Төлбөрийн хэрэгсэл, мөнгөн тэмдэгт шинэчлэгдэж ирсэн түүх

Sarangerel
2024-08-29 10:55:34
Ангилал:

Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойгоор “Хубилай хааны зарлиг”, “Хос луу”, “Монголбанк-100 жил” нэртэй дурсгалын зоос гаргаж, олон нийтэд танилцуулав. Орчин үед зоосыг худалдаанд төдийлөн хэрэглэхээ больсон ч олон мянган жилийн түүх, танин мэдэхүйн ач холбогдол нь асар үнэ цэнтэй байдаг билээ. Дэлхийн хүмүүс арав гаруй мянган төрлийн зүйлс цуглуулдгаас хамгийн их цуглуулдаг нь зоос байдаг гэдэг. Тиймээс ч зоос үнэ цэнээ хэзээ ч алдахгүйгээр барахгүй, орчин үед хүмүүс хөрөнгө оруулалтын чиглэлээр илүүтэй сонирхон судалж байна. Эртний Хүннү гүрэн, Монголын эзэнт гүрэн, Их Юань гүрний үед зоос, таваар мөнгөний харилцааг ашиглаж, дэлхий дахинд анхны цаасан дэвсгэртийг 1260 онд гүйлгээнд хэрэглэж байсан баримт одоо Түүхийн музейд байдаг. Монгол туургатны зоос хэрэглэж ирсэн түүх эртнээс бөгөөд Хүннү, Түрэг, Уйгар гүрний үеэс зоосон мөнгө цутгаж арилжаа наймаанд хэрэглэж байсан баримтууд олон бий. Их Монгол Улс байгуулагдсаны дараа Чингис хааны хамгийн анхны алтан зоос 1219-1220 онд Хорезм руу хийсэн аян дайны эхэн үед гарч байжээ. Улмаар Чингис хаан Монголын нэгдсэн тулгар төрийг үүсгэн байгуулж Сүхэс нэртэй алт, мөнгөн зоос цутгуулж, 1227 онд дэлхийд анх удаа цаасан тэмдэгт хэвлүүлж гүйлгээнд хэрэглэж байсан түүх бий. Тэр үеийн зоосон мөнгө нь эхэн үедээ тодорхой тоо хэмжээ заагаагүй байснаа 1241 онд “Их Монгол Улсын мөнгө” нэртэй зоосыг “Нэг” гэсэн тоотой гаргасан байна. Энэ нь Чингис хаан Монголын нэгдсэн эзэнт гүрнийг улс төр, эдийн засаг, соёлыг зангидан барьж нэгэн удирдлагад захирахдаа таваар мөнгөний харилцааг ухаалгаар ашиглаж байсныг харуулна. Цаасан тэмдэгт, зоосон мөнгө их хэмжээгээр гүйлгээнд гарган 1253 онд “Мөнгөний хэрэг эрхлэх хэлтэс” нэртэй мөнгөн гүйлгээ эрхэлсэн байгууллага буюу одоогийнхоор банк байгуулан ажиллуулж байжээ.

Монголын Их Юань улсын цаасан мөнгөн тэмдэгт

Харин Юань гүрний үед гүйлгээнд анх гаргасан цаасан мөнгөн дэвсгэрт болон Монголын эртний хаадын нэр овгийн тамгатай 52 ширхэг зоосны цуглуулгыг улсын санд худалдаж авсан билээ. Энэ нь маш ховор дурсгал буюу 800 жилийн өмнө Хубилай хааны зарлигаар барлаж бүтээсэн мөнгөн дэвсгэрт юм. Монголчуудыг дэлхийн түүхэнд мөнгөн дэвсгэртийг анх гаргасан гэж үздэг. Үүний баталгаа болох мөнгөн тэмдэгт дэлхийд маш ховор бөгөөд олон улсын шинжээч, судлаачдын сонирхлыг ихэд Монголын Их Юань улсын цаасан мөнгөн тэмдэгт татдаг билээ. Монгол дөрвөлжин бичиг, хятад ханзаар бичиж, хааны тамгаар баталгаажуулсан мөнгөн тэмдэгт олон зуун жилийн дараа ийнхүү эргэн ирсэн билээ. Мөн л Хубилай хааны үе 1260 онд Хархоринд “Мөнгө тушаах банк” байгуулж, улмаар аравт, хорьт, зуут, мянгатын дэвсгэрт бүхий мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулан 1282 онд худалдааны төв газруудад салбаруудыг байгуулан ажиллуулж байжээ. Мөнгөний гүйлгээ эрчимтэй хөгжиж 1280-аад онд цаасан мөнгөний шинэтгэл хийж, 1327 онд хуучирсан цаасан мөнгийг шатааж устгах газартай болгон устгалын ажилд мужийн түшмэл гэрчээр оролцдог журам тогтоож байж. Монголын эзэнт гүрний үед 100 гаруй удаа алт мөнгөн болон металл зоос, цаасан тэмдэгтүүдийг гүйлгээнд гарган хэрэглэж байв.

1925 онд цаасан мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд нэвтрүүлэв

Манжийн ноёрхлын үед үндэсний эдийн засаг, соёл, шинжлэх ухааны ололт үгүй болсон гэхэд болно. Монгол орон Манжийн эзэмшилд орж хэдэн зуун жил нухлагдахдаа үндэсний эдийн засаг, соёл, шинжлэх ухааны ололт бүтээлээ мэдрэхгүй болтлоо доройтсон юм. Тэр үеийн Монгол нь үндэсний банк, санхүү, мөнгө зээлийн системгүй, зах зээлд нь Хаант орос, Хятадын цаасан тэмдэгт, англи, америк, мексик алт мөнгөн зооснууд, цутгасан гулдмай мөнгө, хятад манжийн юмбүү нэртэй мөнгөн цутгамал болон амбан шар, атан тэмээ, агт морь, хонь мал, хадаг, цай, ангийн үс зэрэг таваар зэрэгцэн арилжаалагдаж, энэ нь эдийн засагт сөргөөр нөлөөлөх болжээ.

1911 онд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж, Богд хаант Монгол Улсыг тунхаглав. 1921 онд Ардын хувьсгал ялж тусгаар тогтносон БНМАУ байгуулагдсанаар орчин үеийн мөнгөн тэмдэгтэй болох эхлэл тавигдсан гэхэд болно. Энэ үед Монгол Улс нь үндэсний банк, санхүү, мөнгөний системгүй, зах зээлд Хаант Орос, Хятадын цаасан тэмдэгт ноёрхож байсан үе.

Ардын хувьсгал ялсан эхний өдрөөс эхлэн үндэсний мөнгөн тэмдэгтэй болох зорилгыг төр, засгийн зүгээс тавьж байлаа. 1921 оны гуравдугаар сард үндэсний санхүүгийн системийн эх суурийг тавьж, 1924 оны зургадугаар сарын 2-ны өдөр Монгол, Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Худалдаа ба аж үйлдвэрийн банк нээгдсэнээр эдийн засгийн шинэчлэл хийх мөнгөний бодлогыг цаашид хэрэгжүүлэх боломж бүрджээ. Үүний тулд улс орны мөнгөн гүйлгээг цэгцэлж, нэгэн хэмжүүрт шилжүүлэх шаардлага бий болж мөнгөний нэгжээр “лан”-г түр хэрэглэж бүх төрлийн тооцоог лангаар үйлдэхээр тогтоожээ. Нэг лан цэвэр мөнгөтэй Хятадын мөнгөн янчаан тэнцэнэ. Харин Оросын мөнгийг хоёр лантай тэнцэхээр тогтоосон байна. Ингээд Ардын Засгийн газраас 1925 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр мөнгөний шинэчлэл хийх тухай түүхэн тогтоол гаргажээ. Уг тогтоолд, Мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах онц эрхийг Монголын Худалдаа ба аж үйлдвэрийн банканд олгох, Банкны тэмдэгт цаас нь мөнгөний нэгж болох төгрөгөөр 1, 2, 5, 10, 25, 50, 100-тийн дэвсгэртээр гаргах. Мөнгөн тэмдэгт бүрэн баталгаатай байвал зохино. 25-аас доошгүй хувь нь үнэт металлаар, 75 хувь нь түргэн борлогдох бараа материалаар батлагдана” гэж заасан байдаг.

2002 онд дахин хэвлүүлсэн 10000-ын дэвсгэртэд хамгийн сүүлийн үеийн нууц хийц болох өнгөө сольж гялалздаг “килограмм” хийцийг оруулсан

Анх 1925 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр төгрөгийг гүйлгээнд гаргасан. Монголын үндэсний шинэ мөнгөн тэмдэгтээр 900 сорьцын 18 граммын жин бүхий цагаан мөнгөн зоосыг батлан гаргаж “төгрөг” гэж нэрлэн цагаан мөнгөн зоосны зэрэгцээгээр цаасан тэмдэгтийг гүйлгээнд нэвтрүүлсэн байна. Төгрөгийг эхлээд гүйлгээнд гаргахдаа цалингаар дамжуулан гаргаж дараа нь улсын хэмжээний бүх албан газрын төсөвт зардлуудыг төгрөгөөр тооцдог болгожээ. Төгрөгийг гүйлгээнд гаргасан үеэс үндэсний валют төгрөг, Хятадын янчаан хоёрын хооронд ширүүн тэмцэл өрнөж байлаа. Мөнгөний шинэчлэлт явуулах нь ард түмний ашиг сонирхолд нийцсэн хувьсгалт арга хэмжээ байсан учраас ард түмний дэмжлэгийг хүлээсэн байна.

Засгийн газар болон Төв банкнаас үндэсний мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах бэлтгэл ажлыг далайцтай зохиож, мөнгөн тэмдэгтийн ач холбогдлыг өргөн сурталчилж, мөнгөний шинэчлэлт хийхэд онцгой анхаарал тавьж байлаа. Мөнгөний шинэчлэлт хийх хугацаанд 1926 1927 оны хооронд Монголбанкны үнэт эрдэнэ, металлын нөөц 4.2 дахин нэмэгджээ. 1925 1927 оны хооронд олон улсын байдалд зарим өөрчлөлт гарч дэлхийн зах зээлд цагаан мөнгөний үнэ буурч, алтны эрэлт хэрэгцээ өсөж ирсэнтэй уялдуулан төгрөгийн бат тогтвортой байдлыг хангах зорилгыг тавьсан юм. Ийнхүү 1927 онд хуралдсан Улсын бага хурлын шийдвэрийн дагуу тэр үед Монголбанканд хуримтлагдсан Улсын алт болон валютын фондод түшиглэн 1928 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс төгрөгийг алтан баталгаанд оруулжээ. Ингэснээр БНМАУ-ын үндэсний валют “Төгрөг” бат найдвартай валют болох үндэс суурь тавигдаж, 1928 оны наймдугаар сарын 1 гэхэд төгрөг нь албан ёсны алтан баталгаанд орж 51.8 америк центтэй тэнцэх болжээ.

Монголбанк тусгай нөхцөлд дурсгалын зоосыг цөөн тоогоор бүтээлгэдэг

 Улсын банкны мөнгөний фондыг өргөтгөж сэлбэх зорилгоор 1939, 1941, 1955, 1996 онуудад төгрөгийг шинээр хэвлүүлэн гүйлгээнд гаргажээ. Анх 1925 онд гүйлгээнд гаргасан цаасан тэмдэгт дээрх бүх бичиг тоог монгол үсгээр бичиж, 1, 2, 5, 10, 25, 50, 100-тын дэвсгэрттэйгээр бүтээсэн байна. 1939 онд төгрөгийн дэвсгэртүүдийн хэмжээг өөрчлөхгүйгээр бүх дэвсгэртэд Д.Сүхбаатарын хөрөгтэйгөөр уйгаржин монгол бичгээр бичин хэвлүүлж, 2-тын дэвсгэртийг 3-тын дэвсгэртээр сольж гаргасан бөгөөд 1941 онд төгрөгийн хэмжээ, өнгө, хээг өөрчлөхгүйгээр зөвхөн бичиг тооны зарим хэсгийг кирилл үсгээр хэвлэжээ. Харин 1955 онд дэвсгэртүүдийн хэмжээг томсгож, зураг хээг өөрчлөн бүх бичиг тоог кирилл үсгээр хэвлэсэн байна. 1966 онд төгрөгийн ханшийг өөрчлөхгүйгээр дэвсгэрт хэмжээг гүйлгээнд бүрийн хэрэглэхэд тохиромжтой болгон жижгэрүүлж, өнгө, зураг урлалыг цоо шинээр өөрчлөн бүтээж, хэвлэн гаргасныг одоо гүйлгээнд хэрэглэж байна.

Эдүгээ зоосон мөнгийг гүйлгээнээс хассан бөгөөд тусгай нөхцөл байдалд дурсгалын зоосыг цөөн тоогоор бүтээлгэдэг аж

1966 оны мөнгөн тэмдэгтийн нөөцийг хуучин зураг загвараар нь 1981, 1983 онд сэлбэн хэвлүүлж, 1981 онд 20-тын дэвсгэртийг шинээр бүтээн гүйлгээнд нэмж хэрэглэсэн байна. 1925, 1939, 1941, 1955 онуудын мөнгөн тэмдэгтэд хуурамчаар үйлдэхээс хамгаалсан тусгай хийц байгаагүй, зөвхөн цаас, зураг хээ нь мөнгөн тэмдэгтэд зориулагдсан онцлог хийцээр бүтсэн байжээ. 1993 оны шинэ мөнгөн тэмдэгтийн дэвсгэрт дүрс нь өөр өөр өнгө, хэмжээтэй, 500, 1000, 5000, 10000-тын дэвсгэртэд Их эзэн Чингис хааны хөрөг, 5, 10, 50, 100-тын дэвсгэртэд Д.Сүхбаатарын хөрөгтэй, түүхэн болон байгалийн зураг, төрийн туг, соёмбо, үндэсний хээ угалзаар чимэглэн бүтээжээ. 2002 онд дахин хэвлүүлсэн 10000-ын дэвсгэртэд хамгийн сүүлийн үеийн нууц хийц болох өнгөө сольж гялалздаг “колограмм” хийцийг оруулсан. БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн ойгоор нэг төгрөгийн цагаан өнгөтэй зоосон мөнгө, Улсын банк байгуулагдсаны 50 жилийн ойгоор 10 төгрөгийн зоосон мөнгө цөөн тоогоор үйлдвэрлэсэн.

“Nimravidae” франчайз дурсгалын зоос 2023 оны “Шилдэг эртний зоос” төрөлд шилдгээр шалгарав

Монголбанк дэлхийн улс орнуудын жишгийг харгалзан зоосон мөнгөнөөс гадна 20, 50, 100, 200 төгрөгийн зоосон төгрөг үйлдвэрлүүлэн 1996 онд гүйлгээнд гаргасан. 20, 50 төгрөгийн зоос нь дэвсгэртийн үнийн дүнгээр чимэглэсэн зурагтай,100 төгрөгийн зоос нь Жанрайсэг сүмийн, 200 төгрөгийн зоос нь Засгийн газрын ордны зурагтай.

2001 онд Ардын хувьсгалын 81 жилийн ойгоор Д.Сүхбаатарын хөрөгтэй 500 төгрөгийн зоосон мөнгийг тус тус гаргаж байжээ. Орчин үед “Coin invest trust” компани “Бүргэд” мөнгөн зоос, “Чингис хаан” алтан зоос, “John F Kennedy” алтан ба мөнгөн зоос, “Морь” алт ба алтадсан мөнгөн зоос, “Чингис хаан” мөнгөн ба өнгөт мөнгөн зооснуудыг хэвлүүлж олон улсын зоос цуглуулагчдын зах зээлд гаргаад байна. Мөн олон улсын үзэсгэлэнгээс Монголын зооснууд шагнал хүртсэний дотор “Нохой зээх” цэвэр мөнгөн зоос нь Германы Берлинд болсон Дэлхийн мөнгөний үзэсгэлэнгээс олон улсын шагнал “Оны шилдэг зоос (coin of the year)”, мөн “Шилдэг мөнгөн зоос (Best silver coin of the year)” шагналуудыг хүртжээ. Харин “Хув ууль” цэвэр мөнгөн зоос нь “Хамгийн алдартай зоос” (Most popular coin), Москва хотод болсон олон улсын дурсгалын зоосны YI уралдаанаас “Оны шилдэг мөнгөн зоос” төрөлд гуравдугаар байрын шагналыг тус тус хүртжээ.

 

Монгол Улсад орчин цагийн банк үүсэн бэхжсэний 100 жилийн ойд зориулсан тусгай дугаараас 2024.07 сар