“Сингапурын амжилтын тавин нууц” номын баяр боллоо

Sarangerel
2023-12-11 14:43:29
Ангилал:

“Мongolian Economy” сэтгүүл “Сингапурын амжилтын тавин нууц” шинэхэн номоо өлгийдөн авлаа. Монгол хэлнээ албан ёсны эрхтэй хөрвүүлэн гаргасан тус номын нээлт өнгөрсөн баасан гарагт “Аз хур” төв номын дэлгүүрт болсон юм.

Номын нээлтэд УИХ-ын гишүүн, Монгол-Сингапурын парламентын бүлгийн дэд дарга Т.Доржханд, “Хархорум Дижитал Академи”-ийн үүсгэн байгуулагч Д.Энхбат, олон улсын харилцааны судлаач Д.Баярхүү, “Монгол даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Төр-Од, Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир тэргүүтэй хүндэт зочид, эрдэмтэн, судлаачид болон МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, оюутан залуус оролцов.

“Сингапурын амжилтын тавин нууц” номыг Сингапур улсын хамгийн нэр хүндтэй улстөрчдийн нэг, элчин сайд, судлаач Томми Ко 2020 онд эмхэтгэн бичжээ. Гуравдагч ертөнцийн ядууралд нэрвэгдсэн улсаас хөгжингүй орон болсон Сингапур 1965 онд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 517 ам.доллар байсан бол 2023 онд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ нь 133,107 ам.доллар болж өссөн байна. Номд багтсан нийтлэлүүд өнгөрсөн 50 жилийн хугацаанд Сингапур улс хэрхэн амжилттай хөгжиж чадсан нууцуудыг энгийн ойлгомжтой, тод томруунаар харуулж чадсан юм.

“Mongolian Economy” сэтгүүлийн Ерөнхий Эрхлэгч Д.Бэхбаяр номын нээлтийн үгэндээ “Сингапурын амжилтын тавин нууц ном бол дэлхийн улс орнуудад улс орон хэрхэн, яаж хөгжиж болдгийг заасан гарын авлага, сурах бичиг болж байгаа” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. 

Тус номын өмнөтгөл үгийг Сингапурын Ерөнхийлөгч асан Халима Якоб бичсэн бөгөөд тэрбээр “Номд багтсан нийтлэлүүд өнгөрсөн 50 жилийн хугацаанд Сингапурын хүрсэн амжилтын нууцуудыг тодоор илтгэн харуулжээ. Тэр бүх нууц нь сингапурчуудад улсынхаа хөгжлийг улам үнэлж ойлгоход харин бусад улс орнын хувьд суралцах сайн туршлага болно гэдэгт гүнээ итгэж байна” хэмээжээ.   

Мөн номыг эмхэтгэсэн Томми Ко “Энэ номд багтсан амжилтын 50 түүх дэлхий даяар олон хүний сонирхлыг татахаас гадна бусад улсыг мөрөөдлөө биелүүлэхэд нь урам хайрлана гэдэгт найдаж байна” гэж бичжээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд “Ковидын үед Сингапур улсад бид Ерөнхий сайдын айлчлалаар очсон юм. Ажил хэрэгч байдлаар маш энгийн уулзалт  болсон. Гял цал зүйл огт байхгүй. Ямар нэгэн “изм” байхгүй. Гоё үзэл суртал байхгүй. Зүгээр л практик бизнес ярьсан. Тэнд ямар нэгэн сэтгэл хөдлөл огт байгаагүй. Богино хугацаанд ядуу буурай орноос хөгжилтэй орон болсон нууц нь улс төрөөс ангид мэргэжлийн менежерүүд ажил хэргийг явуулдагт оршдог юм билээ. Мэргэжилтнүүд нь өндөр цалингаар гэрээ байгуулаад маш их өгөөж авчирдаг. Дэлхийн улс орнуудаас тун ухаалаг байдлаар мөнгө татаж чадсан. Үр дүнд нь баян орон болсон. “Сингапурын амжилтын тавин нууц” номыг уншихад амархан, өгөөжтэй байсан” хэмээн сэтгэгдлээ хэлсэн юм.

Харин “Хархорум Дижитал Академи”-ийг үүсгэн байгуулагч Д.Энхбат “Сингапурын нэг онцлог нь уул уурхай, нефтээс мөнгө олох биш цэвэр хүний оюун санааны болон технологийн хөгжлөөр урагшаа явж байна. 50 түүхийг уншаад та бүхэн нэг л мэдрэмж аваасай. Хөгжил бол явах зам. Хөгжлийг мөнгөөр худалдаж авч болдоггүй гэдгийг энэ номоос ойлгоно. Сингапурын хөгжлийн нууц нь хөгжих замаа зөв сонгосонд байгаа юм” гэв.

Олон улсын харилцааны судлаач, профессор, Элчин сайд Д.Баярхүү “Ли Куан Ю 30 гаруй жил Ерөнхий сайдаар ажиллахдаа улсаа хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн. Сингапур  хүн бүрийн зовхи нь өөдөө, харц дээгүүр явахыг энэ хүн хүссэн. Харин Монгол Улс олон Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нүүр үзсэн. Тэд ард түмнээ ямагт ядуу байлгасан. Монгол Улс Сингапурын хөгжлийн загварыг шууд 100 хувь хуул. Өөр юу ч хэрэггүй” гэсэн бол хувийн хэвшлийг төлөөлж “Монгол даатгал” компанийн гүйцэтгэх захирал Л.Төр-Од “Сингапур улс сул талаа яаж давуу тал болгосон бэ гэдэгт нууц нь байгаа юм. Энэ номыг манай нийслэлийн удирдлагууд ширээний номоо болгоосой гэж хүсэж байна. Улаанбаатар хотыг хэрхэн Сингапур шиг хот болгох вэ гэдэг бэлээхэн жор нь монгол хэлээр гараад ирлээ. Хүрээлэн буй орчноо цэвэр цэмцгэр болгож, хотын тээврийн түгжрэлийг хэрхэн шийдсэн бэ гэдгийг энэ номоос судлах хэрэгтэй” хэмээв.

“Mongolian Economy” сэтгүүл номын нээлтийн үеэр МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутнуудад ирээдүйн улс орны хөгжлийн түүчээ болохыг хүсэн ерөөж, “Сингапурын амжилтын тавин нууц” номоо бэлэглэсэн юм. Бизнесийн сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутан Д.Дуламсүрэн “Сингапур улсын хөгжлийн түүхийг хичээл дээрээ үзэж, танилцдаг. Энэ улс нийтээрээ нэг зүйл рүү харж чаддаг учраас амжилтанд хүрсэн. Бид залуу үеийн төлөөлөл. Залуу хүмүүсийнхээ тархинд хөгжлийг суулгаж өгөх хэрэгтэйг номын нээлтэд ирсэн мундаг хүмүүс хэлж байна. Ийм гоё номын нээлтэд уригдаж, Сингапурын талаар олон мэдээлэл сонсож, ном бэлгэнд авсандаа олзуурхаж байна” гэсэн юм.

Сингапурын анхны Ерөнхий сайд Ли Куан Ю “Бид халамжийн нийгэм биш шударга нийгэм бий болгохыг зорьж байсан” гэж хэлсэн. “Бодлогыг богино хугацааны популизмын төлөө бус урт хугацааны тогтвортой хөгжлийн төлөө боловсруулах нь чухал. Үүний тулд улсынхаа төлөө алсын хараатай, бодит замыг тодорхойлж чаддаг хүчтэй манлайлал хэрэгтэй. Сингапурын сайн засаглал нь хариуцлагатай бөгөөд ил тод байдал, урт хугацааны төлөвлөлт, нийгмийн шударга ёс гэсэн харилцан уялдаа бүхий гурван хүчин зүйлээс бүрддэг” зэрэг тус улсын эдийн засгийн хөгжлийн түүхийг “Сингапурын амжилтын тавин нууц” номд онцолжээ.

Сингапурын Засгийн газар төрийн үйлчилгээндээ иргэдийн сайн сайхан амьдрал, нийгмийн зиндаа ахих, чанартай олон нийтийн оролцоо, даруу зан, бусдыг ойлгох чадварыг голчилдог байна. Энэ мэтчилэн сонирхолтой, энгийн үгээр өгүүлсэн хөгжлийн нууцыг та “Сингапурын амжилтын тавин нууц” номоос унших боломжтой.