С.Мөнгөнчимэг: Тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэх санхүүжилтийн стратеги боловсруулж байна

B Shurenchimeg
2022-03-18 09:44:48
Ангилал: Ярилцлага

Тогтвортой хөгжлийн зорилгуудын санхүүжилтийн талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгтэй ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд манай улс тогтвортой хөгжлийн санхүүжилтийн талаар ихээхэн ярих боллоо. Монголын Тогтвортой Санхүүгийн Форумын оролцогчид үүнийг олон талаас нь ярьж байсан. Та тус форум дээр Тогтвортой хөгжлийн санхүүжилтийн стратегийн төслийг танилцуулсан. Энэ баримт бичгийн талаар манай уншигчдад танилцуулна уу? 

-2020 онд “Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай” хууль батлагдаж, манай улсын хөгжлийн бодлого төлөвлөлтөд нэлээд дэвшил гарсан. Тус хуульд өмнө нь байсан 400 гаруй бодлогын баримт бичгийг багцлан оруулсан юм. Манай улс урт хугацааны хөгжлийн бодлогоо Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан “Алсын хараа-2050” баримт бичигт тусгаж баталсан. Бид энэхүү баримт бичигт нийцүүлэн дунд болон богино хугацааны бодлогоо тодорхойлсон. 

Засгийн газраас дэвшүүлж буй хөгжлийн бодлогуудыг хэрэгжүүлж, тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхийн тулд санхүүгийн эх үүсвэрээ бүрдүүлэх, санхүүжилтээ оновчтой, зөв удирдах зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг тогтвортой хөгжилд хүргэхэд шаардлагатай санхүүжилтийг бий болгохын тулд Үндэсний нэгдсэн санхүүжилтийн стратегийг боловсруулаад байна.

Энэхүү стратегийн хүрээнд гадаад, дотоод шинэ санхүүгийн эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх, одоо байгаа боломжит нөөцөө үр ашигтайгаар зарцуулахын тулд төсөв санхүүгийн шинэчлэлийг эрчимжүүлэх, шинэ санхүүгийн механизм, хэрэгслүүдийг туршиж, нэвтрүүлэх шаардлагатай. Тухайлбал, төр болон хувийн хэвшлийн түншлэлийн  санхүүжилтийг хөгжлийн зорилтуудад чиглүүлэх хэд хэдэн дэвшилтэт арга, бодлогын шинэчлэлүүдийг стратегид тусгаж өгсөн. Ингэснээр санхүүгийн эх үүсвэрийг  үр дүнтэй нэмэгдүүлэхэд түлхэц болно. Эдгээр цогц арга хэмжээг тусгаж, яамдууд, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, олон улсын санхүүгийн байгууллагууд, НҮБ зэрэг олон талтай хамтран эл стратегийг боловсруулсан.

Өмнө нь санхүүгийн салбарын стратеги, төсөв, хөрөнгө оруулалт зэрэг салангид олон бодлого гарч байсныг нэгтгэж, нэгдсэн санхүүжилтийн стратеги болгон боловсруулаад байна.

Нэгдсэн санхүүжилтийн стратеги боловсруулах ажлыг НҮБ-аас зөвлөж, 70 гаруй улс боловсруулж байгаагийн нэг нь манай улс юм. 2000-2015 онд Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд улс орнууд төсөв, гадаад зээл, тусламжийн эх үүсвэрийг голчлон ашиглаж байсныг өөрчилж, 2015-2030 он хүртэлх хугацаанд дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн хөрөнгө болон санхүүгийн зах зээл дэх хөрөнгийг түлхүү чиглүүлэх зорилгоор санхүүжилтийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, стратеги боловсруулахыг НҮБ-аас зөвлөж, үүнийг нь манай улс нутагшуулж байна.

-Таны дээр дурдсан санхүүжилтийн нэгдсэн тогтолцоог амжилттай бий болгоход юунд анхаарах шаардлагатай вэ?

-Тогтвортой хөгжлийн санхүүжилтийн нэгдсэн тогтолцоо нь цоо шинээр бий болж байгаа зүйл биш. Одоо байгаа төсөв, санхүү, бодлого төлөвлөлт, санхүүгийн салбар, хяналт шинжилгээ, үнэлгээ, тайлангийн үйл явцыг хооронд нь илүү уялдаатай болгох, сайжруулах, хөгжлийн бодлого, зорилтуудтай холбох тухай ойлголт юм.  Тогтвортой хөгжлийг дэмжсэн санхүүжилтийн орчныг амжилттай бүрдүүлэхэд хэд хэдэн чухал хүчин зүйл бий. 

Юуны өмнө, төрийн шийдвэр гаргагч болон зохицуулагч байгууллагуудын идэвхтэй манлайлал, тууштай байдал, оролцоо маш чухал. Хоёрдугаарт, хөгжлийн зорилтууд болон санхүүжилтийн эх үүсвэрийн уялдааг хангах, томоохон төслүүдийг санхүүжүүлэх хэрэгслүүдийг хөгжүүлэхэд санхүүжилтийн стратеги чухал.

Гуравдугаарт, санхүүжилтийн стратегийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах, үнэлэх механизмыг олон талт төрийн байгууллагуудын болон хөндлөнгийн хяналтын оролцоотойгоор бий болгох хэрэгтэй. ҮСНТ-ны хэрэгжилтийг нэгдсэн байдлаар хянаснаар санхүүжилтийн урсгал болон бодлогын дэмжлэг нэмэгдсэн эсэхэд дүгнэлт хийх, ямар стратеги амжилттай хэрэгжиж, эсвэл хэрэгжихгүй байгаа талаар нотолгоонд суурилсан шинжилгээ хийх, улмаар бодлого боловсруулах үйл явцад дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн хэрэгжилтийн талаар ил тод мэдээлэх нь хариуцлагыг нэмэгдүүлж, түнш байгууллагуудын хамтын ажиллагаа болон итгэлцлийг нэмэгдүүлэхэд чухал гэж үзэж буй. Иймээс ҮСНТ-ны хяналт, үнэлгээний тогтолцоо, оролцогч талууд болон тэдгээрийн үүрэг хариуцлагыг тодорхой болгох нь амжилттай хэрэгжүүлэх үндэс суурь болно. 

-Хөгжлийн бодлого болон санхүүжилт хоорондын уялдааг сайжруулах тал дээр Сангийн яамны зүгээс ямар ажлууд хийх боломжтой вэ?

-Хөгжлийн төлөвлөлт болон төсөвлөлтийн уялдаа холбоог сайжруулах, илүү үр дүнд чиглэсэн төсөвлөлт рүү шилжихэд анхаарч шат дараатай арга хэмжээнүүдийг бид хэрэгжүүлж байна. Өнгөрсөн жилээс эрүүл мэндийн салбарт, энэ жилээс боловсрол, соёл, спортын салбарт төсвийн шинэчлэл хийж эхэлсэн. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн дийлэнх нь эмнэлгийн байрны урсгал засвар, эмч, ажилчдын цалинд зарцуулагддаг байсан. Одоо эмнэлгийн бие даасан байдлыг илүү хангаж, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжээд байна.

Олон хүн эмчилж, үр дүнтэй ажиллаж байгаа эмч илүү цалин хөлс авах тогтолцоо бүрдэж байна. Ингэснээр хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, урам зоригтой ажиллах, өөрийгөө хөгжүүлэх боломж нь нээгдэнэ. 

Түүнчлэн, Сангийн яам өрийн тогтвортой байдлыг хангаж, үр ашгийг нэмэгдүүлэх чиг үүргийнхээ хүрээнд илүү тогтвортой хөгжилд чиглэсэн, урт хугацааны бага хүүтэй өрийн хэрэгслүүдийг түлхүү хэрэглэх, өндөр хүүтэй арилжааны өрийн хэрэгслүүдээс зайлсхийх стратеги баримталж байна. Мөн гадаадын зээл болон төсөл, хөтөлбөрөөр дамжуулан санхүүжилт хийхдээ эдийн засгийн үр ашиг болон нийгмийн ач холбогдлыг нь харгалзан эрэмбэлж, өрийн удирдлагын үр ашгийг нэмэгдүүлэх замаар тогтвортой хөгжлийн зорилт болон төсөв санхүүжилтийн уялдаа холбоог хангаж байна. 

-Тогтвортой хөгжлийн санхүүжилтэд хувийн хэвшлийн үүрэг, оролцоо чухал гэж та дурдсан. Тэгвэл хувийн хэвшил энэ асуудалд хэр ач холбогдол өгч байна вэ?  

-Хувийн хэвшил манлайлж ажилладаг гэдгийг онцольё. Ялангуяа, банк, санхүүгийн байгууллагууд маш сайн манлайлж байна.  Тухайлбал, 2020 оноос арилжааны банкууд байгаль орчинд ээлтэй эдийн засгийн үйл ажиллагааны ангилал болох “Ногоон таксономи”-г нэвтрүүлсэн. Ингэснээр зээл хүсэгч аж ахуй нэгж байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж байна уу, ажлын байр шинээр бий болгох, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан эсэх зэргийг зээл олгохдоо анхаардаг болсон. Нөгөө талдаа, банк, санхүүгийн байгууллагууд харилцагч нартаа тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хүн бүрийн хувь нэмэр чухал гэдгийг ойлгуулж, уриалж байгаа хэрэг.

Дэлхий дахинд ногоон хөгжлийг түүчээлэгч гол салбар нь банк, санхүүгийн байгууллага болсон. Манайхан ч энэ чиг хандлагатай хөл нийлүүлж байна. Одоогоор нийт зээлийн 2-5 хувь нь ногоон зээл байгаа нь маш бага тоо, цаашид улам нэмэгдэнэ. Түүнчлэн, компаниуд ногоон бонд гаргах, ногоон зээл авахад байгаль орчинд ээлтэй ногоон төслийг тодорхойлох, төслөөс хүлээгдэж буй үр дүнг хэмжихдээ “Ногоон таксономи”-ийг суурь баримт бичиг болгон ашиглаж байна. “Ногоон таксономи”-ийг өргөжүүлж, зөвхөн байгаль орчин, хүнд ээлтэй төдийгүй нийгэм эдийн засгийн ач холбогдлыг нь үнэлдэг “Тогтвортой хөгжлийн зорилгын санхүүжилтийн таксономи”-ийг боловсруулж байна.

Арилжааны банкууд тогтвортой санхүүжилтийг дэмжих урт хугацааны хөнгөлөлттэй эх үүсвэр татах чиглэлд идэвхтэй ажиллаж байгааг онцолмоор байна. Ялангуяа уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны тулгамдаж буй асуудалд хувь нэмрээ оруулахаар санхүүгийн салбарын тэргүүлэгч банкууд өөрсдийн санаачилгаар Олон Улсын Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны байгууллага болон Дэлхийн Уур Амьсгалын Хамтын Ажиллагааны Сангаас хөнгөлөлттэй санхүүжилт татсан. 

Монголын хөрөнгийн бирж НҮБ-ын дэргэдэх Тогтвортой хөрөнгийн биржүүдийн холбоонд 2017 онд элссэн.

Хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй компаниудад Монголын хөрөнгийн зах зээлд байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын тайлагналын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. 

Ингэснээр компаниуд үйл ажиллагааныхаа эдийн засаг, байгаль орчин, нийгэмд үзүүлэх эерэг нөлөөллийг тодорхойлох, танин мэдэх, олон нийтэд мэдээлэх, сөрөг нөлөөллийг бууруулж, нийгэмд үзүүлэх эерэг өөрчлөлтийг улам нэмэгдүүлэх сайн талтай. Энэ нь эргээд компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, эрсдэлийг бууруулах, удаан хугацаанд амжилттай оршин тогтнох нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой. 

Цаашид хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулах хэд хэдэн шинэчлэл хийнэ. Сангийн яамнаас төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барихаар зэхэж байна. 

-Улсын төсөв тогтвортой хөгжлийн зорилтуудтай хэр уялдаж байна вэ? 

2018 оноос эхлүүлсэн төсвийн шинэчлэлийн нэг гол ажил нь Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан, үр дүнд чиглэсэн төсөвлөлтийг нэвтрүүлэх юм. Төсвийн бодлогын хүрээнд 2021 оноос эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийг эхлүүлсэн  бол энэ оноос боловсрол, соёл, нийтийн биеийн тамир, хүүхэд хамгаалалын салбарын санхүүжилтийг үр дүн, чанар, гүйцэтгэлд нь уялдуулахаар ажиллаж байна.

Түүнчлэн, жендэрийн мэдрэмжтэй, хүйсийн тэгш байдлыг хангахад чиглэсэн төсвийн төлөвлөлтийг туршилтаар хэрэгжүүлж байна. Гол зорилго нь төрөөс үзүүлж байгаа үйлчилгээний үр дүнг бүгд эрх тэгш хүртэх ёстой гэсэн зарчимтай. Мөн зээл тусламж, дахин санхүүжилт босгоход тогтвортой хөгжлийн зорилтуудыг өнгөрсөн оноос тусгаж эхэлсэн. 

-Үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлснээр Сангийн яамны хувьд өмнө нь байгаагүй ямар боломжууд шинээр бий болж байгаа вэ?

-Төсөвт ирэх ачаааллыг багасгана. Хөгжлийн бодлогуудыг хэрэгжүүлэхэд төсвөөс ихээхэн хамааралтай байгааг багасгаж, хувийн хэвшил болон бусад талуудын оролцоог нэмэгдүүлнэ. Хувийн хэвшилд ч энэ нь шинэ боломж, шинэ зах зээлийг бий болгож өгнө. Төсвөөс өмнө нь санхүүжиж байсан ажлуудыг хувийн хэвшил рүү чиглүүлснээр төсвийн ачааллыг багасгаж, өр зээлээ бууруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах, хөгжлийн зорилгодоо хүрэх хурдыг түргэсгэнэ. Нэг ёсондоо, Монгол улс илүү хурдан хөгжих боломж бүрдэнэ гэсэн үг. 

Хүрэх арга замыг нь санхүүгийн стратегидээ тусгасан. Мэдээж энэ нь урт хугацааны олон салбарыг хамарсан реформуудыг шаардана. Тухайлбал, төсвөө тогтвортой хөгжилд бүрэн чиглүүлэх, үр ашгийг нь нэмэгдүүлэхийн тулд дээр дурдсан төсвийн төлөвлөлтийн шинэ аргачлалыг туршиж байна.

Төрийн өмчит байгууллагуудын шинэчлэлийг энэ онд хийхээр төлөвлөж стратегид тусгасан. Улсын хэмжээнд 40 гаруй их наяд төгрөгийн хөрөнгөтэй 400 гаруй орон нутгийн болон төрийн өмчит компани бий. Энэ оны улсын төсөвт нийт 18 их наяд төгрөг бий. Харьцуулбал, төрийн өмчит компаниуд тогтвортой хөгжлийн зорилгуудыг хурдасгахад хэр их нөлөө үзүүлж чадах нь үүнээс харагдаж байна. Тэр дундаа, төрийн өмчит банк санхүүгийн байгууллагууд, тогтвортой хөгжилд чиглэсэн санхүүжилт олгоход маш чухал үүрэг оролцоотой. Хөгжлийн банкны шинэчлэлийн хүрээнд үйл ажиллагаанд нь тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг нэвтрүүлэх, Төрийн банкийг шинэчлэн үйл ажиллагааг нь ЖДҮ-ийг дэмжихэд чиглүүлэх зэрэг олон шинэчлэлийг стратегид тусгасан.

-Манай улсын хувьд олон бодлого, хөтөлбөр баталдаг ч  хэрэгжилт хангалтгүй байна гэсэн шүүмжлэл дагуулдаг. Тогтвортой хөгжилд хүрэх, таны дурдсан бодлогын шинэчлэлүүд хэрэгжсэн эсэхийг хэрхэн хянаж, хэн хариуцах вэ?

-Тогтвортой хөгжилд хүрсэн эсэх, ямар ахиц дэвшил гарсныг хэмжихийн тулд НҮБ-аас нийтдээ 231 нийтлэг шалгуур үзүүлэлтийг боловсруулсан. Улс орнууд эдгээр шалгуур үзүүлэлтийг өөрсдийн нөхцөл байдалтай уялдуулан түвшнээ тодорхойлж байна. Манай улс ч өөрийн онцлогт нийцсэн үзүүлэлтүүдээ боловсруулсан. Ойрын хугацаанд УИХ-аар хэлэлцэнэ. 

Эдгэр шалгуур үзүүлэлтүүдээ баримтлаад зорьсон үр дүндээ хүрч байгаа эсэхийг хянах юм. Тухайлбал, ядуурлыг зорьсон хэмжээндээ хүртэл бууруулж чадаж байна уу, ой модны нөөцөө нэмэгдүүлж байна уу гэх зэргээр Тогтвортой хөгжлийн 17 зорилгын хүрээнд хянана.

Харин тогтвортой хөгжилд зарцуулж буй санхүүжилт нэмэгдэж байгаа эсэхийг хянахад өмнө нь дурдсан ТХЗ-ын санхүүгийн таксономийг боловсруулж батлах ажил маш чухал ач холбогдолтой. ТХЗ-ын санхүүгийн таксономи нь байгаль орчны асуудлуудаас гадна ядуурлыг бууруулах, эрүүл мэнд болон чанартай боловсролыг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байх зэрэг нийгэм, хүн рүү хандсан тогтвортой хөгжлийн зорилтын үзүүлэлтүүдийг хангахад чиглэсэн. Ногоон таксономийг өргөжүүлж, эдгээр нийгмийн үзүүлэлтүүдийг нэмж тусгаж байна. Энэхүү ТХЗ-уудын санхүүгийн таксономийг хэрэгжүүлж эхэлснээр байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжилд чиглэсэн нийгмийн төслүүдэд олгосон зээлийн статистик, мэдээлэл гаргах боломжтой. Үүн дээр тулгуурлан аль салбар руу санхүүжилтийн урсгал чиглэж байна, санхүүжилтийг хаашаа чиглүүлэх хэрэгцээ шаардлага өндөр байгаа зэргийг дүгнэж бодлого, үйл ажиллагаагаа уялдуулах боломжтой болно. 

Үндэсний Аудитын газраас ТХЗ-ын гүйцэтгэлийн аудит хийх, УИХ-ын холбогдох байнгын хороодууд дээр тодорхой зорилтуудын хүрээнд хэрэгжилт, санхүүжилтээр олон нийтийн оролцоотой, нээлттэй хэлэлцүүлэг хийх боломжтой. Түүнчлэн УИХын Тогтвортой хөгжлийн дэд хороо хяналт тавьж, үнэлгээ зөвлөмж өгөх юм. 

-Дэлхийн бусад улсуудын адил манай улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөж байна. ҮСНТ-ны стратегиийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлт болон байгаль орчны тулгамдаж буй асуудалтай тэмцэхэд хэрхэн анхаарах вэ? 

-ҮСНТ-ны санхүүжилтийн стратегийн хүрээнд байгаль орчны татварын шинэчлэл, тэр дундаа ногоон татварын тогтолцоог бий болгох зэрэг үе шаттай хэрэгжүүлж болох арга хэмжээнүүд тусгагдсан. Төрийн болон хувийн хэвшлийн компаниуд үйл ажиллагаандаа “Байгаль орчин, нийгэм, засаглалын стандартууд”-ыг нэвтрүүлснээр  байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ. 

Мөн байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр руу аажмаар шилжих, ингэхдээ төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаан дээр суурилах шийдлийг санал болгосон. 

Одоо хэрэгжиж буй системийн хувьд агаарын бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрээнд “Ногоон зээл”-ийг түлхүү гаргахад арилжааны банкууд анхаарах, төрөөс энэ чиглэлд ажиллаж байгаа аж ахуй нэгжийг дэмжих, хөнгөлөлт, урамшуулал олгох зэрэг бодлогын дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. 

-Манай улсын эдийн засаг, экспорт, төсвийн орлогод уул уурхайн салбар голлох байр суурь эзэлдэг. Тогтвортой хөгжлийн санхүүжилтэд  эл салбарын оруулах хувь нэмрийг хэрхэн дүгнэжж байна вэ?

-Байгалийн баялгийг ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулах нь зөв. Гэхдээ үйл ажиллагаа нь байгаль орчин, ан амьтдад ээлтэй, нөхөн сэргээлтийг хангалттай сайн хийдэг, тогтвортой уул уурхайг хөгжүүлэхэд чиглэсэн байх ёстой. 

Цаашид уул уурхайн компаниудад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохдоо байгаль орчинд ээлтэй байх, нөхөн сэргээлтийг өндөр түвшинд хийх, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангаж ажиллах талаар бодлогын бичиг баримтад нь тусгах нь зүйтэй. Мөн хөрөнгө оруулагчдыг уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэхэд хөрөнгө оруулалт хийхийг дэмжих хэрэгтэй. 

Сүүлийн үед уул уурхайн компаниуд ногоон хөгжил, нийгмийн хариуцлагад ихээхэн ач холбогдол өгдөг болсон. Тухайлбал, Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд идэвх санаачлагатай оролцож байна. 

Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа аж ахуй нэгжийн үйл ажиллагааг шууд зогсоож, хорихоос илүү сөрөг нөлөөг бууруулахад хамтран ажиллах болно. 

Уул уурхайн салбар нь цахилгаан эрчим хүч, түлш, шатахууны томоохон хэрэглэгч, энэ утгаараа хүлэмжийн хийн ялгаруулалт ихтэй. Ойролцоогоор 600-700 мянган тонн нүүрсхүчлийн хийг ялгаруулж байна. Цаашид энэ хэмжээ хоёр дахин нэмэгдэхээр байгаа тул уул уурхайн компаниуд эрчим хүч хэмнэлттэй тоног төхөөрөмж, машин механизм ашиглах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт хөрөнгө оруулалт хийж, өөрсдийн цахилгааны хэрэглээгээ хангах зэргээр хүлэмжийн хийн хаягдлаа бууруулах боломжтой. 

Эрчим хүчний үр ашгийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг санхүүжүүлэх сонирхол гадаадын хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагуудад их байгаа нь бас нэг боломж юм. Өөрөөр хэлбэл манай уул уурхайн компаниудад байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмж авах, үйл ажиллагаагаа тогтвортой болгоход чиглэсэн гадаад санхүүжилт татах боломж өндөр байна. 

-2030 онд Монгол улс НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилгуудын хүрээнд тодорхойлсон үндэсний хөгжлийн зорилтуудад хүрэх боломжтой юуу? 

-Хөгжлийн зорилтуудад хүрэхэд улс орны хэмжээнд зөв стратеги, бодлогын тогтвортой байдал, залгамж холбоо чухал. Дэлхий нийтээрээ хамтран ажиллаж, харилцан туршлага солилцож, бусдын сайн туршлагыг улс орныхоо онцлогт тохируулан нутагшуулж байна. Манай улсын хувьд ч гэсэн чамгүй хичээл зүтгэл гаргаж байгаа тул 2030 он гэхэд томоохон ахиц дэвшил гарна гэдэгт бүрэн итгэлтэй байна. 

 

 

 

 

 

 

B Shurenchimeg