамтран ажиллаж, ойлгохыг хичээж буй нэг зүйл. Өргөн хүрээний оролцогч талуудтай байх нь хүндрэлтэй. Хоорондоо харилцан адилгүй бүлгүүдийн санаанд тааруулна гэдэг амар биш. Зарим тохиолдолд компаниудын дунд хэвийн үйлчилдэг зүйлс хөрөнгө оруулагчдад таарахгүй байх нь элбэг тохиох тул алтан дунджийг барих нь оновчтой. Энэ бол ЛХБ-ийн үнэхээр сайн хийж чадсан зүйл.

-Лондонгийн хөрөнгийн зах зээл дэлхий дахинд хаашаа замнаж байгаа вэ?

-Өргөн хүрээг хамрах асуулт байна. Тэр дундаа ЛХБ-ийн байр сууриас харвал манай бирж дэлхийн эдийн засгийн хөгжилд амин чухал үүргийг гүйцэтгэсэн хэвээр байна гэдэгт бид итгэдэг. Тиймээс ч Монгол Улсын Засгийн газраас олон улсын түнш татах зорилгоор МХБ-ийг орчин үеийн бирж болгон өөрчлөхийг дэмжсэн шийдвэр гаргасан нь үнэхээр алсыг харсан алхам болсон. Үүний тулд улсынхаа нөөц, баялгийг хөшүүрэгдэж, өсөлтөө хурдасгах нь чухал юм. Аль ч оронд шинэ бизнесийн өсөлтөд дэмжлэг болох хөрөнгө оруулалтыг татахад зах зээл болон хөрөнгийн бирж чухал үүрэг гүйцэтгэж, тэдгээрийг хурдасгуур болгон ашигладгийг харж болно. Энэ нь аливаа улс орны эдийн засгийн өсөлтөд чухал ач холбогдолтой. Олон зүйл өөрчлөгдөж болох ч хөрөнгийн бирж үлдэнэ.

Лондонгийн хөрөнгийн биржийн Анхдагч зах зээлийн газрын орлогч дарга Жон Эдвардс

-Монгол Улсын шинэ Үнэт цаасны тухай хуулийг Та хэрхэн үнэлж байна вэ?

-Миний зүгээс үнэлэлт, дүгнэлт гаргахыг урьтал болгохгүй. Гэхдээ Үоглогчид болон хөрөнгө оруулагчдын зарим үндсэн хүсэлт, шаардлагыг гарцаагүй шийдвэрлэж чадсан гэж бодож байна. Эхэлсэн өдрөөсөө л төгс боловсронгуй болдог зүйл гэж хаа ч үгүй. Эхлүүлээд, хэрэгжүүлээд ирэхээр хувьсал, өөрчлөлт бий болдог. Анхны алхмын хувьд гарцаагүй урагшилсан, сайн алхам болсон гэж бодож байна.

-Тэгэхээр үндсэн шаардлагад нийцсэн хууль болсон гэж Та бодож байна уу?

-Тийм. Энэ хуульд хийсэн маш чухал өөрчлөлт бол монголчууд болон олон улсын хөрөнгө оруулагчдын санал бодлыг бүх шатанд авч үзсэн явдал. Хуулийг гаргахдаа сайтар хэлэлцэж, зөвлөлдсөн гэж бодож байгаа. Хуульд олон санал, хүсэлт тусгасан гэж бодож байна.

-Ашигт малтмалын тухай хуулийн төслийн талаар олон хэлэлцүүлэг өрнөсөн. Монголын стратегийн ордууд Монголын хөрөнгийн биржээр заавал дамжих ёстой гэсэн заалтыг аваад хаячихсан. Тус заалт байсан эсвэл байгаагүйн нөлөө юу байх вэ?

-Давхар бүртгэл хийж болох хосолмол зах зээлтэй байх нь, тэр дундаа уул уурхайн салбарт ихээхэн түлхэц болдогийг миний ажиллаж байсан ОХУ-ын зах зээлийн амжилт гэрчилнэ. Бид дотоодын хөрөнгө оруулагчдыг “Дэлхийн хадгалалтын бичиг” (GDR) тэй болгосноор үнийн өөрчлөлтийг брокеруудаар хөнгөвчлүүлэх боломжтой болох юм. Ингэснээр хөрвөх чадвар бий болно. Ялангуяа зарим томоохон компанийн хувьд энэ нь маш хэрэгтэй. Харин жижиг компаниудад зориулан хөрөнгө оруулагчдыг татах түншлэлийн ажлаа улам эрчимжүүлэх нь бидний хувьд чухал. Ингэснээр тухайн компани орон нутгийн зах зээл дээр хэрэгцээт хөрөнгө, мөнгөө өсгөх боломжтой болно.

Та нарын хувьд гадаад валютад толгойгоо бүрэн мэдүүлчихсэн улс биш. Бизнесийн тусдаа хэсгүүдтэй шүү дээ. Энэ нь тайлан тэнцэлд ч сайнаар нөлөөлдөг

Энэ үйл явцыг хөнгөвчлөхийн тулд дотоодын хөрөнгө бий болгох шаардлагатай. Харин дотоодын хөрөнгийн биржийн асуудлаар дан ганц гаднын хөрөнгө оруулагчдад найдаж болохгүй. Дотоодын хөрөнгө оруулагчдад тулгуурлан тухайн зах зээл улам хүчирхэгжиж байх учиртай. Үр нөлөө нь ямар байх талаас баруун руу чиглэсэн томоохон урсгал бий болно гэж би бодохгүй байна. Компаниуд хөрөнгөө өсгөхөөр хаашаа явж байгаагаа маш нухацтай бодож, болгоомжтой хандах ёстой. Дотоодын хөрөнгийн бирж бий болгохдоо зайлшгүй эрэлт, хэрэгцээнд тулгуурлах ёстой болохоос биш хиймлээр хийж болохгүй. Компаниуд дараагийн шатанд гарахын тулд хөрөнгөө өсгөх шаардлагад тулдаг. Тэд хөрөнгөө хаана өсгөж болохыг чадварлаг зах зээл зааж, чиглүүлж өгдөг. Бидний ажил бол Монголд болон МХБ-д дээрх хөрөнгийг хангалттай босгож болох тогтолцоог бүрдүүлэх юм.

-Монголын хөрөнгийн зах зээлд томоохон хөрөнгө оруулагчид л хэрэгтэй байгаа. Тэднийг татахын тулд бид юу хийх вэ?

-Энэ тал дээр олон асуудал байгаа. Зарим нь макро түвшний асуудал бол зарим нь тохиромжтой зах зээлийн гарц нээгдэхийг хүлээж буй. Үүний зэрэгцээ хөрөнгө болон тээврийн үйлчилгээ зэрэг салбар Монголд хурдацтай хөгжиж байна. Уул уурхайн салбар хүчээ авч, тасралтгүй өсч эхлэх үед Монголын компаниуд өөрсдөө зах зээлээ туршин гарч ирэх хэрэгтэй. Томоохон хөрөнгө оруулагчидтай болохын тулд томоохон компаниуд зах зээлд орж ирэхийг хүлээх шаардлагатай байна. Эцсийн эцэст, хөрөнгө оруулагчид арилжих үнэт цаасуудыг л хүсдэг. Дутагдаад байгаа нь энэ. Компаниуд шинээр гарч ирж, улмаар зах зээлд нэвтрэх үед л бид томоохон хөрөнгө оруулагчид орж ирэхийг харна.

-Төрийн өмчит зарим компанийг одоо хувьчилж эхлэх нь зүйтэй гэж Та бодож байна уу?

-Хувьчлал бол тухайн нөхцөл бай дал бүрээр нь авч үздэг зүйл. Тодорхой салбар, компанид ойлгомжтой асуудал. Энэ нь мөн хувьчлалыг хэрхэн хийж, хэрхэн компанийн шилжилтийг хийх гэж байгаа тухай юм. Хэрэв хувьчлалыг олон нийтийн зах зээл дээр хийвэл компанийн шинэ хэлбэр юу байхав. Хувьчлал хийх тохиромжтой хувилбарыг гаргахын тулд холбогдох мэргэжилтэн, зөвлөхүүдийг оролцуулах шаардлагатай болдог тул хүндхэн ажил байдаг. Энэ нь тодорхой нөхцөл байдалд үйлчилдэг. Азаар Монголын хувьд бусад зах зээл, тэр дундаа хөрш орнуудынхаа зах зээлээс жишээ авч хувьчлалыг хэрхэн хийснийг үлгэрлэх боломж байна. Хувьчлалыг тохиолдол тус бүрээр нь тусгайлан авч үзэх шаардлагатай. Ерөнхийдөө энэ нь бизнесийн үйл ажиллагааг түлхэх, шинэ оролцогч талууд, үр ашгийг авчрах талаасаа үр дүнтэй үйл явц.

МХБ боломжийг сайн эрэлхийлэх ёстой. Учир нь Монголын компаниудыг татах, тэдгээрийн хөрөнгийг өсгөх энэ ажлыг эхлүүлж чадах брокерууд тэнд ажиллаж байгаа бөгөөд тэдэнд жагсаалт үүсгэх ихээхэн боломж байдаг

-Монголын компаниуд хөрөнгийн бирж дээр IPO гаргах төдийлэн сонирхолгүй болоод байгаа. Тэгвэл тэдний анхаарлыг хэрхэн татах вэ?

-Тэдгээр хөрөнгө оруулалтын компанийг татах нь шургуу ажиллахтай л холбоотой. Тодорхой бөгөөд ойлгомжтой дүрэм, журамтай байх хэрэгтэй гэсэн үг. Үүний тулд бидэнд “салхи хагалагчид” хэрэгтэй байна. Гэвч тэднийг оруулж ирэхийн тулд итгэл хэрэгтэй. Бусдаас түрүүлж итгэл хүлээлгэх компани байж л таарна. Тэдний араас л явах хэрэгтэй. МХБ боломжийг сайн эрэлхийлэх ёстой. Учир нь Монголын компаниудыг татах, тэдгээрийн хөрөнгийг өсгөх энэ ажлыг эхлүүлж чадах брокерууд тэнд ажиллаж байгаа бөгөөд тэдэнд жагсаалт үүсгэх ихээхэн боломж байдаг. Үүнийг эхлүүлж чадвал бизнесийн шинэ эгнээтэй болно. Та нарын хувьд гадаад валютад толгойгоо бүрэн мэдүүлчихсэн улс биш. Бизнесийн тусдаа хэсгүүдтэй шүү дээ. Энэ нь тайлан тэнцэлд ч сайнаар нөлөөлдөг. Эхлээд хийх ёстой хамгийн чухал зүйл бол итгэл төрүүлэх.

-Засгийн газрын зүгээс хөрөнгийн зах зээлд үзүүлэх ямар дэмжлэг байж болох вэ?

-Үүнтэй холбоотойгоор хөрөнгийн зах зээлийг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Тэтгэврийн сангийн шинэчлэл, дотоодын хөрөнгийг бий болгох зэрэг арга хэмжээ бий. Дотоодын урсгалыг дэмжихэд дээрхүүд чухал ач холбогдолтой. Хэдийгээр бүх хариулт надад байхгүй ч дээрх сонголтууд анхаарч авч үзэх ёстой ажлууд. Дүрэм журмаа нэн тэргүүнд харах хэрэгтэй. Бидний зүгээс гаднын хөрөнгө оруулагчдыг “мөшгиж” чадах бол Монголын тал дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжсэн ажил хийх нь чухал. УИХ-аар хэлэлцүүлбэл зохих дараагийн асуудал энэ ч байж болох юм

-Хөгжиж буй орнууд хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэхэд харилцан адилгүй хугацаа зарцуулдаг. Харин Монголын хувьд хэр хугацааг зарцуулах бол?

-Бусад зах зээлийг харахад тухайлбал, ОХУ-ын эдийн засаг ерээд онд богино хугацаанд амжилттай хөгжсөн түүхтэй. Тухайн үед “Renais sance Capital” тэргүүтэй брокеруудын үйл ажиллагаа дөнгөж эхэлж байв. Тэд байгууллага болон дотоодын эрэлт, хэрэгцээнд хариулах, шийдвэрлэх чадвартаа тулгуурлан хурдацтай хөгжиж чадсан юм. Тус улсын хувьд томоохон компаниуд зах зээлд орж ирсэн нь ихээхэн дэмжсэн байдаг. Монголын хувьд төстэй боломж бий. Тэгэхээр энэ нь ердөө зах зээлийн хувьд цаг хугацааны асуудал бөгөөд эдгээр томоохон хөрөнгийн боломж ороод ирвэл цаашид гаднын хөрөнгө оруулагч байгууллагууд дагах нь тодорхой. Мөн дотоодын хөрөнгө оруулагчид зах зээлд оролцож эхлэх бөгөөд брокерууд үүнийг ойлгон мэдэрч, тухайн эрэлтийг хариулах чадвар сууна. Энэхүү үйл явц эхлэх үед одоогийн дотоодын брокеруудыг улам бэхжүүлнэ. Олон улсын брокерууд ч судалгаа явуулах болно.

“Mongolian Economy” сэтгүүлийн “Зээлээ багасга, өөрсдийн хүчээр улсаа хөгжүүл” дугаараас

2013.10.10