“Тогтвортой хөгжил ба сэргээгдэх эрчим хүч” уулзалт болов

Sarangerel
2024-02-05 14:02:20
Ангилал:

“Тогтвортой хөгжил ба сэргээгдэх эрчим хүч” сэдэвт бизнес эрхлэгчдийн өглөөний уулзалт өнөөдөр  боллоо. Манай улсад эрчим хүчний салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал нэн тулгамдаж, улс даяар эрчим хүчний хязгаарлалт хийж эхлээд буй. Энэхүү дутагдаж байгаа хүчин чадлыг сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх замаар нөхөх боломжтой талаар уулзалтын үеэр хөндөн ярилаа.

Сэргээгдэх эрчим хүчийг дэлхий нийтэд ихээхэн дэмжиж НҮБ-аас “Даян дэлхийн гэрээ” -г санаачлан хэрэгжүүлж байгаа. Энэхүү гэрээнд Монгол Улсаас аж ахуйн нэгж компаниуд нэгдээд байгаа юм. Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхийн тулд дэлхийн улс орнууд энэ чиглэлийн төслүүдэд нэн хөнгөлөлттэй зээл олгох гэхчлэн онцгойлон дэмжиж ирсэн. Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарт ч ийм хэрэгцээ шаардлага бий.  Гэхдээ зээл авахын тулд наад зах нь компани ёс зүйн кодтой байх шаардлага тулгардаг.  Өөрөөр хэлбэл, компанийн ажилтнууд хэр ёс зүйтэйгээс эхлээд компани бизнесийн үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлогодоо хүртэл шударга ёсыг хэрэгжүүлж чадаж байгаа эсэхийг санхүүжүүлэгчид шалгуур болгон хардаг байна. Тиймээс сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ажиллаж, төсөл хэрэгжүүлэх компаниуд ёс зүйн кодтой байх нь чухал байгааг Өглөөний цайны уулзалтын  үеэр оцлов. Уулзалтанд НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан,  Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Д.Цогоо, “Рио Тинто Монгол” ХХК-ийн Түншлэл, гадаад худалдаа хариуцсан захирал Б.Даваасүрэн болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ,  “Тесо” ХХК, “Юнител” групп, “Ньюком” групп, “Сайншанд” салхин парк зэрэг бизенесийн байгууллагын төлөөлөл болон эрчим хүчний чиглэлээр бичдэг хэвлэл мэдээлллийн байгууллага, сэтгүүлчид оролцов.

Дашрамд дурьдахад, МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн ёс зүйн төв нь бизнесийн байгууллагуудад ёс зүйн дүрэм боловсруулах, хянах, туслалцаа үзүүлэх, засаглалын тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэх, бизнесийн болон мэргэжлийн ёс зүй, шударга байдлын сургалт зохион байгуулах зэрэг чиглэлээр ажиллаж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг юм байна.