С.Баярын Засгийн газар гарч ирээд Эгийн голын усан цахилгаан станцын төслийг зогсоосон

Д.Бэхбаяр
2024-01-23 11:21:20
Ангилал:

М.Энхболдын Засгийн газрын дэмжсэн Эгийн голын усан цахилгаан станцын төслийг шинэ танхимын тэргүүн эгүүлэн татлаа. Түүний ярьснаар энэхүү төслийг хэрэгжүүлэхгүйгээр бүр зогсоож байгаа аж. Бүтэн нэг жил гаруй хугацаанд Монгол, Хятадын мэргэжилтнүүд идэвхтэй хамтран ажиллаж, энэ чиглэлээр тодорхой үр дүнд хүрээд байсан юм. Урд хөршийн төрөөс олгох 300 сая ам.долларыг Эгийн голын усан цахилгаан станцыг барихад зарцуулах асуудал өнгөрсөн жилийн өдийд багагүй яриа үүсгэж байж, энэ төсөлд зориулах нь манай улсын хувьд ашигтай гэдэг дээр М.Энхболдын Засгийн газар баттай зогссон юм. Түлш, эрчим хүчний инженер, техникийн ажилтнууд ч олон жилийн мөрөөдөл биеллээ хэмээн хөөрч баярлаж байсан.

Хятадын Засгийн газар уг станцыг санхүүжүүлэхэд 300 сая ам.долларынхаа 60 хувийг бүрэн олгоно, үлдэх 40 хувийг манай Засгийн газар хариуцахаар тохиролцсон. Хятадын эрчим хүч, санхүүгийн мэргэжилтнүүд ч Булган аймагт олонтаа очиж, Эгийн голын байдалтай танилцаж байсан билээ. Хоёр талын бичиг цаасны ажлууд багагүй хугацаанд үргэлжилснээр усан цахилгаан станцыг барих гүйцэтгэгчийн тендерийг зарлаад ялагчтай гэрээ байгуулах үйл явц өрнөсөн энэ үед С.Баяр төслийг зогсоох шийдвэр гаргалаа. Түлш, эрчим хүчний салбарынхан харамсаж халаглаж байна. Харин Ерөнхий сайд “Эгийн голын усан цахилгаан станцыг барих нь эдийн засгийн ашиггүй, мөн байгаль орчинд халтай” гэсэн шалтгаан тоочсон. Тэгвэл М.Энхболдын Засгийн газар эдгээрийг тооцолгүйгээр станцыг барих ажилд ханцуй шамлан орсон гэж үү.

Азийн хөгжлийн банкны экспертуүд манай оронд усан цахилгаан станцыг хөгжүүлэх судалгааг 1991 оноос эхлэн хийжээ. Тэд өөрсдийн болон өмнөх судалгааны материалуудыг нэгтгэн Эгийн гол дээр усан цахилгаан станц барих нь зүйтэй гэж үзээд техник, эдийн боловсруулахад буцалтгүй тусламж үзүүлэх, нарийвчилсан зураг төсөл хийх тохиолдолд хөнгөлөлттэй зээл олгох болсноор төсөл эхэлсэн түүхтэй.

Швейцарь-Италийн хамтарсан зөвлөх инженерийн баг станцын техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан судалгаа, тендерийн бичиг баримтыг ч боловсруулав.

Судалгааны дүнд Эгийн голын усан цахилгаан станцыг барьж байгуулах нь маш чухал, техникийн боломжтой, эдийн засгийн үр ашигтай, байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн эцсийн дүгнэлт хийсний дараагаас манай үе үеийн Засгийн газрууд хөрөнгө мөнгөний эрэлд ийш, тийш мордсон ч амжилт олоогүй юм. Дээрх судалгаагаар станц нь 100-гаад жил ажиллах бөгөөд оруулсан хөрөнгө оруулалтаа 15-20 жилд нөхөж дуусна, Жилдээ 500 сая кВтц. цахилгаан үйлдвэрлэж, өнөөдрийн үнэ тарифаар жилдээ 25 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажиллахаар байгаа юм. 300 сая ам.доллар бол их мөнгө. Үнэхээр зөв зүйлд зарцуулж чадвал үр дүнд хүрэх мөнгө. АНУ-ын Мянганы сорилын сангаас манайд 285 сая ам.долларыг олгохдоо ямархуу шаардлага тавьж, хатуу зарчимтай ажиллаж байсныг бид мэднэ. Америкчууд төслийн хэрэгжилт, үр дүнд хяналт тавина гэж байгаа. Тэгвэл хятадууд 300 сая “ногооноо” зүгээр л бэлнээр манайханд өгчихнө гэж үү. Тэд Эгийн голын усан цахилгаан станцыг барих гүйцэтгэгчийн тендерт зөвхөн өөрийн орны компаниудыг оруулах шаардлага тавьсан. Тэгээд ч уг тендерт урд хөршийн компани ялж, гэрээ хэлэлцээр хийх яриа өрнөж байсан юм.

Харин саяхан Засгийн газрын хуралдаанаар тусламжийн 300 сая ам.долларыг 40 мянган орон сууц хөтөлбөрт зориулах тухай ярьсан байна. Барилга, хот байгуулалтын сайд ч баярлаж, хацар нь улаа бутарч суусан гэнэ. Өнөөг хүртэл 40.000 орон сууц гэж хоосон хашгираад юу хийсэн нь тодорхойгүй мөртлөө мөнгөгүй хэмээн хашгичих барилгын салбарт дээрх тусламжийг олгосноор ямар үр дүн хүлээж болох вэ. Ингэснээр жил ирэх тусам үнэ нь тэнгэрт хадах чанаргүй орон сууцнуудын ханш дорвитой буурч чадах уу. Хамгийн гол нь хөрш орны Засгийн газар 40 мянган орон сууц барих компаниуд Хятадынх байх ёстой гэсэн шаардлага тулгах вий. Тусламжийн хөрөнгийг юунд зарцуулах тухай асуудал УИХ болон Үндэсний аюулгүйн байдлын зөвлөлийн хурлаар орох ёстой.

УИХ-ын сонгууль дөхөж буй болохоор улстөрчид иргэдийн талархал хүлээх зүйлд мөнгө зориулахад бэлэн байгаа. Тиймээс ч 300 саяыг аль болох олон жижиг асуудлыг шийдэхэд зориулах саналтай хүмүүс өнөөгийн эрх баригчдад бий. ОХУ-ын Ерөнхий сайд асан С.Кириенко өнгөрсөн жил манай улсад ирэх үеэрээ жижиг оврын  атомын станцууд барьж байгуулах боломжтой тухай ярьсан. Үүнээс санаа авсан манай зарим удирдагч Хятадын 300 саяар атомын станцууд барих талаар хөндөөд авч.

Ер нь сүүлийн үед хэлэхэд ч нэр нь монголчуудад дотносоогүй станцыг барих талд зогсдог манай цөмийн мэргэжилтэн эрдэмтэд Түлш, эрчим хүчний яамаар хааяахан эргэлдэх болж. Тэд ямар санаа сэдэж яваа бол. Түлш, эрчим хүчний  мэргэжилтнүүд атомын цахилгаан станц барих болоогүй гэсэн байр суурьтай байдаг юм билээ. Манай улс ус, салхи, нар, нүүрс зэрэг эрчим хүчний эх үүсвэрээр баялаг тул уран олборлож үйлдвэрлэх дээрээ тулаагүй гэсэн тайлбар тэд хэлнэ. Гэхдээ ураныг олборлоод, экспортлох эсэх нь төрийн мэдэх хэрэг.

Усан цахилгаан станцын хувьд эхлээд барихад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардагддаг хэрнээ ажиллаад ирэхээрээ өртөг зардал нь жилээс жилд буурдаг тухай мэргэжлийн хүмүүс ярьж байна.

Өргөн уудам нутагтай эх оронд маань эрчим хүчний хэрэгцээ дутагдалтай байна. Дээр нь хойд хөршөөс эрчим хүчээ худалдан авдаг. Эгийн голын усан цахилгаан станцыг байгуулснаар төвийн эрчим хүчний системийн оргил ачааллын горимыг тохируулах, цахилгааны импортын хараат байдлаас гарах, осол аваарийн үед нөөц эх үүсвэртэй болох, 15-20 жилийн хугацаанд өсөн нэмэгдэж буй эрчим хүчиий хэрэгцээг найдвартай хангаж, эрчим хүчний бие даасан аюулгүй байдлыг баталгаажуулах стратегийн чухал ач холбогдолтой аж.

Мөн ойрын жилүүдэд манай эрчим хүчний хэрэглээ хэд дахин өсөхөөр байна. Тухайлбал, Оюутолгой, Тавантолгойн нүүрсний орд болон Цагаан суврагын уулын баяжуулах үйлдвэрийн цахилгааны хэрэглээг “Эрдэнэт” үйлдвэрийнхтэй харьцуулахад бүр хоёр дахин их байхаар буй аж. Харин Ерөнхий сайд С.Баяр эрчим хүчний хэрэглээг баялаг нүүрсээрээ хангана гэж байсан. Тэрбээр Шивээ-Овоогийн уурхайг түшиглүүлэн барих том чадлын дулааны цахилгаан станцуудын төслийг хэлэв бололтой. Энэ нь үнэндээ том төсөл.

Харин Эгийн голын усан цахилгаан станц бол төвийн бүсийн эрчим хүчний үйлдвэрүүдийн горимыг тохируулахад зориулагдсан станц гэнэ. Түлш, эрчим хүчнийхэн гал голомтоороо тоглохгүй байхыг төрийн түшээдээс байнга хүсдэг. Нэг Засгийн газар нь гарч ирээд том асуудал сөхөөд явж байтал нөгөө нь Ерөнхий сайд болонгуут өмнөх асуудлыг шууд унагаад явахаар улс орон яаж хөгжих вэ. Тэгээд ч алив асуудлыг босгох, бүтээн байгуулах хамгийн хэцүү, харин ямар ч шалгалт хэлээд унагааж нураах бол тун амархан шүү дээ. Түлш, эрчим хүчний салбарыг бүү улстөржүүлээсэй билээ.

 

 Д.Бэхээ  2008.01.23 gogo.mn

 

 

 

 

 

 

Д.Бэхбаяр