Саудивуд томорно

Mongolian Economy
2023-10-04 11:55:39
Ангилал: Соёл урлаг

Ойрхи Дорнодод илүү олон кино, телевизийн хөтөлбөр хийгдэнэ.

VII зууны Арабын Хинд гүнж хааны татвар эм болохоос татгалзаж зугтана. Нэгэн тэнүүлчийн тусламжтай тэрбээр хаантай тулалдахаар овог аймгуудыг нэгтгэдэг. Саудын Арабын хамгийн том медиа компани MBC, Холливудын AGC студи хамтран бүтээсэн “Desert Warrior” кино ийн өрнөдөг. Ахмад Америкийн дүрийг бүтээсэн Энтони Маккигаас гадна гүнжийн дүрд Айаша Харт тоглосон.

Ойрхи Дорнод олон жил кино,телевизийн салбарт доогуур зиндаанд байсаар ирсэн. Энэ байдал 2023 онд өөрчлөгдөнө. Стриминг зориулалттай араб хэлээрх телевизийн цувралын тоо 2019 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдэнэ. Саудын Арабын Засгийн газар 2030 он гэхэд улсдаа жил бүр 100 кино хийлгэхийг хүсэж байгаа, санхүүжилтийг нь гаргахад бэлэн байна. Тус улс Ойрхи Дорнодын медиа хааб болохыг хичээж буй. Сүүлийн таван жилд Саудын Араб кино театрт тавьсан хоригоо цуцалж, MBC компанийн хяналтын багцыг авч, кино наадам зохион байгуулж, тус салбарт 64 тэрбум ам.доллар хаяад байна.

Араб кинонуудын төсөв өснө. “Desert Warrior” бол Саудын Арабт хийгдсэн хамгийн өндөр өртөгтэй кино юм. MBC-ийн “Rise of the Witches” Саудын Арабын хамгийн үнэтэй телевизийн шоу болно. Хоёул энэ онд нээлтээ хийнэ.

Netflix шинэ зах зээл хайж байгаа тул Араб контентод хөрөнгө оруулж байна. 2022 онд тус компани “Perfect Strangers” анхны араб хэлтэй кино, салалтын дараа амьдралын замд гарсан египет эхийн тухай “Finding Ola” шоу нэвтрүүлгээ гаргасан. Зургаан ангитай хоёр дахь улирал нь 2023 онд гарна. MBC Америк маягийн савангийн дуурьт хөрөнгө оруулж эхэлсэн.

Саад бий. Саудын Арабын уран бүтээлчдэд кино хийх туршлага бага тул гадаадын ноу-хаунд тулгуурлаж байна. Гэхдээ Холливудаас мэргэжилтэн татах амаргүй. 2022 онд Саудын Араб “Toy Story”-ийн дагалдах кино “Lightyear”-т гэй үнсэлт гарсан, Marvel-ийн “Doctor Strange in the Multiverse of Madness” киноны лесби дүрээс болж зөвшөөрөл өгөөгүй. Эрэгтэй, эмэгтэй хүний дотно харилцааны хэсгийг ихэвчлэн цензурддэг. Их төсөв, одууд амжилтад хүрэх шалтгаан болохгүй. Саудын Арабын хөрөнгө оруулалт үр дүнгээ өгөх эсэхийг зөвхөн үзэгчид л тодорхойлно.

ЭЛИС БӨРР Чөлөөт сурвалжлагч, НЬЮЙОРК

Дэлхий  2023 дугаараас

Mongolian Economy