Түүх тээсэн тэмээн жингийн цуваа
НТӨ 115 оноос XIII зуун хүртэл худалдаа арилжааны гол зам нь “Торгоны зам” байв. Торгоны замаар зөвхөн худалдаачид, цэргүүд зорчиж байсангүй, олон улс орны соёл, иргэншил, шашин шүтлэг зүүнээс баруун руу, баруунаас зүүн зүг рүү чиглэн “зорчиж“ байсан түүхтэй. Хятадын тансаг торго, шаазан зэргийг элсэн цөл, өндөр уулс, уудам тал, хээрийг дамжин Персийн булан хүртэл зөөвөрлөж байсан худалдааны гол тээврийн хэрэгсэл нь хоёр бөхт тэмээ юм. Тэмээн жингийн цуваа нь “Торгоны зам”-ын худалдаа, арилжааны гол бэлгэ тэмдэг байв. Торгоны замыг монголчууд түүхийн урт хугацаанд “Тэмээн жингийн зам” гэж нэрлэж байсан нь түүхийн хуудаснаа бичээстэй байдаг.
Өмнөговь аймгийн Булган сумын Баянзагт торгоны замын ул мөр өнөөг хүртэл тод үлдсэн. Улмаар тус зам дагуу Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газраас Баянзагт тэмээн жингийн цуваа бүхий хөшөө босгож, түүхэн ач холбогдолтой дурсгалт цогцолбор газрыг бүтээн байгуулах ажил хийгдэж байгаа.
Энэхүү түүхэн замаар хамгийн сүүлд 1925 оныг хүртэл хятад, монгол жинчид аялж байсан баримтыг Булган сумын Баянзагт шинжлэх ухааны судалгаа шинжилгээ хийж байсан Америкийн байгалийн түүхийн нэрт судлаач Рой Чапмэн Эндрюс “Эртний хүний мөрөөр” номдоо тэмдэглэн үлдээсэн байдаг. Дэлхийн тэмээний 90 хувийг ганц бөхт, 9,6 хувийг хоёр бөхт тэмээ эзэлдэг гэсэн судалгаа бий. Хятадын хойд хэсэг, Монгол, Халимаг, Кыргызстан, Казакстан улс хоёр бөхт тэмээ үржүүлдэг. Хоёр бөхт тэмээ бий болсон явдал нь биедээ өөх ихээр хуримтлуулж өвөл, хаврын тарчиг хатуу цагт илч дулаан, усны эх үүсвэр болгон ашиглах зохицолдлоготой холбоотой.

Цөлийн ухаалаг эзэн тэмээ
Монголын говь цөл, хээрийн хатуу ширүүн уур амьсгалд хамгийн сайн дасан зохицсон амьтан бол тэмээ. Өвлийн -40 хэмийн хүйтэн жавар, +40 хэмийн халуунд ч усгүй, тэжээл багатай бэлчээрт олон хоног амьдрах чадвартай амьтан дэлхийд ховор. Тиймээс тэмээ бол зүгээр нэг мал биш, уур амьсгалын өөрчлөлтийн эринд стратегийн ач холбогдолтой амьтан юм. Тэмээ бэлчээртээ ч ээлтэй малд тооцогддог.
Бут сөөг зэрэг говийн хатуу ургамлаар хооллодог, ямаанаас ялгаатай нь үндсээр нь зулгаахгүй, дээд хэсгийг иддэг тул бэлчээрийн нөхөн сэргэх чадварыг хадгалдаг. Дэлхийн тансаг зэрэглэлийн брэндүүд тэмээний ноосны зөөлөн болон бат бөх чанараас гадна байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө нь бага гэдгийг бодолцон бүтээгдэхүүндээ ашиглах болсон.
Тэмээний ашиг шим-Нүүдлийн эдийн засаг
Тэмээний үнэ цэн зөвхөн тэсвэртэй чанарт бус, амьдын ашиг шимд оршдог. Тэмээний ноос нь дэлхийн зах зээл дээр ховор, тансаг түүхий эдэд тооцогддог бөгөөд зөвхөн дулааны болон физик шинж чанараас гадна байгальд ээлтэй, түүхэн уламжлалтай бүтээгдэхүүн тул дээд зэрэглэлийн текстил болон даавуу үйлдвэрлэлийн салбарт өндөр үнэлэгдэж байна.
Олон арван жилийн турш тоо толгой нь цөөрсөн ч Монгол Улс хоёр бөхт тэмээний удмын санг хадгалж үлдсэн цөөн орны нэг байсаар байна. Монгол Улсын хэмжээнд 2025 оны байдлаар 501.3 мянгад хүрээд байна. Тэмээний ноосон эдлэл дулаан барихдаа сайн, хөнгөн, зөөлөн, бат бөх байдаг бөгөөд жилд нэг тэмээнээс 2.6- 8.1 кг ноос авдаг. Тэгвэл Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Булга, Ханхонгорын тэмээний ноосны гарц бусад аймгаас илүү сайн байдаг аж. Эдгээр сумдын малчид жилдээ буураас 16 килограмм, ингэнээс 12 килограмм ноос авдаг байх юм. Энэ нь ердийн тэмээнийхээс хоёр дахин их үзүүлэлт. Тэмээний нарийн ноосонд ноолуур ихээр агуулагддаг байна.
Тиймээс нарийн ноос, ноолуурын чиглэлийн тэмээг үржүүлэх ажлыг салбарын яамнаас дэмжиж, төсөл хэрэгжүүлж байсан удаатай. Одоогоос 10 гаруй жилийн өмнө 50 мянган тэмээнээс нарийн ноосны чиглэлийн хоёр буур, 20 ингэ шилж лабораторийн шинжилгээ хийсэн байдаг. Шинжилгээгээр ноолуурын агууламж жирийн тэмээг бодвол 14,7 хувиар илүү гарсан юм. Энэ нь монгол ямааны ноолууртай адил үзүүлэлт гэж ойлгож болох юм. Өнөөдөр манай улсад тэмээний ноосоор цөөнгүй компани бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад, дотоодын зах зээлд нийлүүлж байна. Малчид тэмээний ноосыг хавар самнаж үндэсний үйлдвэрлэгчдэд худалддаг.
Түүнчлэн ингэний цагаан идээг зөвхөн өрхийн хэрэглээнд ашигладаг байсан цаг ард хоцорч, айраг, хоормог, тараг, ааруул, архи зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд нийлүүлэхийг зорьж байна. Энэ хүрээнд ингэний сүүний нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, ингэний сүүний ач холбогдол, олон талын хэрэглээг сурталчлан таниулах зорилгоор Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран “Тогтвортой Хөгжлийн Зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл ч хэрэгжүүлж байна.
Ингэний сүүнд бактери, вирусийн эсрэг үйлчилгээтэй бодис агуулагддаг бөгөөд ходоод гэдэсний зарим төрлийн хордлогыг тайлах нөлөөтэй аж. Мөн ингэний хоормог сүү хүчлийн бактерийн агууламж их агуулагддаг. Түүнчлэн Казахстан улсад ингэний сүүг хорт хавдрын химийн эмчилгээтэй хавсран хэрэглэх туршилт ч хийж байжээ. Мөн ОХУ-д ингэний сүүг сүрьеэ, чихрийн шижин өвчин зэрэгт хэрэглүүлж туршсан байна.
Түмэн тэмээний баяр
Өмнөговь аймаг соёл, уламжлалаа таниулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэмээний үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр “Түмэн тэмээний баяр” зохион байгуулдаг. Анх 1997 онд Өмнөговь аймгийн Сэврэй суманд зохион байгуулагдсан түүхтэй бөгөөд өдгөө тэмээтэй холбоотой хамгийн том, өргөн цар хүрээтэй соёл, аялал жуулчлалын арга хэмжээ болоод буй. Түмэн тэмээний баяр” нь говь нутгийн ахуй амьдрал, тэмээчдийн уламжлалт ахуй, нүүдэлчдийн өв соёлыг хадгалан хамгаалж, дэлхий нийтэд сурталчлан таниулж буй онцгой үйл явдал юм.
Өдгөө энэхүү баярыг олон улсын түвшинд зохион байгуулдаг болсон нь Монгол орныг гадаад, дотоодын жуулчдад таниулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байна.
Энэ жилийн хувьд “Түмэн тэмээний баяр”-ыг хоёрдугаар сарын 6-8-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулсан. Энэ удаагийн баярт дөрвөн аймгийн 60 гаруй сумын тэмээчид оролцож, 1000 гаруй тэмээ говь нутгийг чимэв. Баярын өдрүүдэд нийт 8000 гаруй хүн хүрэлцэн ирсний дотор 200 гаруй гадаадын жуулчин багтсан нь тус арга хэмжээ Монгол Улсын өвлийн аялал жуулчлалын чухал брэнд болж буйг илтгэж байлаа.
Өмнөговь аймаг тэмээн сүргийг өсгөх чиглэлээр тэмээ хамгаалах сан, ботгоны мөнгөн урамшуулал, Гиннесийн дэлхийн амжилт тогтоох 1108 тэмээний уралдаан зэрэг бодлогын олон арга хэмжээг хэрэгжүүлээд байна. Өмнөговьчууд 2026 он гэхэд улсдаа хамгийн олон тэмээтэй болох зорилготой бөгөөд тэмээний тоо толгойг 160,000-д хүргэх зорилттой байгааг Засаг дарга Н.Энхбат онцлов.
Баярын үеэр Монголын хамгийн өндөр тэмээг олонд нийтэд танилцуулсан нь наадамчдын анхаарлыг ихэд татав. 3.6 метр өндөр, 24 настай Галбын говийн улаан үүлдрийн атан тэмээ нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчин Х.Оргодолын тэмээн сүргийн нэг бөгөөд тэмээний баярын онцлох “зочин” нь боллоо.
Үүгээр зогсохгүй “Галбын мянган тэмээний баяр”, “Мянган ботгоны баяр”, “Нутгаа мөнхөлсөн тэмээчид”, “Галбын гурван түмэн тэмээний баяр” зэрэг уралдаанаас Сайхан-Ат төрөлд найман удаа түрүүлж алтан медаль, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн буянтай сайхан тэмээ юм. Галбын ганган улаан тэмээний үүлдэр угсааг хадгалж ирсэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын тэмээн сүрэг энэ жил 155.9 мянган тоо толгойд хүрчээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэлсэн. “Түмэн тэмээний баяр”-ын үеэр тэмээтэй холбоотой олон дээд амжилт бичигдэж байжээ. Тухайлбал 2016 онд 1108 тэмээ уралдуулан, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. 2024 онд тэмээ уяж хурдлуулдаг уяачид олгох “Алдарт уяач” улсын цолыг бий болгосон. Харин энэ жил Ерөнхийлөгч У.Хүрэлсүх жил бүрийн 1-р сарын 24-нийг “Тэмээний өдөр” болгон зарласан. Ингээд “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэлсэн Ерөнхий сайд Г.Занданшатар болон нутгийн удирдлагуудын онцлох ишлэлийг хүргэж байна.




