Сарнайгаар хэмжих эдийн засаг
Гэгээн Валентины өдөр цэцэг хайр сэтгэлийг илэрхийлээд зогсохгүй улирлын чанартай “валют” шиг эргэлтэд ордог. Жил бүрийн хоёрдугаар сарын 14-нд ердөө 24 цагийн дотор дэлбээ арилжааны нэгж болж, тив дамнасан ложистик хурдсаж, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ гайхалтай хурдтай ажилладаг. Баглаа бүрийн цаана хайр, сэтгэл хөдлөлөөс гадна эдийн засгийн бодит тооцоо бий.
Валентины өдөр хэдэн цэцэг зарагддаг вэ
Олон улсын байгууллагуудын тооцооллоор Валентины баярын долоо хоногт дэлхий даяар хэдэн зуун сая ширхэг шинэхэн цэцэг зарагддаг бөгөөд ихэнх нь сарнай байдаг гэнэ. Зөвхөн хоёрдугаар сарын 14-ний өдөр л гэхэд ойролцоогоор 200 сая гаруй ширхэг улаан сарнай худалдаалагддаг гэсэн тооцоо бий.
АНУ-ын жижиглэн худалдааны хамгийн том судалгааны байгууллага “National Retail Federation”-ын гаргасан судалгаагаар АНУ-д Валентины баярын нийт зарцуулалт тогтмол 25 тэрбум ам.доллароос давдаг бөгөөд үүний 2.5-3 тэрбум ам.доллар нь зөвхөн зүсмэл цэцэгт ногддог аж.
Европт мөн адил улирлын оргил борлуулалт ажиглагддаг бол Ази тивд, ялангуяа Япон, БНСУ-д романтик баяруудын үеэр цэцгийн худалдаа огцом өсдөг байна.
Эквадор, Колумб, Кени, Этиоп зэрэг экспортлогч орнуудын хувьд Валентины баяр бол жилийн хамгийн чухал арилжааны үе аж. Зарим оронд жил бүр сарнайн орлогын 20-30 хувь нь зөвхөн Валентины баярын долоо хоногт бүрддэг байна.
Нэг цэцэг Монголд хэдээр орж ирдэг вэ
Манай улс 2026 оны нэгдүгээр сарын байдлаар 973,229 ширхэг амьд цэцэг импортолжээ. Тэр дундаа амьд цэцгийн импорт сүүлийн гурван жилд 2.9 дахин өссөн байна.
БНХАУ-аас 949,327 ширхэг цэцгийг 297 мянган ам.долларын үнээр импортолсон нь нэг ширхэг цэцгийн дундаж хил дээрх дундаж үнэ ойролцоогоор 0.31 ам.доллар байгааг харуулж буй.
Харин импортолсон нийт үнийг тооцвол ойролцоогоор 331,700 ам.доллар болж, 973,229 ширхэгт хуваахад нэг цэцгийн ерөнхий дундаж үнэ 0.34 ам.доллар байна.
Энэ нь хил дээрх үнэ бөгөөд дотоод тээвэр, хадгалалт, жижиглэнгийн ашиг, муудах эрсдэлийн зардал, ажилчдын хөлс зэрэг нэмэгдэхээс өмнөх өртөг юм. Хэрэглэгчийн гарт очихдоо үнэ нь хэд дахин өсөх боломжтой.
Зах зээлийг тодорхойлогч цэцэгс
Дэлхий даяар хамгийн их эрэлттэй шинэхэн амьд цэцэг бол сарнай, ялангуяа улаан сарнай юм. Сарнай нь дэлхийн зүсмэл цэцгийн зах зээлийн 35-40 хувийг бүрдүүлдэг аж.

Алтанзул (Tulipa) – Европт, ялангуяа Нидерландад түгээмэл

Сараана (Lilium) – дэгжин, ёслолын шинжтэй

Хризантема – Азид өргөн хэрэглээтэй

Гвоздика (Dianthus caryophyllus) – хямд, удаан хадгалагддаг

Гербера – тод өнгө, орчин үеийн хэв маяг

Шинэхэн цэцэг бол цаг хугацаанаас хамгийн их хамааралтай бараа. Эквадорт өглөө тайрсан сарнай 48 цагийн дотор Европын дэлгүүрийн лангуунд хүрдэг аж. Нидерландын Алсмеер дахь “Royal FloraHolland” дуудлага худалдааны төвд өдөрт 20 сая хүртэл цэцэг арилжаалагддаг байна. Кенид цэцгийн салбар 200,000 гаруй шууд ажлын байр бий болгож, гадаад валютын чухал эх үүсвэр болдог.
Гэхдээ экспортын зүсмэл цэцгийн 90 хувь агаарын тээврээр хүргэгддэг тул шатахуун, валютын ханшийн савлагаа үнэд шууд нөлөөлнө.
Дэлхий даяар цэцгийн 10-15 хувь нь борлуулагдахаас өмнө хаягддаг гэсэн тооцоо бий.
Дэлхийн зүсмэл цэцгийн зах зээл жилд 50-60 тэрбум ам.доллароор үнэлэгддэг.
Монголын цэцгийн импортын өсөлт нь жижиг зах зээл ч дэлхийн цэцгийн сүлжээнд нягт холбогдож байгааг харуулж байна. Нэг ширхэг сарнай бол сэтгэлийн илэрхийлэл төдийгүй дэлхийн худалдааны гинжин хэлхээний нэг жижиг холбоос юм.
Цэцэг ганддаг ч цэцэг авсан хүний мэдрэмж үүрд үлддэг билээ.
