Сингапурын төдийгүй Азийн томоохон хүнс үйлдвэрлэгчдийн нэг болох Food Empire Holdings Ltd-ийн ТУЗ-ын дарга Тан Ван Чоуг өнгөрсөн долдугаар сард манай улсад зочлох үеэр “Mongolian Economy” сэтгүүл уулзаж ярилцсан юм. Тэрбээр тус группийн үүсгэн байгуулагч бөгөөд 2000 оноос хойш ТУЗ-ын даргаар ажиллаж буй.

Манай уншигчдад Food Empire компани, тэр дундаа түүх, алсын хараа, эрхэм зорилгынх нь талаар эхлээд танилцуулна уу?

– Манай компани 1980-аад оны эхээр Зүүн Европын улсууд руу компьютер, мэдээллийн технологийн тоног төхөөрөмж худалдан борлуулах чиглэлээр “Future Enterprises Pte Ltd” нэртэйгээр анх байгуулагдсан. Гэвч тун хурдацтай хөгжиж байсан өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний салбар луу 1990-ээд оноос анхаарлаа хандуулж, тус салбарт орж ирсэн юм. Өдгөө дэлхий даяар найман үйлдвэртэй, хүнс, ундааны салбарт олон улсын брэндинг, үйлдвэрлэл явуулдаг Food Empire компани болон ажиллаж байна.

Манай компани бүтээгдэхүүнээ Вьетнам, ОХУ, Хятад, Монгол, Ойрхи Дорнод, Казахстан, Төв Азийн 50 гаруй улс руу экспортолдог.

Компани анх байгуулагдахдаа алсын хараагаа “Чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэдэг дэлхийн тэргүүлэх хүнс, ундааны компани болохыг зорьно. Бидэнд өөрчлөлтийг авчрах хүмүүс, хүсэл тэмүүлэл, бизнес эрхлэх урам зориг байгаа учраас энэ зорилгодоо хүрнэ” гэж тодорхойлж байлаа.

Нийт 17 брэнд бүхий хүнс, ундааны тэргүүлэх компанийн хувьд Food Empire компани чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч, хувьцаа эзэмшигч нартаа өгч ажилладаг. Манай гол бүтээгдэхүүний тоонд уусдаг кофе, капуччино, шоколадтай ундаа, жимстэй цай зэрэг ордог. Мөн бид түргэн уусдаг үр тарианы холимог, төмсний шаржигнуур үйлдвэрлэж борлуулдаг юм.

Брэндийн хүч чадалд би итгэдэг учраас группийнхээ маркетинг, брэндингийн үйл ажиллагаанд тун идэвхтэй оролцдог.

– Food Empire компанийг Сингапурын хамгийн үнэ цэнтэй брэндийн нэг гэж үздэгээс гадна Азийн шилдэг компаниудын нэгд тооцдог. Компанийг ийм амжилтад хүрэхэд юу нөлөөлсөн гэж боддог вэ?

-Бид брэндээр дамжуулан хэрэглэгч нартаа итгэлийг бий болгож, чанартай барааг нийлүүлдэг. Дэлхий даяар манай компанид ажиллаж буй хөдөлмөрч ажилтнууд байгаагүй бол бид өнөөдрийн энэ зэрэгт хүрэхгүй байх байсан. Тэрхүү хөдөлмөрч хүмүүсийн тоонд үйлдвэрийн анхдагч дамжлага дээр ажиллаж буй ажилтнаас эхлээд супермаркетэд бүтээгдэхүүн хүргэж өгч буй хүргэлтийн багийнхан гээд бүхий л шатны ажилтнууд багтана. Тэдний ачаар бид чанартай барааг хүндтэй хэрэглэгч нартаа найдвартай хүргэдэг юм. Энэ нь өмнө дурдсан манай алсын хараатай нийцэж байгаа гэж үзэж болно.

Танай компани Монголын зах зээлд анх хэрхэн хөл тавьж байсан бэ?

-Бид Номин компанитай хамтран ажиллаж ирснээ тун азтайд тооцдог. Тус компани болон захирал Ш.Баярсайхантай тогтоосон харилцаанаас бидний хамтын ажиллагаа анх эхэлж байлаа.

Бид анхнаасаа л хувийн маш сайн харилцаатай байсан юм. Энэ бол зөвхөн бизнесийн харилцаанаас давсан хүн хоорондын харилцаа гэж болно.

– Food Empire-ийн бүтээгдэхүүнийг маш олон монгол хүн мэддэг, хэрэглэдэг. Манай улсад танай ямар бүтээгдэхүүн хамгийн их борлуулалттай байдаг талаарх мэдээллээс сонирхуулж болох уу?

-MacCoffee, MacCereal, MacTea, MacChocolate бол Монголын зах зээлд хамгийн их танигдсан бүгээгдэхүүнүүд маань. Итгэдэг учраас хэрэглэгч нар маань манай брэндэд асар үнэнч хэвээр байна. Бид Монголын зах зээлд 2000 оноос хойш Номин компанитай хамран хөл тавьснаас хойш зах зээлд эзлэх хувиа тасралтгүй нэмэгдүүлж ирлээ.

– Таны бодлоор өнөөгийн бизнес ертөнцөд бизнесийн харилцааг улам цэцэглэн хөгжүүлэхэд чухам юу хамгийн их нөлөөлж байна вэ?

– Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэх тун чухал үүрэг хүлээдэг учраас нийлүүлэлтийн сүлжээний хамтрагч, дистрибютерүүдтэй бизнесийн сайн харилцаатай байх нь нэн чухал. Мөн цаг үргэлж өөрчлөгдөж буй зах зээлийн трендтэй хөл нийлүүлж, хэрэглэгч нарын эрэлт, шаардлагыг ойлгодог байх хэрэгтэй.

Нэмж дурдахад бид бүтээгдэхүүний үнийг боломжийн хэмжээнд байлгах, чанар стандартыг хэрэглэгчийн шаардлагад нийцүүлэхийн төлөө маш их хичээж ажилладаг.

Та Монголын бизнесийн орчны талаар ямар бодолтой байдаг вэ? Бизнес эрхлэх хугацаандаа танай компани Монголын зах зээлд ямар сорилт, бэрхшээлтэй тулгарч байв?

-Монголд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойших үеийг дүгнэвэл сүүлийн гурван жил тун амаргүй, хүнд үед тооцогдоно. Цар тахал, инфляц нь бидэнд хамгийн том сорилт болж байна.

Энэ хэцүү цаг үеийг хэрэглэгч нартайгаа хамт даван туулахыг хичээж байгаа учраас өмнө дурдсанчлан үнээ боломжийн хэмжээнд байлгах, хэрэглэгчийн шаардлагад нийцсэн чанарыг хадгалахын төлөө улам их хичээн ажиллаж байна. Мөн тун удахгүй Монголын эдийн засаг сайжирна гэдэгт итгэлтэй байна.

Ирэх жилүүдэд Номин компанитай хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх бодолтой байна вэ?

– Food Empire компани үр өгөөжийг нь хүртэх бүрэн боломжтой томоохон бизнес платформ Номинд бий. Мөн зах зээлд шинэ бүтээгдэхүүнээ шуурхай танилцуулах, нийлүүлэх маш сайн суурь болж өгдөг. Тус компанийн санхүүгийн бат бөх байр суурь нь хамтын ажиллагаанд тустайн дээр зөвхөн бизнесээ өргөтгөхөд анхаарах боломжийг бидэнд олгож байгаа юм.

Цаашид монгол хүмүүсийн сонирхол, хүсэлд нийцсэн илүү олон бүтээгдэхүүн гаргажмонгол хүмүүсийн сонирхол, хүсэлд нийцсэн илүү олон бүтээгдэхүүн гаргаж, компаниудад чиглэсэн бүтээгдэхүүнээ нэмнэ. Мөн одоогийн түгээлтийн моделиос давсан бизнесийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлнэ гэдэгт найдаж байна.

 

 

 

 

Mongolian Economy