С зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг ил тод, нээлттэй болгоно
Монгол Улсын Засгийн газрын 362 дугаар тогтоолоор нүүрсийг хил үнээр худалдан борлуулах, байнгын ачаа тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зөвшөөрөл олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүдэд шилжүүлэх арга хэмжээ авахыг үүрэг болгосон.
Үүний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК Нүүрсийг хил үнээр худалдан борлуулах, тээвэрлэлтийг гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдийг Ерөнхий гэрээний журмаар нээлттэй, ил тод сонгон шалгаруулж 2023 оны нэгдүгээр улирлаас эхлэн “С” төрлийн зөвшөөрөл олгоно. 2023 оны нэгдүгээр улиралд нийт 7,800 “С” зөвшөөрөл олгохоос 60% буюу 4,680 зөвшөөрөл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний тээвэрлэлтэд хамаарна.
Цагаанхадны нүүрс ачиж буулгах терминалуудад уурхайн ам нөхцөлөөр борлуулсан нүүрсийг хилээр нэвтрүүлэхэд шаардлагатай “С” зөвшөөрлийг ирүүлсэн хүсэлтэд хувь тэнцүүлэн олгоно. Ирүүлсэн хүсэлтийн тоо олговол зохих “С” зөвшөөрлийн тооноос давсан тул хүсэлт ирүүлсэн бүх аж ахуйн нэгжүүдэд ижил зарчмаар шударга хуваарилалт хийхээр шийдвэрлэлээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрс тээвэр, борлуулалт, худалдан авахтай холбоотой мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй болгосон. Ингэснээр олон нийтийн хяналт, оролцоо нэмэгдэж компанийн үйл ажиллагаа ил тод болсон. Энэ удаа олон нийтийн хардлага төрүүлдэг “С” зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн www.ett.mn цахим хуудаст нээлттэй байршууллаа. Мэдээлэл нээлттэй болсноор ямар аж ахуйн нэгжид хэдэн “С” зөвшөөрөл олгогдсон, тухайн аж ахуйн нэгжийг хэн эзэмшдэг зэрэг бүх мэдээлэл ил тод болох юм.