Тусгай зөвшөөрлийн “эзэд”
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг бүтцээр нь авч үзвэл, нийт олгосон тусгай зөвшөөрлийн 77.7 хувь буюу 2214 тусгай зөвшөөрлийг дотоодын аж ахуйн нэгжүүд эзэмшиж байна. Харин үлдсэн хувийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд эзэмшиж байгааг Ашигт малтмал, газрын тосны газар тайландаа дурджээ.
Харин 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийг 249 тусгай зөвшөөрөлтэйгөөр БНХАУ тэргүүлж байна. Үүний дараагаар Виржинийн арлууд, Хонконг, Канад, Сингапур зэрэг улсад бүртгэлтэй компаниуд хамгийн олон тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.
Харин дотоодын аж ахуйн нэгжүүдийн тухайд, хамгийн олон тусгай зөвшөөрөлтэй нь “Монголын алт МАК” ХХК байна. Тус компани 89.4 мянган га талбайг хамрах 26 тусгай зөвшөөрөлтэй бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Мон Лаа” компани 100 мянган га талбайгаас дээш буюу хамгийн том талбайг хамрах тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж байна.
Ташрамд дурдахад, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий газар нутгийн хэмжээ сүүлийн таван жилд 14.2 хувиар нэмэгдэж, 7.03 сая га талбайд хүрчээ. Энэ нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 4.5 хувьтай тэнцэх үзүүлэлт юм.
Харин тусгай зөвшөөрлийн тооны хувьд, сүүлийн таван жилд ашиглалтын тусгай зөвшөөрөл 26-аар нэмэгдсэн бол хайгуулын тусгай зөвшөөрөл 140-өөр нэмэгджээ. Тэр дундаа алт олборлох тусгай зөвшөөрлийн тоо 600 орчим байгаа нь нийт олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлийн гуравны нэг хувьтай тэнцэж байна.





