Төсвийн гүйцэтгэлд гарсан зөрчлийг УИХ “үл тоодог”

Mongolian Economy
2026-05-13 14:15:56
Ангилал: Санхүү

Төсвийн нээлттэй байдлын олон улсын судалгааг Нээлттэй нийгэм форум (ННФ) ТББ өнөөдөр (2026.05.13) танилцууллаа. АНУ-д төвтэй Олон улсын төсвийн түншлэлийн байгууллагаас эрхлэн хоёр жил тутамд гаргадаг тус судалгаанд энэ удаад 83 орон хамрагджээ. Товчхондоо, судлаачид төсвийн мэдээлэл дээр ажиллаж, Сангийн яамаар нягтлуулж, эцсийн дүгнэлтийг судлаач, үнэлгээний байгууллагууд хамтран гаргадаг тус судалгаагаар 2025 онд Монгол Улс: 

Төсвийн нээлттэй байдлын үзүүлэлтээр 100 онооноос 64 оноо

Олон нийтийн оролцоогоор 35 оноо

Төсвийн хяналтаар (УИХ болон Аудит) 74 оноо  авчээ. 

Энэ нь өмнөх онуудтай харьцуулахад шат ахисан үзүүлэлт юм. Тухайлбал, төсвийн нээлттэй байдлын үзүүлэлтээр 2015 онд 51, 2017 онд 46, 2019 онд 56, 2021 онд 60, 2023 онд 62 оноог тус тус авсан юм. Төсвийн нээлттэй байдлыг цаашид сайжруулахын тулд ямар арга хэмжээ хэрэгжүүлбэл зохих талаар ННФ-ын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадамаас тодрууллаа.-Тайланд УИХ-аар батлагдаж байгаа Төсвийн тухай хуулийн мэдээллийн иж бүрдлийг сайжруулах шаардлагатай гэж дүгнэжээ. Чухам хэрхэн сайжруулах вэ? 

-УИХ-аас батлагдаж байгаа Төсвийн хууль нь орлогыг нэгдсэн буюу бөөн дүнгээр, харин зарлагыг урсгал болон хөрөнгийн гэсэн ангиллаар ил тод болгож байна. Тиймээс олон улсын стандартын дагуу орлогыг татварын, татварын бус болон эх үүсвэр зэргийг тодруулж, зарлагыг зориулалтын ангиллаар ангилж, дэлгэрэнгүй хэлбэрээр батлах хэрэгтэй гэж үзсэн. Манай улсын хувьд төсвийн хагас жилийн гүйцэтгэлийн тайлан гаргадаг. Энэ тайланд дээрх мэдээллийг буюу орлого, зарлагын мэдээллээ илүү дэлгэрэнгүй оруулах шаардлагатай байна. 

Сангийн яамнаас төсвийн тухай хуулийг боловсруулах шатанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдээс санал авсан бол түүнийг хэрхэн харгалзан үзсэн талаарх тайланг гаргаж, нийтлэх шаардлагатай гэж зөвлөдөг. Мөн тус яам нь УИХ-д хуулийн төслийг өргөн барихдаа мэдээллийг илүү дэлгэрэнгүй өргөн барих шаардлагатай байна. 

УИХ-ын зүгээс Аудитын тайлангийн сонсгол хийж, иргэд, олон нийтийн байгууллагын төлөөлийг оролцуулах шаардлагатай байна. Төсвийн тухай хуулийг боловсруулах, төлөвлөх шатанд УИХ-ын зүгээс хяналт сайтай байгаа ч гүйцэтгэлийн шатанд тавьж буй хяналт сул. Тиймээс явцын тайлангууд буюу улирал болон хагас жилийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж, түүнд тохирсон арга хэмжээний талаар тогтоол гаргах шаардлагатай байгаа.

Төсвийг ерөнхийлөн захирагчид өөрсдийн багцад байгаа нэгжийг шилжүүлэхээр бол УИХ-тай зөвшилцдөг болох шаардлагатай. 

Мөн Үндэсний аудитын газрын зүгээс иргэдийн оролцох механизмыг бий болгох шаардлагатай байна. 

-УИХ-д улсын төсвийг танилцуулах үед аудитын дүгнэлт гардаг. Төсвийн гүйцэтгэл сул байгаа нь аудитын дүгнэлт сул байна гэсэн үг үү?

-Аудитаас төсвийн гүйцэтгэлд зөвлөмж өгч, акт, албан шаардлага зэргийг хүргүүлдэг ч энэ бүхний хэрэгжилт хангалтгүй байна. Тиймээс УИХ төсвийн жилийн эцсийн гүйцэтгэлийг хянаж, батлахаас гадна гарсан зөрчилд холбогдох тогтоол гаргаж, арга хэмжээ авдаг байх нь илүү нөлөөтэй. 

-Ерөнхийлөн захирагч нь төсвийг холбогдох газрууд руу шилжүүлдэг. Шилжүүлэх үгүйг УИХ хэлэлцэн шийдвэрлэдэг, төсвийн зарцуулалтыг хянахдаа гарсан зөрчилд холбогдох тогтоол гаргадаг болбол ил тод байдал хэр хэмжээгээр сайжрах вэ?  

-Нэгэнт баталсан төсвийг агентлаг хооронд шилжүүлэх тохиолдолд УИХ-д мэдэгдэж, зөвшилцдөг байх нь олон улсын сайн стандарт юм л даа. Энэ стандарт байхгүйгээс ерөнхийлөн захирагчаас шууд холбогдох газруудад шилжүүлж байгаа нь зориулалтын бус зарцуулалт үүсэх тохиолдлыг бий болгож байна. Тиймээс УИХ зарцуулалт дээр хяналт тавих зайлшгүй шаардлагатай байгаа юм. 

-2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ одоо хэлэлцэж байна. Энэ мэдэгдэлд анхаарах зүйл нь юу байна вэ? 

-Инфляцийг маш багаар төсөөлсөн байсан. Гадаад болон дотоод нөхцөл байдлыг харахад энэ тооцоолол бодит эсэх нь эргэлзээтэй санагдсан. 

Сэтгүүлч Р.Ренчиндулам

Mongolian Economy