“Тогтвортой хөгжилд тэмүүлсэн ирээдүйг санхүүжүүлэх нь” цуврал хэлэлцүүлэг үргэлжилж байна

B Shurenchimeg
2023-06-15 11:27:05
Ангилал: Мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой санхүүгийн долоо хоног 2023 (ТоС долоо хоног)” олон улсын манлайллын хөтөлбөр, өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг бүхий цуврал арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС Холбоо), Санхүү, тогтвортой байдлын институт (IFS), Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК), Тогтвортой банк санхүүгийн байгууллагуудын холбоо, Худалдаа, хөгжлийн банк болон бусад түнш дэмжигч байгууллагуудтай хамтран 2023 оны зургадугаар сарын 13-16-ны өдрүүдэд зохион байгуулж буй.

ТоС долоо хоног нь Монгол Улсад Тогтвортой Санхүүгийн Хөтөлбөр хэрэгжиж эхэлсний 10 жилийн ой, ТоС Холбоо үүсгэн байгуулагдсаны таван жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй бөгөөд энэ өдрүүдэд дараах арга хэмжээгээр үргэлжилсээр байна. 

Ногоон Санхүүгийн Олон Улсын Манлайллын Хөтөлбөр 2023: “Ногоон, Тогтвортой хөгжилд тэмүүлсэн ирээдүйг санхүүжүүлэх нь” цуврал хэлэлцүүлэг, арга хэмжээний хоёр дахь өдрийн үйл ажиллагааг нээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогтгэрэл, “CFA” Институтийн ерөнхий эдийн засагч Андрес Винелли нар үг хэллээ. 

Тогтвортой санхүүжилтийн тогтолцоог “Алсын хараа 2030”, “Тогтвортой хөгжлийн зорилтууд”, тэр дундаа байгаль орчин, уур амьсгалтай холбоотой томоохон зорилтуудыг биелүүлэх гол хөшүүрэг болгохыг нэн тэргүүнд тавих шаардлагатай байгааг олон улсад хүлээн зөвшөөрч байна. Тухайлбал, Их 20-ийн Тогтвортой санхүүжилтийн ажлын хэсэг 2023 онд ТХЗ-ын санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх механизмыг гол чиглэлийнхээ нэг болгон оруулжээ.

Ногоон Санхүүгийн Олон Улсын Манлайллын хөтөлбөр нь тогтвортой санхүүжилтийг дэмжих, цогцоор хэрэгжүүлэх төр, хувийн хэвшил, олон улсын түншлэлийн хүчин чармайлтын дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн сайн жишээ болох Монголын Тогтвортой Санхүүжилтийн Хөтөлбөрийн 10 жилийн ойн хүрээнд хийгдэж буй онцлох үйл ажиллагаа юм. Хөтөлбөр нь хувийн хэвшлийн манлайлал ба бодлогын хөшүүрэг, тогтвортой байдал ба уур амьсгалын эрсдэлийн тайлагнал, шилжилтийн үеийн санхүүжилт, нийгэмд үзүүлэх нөлөөллийн санхүү, байгаль орчинд суурилсан технологийн шийдлийн санхүүжилт, үндэсний ногоон банкны үүрэг зэрэг тогтвортой санхүүгийн чиг хандлага, төрөл бүрийн сэдвүүдийг хамарсан нэгдсэн хуралдаан болон салбар хуралдаануудаас бүрдсэн байна.

Манлайллын Хөтөлбөрт даян дэлхийн тогтвортой санхүүгийн манлайлагчид, салбарын мэргэжилтнүүд, шинжээчид, хөрөнгө оруулагчид, Олон Улсын Тогтвортой Банк Санхүүгийн Холбоо (SBFN)-ны гишүүд, ТоС Холбооны гишүүд зэрэг 250-300 гаруй оролцогчид урилгаар оролцож арга хэмжээний хүрээнд зохион байгуулах нээлттэй танилцуулга, хэлэлцүүлгээр оролцогчид өөрийн улсын Тогтвортой санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн голлох чиглэл зорилтуудын талаар мэдлэг туршлагаа хуваалцахын зэрэгцээ олон улсын сайн туршлагаас суралцах, санал бодлоо солилцох, тогтвортой санхүүгийн боловсронгуй тогтолцоог бий болгох хамтын ажиллагааг эхлүүлэх боломжийг олголоо.

 

 

 

 

 

 

B Shurenchimeg