Туулай жилийн төсөв үсрэнгүй хөгжилд хүргэх үү, өвчин дагуулах уу

Mongolian Economy
2026-01-15 17:10:35

Mongolian Economy сэтгүүлийн хамгийн анхны дугаар 15 жилийн өмнө буюу 2011 оны хоёрдугаар сард хэвлэгдсэн бөгөөд 2011 оны Монголын эдийн засгийн талаар бичиж байжээ. Хамгийн анхны “Дэлхийн шинэ хандлага ногоон хөгжил” дугаарын онцлох нийтлэлийг хүргэж байна.

Эдийн засгаа эргэж нэг харахуй. Зэсийн үнийн уналт, төсвийн алдагдал, банк, барилгын салбарын доройтол гээд хэцүү бүхнийг аль хэдийнэ ардаа орхижээ, бид. 2010 онд манай эдийн засаг зургаан хувиар өссөн бол энэ онд уг үзүүлэлт 10 хувьд хүрэх таамаглал бий. Ирэх 10 жилд Монголын нэг хүнд ногдох орлого дөрөв дахин нэмэгдэнэ гэсэн тооцоог олон улсын байгууллагууд гаргасан. Зэс, алт, нүүрс, ураны нөөцөөрөө Казахстан, Австралийг нийлүүлсэн мэт их нөөцтэй Монгол орон дэлхийн эдийн засгийн тавцанд хамгийн өндөр өсөлттэй улс болох боломжтойг “Ренессан капитал” хөрөнгө оруулалтын банкны шинжээч Роланд Нэш бичиж байв. 

Тэр ч байтугай Азийн дараагийн “Бар”, “Монголын чоно” эдийн засагтай орон болно гэсэн томъёоллыг ч гаргаж амжсан. Эдийн засагчид манай ирээдүйг ийнхүү гэгээлгээр харах учир шалтгаан бий. 2010 онд Монголд шингэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт түүхэнд анх удаа нэг тэрбум доллараас нэлээд давсан. Харин энэ онд дээрх үзүүлэлт гурван тэрбум долларт хүрч магадгүйг мэргэжилтнүүд тооцоолжээ. Товчхондоо, туулай жил санхүү, эдийн засгийн шинэ үе, өндөр өсөлт, монголчуудын хэзээ ч хараагүй их мөнгийг даллаж байна.

Энэ завшааныг ашиглан иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлж, бизнес эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг өргөтгөх нөхцөлийг бүрдүүлж чадах эсэх нь төр засгийн бодлогоос л хамаарах юм. Ямартай ч 2011 оны Монголын эдийн засгийн өнгийг шинжихүй. Эрх баригчдын эдийн засгийн бодлогыг харуулах хамгийн том баримт бол мэдээж төсөв. Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойших хамгийн том, данхар төсөв бол 2011 оных болж байна.

ДНБ-ий 52.1 хувьд хүрсэн туулай жилийн төсөв нь төр эдийн засагт тохойгоо хүртэл гар дүрж эхэлсний дохио болох шиг. Үүнийг эрх баригчид эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн эхлэл хэмээн тайлбарлаж байна. Үнэн гэж үү?

Үсрэнгүй хөгжил гэж бид яг юуг хэлж, ойлгоод байгаа юм бэ? Эдийн засаг тоон утгаараа өсөөд байхыг хэлж байна уу, эсвэл Монголын иргэн бүрийн аж амьдрал дээшлэхийг хэлээд байна уу? Энэ хоёр ойлголтын хооронд ихээхэн ялгаа байгааг түүхийн хуудас гэрчилнэ. Монголын эдийн засаг 2006 онд 8.6, 2007 онд бүр 10.2 хувиар өсөж байсан. Гэтэл аль 1990-ээд онд ядуурлын түвшин 35 гаруй хувьтай байсан бол өнөөдөр ч энэ дүр зураг хэвээр байна шүү дээ. Товчхондоо, эдийн засгийн өсөлт хэчнээн өндөр гарлаа ч энгийн иргэдийн амьжиргаа нэг түвшиндээ байсаар. Харин одоо төсвийн задаргаандаа эргээд анхаарлаа хандуулъя. Монгол Улсын нэгдсэн төсвөөс 2011 онд дөрвөн их наяд төгрөгийн зардал гаргахаар төлөвлөсөн нь орлогоосоо 780 орчим тэрбум төгрөгөөр давж, манай нийт эдийн засгийн 10 хувьтай дүйцэж, рекорд тогтоожээ.

Тэр их зарлагынхаа дийлэнх хэсгийг дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролын салбарт шингээвэл бас ч гэж аргатай. Ажлын байр бий болж, монгол хүн эрүүл саруул амьдарч, сурч боловсрох нөхцөл сайжрах байлаа. Гэтэл ийм чиглэлийн хөрөнгө оруулалт өнгөрсөн оныхоос ч буурсан байгааг юу гэж ойлгох вэ? 2010 оны төсвийн тодотголоос үзэхэд хөрөнгө оруулалтад 664 тэрбум төгрөг зарцуулсан байна. Гэтэл 2011 оны батлагдсан төсвөөс үзэхэд энэ тоо 627.7 тэрбум төгрөг болж буурсан байх юм. Эрүүл мэндийн салбарт ердөө 54.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөжээ. 

Гэтэл улс төрийн амлалт биелүүлэхэд үүнээс 16 дахин их буюу 805.2 тэрбум төгрөг төсөвлөсөн нь данхайсан төсвийн зарлагыг тав хуваасны нэгтэй тэнцэж байгаа юм. Ингэхэд хүн бүрт 21 мянган төгрөг тараалаа гээд Монгол Улс үсрэнгүй хөгжилд хүрнэ гэдэгт  та итгэж байна уу? Дээрх 21 мянган төгрөгийг тараахад манай төсвийн чадал, чансаа даанч хүрэлцэхгүй. Дэлхийн зах зээл дэх зэс, алт, нүүрсний үнэ өндөр байвал л энэ мөнгийг тараах эх үүсвэр бүрдэх юм.

Аз болж туулай жилийн гараа амжилттай болж, Лондоны металлын биржид тонн зэсийн үнэ 10 мянган ам.доллараас давсан бол Нью-Йоркт унци алт 1350 ам.доллараас дээш үнээр арилжаалагдаж байна. Энэ эрчээрээ яваад байвал бид ч сар бүр 21 мянган төгрөгөө авсаар байх нь, ашгүй дээ. Гэхдээ дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнэ өсдөг шигээ буурдгийг санацгаая.

2008 оны зун 8000 ам.долларт хүрсэн тонн зэсийн үнэ хагас жилийн дотор 2770 ам.доллар болтлоо шалдаа буухад манай төр, засаг яалаа даа? Хуримтлуулсан юмгүй хөөрхий эрх баригчид маань бүсээ чангалж, бадар барьсан. Бэлэн мөнгө тараахаа больж, бүр хүүхдүүдээс хүртэл хэдэн бор юмаа “харамласан” бус уу. Дахиад ийм байдалд орохгүйн тулд өнгөрсөн зургадугаар сард УИХ Төсвийн тогтвортой байдлын тухай хууль баталсан. 

Уг хуулийн гол санаа нь орлого ихтэй үед нөөц бүрдүүлж, хэцүү үед түүнийгээ зарцуулахад оршиж буй. Гэтэл нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцох, тухайн жилийн төсвийн зарлагын өсөлтийн хэмжээ ДНБ-ий хоёр хувиас хэтрэхгүй байх зэрэг дээрх хуулийн амин судас болсон шаардлагууд 2013 оноос л үйлчилж эхлэхээр заасан байгаа юм. 2011 оны төсвийн алдагдлыг ДНБ-ий 10 хувьтай дүйцэх хэмжээнд баталсан нь УИХ өөрөө гаргасан хуулиа уландаа гишгэж буйг харуулна. За за, амны бэлгээс ашдын бэлгэ. “Ашигт малтмалын үнэ өссөөр байх болтугай!” хэмээн ерөөхийн хажуугаар төсөв тэлж байгаа нь монголчууд бидний хийж бүтээж байгаа зүйлээс бус, уул уурхайн зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс л хамаарч байгааг сануулах гэсэн юм.

Уул уурхай гэснээс 2005 онд эрдэс баялгийн салбар манайд орж ирсэн гадаадын нийт хөрөнгө оруулалтын 58 хувийг эзэлж байсан бол өнөөдөр энэ үзүүлэлт 80 хувьд дөхөж очих нь. 2010 оны байдлаар Монголын уул уурхайн салбар ДНБий 30, экспортын 85 гаруй хувийг бүрдүүлж байсан бол туулай жилд энэ хэмжээ улам л тэлэхээр байгааг анхаарууштай. 

Зөвхөн “Айвенхоу майнз” компани л гэхэд энэ онд Оюутолгойн уурхайн барилгын ажилд 2.3 тэрбум ам.доллар зарцуулахаар болсноо зарласан. Хажуугаар нь Тавантолгойн асуудал шуударч байгаагаас энэ онд ийшээ ихээхэн мөнгө урсаж орох нь гарцаагүй боллоо. Туулай жилд Монгол оронд гурван тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх таамаглал байгааг дээр дурдсан шүү дээ. Их мөнгөний сураг сайхан л дуулдана, гэхдээ… 1959 онд Нидерланд улсад байгалийн хийн олон орд байгааг мэдэхэд улс орнууд их хэмжээний хөрөнгө энэ нутагт оруулах болсон. Бэлэн мөнгөнд хууртагдсан голландчууд 1970-аад онд хүнд бэрх цагтай нүүр тулсан билээ. 

Их мөнгө дандаа сайн сайхныг авчирдаггүйг харуулсан энэ туршлага хожим нь “Голланд өвчин” хэмээн нэрлэгдэж, Саудын Араб, Нигер, Мексик зэрэг орныг нэрвэж дөнгөсөн. Харин Монгол Улс энэ томоохон сорилтын өмнө өнөөдөр ирээд байгааг олон улсын байгууллагын мэргэжилтнүүд анхааруулж буй. “Голланд өвчин” гэдгийг хамгийн энгийнээр тодорхойлбол үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш хэт чангарч, уул уурхайгаас бусад салбар өрсөлдөх чадвараа алдахыг хэлнэ. Тэгвэл 2010 онд ам.долларын эсрэг дэлхийн хэмжээнд хамгийн ихээр чангарсан мөнгөн тэмдэгтээр манай “төгрөг” шалгарсан тухай “Bloomberg” мэдээлсэн. 

Үүний зэрэгцээ 2010 онд уул уурхайн салбар Монгол Улсад орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 71 хувийг эзэлж байхад харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт ердөө нэгхэн хувь нь ногдсон байх жишээтэй.

Голланд өвчний үүр болж, баялгийн хараал тусахгүйн тулд ашигт малтмалын орлогоороо уул уурхайн бус салбаруудаа босгож ирэх шаардлага тулгамдаж байна. Ингэж байж л Монгол Улс үсрэнгүй хөгжилд хүрч, манайд орж ирж буй их мөнгө энгийн иргэдийн амьдралд өөрчлөлт авчрах тухай эдийн засгийн шинжээчид онцоллоо.

2011 оны эдийн засгийн төлөв байдлыг та хэрхэн үзэж байна вэ?

Л.Энхтайван: Санхүү, эдийн засаг, бодлогын судалгааны төвийн тэргүүн/ -Өнгөрсөн онтой харьцуулахад эдийн засгийн өсөлт хурдаñна. Гэхдээ хүлээж буй өсөлт гадуур ярьж байгаа шиг дээшлэхгүй л болов уу. Хамгийн гол нь эдийн засгийн өсөлт эрүүл, зах зээлийнхээ зарчмаар явах ёстой. Буруу тийшээ хазайхаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд авах шаардлагатай. “Голланд өвчин” гэдэг нь манайд улам л мэдрэгдээд байна шүү дээ. Энэ нь бүтээн байгуулалт, нийгэм, иргэдийн сэтгэхүйд сөргөөр нөлөөлөх вий. Харин манай улсын гадаад нөхцөл байдал гайгүй байна. Дэлхийн зах зээл дэх зэс, алтны үнэ харьцангуй тогтвортой байх хандлагатай байгаа нь сайн хэрэг. 

Ч.Отгочулуу: Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал/ -Туулай жилийн эдийн засгийг өөдрөгөөр харж байгаа. 2011 онд ДНБ 10 хувиар өснө гэсэн таамаглал байгаа нь биелэх болов уу. Монголын экспортод жин дардаг зэс, нүүрсний үнэ нэлээд өндөр байх төлөвтэй. Энэ нь мэдээж манай эдийн засагт эерэг үр дагавартай. Түүнчлэн Оюутолгой, Тавантолгойн бүтээн байгуулалт ч баялгийг бий болгож байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх хандлагатай. Үүний хажуугаар банк санхүү, хөрөнгийн зах зээлийн шинэтгэл эдийн засагт нэлээд сайнаар нөлөөлөх байх. Мэдээж бэлэн мөнгө тарааж байгаатай холбоотойгоор инфляци өсөх эрсдэл бий. Гэхдээ өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ тийм ч айхтар өсөхгүй гэж найдаж байна. 

 

 

Mongolian Economy