Тогоруун цувааны араас нисэн одогсод

Sarangerel
2024-09-05 12:22:58
Ангилал: Нийгэм

Өдрийн турш манан дунд

Өөрсдийн дунд зай үлдээн нисэж буй нь 

Магад надад зориулагдсан ч байж болно 

Би ч хэзээ нэгэн цагт нисэх болно… 

хэмээх “Журавли” дууны мөртүүд санаанд тодорно. Дайны талбарт халуун амиа зориулсан цэл залуухан цэрэг, дайны утааг насаараа мартаагүй ахмад дайчид хүн төрөлхтөнд энх цагийг бэлэглэсэн. Энэ эрхэм хүмүүсийн алдар гавьяаг хэзээ ч мартах учиргүй. 

“Mongolian Economy” сэтгүүлийн баг Монгол Улс болон ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулан бэлтгэсэн дугаартаа Орос, Монголын ахмад дайчдын дурсамж, дурдатгалыг мөнхлөн үлдээсэн билээ. Тогоруун цувааны араас нисэн одсон ахмад дайчдын гэгээн дурсгалыг хүндэтгэн тэдний хүүрнэсэн түүх, өгүүлсэн захиасыг сэтгүүлийнхээ уншигчдад ахин дэлгэе.

Ахмад дайчдын өргөөнд болсон яриа

Москва хотын Олимпын өргөн чөлөөнд Ахмад дайчдын өргөө хэмээх гурван давхар шар барилга байх. Хөл ихтэй хотын энэхэн хэсэгт хөдөлгөөн багатай нам гүм, байшинг тойруулан барьсан хашаан дотроо зүлэг мод тарьж тохижуулсан нь амралт сувиллын газрыг санагдуулна. Бид чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин, бэлтгэл хурандаа Александр Андреевич Пермяковтой уулзахаар тэнд очсон бөгөөд өвгөн хурандаа хэдийн одон медалиа зүүчихсэн үүдний сандал дээр биднийг хүлээж байлаа. Тэрбээр цэргийн хүний ёсоор цэх зогсож байгаад халуун дотноор бидэнтэй мэндэлснийхээ дараа 3-р давхарт байх өрөө рүүгээ дагуулан явав. 93 настай хүн гэхэд таяг ч тулаагүй, алхаа гишгээ нь ясны цэрэг эр тэрбээр ахмад дайчдыг асарч тойлдог энэ сайхан газар амарч сувилуулж буй хөгшчүүд дундаа толиотой харагдана. Александр Андреевич Эрхүү хот дахь Черниговын цэргийн инженерийн сургууль төгсжээ.

Төгсөгчдийн олонх нь Баруун фронтод хуваарилагдсан бол дэслэгч Пермяковыг Өвөр Байгальд, Читад илгээн, Дагуур, Бооржийн (Борзя) заагаар өнгөрөх төмөр замын салаа орчим Харанор хэмээх станцад байрлаж байсан саперын батальонд салааны даргаар томилсон байна. Тус батальон хилийн зурвас дахь минатай талбайг цэвэрлэх, шаардлагатай газруудыг минажуулах үүрэгтэй байв. “Бид явган цэрэг болон танк эсэргүүцэх мина тавьдаг байсан, яагаад гэвэл Японы цэргүүд хэзээ хэзээгүй дайран орж ирж болзошгүй байлаа. Японууд төмөр бетоноор цутгасан 17 бэхлэлттэй байсан бол бид газар гэрт, нуувчинд байрлаж хориглолт, хамгаалалтын ажил, байлдааны бэлтгэл сургууль хийдэг байв. Миний удирдлагад байсан цэргүүд бүгд энхийн цагт тракторчин, мужаан, дархан зэрэг мэргэжилтэй ажилчид байсан бага боловсролтой, 35-40 насны эрчүүд байв. Харин 22-хон настай залуу дарга би өглөөнөөс орой болтол тэдэнд хичээл зааж, цэрэг дайны бэлтгэл хийх нь тийм ч амар байгаагүй.

Бидний эргэн тойрон нүцгэн тал, 40 км-т нэг ч энгийн хүн үзэгдэхгүй, бид газар гэрт байнга хачигт хазуулж байхдаа тал газар хаанаасаа бясаа гараад ирдэг байна аа гэж гайхдаг байж билээ. Дайснууд байсхийгээд л өдөөн хатгана. Дайрах гэж байгаа мэт гэнэт гарч ирснээ алга болно. “Өдөөн хатгалгад автаж болохгүй, буудаж болохгүй!” гэсэн тушаалтай тул хариу буудах эрхгүй байв. Тэр үед одоогийнх шиг төмөр биш модон мина байсан болохоор өвөл газарт булсан минанууд хавар газар гэсэхээр өгөрч муудаад дахиад л шинээр минажуулах хэрэгтэй болно. Наймдугаар сарын 9-ний шөнө манай саперын батальон толгойн сэргийлэх хоёр отрядтай хамт Говь, Хянганы зүг хөдөлсөн. Бид говь цөлийг яаралтай туулж, Их Хянганы нурууг давах ёстой байлаа. Энэ бартаат замд манай саперын салаа толгойн сэргийлэхэд явж бусдадаа зам гаргах үүрэгтэй байв.

Монгол Улс Халхын голын дайнаар тусгаар улс болох замаа сонгосон бол Чөлөөлөх дайнаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж, баталгаажуулж чадсанаараа онцлог гэж түүхч, судлаачид үздэг

Бид замдаа таарсан дайсны жижиг бүлэглэлүүдийг устгах, дайсны минануудыг аюулгүй болгох, цэргийнхээ гол хүчийг мэдэгдэхгүйн тулд дайсан руу довтолж тулалдахгүй, аль болохоор тойрч гарах ёстой. Газрын ямар ч баримжаагүй нөхцөлд 40-50 хэмийн халуунд явж явж 20-хон минут амсхийгээд өдөр шөнөгүй, нойр хоолгүй явна. Дайснуудын ухаад далдалсан том нүхэнд цэргүүд, танкууд унах нь энүүхэнд. Цэргүүд маань өдөрт 200 грамм ус уух нормтой байсан бөгөөд усны нөөц дуусах үед говьд худаг ухаад ч ус гарахгүй, олдсон худаг нь усгүй, эсвэл усыг нь хордуулсан байдаг байв. Арай гэж ус олдвол уухын аргагүй булингартай шалбааг. Заримдаа хязгааргүй мэт өргөн говьд том нуур цэлэлзэн харагдах шиг болно. Гэтэл тэр нь зэрэглээ байна. Бүсэндээ тэсрэх бодис бэхэлсэн амиа золиослогч цэргүүд ус, бензин ачсан цуваа юм уу эмнэлгийн хэсэг, танкуудыг дэлбэлэхээр мөлхөн ирнэ. Явган цэргүүд амсхийх хооронд манай саперчид нойр авалгүй урагшилж замд таарах саад бартааг арилгана. Хянганы нурууг давах үед өөдөөс буу шагайгаад хэвтэж буй дайсны мэргэн буучид, пулеметчидыг аюулгүй болгох үүрэг бидэнд бас ногдоно.

Явган цэргүүд, танкнууд маань түргэн урсгалт уулын гол, өтгөн шигүү ой мод, асга хадан дундуур бэдэрч, бид заримдаа хад чулууг дэлбэлж байж танкнууддаа зам гаргадаг байлаа. Цэргүүд өөрсдөө хүнд буу зэвсгээ үүрч явах бөгөөд уул өөд мацахдаа хүнд зэвсэг техник, танкнуудаа “тягач” гэдэг хүчирхэг машинаар, олсоор татан гаргадаг байв. Хянганы нурууг даваад уруудах үед 200 орчим танкнаас маань 70 шахам нь л үлдсэн байсан. Говийн аагим халуун нар, Хянганы нурууны бартааг даван Монголын нутгаас алслахад аадар бороо шаагьж, цэргүүд маань шавар намагт өвдгөө хүртэл шигдэн, ус чийгэнд үжирч зөөлөрсөн хөрсний гулгалтын улмаас танк явах боломжгүй болж төмөр замын дэр модон дээгүүр урагшлахаас аргагүйд хүрч байлаа. Шатахуун дуусахаас аваад эвдэрч гэмтсэн танкнуудад маань хятадууд өөрсдийн машинаар түлш шатахуун аваачиж, танк явах боломжгүй газраар гүүр барьж өгөх зэргээр бидэнд тусалдаг байлаа. “Тэр үед үхлээс айдаг байсан уу, өөрийгөө яаж зоригжуулдаг байсан бэ?” гэж надаас хүн асуудаг юм. Даалгавраа л биелүүлэхийг бодохоос бус үхлээс айдаггүй байж дээ. “Үхэх ёстой юм бол тийм л хувьтай юм байгаа биз. Нэг л үхэхээс бус хоёр үхэх биш” гэж боддог байсан. Залуу нас маань дайн тулаан дунд өнгөрч, цэргийн албанд нийт 34 жил зүтгэжээ. Нойргүй хоногууд, давшилтын хүнд өдрүүд өчигдөрхөн мэт санаанаас ер гардаггүй юм.

Бид юуны төлөө тэмцэж явсныг одоогийн хүүхэд, залуус ойлгоод байгаа мэт, одон медалийг маань сонирхон тэмтэрч үзэхээс бус энэ сайхан амьдрал ямар их үнээр олдсоныг төдий л мэдэхгүй байх шиг. Есдүгээр сарын 1-ний хичээлийн шинэ жилийн нээлтээр жич хүүгийн маань сурдаг сургуулийн багш намайг урьж, сурагчдад яриа хийлгүүлсэн. Тэгэхэд хүүхдүүд “Бид Германтай дайтаж байсан тухай олонтаа сонссоноос бус Халхын голд Японтой тулалдсан талаар сонсож байгаагүй тул их сонин байна гэцгээж байсан. Залуус маань уг нь зурагт, компьютер шагайж суухаар ном уншдаг бол улс орныхоо түүхийг, энхийн үнэ цэнийг илүү сайн мэдэх сэн. Тиймээс ахмад үеийнхнээ үнэлж хүндэтгэдэг, түүх уламжлалаа дээдэлдэг, эх оронч сэтгэлгээтэй болоход нь хойч үеийнхэндээ туслах нь бидний үүрэг юм даа” гэж Пермяков гуай ярьсан юм. 

Орхиё

Домог мэт яригддаг хүмүүс байдаг. Тийм хүмүүсийн нэг нь Москва хотын Лениний районы нэр хүндтэй оршин суугч, өдгөө 100 нас шүргэж яваа өвгөн генерал Николай Дорофеевич Кравец юм. Халхын голын тулалдаан, Эх орны их дайнд оролцож явсан энэ буурал Халхын голын ахмад дайчдын Монголын хэсгийн товчооны гишүүн, мөн ОХУ дахь Монголын анд нөхдийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн хүн юм. Манай сурвалжлах хэсэг Москвад ажиллахдаа эрхэм генералынд зочилж, ид залуу байлдаж явсан үеийнх нь дурсамжаас хуваалцлаа. -“Би амьдралд эрт хөл тавьж, 13 наснаасаа л ажиллаж эхэлсэн хүн” хэмээх үгээр генерал дурсамжаа эхлэв. Тэрбээр цааш нь “1917 онд Украины Винница мужийн Тульчины районы Мазуровка тосгоны өнөр гэр бүлд төрсөн. Хөгжлийн бэрхшээлтэй эцэг эх маань хүүгээ цэрэгт явуулахгүй байж болох байсан ч тэдний зөвшөөрснөөр би 1938 оны есдүгээр сард Ажилчин, тариачны улаан армид татагдаж, Свердловск дахь Уралын цэргийн тойргийн 126-р корпусын их бууны хорооны сургуулийн сонсогч болсон юм.

1939 оны тавдугаар сард Японы Квантуны арми Манжуурын нутгаас манай цорын ганц найрамдалт орон Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмрөн орж, Монголын зүүн хэсэг Халхын гол орчимд 70 гаруй км өргөн, 40 орчим км гүн түшиц газрыг эзлэн авсан билээ. Зарлаагүй дайн эхлэх нь тэр. БНМАУ-ын Засгийн газрын хүсэлтээр ЗХУ Монголын ард түмэнд тусламжийн гараа сунган Монгол Улсын хил хязгаарыг өөрийн мэт хамгаална гэдгээ мэдэгдсэн. Миний хувьд 1939 оны 5-10-р сард Г.К.Жуковын захирч байсан армийн 126-р корпусын их бууны хороонд улс төрийн орлогчийн алба хашиж байхдаа Халхын голын дэргэд Японы цэргийн анги, нэгтгэлүүдтэй хийсэн тулалдаанд оролцсон юм. Монголд анх очиход эргэн тойрон элсэн манхан, намхан довцог, толгой, хаа нэгтээ адуу мал, ганц нэг айл харагдах нь их л сонин санагдаж байлаа. Одод их тод, том ч юм шиг харагдаж байсан. Эхлээд бид Тамсагбулагт, дараа нь Баянтүмэнд очсон.

1939 оны тавдугаар сард Японы Квантуны арми Манжуурын нутгаас манай цорын ганц найрамдалт орон Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмрөн орж, Монголын зүүн хэсэг Халхын гол орчимд 70 гаруй км өргөн, 40 орчим км гүн түшиц газрыг эзлэн авсан билээ

Баянтүмэн хилд ойрхон тул японуудын агаарын болон гэнэтийн аливаа довтолгоонд өртөх аюул их байв. Цэрэг дайны үйл ажиллагаа ид өрнөж, нөхцөл байдал ер бусын хурцадмал байлаа. Хамгийн түгшүүртэй нь минометын хүчтэй гал байсан. Японууд манай нуувчууд руу минометын галаар тасралтгүй шүршиж, өглөө оройгүй галлана. Тэд хаалттай нуувчинд байсан бол бид цөм ил газар байсан. Бид өдөртөө миномётын галаас нуугдаж, оройдоо зөвхөн мөлхөж явж байрлалаа сэлгэнэ. Цэрэг, техникийн чухал объект, цохилтын гол хүчээ дайснаас халхавчлах зорилгоор байрлалаа байнга сэлгэн дайсныг хуурах маневр хийдэг байв. Байдал маш тайван бус байсан бөгөөд японууд манайхнаас амьд хэл олзлох гэж оролддог байв. Байлдааны турш бид хүмүүсээ алдахгүйг хичээж уйгагүй элс ухан, газар гэр, нуувч малтана. Бидэнд сум маш үнэтэй байсан учраас тушаал өгвөл л гал нээхээс бус дур мэдэн буудах эрхгүй байсан. Миний аз таарч батарейн захирагч, ахмад Павел Манерных маань басманчуудтай байлдаж явсан туршлагатай хүн байсан нь надад ихээхэн түшиг болсон доо. Халхын голын шийдвэрлэх тулалдаан 1939 оны долдугаар сарын 8-наас наймдугаар сарын 20-ны хооронд Баянцагаанд болсон. Наймдугаар сарын эхэн хүртэл агаарт Японы тал ноёлж байсан ч яваандаа манай нисэх хүчин давамгайлах болж, фронтын байдал нааштайгаар эрс өөрчлөгдсөн юм. Наймдугаар сарын 20-нд Зөвлөлт-Монголын цэргүүд хамтдаа давшилтад орсон. Тэр өглөө тунгалаг сайхан өглөө байв. Дээгүүр онгоц нисэж, ЗХУ-ын сүлд дуулал, артиллерчид болон нисгэгчдийн сүлд дуунууд фронтын талбараар цуурайтна. Бид нэлээд их хохирол амсаж, олон нөхөд маань амь үрэгдсэн. Монгол цэргүүд ч бас биднээс дутахгүй сайн байлдаж байсан.

Ингээд наймдугаар сарын 31-нд БНМАУ-ын нутаг дэвсгэрийг дайсны түрэмгийлэгчдээс бүрэн чөлөөлсөн дөө

Наймдугаар сарын 23-нд бид артиллерын галаар болон агаараас давтан цохилт өгснөөр Японы эзэн хааны армийг бүсэлж, төдөлгүй бут цохисон. Ингээд наймдугаар сарын 31-нд БНМАУ-ын нутаг дэвсгэрийг дайсны түрэмгийлэгчдээс бүрэн чөлөөлсөн дөө. Ташрамд дурдахад, Халхын гол дахь агаарын тулааныг цэрэг-дайны түүхэнд хоёр талаас анх удаа нэгэн зэрэг олон онгоц оролцсон хамгийн том агаарын тулалдаан, Дэлхийн II дайны өмнө цэргийн нисэх хүчний чадавхыг шалгасан том шалгуур байсан гэж үздэг. Тулалдаан дууссаны дараа манай их бууны хороо төмөр замын Боорж өртөө орчим байрлаж, байлдааны сургалтаа явуулсаар байв. Миний хувьд энэ үеэр Өвөр Байгалийн цэргийн тойргийн 126-р корпусын их бууны хорооны улс төрийн удирдагчийн орлогчоор ажиллаж байгаад 1941 оны тавдугаар сард улс төрийн бага дарга цолтой бэлтгэл офицероор халагдаж, Тульчины районыхоо намын хороонд зааварлагчаар очсон” хэмээн Николай Дорофеевич ярьсан юм. Түүний цэрэг-дайны замнал үүгээр дууссангүй, Эх орны их дайн эхлэхэд Өмнөд фронтод томилогдож фронтын бүх гол тулалдаанд оролцон, удаа дараа гавьяа байгуулжээ. Дайн дууссаны дараа ч арми дахь албаа үргэлжлүүлэн хашиж, Их бууны штабын офицерын дээд сургууль, Цэргийн улс төрийн академид суралцан, Зөвлөлтийн армийн улс төрийн байгууллагуудад янз бүрийн удирдах албан тушаал хашиж байгаад 1974 онд ЗСБНХУ-ын Зэвсэгт хүчнээс гавьяаныхаа амралтанд гарсан аж. Эрхэм генералын дурсамжийг сонсож суухдаа би олон жилийн тэртээ явж өнгөрсөн газар усныхаа нэр, тухайн үйл явдал болсон огноог огтхон ч түүртэлгүй санах ой ухааныг нь биширч суулаа. Хааяа нэг хэлэх гэсэн зүйлээ мартаад түүнийгээ санахаар бодлогошроход нь өөр сэдэвт яриаг нь шилжүүлэхээр тэсгэлгүй ам нээнгүүт эгээ л цэрэгтээ тушааж буй мэт “Отставить!” (Орхиё!) хэмээн командлах нь аргагүй л цэргийн дарга хүний араншин гэж бодогдоно. 

Тэнгэрээс олсон тусгаар тогтнол

1945 оны Чөлөөлөх дайнд гар бие оролцож явсан дайчин цэрэг эрсийн нэг бол С.Батсүх агсан. Түүнийг 2015 онд буюу түүхт ялалтын 70 жилийн ойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч В.И.Путиний зарлигаар Хүндэтгэлийн медалиар шагнаж байсан юм. Ардын багшаас агаарын хүчинд зүтгэж, дайрагч онгоцны буудагч болсон түүний түүх одоогийн бидэнд яг л кино мэт санагдана. 2016 онд түүнийг 90 насны сүүдэр зооглож байхад манай сэтгүүлч түүнтэй ярилцаж, залуусын хэзээ ч мартах учиргүй түүх, дурдатгалыг нь буулгасан билээ. Эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө амь биеэ үл хайрлан зүтгэсэн бахархам эрсийн тод төлөөлөл, ахмад дайчин С.Батсүх агсны дурсамжаас: 18 настай бага ангийн багш Өмнөговь аймгийн Ноён сумын иргэдэд бичиг үсэг заахаар явж байсан нь ажил амьдралын минь анхны гараа байж. Дараагаар нь 1945 оны тавдугаар сард мэргэжлээ дээшлүүлж, их сургуульд орох санаатай Улаанбаатар хотод гэртээ ирсэн юм. Гэтэл цэрэгт дайчлагдчихсан. Их сургуулийн элсэлт хэрхэн авдгийг судлахаар гудамжинд явж байтал комендантын хоёр цэрэгтэй тааралдаад шууд л цэрэгт татагдсан. Зарлан бүртгэл байхгүй тул эрчүүдийг тэгж л цэрэгт татахаас өөр арга байгаагүй. Биднийг Нарантуул захын цаахна байрлах олон жижиг цагаан байшинтай Цагаанхуаран нэртэй газарт усанд оруулаад шууд л цэргийн ангиуд руу хуваарилсан. Гар утас, холбоо харилцаа байхгүй. Гэрийнхэндээ хэл дуулгах ч боломж олдоогүй. Өмссөн тэрлэг, гутлаа боож шидчихээд цэрэг хувцас өмсөөд л явсан. Гэрийнхан маань намайг их эрж сурсан гэсэн.

Хуваарь ёсоор би Нисэхийн дивизэд очтол авга ах маань уг дивизэд алба хааж таараад аав ээжид хэл дуулгаж, тэдний минь сэтгэлийг амраасан. Амраах ч юу байх вэ, ямар ч байсан хаана байгааг минь мэдэж авсан. Гэсэн ч сэтгэл нь бүр их зовж эхэлсэн л дээ. Ардын хүүхдэд ном заадаг хүү нь гэнэтхэн дайны талбарт байлдахаар болсныг сонсоод эцэг эхийн сэтгэл тайван байхгүй нь ойлгомжтой. Харин байлдагч миний сэтгэл хачин баясгалантай, зоригтой, эх орноо хамгаална, дайсныг дарна гээд л онгирчихсон явсан санагддаг. Эх орны тусгаар тогтнолын төлөө дайнд оролцох тушаал авна гэдэг эр хүний бахархал юм билээ. Эр хүн эх орныхоо төлөө цэргийн алба хаах, дайнд мордох бол сайхан шүү дээ. 1911 оноос Монгол Улс хэд хэдэн удаа тусгаар тогтнолоо зарласан. Гэхдээ манай улсын тусгаар тогтнолыг хүлээж авсан орон 1921 он хүртэл байгаагүй. 1945 оны эхээр Дэлхийн II дайнд оролцож байсан улсууд Ялтад хуралдаад “Дайнд 40 гаруй орон оролцлоо. Германы фашистуудын ялагдлаар төгсөх нь ойлгомжтой” гээд улс орнуудын статусын тухай ярилцсан. Энд Зөвлөлтийн удирдлага БНМАУ-ын тусгаар тогтнолыг зөвшөөрөх асуудлыг оруулахад манай улсыг Алс Дорнодод Японы эсрэг дайнд оролцуул, тэгвэл бид тусгаар улс хэмээн зөвшөөрнө гэсэн байдаг. Удалгүй ЗХУ-ын удирдлага Сталины тушаал гарч, Монголын морин цэргийн дөрвөн дивиз, их бууны, хуягт танк болон холбооны хороо, нисэх дивиз, сайн дурын морьт отрядын ангиудыг 1945 оны Халхын голын дайнд оруулсан юм. Тэр үед би Нисэх дивизэд цэргийн алба хааж байсан тул хамрагдсан.

Дайн дууссаны дараахан Монгол Улсыг тусгаар тогтносон улс болохыг зөвшөөрч байгаа эсэх тухай бүх нийтийн санал асуулга болсон. Би тусгаар тогтносон Монгол Улсын иргэн мөн гэж гарын үсэг зурах шиг сайхан зүйл үгүй

Манай дивиз Шувуун фабрикт байрладаг, дайрагч, сөнөөгч, бөмбөгдөгч гэсэн гурван төрлийн онгоцтой. Сөнөөгч нь онгоцыг агаарт сөнөөх, дайрагч нь явган цэргийн хүчийг агаараас бөмбөгдөж бууддаг. Би дайрагч онгоцны буудагч учраас нисгэгчийн яг ард сууна. 150 сумтай пулемёт бол миний гол зэвсэг. Нисэх хүчин шатахуун их хэрэглэнэ, тусгай буух газар олно, зэвсэг агуулах урьдчилан бэлтгэнэ, зэвсгээ зөөнө. Онгоц нисэж байхдаа хурдан ч хөөрч буухдаа удаан, цаг авдаг. Тэгвэл морин цэргийнхэн шинелиэ өмслөө, буугаа үүрлээ, мориндоо мордоод л давхичихна. Дайн байлдааны нөхцөлд хурдан шаламгай хөдөлгөөн чухал. Тиймээс нисэхийнхэн дайнд тоотой ордог нь ийм учиртай. Гэхдээ л дайн бол дайн шүү дээ. Анх онгоцонд суугаад хөөрөх үед дайснаа дарж, дархан цолоо мандуулна гэсэн 20 настай залуугийн онгироо бардам сэтгэл ул мөргүй алга болж билээ. Тэр үед л айж буйгаа их мэдэрсэн. Газарт байхдаа дайснуудыг хиар цохино гээд л онгирно шүү дээ. Дайчин, цэрэг эрсийн хувьд дайн дуусах үгээр хэлэмгүй сайхан мөч. 1945 онд дайнд дууссан. Дайн дууссаны дараахан Монгол Улсыг тусгаар тогтносон улс болохыг зөвшөөрч байгаа эсэх тухай бүх нийтийн санал асуулга болсон. Би тусгаар тогтносон Монгол Улсын иргэн мөн гэж гарын үсэг зурах шиг сайхан зүйл үгүй. Сэтгэл уужирч, нэг л бардам болно. Дараа жил нь би Зөвлөлт рүү Москвагийн Агаарын цэргийн холбооны сургуульд гурван жил сурахаар явсан юм. Ингээд л багшийн мэргэжлээ дээшлүүлж, их сургуульд орох асуудал өнгөрч билээ. Үндсэн хуульд “Онцгой тохиолдолд дайны үед төр иргэний эрхийг хязгаарлана. Хязгаарласан эрхээ нөхөн сэргээнэ” гэж бичсэн байдаг. Дайны үед нүүх суух, үг хэлэх, шүүмжлэх зэргийг хязгаарлана. Бүх л зүйл дайны байдалтай байна. Дайны үед сайн дурын морьт отрядынхан гэж 17-18 настай цэргийн насанд хүрээгүй залуус хоёр морьтойгоор дайнд дайчлагдаж, энгийн хувцсыг нь хил дээр цэргийнхээр солиод л Өвөр Монголын хил рүү оруулна. Залуус хамгийн сайн, шилдэг морьдоо унаад эх орноо хамгаалахаар явж байлаа. Эх орныхоо төлөө бүх л зүйлээ зориулах ёстой гэсэн сэтгэл монгол эр хүн бүрт баттай байсан. Үүгээрээ бид бахархдаг. Манай хөрш орнууд Дэлхийн II дайн болон Чөлөөлөх дайны ойг маш өргөн дэлгэр тэмдэглэдэг. Олон улсын харилцаанд гарч буй зарим нэг асуудлыг номхотгоход зориулж, ойг өндөр хэмжээнд тэмдэглэж байна гэж би ойлгодог. Мөн залуу үеийг эх оронч үзэлтэй, нэгдмэл болгоход ихээхэн тустай. Эх орон бол үнэ мөнгөөр бус үзэл бодлоор хэмжигддэг. Тийм ч учраас залуу хойч үедээ эх оронч үзэл, хандлага төлөвшүүлэх хамгаас чухал. 

/Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан тусгай дугаараас. 2021 он/