“Судас” бодлогын нүүдэл эхэлсэн
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Зам тээврийн сүлжээг олон улсын жишигт нийцүүлж, олон улсын авто болон төмөр замын сүлжээнд нэгдэхийг эрмэлзэж байна” гэдгийг онцоллоо
Дэлхийн улс орны эдийн засаг улам бүр даяаршиж, харилцан бие биеэсээ шууд хамааралтай болж байна. Энэ байдал цар тахлын үед улам ч тодрон харагдав. Олон улсын хамтын ажиллагаа, эдийн засгийн даяаршлаас монголчууд бид хоцрох ёсгүй. Тиймээс эдийн засгийн “судас” болсон зам тээвэр, логистикоо хөгжүүлэх нь нэн чухал.
Өнгөрсөн онд манай улс баруун босоо тэнхлэгийн АН-4 авто замыг бүрэн ашиглалтад оруулсан. Өөрөөр хэлбэл, Орос, Хятад, цаашлаад Ази Европыг холбосон эдийн засгийн хоёр дахь коридортой болсон. Харин одоо Ази Европыг холбосон энэ коридороор ОХУ-БНХАУ-ын транзит тээврийг эхлүүлэхийг нэн тэргүүнд чухалчилж байна. Энэ хүрээнд 2023 онд авто тээврээр 34 сая тонн ачаа тээвэрлэх зорилт дэвшүүлсэн.
Мөн тээврийн үйлчилгээг илүү хөнгөвчилж, хүртээмжтэй болгохын тулд авто тээврийн хэрэгслийн бүртгэлийг бүрэн цахимжуулна. Олон улсын болон дотоодын авто зам дагуу 10 цэгт үйлчилгээний цогцолбор байгуулах болно. Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг нэмж гурван улстай байгуулна.
Манай эдийн засгийн гол коридор УлаанбаатарДархан чиглэлийн 204 км авто замын өргөтгөл шинэтгэлийн ажлыг энэ онд бүрэн дуусгана.
Хоёр урсгал дөрвөн эгнээ уг зам ачаа тээврийг нэмэгдүүлэхэд онцгой үүрэгтэй. Энэ онд нийт 546.18 км хатуу хучилттай авто зам, 229.36 у/м төмөр бетон гүүрийг ашиглалтад оруулах зорилт тавьсан. АХБ-ны зээлээр ХовдУлаангом чиглэлийн 163 км, Алтай-Улиастай чиглэлийн 178 км хатуу хучилттай авто замыг эхлүүлнэ. Нутгийн зам дэд хөтөлбөрийн хүрээнд 173.4 км авто замын төслийн ажлыг үргэлжлүүлнэ.
Энэ онд төмөр замаар 35 сая тонн ачаа тээвэрлэх төлөвлөгөөтэй байна. Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг найман зүтгүүр, 800 вагоноор нэмэгдүүлснээр дээрх зорилтыг биелүүлэх боломж бүрдэнэ. ЗамынҮүд-Эрээний төмөр замын боомтоор хоногт дунджаар
өргөн царигийн төмөр замаар 14.5 галт тэрэг хүлээлгэн өгнө. ЗүүнбаянСайншанд чиглэлийн төмөр замд их засвар хийж, Зүүнбаян өртөөг өргөтгөж төмөр замын нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэнэ. Хил холболтын төмөр замууд болон шинээр дөрвөн чиглэлийн нийт 1399 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлж, Ханги, Гашуунсухайт боомтод шилжүүлэн ачих терминал байгуулна
Ази Европыг холбосон коридороор ОХУБНХАУ-ыг холбосон транзит тээврийг эхлүүлэхийг нэн тэргүүнд чухалчилж байна
Иргэний нисэхийн салбарт агаарын тээврээр 14 мянган тонн ачаа, 1.5 сая зорчигч тээвэрлэнэ гэсэн урьдчилсан төлөвлөгөө гаргасан. Бид АНУ-тай “Open Sky” агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулснаар манай гуравдагч хөрш болсон тус улсад ажиллаж амьдарч буй 50 мянга орчим монгол иргэний эрх ашигт нийцсэн үйлчилгээ бий болж, авиа компаниудын орлого нэмэгдэнэ. Мөн Америк явах нислэгийн тийзийн үнэ 500 орчим ам.доллароор буурах юм.
Орон нутгийн нисэх онгоцны буудлын хүчин чадал, ашиглалтыг сайжруулах төслийг эхлүүлж, Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгадын нисэх онгоцны буудлыг олон улсын ангилалд нийцүүлэн өргөжүүлнэ. Орон нутгийн есөн чиглэлд тогтмол нислэг хийж, агаарын хөлгийн парк шинэчлэлтийг үргэлжлүүлж, шинээр том оврын дөрвөн онгоц авахаар төлөвлөж байна.
Түүнчлэн Төмөр замын тухай, Иргэний нисэхийн тухай, Автотээврийн тухай хуульд шинэчлэл хийж эрх зүйн орчныг сайжруулна. Энэ бүхний үр дүнд эдийн засгийн “судас” зам тээврийн салбарт шинэ сэргэлт бодитоор ирнэ гэсэн хүлээлттэй байна. Цаашдаа энэ “судас”-аа улам өргөтгөж, зам тээврийн сүлжээг олон улсын жишигт хүргэж, олон улсын авто болон төмөр замын сүлжээнд нэгдэх,агаарын үүд хаалгаа улам нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна.
Ингэснээр Монгол улсын эдийн засгийн цусны эргэлт сайжирч, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ эрс өснө. Зам тээврийн салбарын бодит өсөлт нь хүмүүсийн орлого нэмэгдэх, үйлдвэрлэл үйлчилгээ өргөжин хөгжих, үржүүлэгч нөлөөтэй.
Өндөр хөгжилтэй орнуудын хөгжлийн нууц жор нь дэд бүтэц, тэр дундаа зам тээвэр, логистикийн хөгжилд оршдог. Бид ч ийш чиглэсэн бодлогын нүүдэл хийхээс өөр гарц байхгүй. Энэ нүүдэл эхэлсэн.
Дэлхий 2023 дугаараас