Санхүүгийн хүртээмжийг түүчээлэгч салбар
Сүүлийн жилүүдэд технологийн хөгжлийн үр дүнд ББСБ-уудын эл салбарт эзлэх хувь хэмжээ, харилцагч, зээлдэгчдийн тоо үлэмж хэмжээгээр нэмэгдэж, зарим ББСБ үйл ажиллагааны цар хүрээгээрээ арилжааны банкуудаас дутахааргүй болжээ. Бизнесийн төрөлжилт, санхүүгийн хэрэгцээний өөрчлөлт нь банкнаас гаднах санхүүгийн зуучлалын орон зайг тэлж, ББСБ өнөөдөр тусдаа дэд салбар бус, харин санхүүгийн хүртээмжийн стратегийн тулгуур болон хөгжиж байна.
1990-ээд оны сүүлч бол Монголын банкны салбарын хувьд эмзэг, сорилт ихтэй үе байсан. Арилжааны банкууд дампуурч, санхүүгийн сахилга сул, эрсдэлийн удирдлага төлөвшөөгүй байснаас иргэд, бизнес эрхлэгчдийн итгэл доройтож байлаа. Ийм нөхцөлд бичил санхүүгийн институцийн хэрэгцээ урган гарсан юм. Энэ хүрээнд 1998 онд төрөөс бичил санхүүгийн салбарын институцыг хөгжүүлэх, санхүүгийн салбарын өрсөлдөөн, хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээн үзэж 1999 оноос анхны ББСБ-уудад Монголбанк зөвшөөрөл олгосон нь “Хөгжлийн алтан сан”, “Говийн эхлэл сан” юм. 2001 онд энэ хоёр ББСБ нэгдэж, ХасБанкийг үүсгэн байгуулсан нь эдүгээ системийн нөлөө бүхий банк болон томорчээ. Энэ бол бичил санхүүгийн байгууллага нь тогтвортой институц болж өсөх боломжтойг харуулсан тод жишээ юм. Мөн ББСБ-ууд зүгээр нэг богино хугацааны зээл олгогч биш, харин санхүүгийн зах зээлийн шат ахих суурь болдгийг баталсан билээ.
Монгол Улсад нийт 575 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүний 4.7 хувь нь гадаадын, 95.3 хувь нь үндэсний хөрөнгө оруулалттай байна. Харин нийт харилцагчдын тоо 4.1 сая давж, хөрөнгийн хэмжээ нь 9.1 их наяд төгрөгт хүрээд байна. Гэхдээ хүртээмж гэдэг нь зүгээр зээлийн хэмжээ бус, санхүүгийн системд өмнө нь хамрагдаж чадаагүй иргэн, бизнесийг оролцуулж буй эсэхээр хэмжигдэх ёстой. ББСБ-ууд барьцааны уян хатан нөхцөл, хурдтай шийдвэр гаргалт, бичил дүнтэй зээлээр дамжуулан банканд хандах боломжгүй сегментийг санхүүжүүлж буй нь чухал.
ББСБ-ын нийт зээлийн 52.8 хувийг эмэгтэй харилцагчид эзэлж байгаа нь санхүүгийн үйлчилгээ нийгмийн оролцооны хувьд тэгш байгааг илтгэж буй. Монголын бичил, жижиг бизнес эрхлэгчдийн 60 орчим хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг бөгөөд өрхийн санхүүгийн шийдвэр гаргалтад гол үүрэгтэй оролцдог.
Иймд ББСБ-ууд эмэгтэйчүүдэд илүү хүртээмжтэй, уян хатан бүтээгдэхүүн санал болгож буй нь эдийн засгийн оролцоог өргөжүүлэх чухал хүчин зүйл болж байна.
Мөн нийт зээлийн 20 гаруй хувийг бизнесийн зээл эзэлж байна. Үүн дээр өрхийн бизнес эрхлэгч хувь хүнд олгосон зээлийг нэмбэл бодит бизнесийн санхүүжилтийн эзлэх хувь үүнээс ч өндөр гарна. Өөрөөр хэлбэл, ББСБ-ууд зөвхөн хэрэглээний зээл олгогч бус, бичил болон жижиг бизнесийн эргэлтийн хөрөнгийн чухал эх үүсвэр болж байна.
Тоон өсөлтөөс бүтцийн өөрчлөлт рүү
Салбарын бүтцийн хамгийн том өөрчлөлт нь цахим шилжилт юм. 2017 онд Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдсан, санхүүгийн үйлчилгээний дэд бүтэц сайжирсан, коронавирусийн цар тахлын нөлөөгөөр орон зай үл хамаарсан санхүүгийн үйлчилгээ авах шаардлага гарснаар тус салбарт финтек шийдэл давамгайлж эхэлсэн бөгөөд эл чиглэлд ББСБ ууд Монгол Улсад тэргүүлэх байр суурийг эзэлж байна. Нийт зээлийн багцын 31.7 хувийг цахим зээл эзэлж байгаа бол нийт зээлдэгчдийн 90.1 хувь нь цахим зээлдэгчид байна. Энэ харьцаа нь зээлдэгчдийн дийлэнх нь дижитал сувгаар үйлчилгээ авч буй ч зээлийн дундаж хэмжээ харьцангуй бага, богино хугацаатай байгааг илтгэнэ. Өөрөөр хэлбэл, цахим зээл нь хүртээмжийг огцом нэмэгдүүлсэн ч активын бүтцэд уламжлалт зээлүүд илүү жинтэй хэвээр байна. Энэ нь нэг талаас технологийн дэвшил, шийдвэр гаргалтын хурд, газарзүйн хязгаарлалт арилсныг харуулж буй.
Санхүүгийн зах зээлд гарч буй инновац нь зах зээлийн хэмжээг нэмэгдүүлж, гүнзгийрүүлж,төрөлжүүлж, глобалчилж, тэр ч бүү хэл санхүүгийн зах зээлийн бүтцийг өөрчилж, санхүүгийн системийг улам боловсронгуй болгон хүртээмжтэй өсөлтийг бий болгож байна. Тийм учраас санхүүгийн системд ББСБ ын үүрэг роль хэзээ хэзээнээс илүү чухал, ач холбогдолтой болжээ. Тэд ч энэ үүргээ нэр төртэй биелүүлж буйг алслагдмал сумын иргэн гар утаснаасаа санхүүгийн үйлчилгээ авч буйгаас, Монголын томоохон ББСБ-ууд олон улсын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ экспортолж буйгаас харж болно.
Түүнчлэн санхүүгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхээр 2002 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль батлагдсанаар эрх зүйн орчин бүрдсэн. Үүний дараа 2005 онд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар санхүүгийн салбарыг хянах, зохицуулах, хөрөнгө оруулагч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага үүссэн юм.
Ийнхүү салбарын хууль батлагдаж, зохицуулах байгууллагын эрх үүрэг тодорхой болсон нь ББСБ уудад үйл ажиллагаа явуулах таатай орчныг бүрдүүлжээ.
Хууль эрх зүйн орчин бүрдэж, эдийн засгийн өсөлт эрчимжсэнээр ББСБ-ууд бичил, жижиг, дунд бизнес эрхлэгч нарт бодит барьцаа шаардахгүйгээр, итгэлцэл дээр тулгуурлан зээл авах нөхцөлийг бүрдүүлж өгсөн юм. Түүнчлэн факторинг, итгэлцлийн үйлчилгээ, төлбөрийн баталгаа, валют арилжаа, цахим төлбөр тооцооны нийт 10 төрлийн санхүүгийн үйлчилгээ үзүүлж байна.
ББСБ-ууд нь харилцагчдадаа зээл олгохоос гадна санхүүгийн боловсрол давхар олгож, сургалт хийдэг нь хоёр талдаа өгөөжтэй гэдгийг бичил бизнесээс жижиг, дунд бизнес, ЖДҮ ээс томоохон аж ахуйн нэгж болтлоо өргөжсөн олон харилцагчийн түүх харуулдаг билээ. Монгол Улсын эдийн засаг томорч, уул уурхайн экспорт нэмэгдэн, зах зээл идэвхжсэн удаах жилүүдэд ББСБ уудын харилцагч, зээлдэгчдийн тоо тогтмол нэмэгдсээр байлаа. Гэхдээ ББСБ-ын өсөлт, дэвшлийг ярихын тулд хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг зайлшгүй авч үзэх ёстой. Хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2008 онд үйл ажиллагааны онцлогоос хамаарч 100 сая, 400 сая, нэг тэрбум төгрөгөөр тогтоож байснаас хойш дорвитой өөрчлөлт ороогүй байсан тул 2015 онд Улаанбаатар хот дахь ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 800 тэрбум, 2016 онд 2.5 тэрбум төгрөг, бусад аймаг, сумдад мөн ялгавартай байдлаар нэмэгдүүлэн тогтоосон юм.
Түүнчлэн энэ оны нэгдүгээр сарын 28 нд Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит бус хуралдаанаар УИХ-ын 2025 оны 124 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд иргэдийн хэрэглээний зээлийн хэт өсөлт, өрийн дарамтыг бууруулах, цахим зээлийн давхардлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тодруулбал өр, орлогын харьцааг 60 хувь байсныг 55 болгож тогтоов. Ингэхдээ ББСБ-ууд нь хэрэглээний зээл олгох бүртээ харилцагчийн зээлийн эрхийг тооцоолж, уг харьцааг хангасан эсэхийг шалгана.
Ингэснээр иргэдийн хэрэглээний зээлийн эрсдэл буурах боломж бүрдсэн юм. Мөн харилцагчийн өр, орлогын харьцааг тооцохдоо финтек зээлийн эрхийн дүнгээр зээлийн төлбөрт тооцох, зээлийн бүтээгдэхүүний сурталчилгаанд зээлийн хүү болон бусад нөхцөлийг заавал тусгахаар журамлав. Энэ нь иргэдийн хэрэглээний болон давхар зээлийн эрсдэл буурах, цахим аппликэйшнээр олгогддог зээлийн давхардал хязгаарлагдах давуу талтай.
ББСБ-уудыг зөвхөн “банк бус” гэж тодорхойлохоос илүү санхүүгийн системийн хоёр дахь багана хэмээн үзэх үндэслэл бий.
Гэхдээ энэ статусаа хадгалах эсэх нь цаашдын өсөлтийн хурдаар бус, засаглал, эрсдэлийн удирдлага, газарзүйн тэнцвэр, нийгмийн хариуцлагаар хэмжигдэнэ. Харин одоо энэ хүртээмжийг чанартай, тогтвортой, газарзүйн хувьд жигд болгох нь салбарын дараагийн сорилт.
Хэрэв ББСБ-ууд өсөлтөө ухаалгаар удирдаж, хариуцлагатай санхүүжилтийн жишгийг бэхжүүлж чадвал тэд Монгол Улсын хүртээмжтэй хөгжлийн бодлогын бодит хөдөлгөгч хүч хэвээр үлдэх нь гарцаагүй.
