“Сүү” ХК БОНЗ буюу ESG-ын гэрчилгээтэй анхдагчдын нэг болов
Байгаль орчин, Нийгэм, Засаглал буюу олон улсад ESG гэж нэрлэгддэг ойлголт нь байгууллагуудын хариуцлагатай, ил тод, тогтвортой байдлыг хэмжих чухал үзүүлэлт билээ. Тэгвэл “Сүү” ХК Миний монголын сүү, Элгэн тараг, Цөцгийн тос гэх гурван бүтээгдэхүүний савлагаан дээр тогтвортой байдлын баталгаажуулалтын тэмдэг болох ESG сертификатын логог байршуулах эрхийн гэрчилгээг /2025.12.09/ гардан авсан юм. Европын Холбооны СВИЧ-Эйшиа хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Эдийн засгийн ногоон шилжилт” (Switching On the Green Economy- SOGE) төсөлд “Сүү” ХК хамрагдаж, дээрх гурван бүтээгдэхүүн дээр “Эко тэмдэгт”-ийн гэрчилгээг гардан авснаар Монгол Улсын хүнсний салбарын БОНЗ буюу ESG-ын гэрчилгээтэй анхдагчдын нэг болж байна.
Хөтөлбөрийг Пипл Ин Нийд ОУТББ (PIN), Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо ТББ (ТоС Холбоо), Хөгжлийн шийдэл ТББ болон Каритас Чех Репаблик ОУТББ (CCR) хамтран хэрэгжүүлсэн бөгөөд нийтдээ 340 гаруй төрлийн үнэлгээг хийж, шалгууруудыг хангаснаар бизнесийн үйл ажиллагааг илүү ногооруулах, тогтвортой хөгжлийн зорилтоо бататгах алхам болж буй. Түүнчлэн, гэрчилгээ нь зөвхөн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал төдийгүй байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, эрчим хүчний үр ашиг, хог хаягдлын менежмент, нийгмийн хариуцлагын үзүүлэлтүүдийг цогцоор нь үнэлсэн олон улсын стандартад нийцсэн болохыг нотолж байгаа юм.

“Сүү” ХК-ийн үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Д.Бямбажав: Энэхүү төслийн хүрээнд хүнс үйлдвэрлэл ялангуяа хөдөө аж ахуйн салбартай холбоотой үйл ажиллагаа явуулдаг манайх шиг компанийн хувьд 2500 орчим малчин, бэлтгэн нийлүүлэгчтэй хамтран ажиллаж байна. Цэвэр органик сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгчийн хувьд бүтээгдэхүүнийг байгаль орчин, нийгмийн засаглалын хэм хэмжээний хүрээнд эрүүл, аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаа баталгаажуулж байгаа бас нэгэн том хувь нэмэр гэж ойлгож байна.
“Сүү” ХК-ийн захиргаа хуулийн албаны дарга Б.Ариунболд: “Сүү” ХК БОНЗ-ын менежментийн тогтолцоогоо хэрэгжүүлж, үйл ажиллагаандаа нэвтрүүлээд сертификатаа гардан авч байна. “Сүү” ХК-нд үйлдвэрлэгддэг Миний Монголын сүү, Элгэн тараг, Цөцгийн тос гэсэн гурван бүтээгдэхүүн дээр “Эко тэмдэгт”-ийн гэрчилгээг гардан авсандаа маш их баяртай байна.

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар хөрөнгө оруулагчид зөвхөн санхүүгийн ашиг олохоос гадна хөрөнгө оруулалтын байгаль орчин, нийгэм, засаглал (ESG – Environmental, Social, Governance)-д үзүүлэх нөлөөллийг чухалчилж үздэг болсон. ESG хөрөнгө оруулалт нь хүрээлэн буй орчин, нийгмийн сайн сайхан, тогтвортой хөгжилд анхаарал хандуулж, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргадаг хэн бүхний сонголт болсоор байна. ESG гэдэг нь байгаль орчин (Environmental), нийгэм (Social), засаглал (Governance) гэсэн гурван үгийн товчлол бөгөөд байгаль орчин, нийгэм, засаглалд эерэг нөлөөлөл үзүүлэх хөрөнгө оруулалт хийх хандлага, зарчмыг илэрхийлсэн үзүүлэлт юм. Эдгээр үзүүлэлтүүдийг хөрөнгө оруулалтын шийдвэр болон үр дүнд дараах байдлаар үнэлж байна.
Байгаль орчин (Environmental) – Хөрөнгө оруулалтын байгаль орчинд үзүүлэх нөлөөг үнэлдэг. Үүнд, нүүрстөрөгчийн ялгарал, усны хэрэглээ, хог хаягдлын менежмент, сэргээгдэх эрчим хүч ашиглалт гэх мэт үзүүлэлтүүд багтдаг.
Нийгэм (Social) – Компаниудын нийгэмд үзүүлж буй эерэг болон сөрөг нөлөөллийг дүгнэдэг. Үүнд, ажилтнуудын эрх, хөдөлмөрийн аюулгүй байдал, хамт олны хөгжил зэрэг үзүүлэлтүүд ордог.
Засаглал (Governance) – Компанийн удирдлага, ил тод байдал, хуулийн зохицуулалт, хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах зэрэгтэй холбоотой үзүүлэлтүүд багтдаг.
Яагаад ESG хөрөнгө оруулалт чухал вэ?
Санхүүгийн урт хугацааны тогтвортой байдал
ESG-ийн зарчмуудыг баримталдаг компаниуд урт хугацаанд илүү амжилттай ажиллаж, эрсдэлийг багасгах хандлагатай байдаг. Судалгаагаар ESG үзүүлэлт өндөр компанид хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчид илүү тогтвортой өгөөж хүртдэг нь батлагдсан.
Эрсдэлийн зөв менежмент
ESG хөрөнгө оруулалтууд нь байгаль орчинд ээлтэй, нийгэмд хариуцлагатай, засаглалын ил тод байдал сайтай компаниуд уруу чиглэдэг тул хууль эрх зүй, зах зээлийн савлагаанаас хамаарсан эрсдэлээс өөрийгөө хамгаалах чадвар сайтай байдаг.
Нийгэм, хүрээлэн буй орчинд үзүүлэх эерэг нөлөөлөл
Хөрөнгө оруулалт хийхдээ зөвхөн санхүүгийн өгөөжийг бус, нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөг харгалзан үзэх нь ирээдүйн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал үүрэгтэй.
Дэлхийн дахины чиг хандлага
Дэлхий даяар томоохон хөрөнгө оруулалтын сангууд ESG зарчмуудыг үйл ажиллагаандаа баримталж эхэлсэн. Хувийн хөрөнгө оруулагчдаас эхлээд томоохон корпорацууд ESG зарчимд нийцсэн хөрөнгө оруулалтыг илүүд үзэх хандлага давамгайлж байна.
Дэлхийд тавигдаж байгаа дээрх шалгуурыг “Сүү” ХК давж, менежмент болон бүтээгдэхүүний түвшинд ногоон шилжилтийг бодитоор хэрэгжүүлсэн нь салбартаа шинэ жишиг тогтоосон, тогтвортой хөгжлийн бодлогоо тодорхой үйлдлээр баталгаажуулсан томоохон ололт болж байгаа юм.

