Удаан галт тэрэг ирж байна
Их Британид үйлдвэрлэсэн 14 вагон бүхий уурын галт тэрэг 1853 онд Энэтхэгийн баруун эрэгт орших Бомбэй хойгийн үзүүрийн түр зогсоолоос гарч, хойд зүгт эх газартай огтлолцсон Тэенийг чиглэн үхэр тэргээр хэдэн өдөр явдаг 34 км замыг туулсан. Хэдхэн жилийн дотор шинэ төмөр зам нь сүлжмэлийн үйлдвэрлэлийн эрчтэй өсөлтийг хангах даавууг зөөж эхлэв. Гэвч илт ашиг тусыг нь үл харгалзан анхны шугамыг босгоход ихээхэн бэрхшээл тулгарч, ер нь баригдах уу гэсэн эргэлзээ төрүүлж байжээ. Туршлагагүй 10,000 орчим ажилчин аагим халуун, үерийн дунд хорт могойгоор дүүрэн намагт тогтвортой суурь барихын тулд шинэ техник ашиглан ажиллаж байв.
Энэ нь хэдэн арван жилийн турш баригдах үндэсний төмөр замын системийн эхлэл байлаа. Энэ систем нь 2022 онд Энэтхэгийн хамгийн алслагдсан бүс нутгуудыг, тодруулбал бараг муж бүрийг холбож дуусна. Бангладеш, Мьянмарын дунд, Энэтхэгийн зүүн хойд хэсэгт түгжигдсэн Манипурын нийслэл Имфал, Мизорамын нийслэл Айзавлд галт тэрэгний буудлууд ашиглалтад орно. 2022 оны арванхоёрдугаар сард Ченаб гол дээр дэлхийн хамгийн өндөр төмөр замын гүүр ашиглалтад орсноор Кашмирын хөндий рүү анх удаа төмөр зам орно.
Энэ нь Энэтхэгийн өмнөд хэсгийн далайн эргээс хэдэн алхмын зайд орших Канякумари буудлаас хэт алслагдмал умард руу галт тэргээр явах боломж олгоно. Одоогийн төслүүд хэрэгжиж дуусвал Энэтхэгийн 28 мужаас хоёр нь төмөр замын сүлжээнд холбогдоогүй үлдэнэ. Тэр нь маш хэцүү нугачаатай тал бүхий бяцхан Сикким, улс төрийн эсэргүүцэл удаан хугацаанд үргэлжилсэн бяцхан Мегалаяа юм.
Энэтхэгийн төмөр замын системийн хөгжил өөгүй байгаагүй. XX зууны эхний хагаст эрчимжин замын урт дөрөв дахин нэмэгдэж 59,000 км болсон. Тусгаар тогтносны дараа эрч суларч, одоо замын нийт урт 100,000 км-д дөхөөд буй.
Мужуудын бие даасан байдал холболтод саад учруулж, царигууд таарч тохирохгүй болсон ба эдгээрийг хуучирсан уурын галт тэрэг гэсэн ганц нийтлэг зүйл нэгтгэж байв. Стандарт царигийг баталснаар хэрэглээ нь эрс өсчээ. 1950 онд 1.3 тэрбум тасалбар зарагдсан бол 2018 онд 8.4 тэрбум болж, ачааны хэмжээ 73 саяаас 1.2 тэрбум тонн болж нэмэгдэв.
Системийн цөм хэсгүүдийг шинэчлэх ажил үргэлжилж байна. 2006 онд эхэлсэн, Мумбайг Дели, Колката хотыг Пенжабтай холбох ачааны тусгай коридорууд 2022, эсвэл 2023 онд нээгдэж, түгжрэлийг бууруулна.
Бусад шинэчлэл аажим хэрэгжиж байна. (Сүүлийн 12 жилд Хятад улс Энэтхэгийн төмөр замын системийн 90 хувьтай тэнцэх зам тавьсны ихэнх нь өндөр хурдных) Эл удаашралыг хэдэн хүчин зүйл тайлбарлаж байна. Газрыг “ялах” хэцүү. Өргөн гол мөрөн, өндөр уулс, эрс тэс уур амьсгалтай тус улсын газар зүй нь газар дээрх тээвэрлэлтэд таатай бус. Одоогоор төмөр замын 200 орчим хонгилыг ухаж байгаа бөгөөд Ченаб гүүр 266 км/цагийн хурдтай салхийг тэсвэрлэхээр бүтээгдсэн. Өрсөлдөх шаардлагатай ядуу орны хувьд энэ бүхэн зардлыг нэмэгдүүлж байна.
Философийн саад бас бий. Махатма Ганди “Hind Swaraj” номдоо төмөр зам бол Британийн ражийг (ноёрхлыг) мөнхжүүлж, өөрийнх нь хамгаалж байсан атавист, автарк тосгоны соёлыг эвдсэн үйлчилгээ үзүүлдэг гэж бичсэн. Төмөр зам нь үр тарианы экспортыг хөнгөвчлөх замаар тахлыг тарааж, өлсгөлөнг гүнзгийрүүлсэн гэж тэрбээр өгүүлсэн.
“Сайн мэдээ эмгэн хумсны хурдаар явдаг. Тиймээс энэ нь төмөр замтай бараг хамаагүй” гэсэн Гандигийн алдартай үг бий.
Гандигийн зарим мэдрэмж хэвээр байгаа. Энэ нь Мегалаятай сул холбоотойг нь тайлбарлаж магадгүй юм. Гэвч бусад санаа хүчээ авч байна. Тусгаар тогтносон үндэстний тухай Неругийн санаа нь өдгөө логистикийн “шөрмөсөө” бэхжүүлэхийг шаардаж байна гэж Балтимор дахь Жонс Хопкинсын их сургуулийн Дэвеш Капур хэлэв. Энэ нь авто зам, өргөн зурвасын сүлжээ, ус дамжуулах шугам хоолой, ялангуяа төмөр замд анхаарна гэсэн үг.
Энэ хандлагыг ихээр дэмжих болсон. Өмнө нь төмөр зам руу халдлага болдог байсан бол одоо үгүй болсон. Гандигийн санаа жинтэй хэвээр байгаа ч барих үйл явц удаашралтай байгаа нь энэтхэгчүүдэд түүний дүгнэлтээс хальж, төмөр замын давуу талыг ойлгох цаг өгсөн юм. Хоорондоо зөрчилддөг олон бүлэг сонгогч бүхий олон үндэстэн ястантай энэ улс сайтар холбогдсон үедээ илүү хөгжинө гэдгийг хүмүүс ойлгодог болжээ.
Тoм Йистон Мумбай салбарын дарга Тhe Еconomist
Дэлхий 2022 тусгай дугаараас