“Сингапурын амжилтын 50 нууц” ном монгол хэлээр

Mongolian Economy
2022-06-11 13:19:38
Ангилал: Нийгэм

“Mongolian Economy” сэтгүүл 11 жилийн ой дээрээ “Сингапур улсын амжилтын 50 нууц” номыг албан ёсны эрхтэйгээр монгол хэлнээ хөрвүүлэн уншигчдадаа хүргэх гэж байна. Өнөөдөр Монгол Улс Бүгд Найрамдах Сингапур Улстай дипломат харилцаа тогтоосны 52 жилийн ойн өдөр тохиож буй юм. Энэ өдөр Сингапур улсын хөгжлийн нууцыг задалсан дэлхийд бэстсэллэр болж буй номыг монгол түмэндээ хүргэх гэж буйгаа мэдээлэхэд баяртай байна.

Дэлхийн олон улс энэхүү номыг эх хэлнээ орчуулан гаргаж, хөгжлийн загвартаа ашиглаж байна. Тухайлбал, номын өмнөтгөлд Сингапур Улсын Ерөнхийлөгч Халима Яакоб бичихдээ “Нийтэд нь дүгнэхэд, номонд багтсан нийтлэлүүд нь өнгөрсөн 50 жилийн хугацаанд Сингапурын амжилтыг бий болгосон туршлагуудыг тодоор харуулжээ. Энэ ном нь сингапурчуудад улсынхаа үүх түүхийг илүү сайн ойлгоход, харин бусад улсын хувьд суралцах эерэг туршлага болох болов уу хэмээн найдаж байна” гэжээ.

Харин номыг бичих санаачилгыг гаргасан, Сингапур улсын тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Томми Ко “Миний бодлоор дэлхийн хүмүүс сайн санаа, ололт амжилтын түүхийг олж мэдэхийг маш их хүсдэг болсон. “Сингапурын амжилтын 50 нууц” ном нь дэлхий даяар олон хүний сонирхлыг татна гэдэгт би итгэж байна. Уг ном нь бусад улсыг өөрийн мөрөөдлөө биелүүлэхэд урам хайрлах болов уу” хэмээн номынхоо өмнөтгөлд бичжээ.

Сингапур улсын хөгжлийг есөн бүлэгт авч үзэн салбар бүрийн бодлогыг хэрхэн хэрэгжүүлснээр Ази тивийн бар улсыг бүтээсэн амжилтын нууцыг өгүүлсэн гайхалтай ном гэж би дүгнэн хэлнэ. Улсын төсвийн бодлого зарцуулалт, хяналт, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, хүний нөөц, соёл, манлайлал, авлига, хотын түгжрэл гээд гол чухал салбаруудын хөгжлийн нууцыг энгийн үгээр хүүрнэн өгүүлсэн ном юм.

“1965 онд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 517 ам.доллар (697 син.доллар) бүхий гуравдагч ертөнцийн ядуурлын түвшин өндөртэй улсаас, 2018 онд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 64,582 ам.доллар (87,128 син.доллар) бүхий хөгжингүй улс болсон  замналыг Бүгд Найрамдах Сингапур Улс туулсан билээ.  Улс төрийн манлайлал, төрийн албаны авлигаас харьцангүй ангид тогтолцоо, сайн засаглал, голлох дэд бүтцийн бүтээн байгуулалтын шинэчлэлд тогтмол анхаарал хандуулж, үйлдвэрлэлийн салбарыг шинэчилж, урт хугацааны, олон талын судалгаа, анализ бүхий төлөвлөлтийн бодлогыг хэрэгжүүлсэн нь амжилтын голлох хүчин зүйлс байв” хэмээн ном эхэлдэг билээ.

Сингапур улсын эрчимтэй хөгжлийн тухай энэхүү ном манай улсын хөгжилд эерэг туршлага болоосой гэж хүсч байна.

Бидэнд тулгараад буй хөгжлийн олон асуудлыг сингапурчууд хэрхэн даван туулсан туршлагуудыг тухайн салбарын бодлогыг зангидаж, хэрэгжүүлж байсан мэргэжилтнүүдээр бичүүлсэн ном юм. Тухайлбал, авлигатай хэрхэн тэмцэж авлигаас ангид нийгмийг бүтээж чадсан бэ, хотын түгжрэлийг хэрхэн зөв бодлогоор шийдсэн бэ, иргэдийнхээ боловсрол, эрүүл мэндэд хэрхэн анхаарч, боловсролтой, эрүүл саруул ард түмнийг хөгжүүлэн ирсэн бэ, улс орныг удирдан чиглүүлдэг манлайлагчдыг хэрхэн бэлтгэдэг вэ гэх мэт асуудлуудад хариулт өгсөн ном юм.

Mongolian Economy сэтгүүлээс тун удахгүй та бүхэндээ энэхүү сонирхолтой номыг хүргэх болно.

Д.Бэхбаяр /“Mongolian Economy” сэтгүүлийн Ерөнхий Эрхлэгч/

 

 

 

 

 

 

 

 

 

 

Mongolian Economy