С.Болор: Бид хэрэгжүүлж буй төслүүдээрээ нийгмийн асуудлыг шийдэхийг зорьдог

Mongolian Economy
2026-01-19 11:51:07
Ангилал: Ярилцлага

Монгол Улсыг зах зээлийн нийгэмд шилжиж байх үеийн анхны компаниудын нэг бол ТЭСО. Үйлдвэрлэл, шинэ санаачилга, технологи, инновацыг бизнесийнхээ зарчим болгож ирсэн тус групп ирэх жил үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойгоо тэмдэглэнэ. ТЭСО Группийн гүйцэтгэх захирал С.Болор нийслэлийн 1-р сургуулийг дүүргээд МУИС-ийн Хууль зүйн их сургуулийг төгссөн. Мөн Санхүү эдийн засгийн их сургуульд санхүүгийн менежментээр сурчээ. Түүний хувьд гүйцэтгэх захирлын ажлаас гадна ээжийн үүргийг давхар биелүүлэх цаг мөч тулж иржээ. Ажил амьдрал, бизнесийн олон үүрэг хүлээж, зөв зохистой тэнцвэржүүлэх явах насан дээрээ тэрбээр 2300 хүнтэй группийг удирдаж байна. ТЭСО Групп өнөөдөр үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд жишиг болсон хүнсний аж үйлдвэрийн парк байгуулахаар зорьж байна. Дэлхийн зах зээлийн нэг хэсэг болж, дэлхийн компаниудтай өрсөлдөж, хөгжлийг түүчээлэх үүрэг залуу захирал эмэгтэйд ногдож, тэрхүү алсын том зорилгын төлөө тэрбээр хамт олноо манлайлан ажиллаж байна.

-Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн 1990-ээд онд байгуулагдсан компани бол ТЭСО. Та бүхэн өнөөдөр ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж, ямар амжилтуудыг бий болгоод байна вэ? 

-Манай үндсэн суурь бизнес бол хүнсний үйлдвэрлэл. ТЭСО Фүүдс дэд Групп хүнсний үйлдвэрлэл, худалдаа, экспорт, ТЭСО Пропертис дэд Групп барилга бүтээн байгуулалт, ТЭСО Инвестмэнт дэд Групп нь дэлхий ертөнц хувиран өөрчлөгдөж байгаа энэ цаг үед дижитал, шинэ цагийн бизнесүүдийг үндсэн бизнестэйгээ уялдуулах, хөрөнгө оруулалтын чиглэлд бодлогоо тус тус чиглүүлж байна. ТЭСО Групп өнөөдөр олон үйлдвэр, бүтээн байгуулалт хийсээр байна. 

Манай үүсгэн байгуулагчид даруу төлөв хүмүүс байдаг. Тэд том бүтээн байгуулалтын ард гарахдаа “Эхэллээ, төгслөө” гэж тууз хайчлахгүй явж иржээ. “Хийж, бүтээж буй бүхэн бидний нэрийн хуудас” болно гэдэг философи бол ТЭСО Группийн амжилтын үндэс юм. 

Бид барилгын салбарт “Sку garden Residence” томоохон орон сууцны төсөл хэрэгжүүлсэн. Тухайн төслийг хэрэгжүүлэхдээ ямар бүтээн байгуулалт, шинэ санааг бий болговол хүмүүст илүү тухтай, санаанд нь нийцэх вэ гэдгийг судлахын тулд олон улсын зөвлөх үйлчилгээ авч гурван жил судалгаа хийсэн. Улмаар хүн төвтэй, хүүхдүүдэд зориулсан “Winter Garden” дөрвөн улирлын цэцэрлэгийг байгуулсан нь онцлох бүтээн байгуулалт боллоо. 

Өнөөдрөөс маргааш ялгаатай, инновацлаг байх ёстой. Үргэлж эрэл хайгуул хийж, шинэ санаа, бүтээлч байдлын соёлыг тээж, авч явах юм сан гэж бид хичээдэг. Шинэ санааны ШБОС (Шинэ бүтээл, Оновчтой санаа) соёл бол ТЭСО Группийн амин сүнс учраас удирдлагын түвшинд манлайлан үлгэрлэх, ажилтнууддаа ойлгуулж танин мэдүүлэх, улмаар энэ соёлын төлөө хамтдаа ажилласнаар үр дүн гарна гэдэгт итгэлтэй байдаг. 

-ТЭСО бол ТОП 100 аж ахуйн нэгжийн нэг. Жилдээ хэр хэмжээний татварыг улсын төсөвт төвлөрүүлж байна вэ. Монголын эдийн засагт ямар хувь нэмэр оруулж байгаа гэж боддог вэ? 

-Бид жилд 80 гаруй тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлдэг. Манай группийн төлж буй татвар маш олон бүтээн байгуулалт, нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломжийг олгож байгаа болов уу. Зөвхөн татвар гэлтгүй бид хэрэгжүүлж буй бүх төслөөрөө нийгмийн асуудлыг шийдвэрлэхийг хичээдэг. Манай том, жижиг бүх төсөл нийгэм рүү чиглэж, тодорхой асуудлыг шийдэх, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө байдаг. 

Тийм учраас үндэсний үйлдвэрлэл, бүтээн байгуулалтууд маань давхар үнэ цэн бүтээж буй хөрөнгө оруулалт, хувь нэмэр гэж хардаг.

Хүнсний үйлдвэрлэлээр жишээ авахад, бид малчдаас худалдаж авсан ингэний сүүг экспортын бүтээгдэхүүн болгож байна. Нийгмийн хариуцлагын тухайд бид нэг зүйлийг дурдах дуртай. Бизнесийн үндсэн процесс нь тогтвортой хөгжлийг дэмжсэн, экосистем байх нь урт хугацаандаа бизнес оршин тогтнох үндэс болдог. Зөвхөн бизнес гэхээс илүүтэй нийгэм, байгаль орчин, бусад салбарт үзүүлэх нөлөө нь үр дүнтэй сайн байвал бизнес урт хугацаанд оршин тогтнох боломжтой юм.

-Тогтвортой хөгжил нь ТЭСО Группийн чухал бодлогын нэг хэсэг. Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн бүрдээ үүнийг тусгаж байгаа нь харагддаг. 

-Сүүлийн жилүүдэд дотоодын аж ахуйн нэгжүүд тогтвортой хөгжлийг хэрхэн бодитоор бий болгох, тэр бүхэн байгаль орчинд бодитой үр дүнг авчирч байна уу гэдэгт их анхаардаг болсон. Манай компани тогтвортой хөгжлийн тайланг хоёр жил гаргахдаа ийм тайлан гаргах нь их чухал гэдгийг ойлгосон. Бид төсөл хэрэгжүүлэхдээ ногоон сертификат авч аль болох тогтвортой хөгжлийг дэмжсэн, эрэлхийлсэн бүтээн байгуулалт хийхийг зорьдог. 

Жишээлбэл, бид хүнсний үйлдвэр байгуулахаар гурван жилийн өмнө тухайн жилийн хамгийн том ногоон санхүүжилтийг авч байсан. Тогтвортой хөгжлийн бодлогыг түлхүү баримталснаар өдгөө уг үйлдвэр эрчим хүчийг 20-50 хувиар хэмнэдэг болсон гэх мэт олон жишээг дурдаж болно. 

Бид “Олон улсын жишиг экспортын бүтээгдэхүүний үйлдвэрийн бүс” байгуулах төслийг судалгаа шинжилгээг гурван жил хийсэн. Үр дүнд нь нийт 13 га газарт Монгол Улсын анхны цогц үйлдвэрлэлийн паркийг байгуулж байна. Ирэх 30-50 жилд тогтвортой үргэлжлэх бизнес болох ёстой гэдэг байр суурин дээрээ бид бат зогсож, их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. 

Гурвалжингийн гүүрнээс Яармаг явах хэсэгт объект худалдаж аваад өмнөх үйлдвэрлэлийг даруй 3-4 дахин нэмэгдүүлэх хэмжээний хөрөнгө оруулалт хийлээ. Үйлдвэрлэлийн цогц бүтээн байгуулалт удахгүй дуусаж, есдүгээр сард нээлтээ хийнэ. Ингэснээр ТЭСО Группийн бүх хүнсний үйлдвэр нэг дор төвлөрч, дэлхийн түвшний бүрэн автоматжсан, олон улсын стандарт бүхий хүнсний аж үйлдвэрийн парк бий болно. 

-Уг ногоон санхүүжилтийн талаар тодруулна уу. Хэр хэмжээний санхүүжилтийг хаанаас авсан бэ? 

-Хаан банкнаас тухайн жилийн хамгийн өндөр дүнтэй санхүүжилтийг авч байсан. Эхний ээлжинд 60 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт авсан бол энэ төсөл өнөөдөр 200 орчим тэрбум төгрөгийн цар хүрээтэй явж байна. Цаашид ч нэмж хөрөнгө оруулах хүлээлттэй байгаа. 

-ТЭСО Групп хэдэн төрлийн ямар бүтээгдэхүүн экспортолж байна вэ? Экспорт хийхэд ямар бэрхшээлтэй тулгарч байна вэ? 

-Бид сүүлийн 10 жилийн хугацаанд бүтээгдэхүүнээ экспортлохын тулд маш их хөрөнгө оруулж, бүтээгдэхүүнүүдээ хөгжүүлсэн. Дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн экспортлох зорилго тээж байна. Манай улс сайн хөгжөөгүй учраас олон улсад өрсөлдөх бүтээгдэхүүн хийж чадахгүй гэж бодож, ухарч огт болохгүй. Бусдаас ялгаатай зүйлийг хийж, бүтээвэл экспортлох бүрэн боломжтой. Тухайлбал, бид хатаамал сүү, зөв аарцны ундааг олон улсын зах зээлд гаргадаг. 

Сүүлийн үед бид Киргиз, Казакстан, Хятадын зах зээлд зөв аарцны үрэлийг идэвхтэй экспортолж байна.

Хамгийн гол нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хангах бүтээгдэхүүн экспортлох хэрэгтэй. Аль улсынх болон тухай улс орны хөгжил ямар байх нь дэлхийн хэрэглэгчдэд тийм ч чухал биш. 

Та бол шинэ залуу үеийн эмэгтэй захирал. Томоохон группийг удирдах хугацаанд хамгийн сорилт бэрхшээлтэй ямар үе байв? 

-Би ТЭСО Группийн гүйцэтгэх захирлын албыг 2018 онд хүлээж авсан. Хамгийн том сорилттой Ковидын үед тулгарсан. Манай түүхий эд, материал, ажилтан автомашины хязгаарлалтын бүсэд орсон ч бид хүнсний үйлдвэрлэлээ байж болох боломжит хэмжээнд нь тасралтгүй явуулсан. Шинэ, залуу захирлын хувьд дасан зохицох чадварт их сайн суралцсан шүү. Хэрэглэгчтэй хэн ойр байдаг бизнес хожих магадлалтай. Ухаалаг байх, хөрөнгө оруулалт хийх, богино хугацаанд гаргалгаа олох, дижитал хэлбэрт шилжих зэрэг шинэ зүйлс амин чухал болж байлаа. 

Өглөө бүр шинэ шийдвэр гарч, өдөр, цаг минутаар тэдгээр шийдвэр өөрчлөгддөг байсан цаг. Маргааш нөхцөл байдал ямар байхыг хэн ч мэдэхгүй байсан. Ямар ч нөхцөл байдалд дасан зохицох ёстой байхад суралцсан. Өөрчлөлтийн менежмент, дасан зохицож ажиллах сургамжийг Ковид-19 цар тахал бидэнд маш сайн заасан. Сорилтыг туулах, хувирч ажиллах чадамжтай багийг манай компани бүрдүүлсэн байсан нь энэ том үзэгдлийг давж гарах гол хүч болсон гэж боддог. Дэлхийг донсолгосон цар тахал ард иргэдэд ч хичээл заасан шүү дээ. 

Тухайлбал, хүмүүс илүү сайн мэддэг, хэрэглэж сурсан бүтээгдэхүүнээ худалдаж авч байлаа. Ковидоос хойш иргэд эрүүл мэнддээ их анхаарч, эко хэрэглээг чухалчлах болжээ. Монголын бизнесийн орчин ямар байна гэж боддог вэ. Бизнесийн орчныг илүү таатай болгоход юу хийх шаардлагатай байна вэ? Дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих нь улс эх орныхоо төлөө хийж буй урт хугацааны хөрөнгө оруулалт юм. Экспорт хийдэг аж ахуйн нэгжид бодит дэмжлэг үзүүлээсэй. 

Үндэсний үйлдвэрлэгчдийн экспортолж буй бараа бүтээгдэхүүний түүхий эд материалыг гаалийн татвараас чөлөөлөх зэрэг олон шийдлийг хэрэгжүүлээсэй гэж хүсдэг. Татварын орчин үйлдвэрүүдэд мэдээж сорилттой. Үйлдвэрлэгч буюу баялаг бүтээж буй аж ахуйн нэгжүүдээ татварын ээлтэй орчноор дэмжих нь чухал байна.

Манай групп төрөөс ямар нэг тендер, концесс аваагүй. Хэн нэгнээс хамааралтай ажиллах нь бизнесийн хувьд хүндрэлтэй байдаг. 

Мэдээж бид төр засгаа хүндэтгэнэ, гэхдээ аль болох төрөөс хамааралтай биш бизнес эрхлэхийг чухалчилдаг. Тэгвэл бизнесийн шийдвэр гаргалтаас эхлээд бүх зүйл хурдтай явах боломжтой. 

-ТЭСО Групп 2300 гаруй ажилтантай. Тэдний хэдэн хувь нь эмэгтэйчүүд байна вэ? –Тогтвортой хөгжлийн тайлангийн тоо баримтаам харахад эрэгтэй, эмэгтэй ажилчдын харьцаа тэнцүү 50:50 хувь байсан. Харин дунд болон ахисан түвшний удирдлагад эмэгтэйчүүд 60 хувийг эзэлдэг. 

-Залуу эмэгтэй захирал, манлайлагчийн хувьд таны удирдах онцлог, ялгарал юу вэ?

Бизнесийн дараагийн шилжилтийн үеийг удирдаж буйн хувьд мэдсэн, сурсан зүйлээ бизнестээ шингээж ажиллахыг хичээж байна. Бизнесийн нэгдүгээр үед монголчууд зах зээлийн нийгэмд шилжээд “байхгүй зүйлийг бүтээнэ” гэдэг зарчмаар оюун ухаан шаардсан маш том процессыг давсан. 

Харин дараа үеийн даалгавар бол үндэсний компанийг олон улсын түвшинд гаргах юм. Үүний цаана монгол хүний бүтээмжийг хэрхэн өсгөх вэ гэдэг философи бий. 

-Монгол Улсын ирээдүйн хөгжлийн талаарх таны бодол юу вэ? 

-Монгол Улс хоёр том хөршийн дунд байдаг, эдийн засаг нь хэт нэг салбараас хамааралтай. Байгалийн баялаг нэг л өдөр шавхагдана. Тиймээс хүний оюун санаагаар бүтсэн баялгийг бий болгоход бэлдэж хувийн хэвшил, бодитоор ажлын байр бий болгож байгаа салбаруудаа дэмжээсэй. 

“Алттай хүн хэсэгхэн зуур хөрөнгөтэй байдаг бол оюун санаа, мэдлэгтэй хүн насан туршдаа хөрөнгөтэй байдаг” гэдэг шиг шавхагдаж буй нөөцөөс олж буй хөрөнгийг шавхагдашгүй оюун санааны нөөцөд зориулаасай гэж хүсэж байна. 

 

Mongolian Economy