Монголын Аялал Жуулчлалын Холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөрийн Mongolian Economy сэтгүүлийн “Тогтвортой аялал жуулчлал” тусгай дугаарт зориулан бичсэн нийтлэлийг хүргэж байна.
Аялал жуулчлалын салбарын маань жил бүрийн нэгэн чухал үйл явдал болох “International Tourism Mart-2025” уламжлал ёсоор 26 дах удаагаа Улаанбаатар хотноо энэ сарын 24-26 өдрүүдэд зохион байгуулагдаж байна.Энэхүү арга хэмжээ нь Монголын аялал жуулчлалын салбар өмнө жилийнхээ алдаа оноо, амжилт ололтыг дүгнэн хэлэлцэх, ирэх он жилүүдэд хэрэгжүүлэх шинэ санаа оноо, бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэлгэн танилцуулах, интеграци хөгжүүлэлтийг хэлэлцэх, хүндрэл бэрхшээлийг даван туулах, харилцан суралцаж, хамтын ажиллагаагаа илүү мэргэжлийн, хариуцлагатай чиглэлээр оновчтой бодлого, төлөвлөлтэйгээр ажиллах боломж нөхцөлийг хангах салбарын нийт оролцогчид, үйлчлүүлэгч, түншүүдийн төвлөрсөн уулзалт платформ юм.
Энэ жилийн онцлог
Монгол улсын аялал жуулчлалын салбар нь зөвхөн үндэсний эдийн засаг, соёл, байгаль хамгааллын олон талт эерэг өгөөж, тулхтай түншлэлийг бий болгох стратегийн чиглэл төдийгүй, Монголчуудын бүтээсэн их түүх соёлын үр хөврөл болсон Төв Азийн нүүдэлчдийн бүтээсэн өвөрмөц онцлог ахуй, аж амьдрал, технологийн орон зайд өөрийн гэсэн өвөрмөц аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг тодорхойлж дэлхийн зах зээлд хөгжүүлж, нэрийн хуудасаа тамгалж явна. Тиймээс ч манай улс төдийгүй, Төв Азийн улс орнууд буюу бидний түүхийн нэгэн хэсэг болсон улс орнууд маань бүгд өнөөг хүртэл Гэр хэлбэрийн нүүдэллийн аяллыг дэлхий дахинаа сурталчлан таниулж ялгарахын хамт, цаг үедээ нийцсэн шинэ инноваци бүхий хөгжүүлэлтийг эрэн хайж, харилцан суралцах, бүтээгдэхүүн үйлчилгээ, хүний нөөц, аяллын техник хангамж, маркетинг, борлуулалтын өгөөжийг нэмэгдүүлэх зайлшгүй оролдлого, хайгуул дунд ажиллаж байна. Олон дэд хэсэг, нэгжээс бүрддэг аялал жуулчлалын салбарын амжилтын үндсэн зарчим нь Хамтын ажиллагаа гэдгийг бид бүрнээ мэдрэхийн хирээр энэ бол зөвхөн дотоодын төдийгүй олон улсын хэмжээнд ялангуяа бүс нутаг,соёл гарвал ижил ойр зах зээл дээрх зорих газруудын хамтын бүтээлч, идэвхитэй ажиллагаанаас шууд хамаардаг болохыг хол ойрын олон жишээ, кейсээс харж байна. Төв Азийн бүс нутагт аялал жуулчлалын салбарыг хамтарсан ээлтэй, ашигтай, шинэлэг харилцаагаар хөгжүүлэхэд Монголын аялал жуулчлалын салбарын гүйцэтгэх үүрэг, манлайлал нэн чухал үүрэгтэй. Ялангуяа бүс нутгийн аялал жуулчлалын язгуур онцлог болсон эмзэг онгон байгаль, нүүдэлчдийн бүтээсэн дэлхийд гайхагдах түүх соёлын амьд өв уламжлал тэргүүтэн салбарын нөөц, нийлүүлэлт, үйлчилгээг Тогтвортой Хөгжлийн үндсэн үзэл баримтлалтай уялдуулан уян хатан, шинэ түвшинд гарган, идэвхитэйгээр ажиллах шаардлага, цаг үе нэгэнт бий болжээ. Тиймээс энэ жилийн манай арга хэмжээ нь “Тогтвортой Аялал Жуулчлал-Төв Ази” хэмээх чиглэл, зорилго дор зохион байгуулагдаж буйг зориуд тэмдэглэе.
Ковид цар тахлын үед хамгийн хүчтэй нэрвэгдэж, уналтад орсон аялал жуулчлалын салбар эдүгээ нэн эрчимтэйгээр эргэн ирж, сэргэж буй нь өнгөрсөн онд дэлхий даяар аялсан хүмүүсийн тоо болох 1,4 тэрбум аялагч Ковидын өмнөх дээд амжилтдаа дүйцэж, жуулчид 1,9 их наяд ам.долларыг аялалдаа зарцуулсан байна. Эдгээр үзүүлэлт 2025 онд 3-5% өсөлттэйгээр нэмэгдэж байгаа.
Манай улс 2024 онд 809 000 орчим гадны зорчигчдыг хүлээн авч, 1.6 сая орчим ам.долларыг энэ салбараас ДНБ-д үлдээсэн нь хэдийнээ өмнөх жилүүдийн статистикаас илүү гарч, салбарын гүйцэтгэл 60 илүү хувьтай явагджээ.
Дотоодын аялал ч мөн идэвхжиж, 1.6 сая гаруй аялал бүртгэгдсэн байгаа нь манай дотоод аялал үндэсний аялал жуулчлалын хөгжилд даацтай нөлөөлж байгааг анхаарууштай. Эдгээр тоон үзүүлэлтийн цаана чанар, бизнесийн шууд өгөөж, маржин, аялал жуулчлалын бизнес эрхлэх эээлтэй, аюулгүй орчны асуудлыг бид эдүгээ нягтлан тооцох нь чухалтай. Импортын аялал жуулчлал буюу аутбаунд чиглэл хурдтайгаар өсч, 3,4 сая монголчуудаа гадаад улсууд руу аялж буй нь аялал жуулчлалын салбарын экспорт-импортын тэнцлийн төдийгүй нийгэм-эдийн засгийн анхаарууштай үзэгдэл мөн. Салбарын хэмжээнд нийт 80 гаруй мянган ажилтан албан хаагч улиралын хийгээд улиралын бус цагт ажилладаг хэмээдэг ч бидний өмнө тулгарч буй нэгэн сорилт бол чадварлаг, мэргэжлийн хүний нөөцийн дутагдал, сургалт, давтан сургалтын цогц асуудал байгаа.
Дэлхий нийтээрээ натур байгалийг шүтэж эрэлхийлсэн, соёлын язгуур өв, бодитой уламжлалт ахуй туршлагыг мэдэрч суралцах, цэнэгжих, алжаал тайлахын хамт орчин цагийн техник технологи, хиймэл оюун ухаан, дижитал ололт амжилтад тулгуурласан аялал жуулчлал, амралт, гадагш зорих чиглэлийн цоо шинэ эрэлт нийлүүлэлт дор манай салбарын өрсөлдөөн, инноваци, чиг хандлага тодорхойлогдож байна. Монгол Улс ийм эрэлт хэрэгцээг хангах хамгийн онцгой боломж, язгуур нөөц, нууцлагдмал соронзон хүчийг агуулсан дэлхийн жуулчдын нэгэн өвөрмөц аяллын газар.
Гэсэн хэдий ч эдийн засгийн бодит эргэлтэнд орж чаддаггүй нөөц, байгаль түүх соёлын үзэсгэлэн төдийгөөр аялал жуулчлалын салбар тодорхойлогдож чадахгүй, харин ч стратегийн удирдлага, мэргэжлийн чанар, хариуцлагатай өсөлт, бизнесийн бодит өгөөж, оновчтой түншлэл дээр үндэслэгдсэн хувийн хэвшлийн манлайлал гүйцэтгэлийн дагуу аялал жуулчлалын салбар хөгжин цэцгэлдэг. Ингэхдээ төрийн оновчтой хийгээд тогтвортой дэмжлэг, хамтын ажиллагаанаас салбарын хувийн хэвшлийн бодит гүйцэтгэл, үр дүн илэрхийлэгддэг нь дэлхийн жишиг бөгөөд бидэнд ярилцах нэгэн асуудал мөн. Дэлхийн Эдийн Засгийн Форумаас гаргадаг “Аялал Жуулчлалын Хөгжлийн Индекс” (Travel Tourism Development Index, 2024)-ийн 2024 оны байдлаар Монгол Улс нь 119 орноос 84-т орж буурсан цаад шалтгаан, анхаарах чиглэлүүдийг бид тухайлан хэлэлцэж шийдэл, гаргалгааг олох ёстой.
Эрэлт ба чадавхийн уялдаа
Манай улсын экспортын чиглэлийн аялал жуулчлалын (inbound tourism) уламжлалт эх үүсвэрийн зах зээл болсон хоёр хөрш гүрнүүд, БНСУ, Япон, Европ болон Хойд Америкийн орнуудын аялагчдын сонирхол, эрэлт хэрэгцээг цаашид баттай сайжруулан үргэлжлүүлэх, мөн уламжлалт бус улс орнуудаас ирэх жуулчдын тоо, хэлбэр, аяллын эрэлтэнд дүйцэхүйц бүтээгдэхүүн үйлчилгээг жуулчдын сегмент бүрээр нарийвчлан судалж, бүс нутгийн интеграци, аяллын чиг хандлагатай уялдуулсан шинэчлэлийг явуулах зүй ёсны шаардлагатай бидэнд тулгарч байна. Аяллын нийлүүлэлтийн сүлжээ, бүтээгдэхүүний чанар, үйлчилгээний түвшин, бизнесээ тогтвортой, баттай явуулах аюулгүй байдал, тав тух, жишиг удирдамж-стандарт зэрэг асуудлууд дээр тодорхой ойлгомжтой, мэргэжлийн бодлого, акцыг явуулж, олон улсын түвшинд хөл нийлэн шилжих гарцаагүй цаг үе ирсэнийг ч бид ухамсарлаж, ажиллахаас өөр аргагүй болжээ.
Аялал жуулчлалын салбарт жижиг, старт-ап компаниудын оролцоо нэн чухал, органик хөгжлийн суурийг бүрдүүлэгч болохын хамт Үндэсний томоохон хувийн хэвшлийг хөхүүлэн манлайлуулах, олон улс бүс нутггийн хэмжээний тоглогчдыг төрүүлэх соёл-бодлогыг бид хэрэгжүүлэх шаардлагатай. Хувийн хэвшил бизнесээ явуулахад санхүү татварын бодлого, хүний нөөц, хөрөнгө оруулалтын зэрэг олон чиглэлүүд дээр хууль эрхзүй, бодлогын тууштай шинэчлэл дэмжлэг, уян хатан, мэдрэмжтэй алхамууд илтэд үгүйлэгдэж байна. Аялал жуулчлалын салбарын дэд бүтэц, хүний нөөц, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үнийн бүтэц, дижитал маркетингийн чадавхийг хувьсан өөрчлөгдөж буй эрэлттэйгээ уялдуулахаас өөр аргагүй байна.
Дэлхийн хүлээлт–Монголын хариуцлага
Байгаль орчноо хамгаалдаг, соёлоо хүндэлдэг, орон нутгийн иргэдэд өгөөжтэй, ногоон хөрөнгө оруулалтыг баталгаажуулдаг тогтвортой аялал жуулчлалыг дэлхий нийтийн үзэл баримтлал хэмээн нийтээрээ үзэж байна. Тэр хирээрээ салбарын тооны үзүүлэлтийн ар дах бодит өгөөж, хувийн хэвшлийн тогтвортой баттай өсөлт, өрсөлдөх чадвар, хэрэглэгчээс хүсэмжлэх чанартай, үнэ цэнтэй, шинэлэг үйлчилгээ улам бүр хөгжлийн трэнд үзүүлэлт болжээ. Монгол Улсаас дэлхий нийтээр хүлээн харж буй чиглэл нь нүүдэлчдийн өвөрмөц онцлог ахуй дээр тулгуурлагдсан байгаль соёлд ээлтэй аяллын шинэлэг хэлбэр, чиглэлүүд төдийгүй тогтвортой аялал жуулчлалын зүй ёсны манлайлал, хэрэгжилт билээ. Монголчуудын найрсаг зочломтгой байдал, манай өвөрмөц-жинхэнэ язгуур ахуйг өнөө цагийн залуус, идэвхитэй аялагчид, үнэ цэнтэй хэрэглэгчдийн өвөрмөц онцлог эрэлтийн дагуу сонирхолтой, давтамжтай, борлогдохуйц болгон хөгжүүлэх, сайжруулан сонирхуулах бизнесийн коуч програм, ашиг маржин дээр суурилсан бизнесийн түншлэл, үл өөрчлөгдөн солигдох төрийн бодлого дэм, эрсдэлийг сатааруулах тогтвортой бодлогуудаар тэнцвэржүүлсэн тэсвэртэй аялал жуулчлалыг (resilience in tourism) бүтээх нь бидний хариуцлага гэж үзнэ.
Монгол улс 2030 он гэхэд 2 сая олон улсын жуулчин хүлээн авах зорилтыг дэвшүүлсэн.
Гадаа хээрээр голдуу аялал (outdoor activity) нь явагддаг манай улсын хувьд аялал жуулчлалын масс тоон хэлбэрийн үзүүлэлтийг ажлын байр, хөрөнгө оруулалтын хэмжээ, сонирхол, аж ахуйн нэгжийн өсөлт чадамж, бүс нутгийн хэмжээний даац, байгаль-соёлд үзүүлэх нөлөөлөл, хөдөөгийн эдийн засгийг эдийн засагжуулах үр шим зэрэг микро-месо-макро үзүүлэлтэйгээр тооцон аялал жуулчлалын системийн анатоми бүтцээр нь цогц төлөвлөн, бизнесийн үйл ажиллагаандаа тооцож ажиллах ёстой.
Монголын Аялал Жуулчлалын Холбоо нь дээрх зарчим, үзэл баримтлалыг илэрхийлсэн төр, хувийн хэвшил, олон улсын түншүүдтэй хамтран хүртээмжтэй, хариуцлагатай, тогтвортой өсөлтийг тууштай дэмжин ажиллахыг ямагт эрмэлзэж байна.
Энэнхүү боломжийг ашиглан Монголын Аялал Жуулчлалын Холбооны нэрийн өмнөөс салбарын хөгжлийг бодитоор дэмжин хамтран ажиллагч бүхий л байгуулагууд, аялал жуулчлалын төлөөх зүрх сэтгэлээ цохилуулж, чимээгүй ажил үүргээ гүйцэтгэгч аж ахуй нэгжүүд, ажилтанууд, найз нөхөд, гишүүд дэмжигч, хамтрагчиддаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу. Ялангуяа “International Tourism Mart 2025” арга хэмжээг хамтран зохион байгуулж буй ССАЖЯ, Нийслэлийн АЖГ, Түнш аймаг Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Дэмжигч Турк улсын “GML Tour” Компани, Эвент, Мэдээллийн Түнш байгуулагууддаа болон уг үзэсгэлэнд оролцож буй бүхий л байгуулага, компаниуд, 21 аймгийнхаа аялал жуулчлалын цогтой мэргэжилтэнүүд, холбоодууддаа гүн хүндэтгэл, талархалаа илэрхийлж хөгжил дэвшлийн хамтын ажиллагааны эрхэм хадгаа дэлгэн барьж та бүхэндээ амжилт аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилж байна!
ITM-2025 шинэ санаа шийдэл, баяртай уулзалт, үр дүнтэй түншлэл, Монголын төдийгүй Төв Азийн аялал жуулчлалын хөгжлийн нэгэн чхал хөтөч- хөгжлийн шинэ шатны эхлэл болохын ерөөл өргөе!
Монголд Тавтай Морилоорой!
Аялал Жуулчлал Тогтвортой Хөгжих Болтугай!
Гүнээ Хүндэтгэсэн,
Др.(Sc.D) Дамбын Гантөмөр
Монголын Аялал Жуулчлалын Холбооны Ерөнхийлөгч
“Тогтвортой аялал жуулчлал” тусгай дугаараас
