Эрчим хүчний асуудалд нухацтай хандав

Sarangerel
2024-03-14 19:06:23

“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум өнөөдөр болж, дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөв. Тус форумын нэгдүгээр хуралдаан “Дэд бүтэц-Эрчим хүч, дулаан хангамж” сэдвийн хүрээнд болж, холбогдох салбарын хүмүүс оролцож санал бодлоо хуваалцлаа. Сүүлийн жилүүдэд жилд дунджаар 221-244 МВт-ын хэрэглээ бүхий 300 орчим барилга байгууламж төвлөрсөн дулаан хангамжид холбогдож, эрчим хүчний хэрэглээ 7-8 хувиар тогтмол өсжээ. Түүнчлэн цэвэр, бохир ус, дулаан, цахилгаан болон үерийн далан шугам хоолойн 24-67 хувь нь ашиглалтын хугацаа дууссан. 2030 он гэхэд нийслэлийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 3,328 МВт-д хүрэх тооцоолол гарсан бөгөөд 1,848 МВт цахилгаан эрчим хүчний дутагдалд орох нь тодорхой болоод байгаа юм. Тус хэлэлцүүлэгт оролцсон салбарын мэргэжилтнүүд Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэгцээг хэрхэн тогтвортой хангах талаар өөрсдийн байр сууриа илэрхийлэв.

“Ирээдүйн эрчим хүч Монголын устөрөгчийн холбоо”-ны гүйцэтгэх захирал, Эрчим хүчний зөвлөх инженер Г.Ёндонгомбо: Сэргээгдэх эрчим хүч байгалийн гаралтай учраас онцлогтой. Бидэнд нэг ололт байна. Өнгөрсөн 12 дугаар сард ашиглалтад орсон батарей станц бол хүчин чадлын хувьд дэлхийн хэмжээнд дээгүүрт орно. Монголчууд бас бүхний хойно суухгүй байгаагийн жишээ энэ. Батарейн станцыг 80 МВт-аар хязгаарлаж болохгүй. 800-1000 МВт-ын батарей станцын хүчин чадлыг бий болгох шаардлагатай. Үүн дээр нарныхаа хүчин чадлыг хязгааргүйгээр бий болгох боломж гарч ирж байгаа юм. Ингэвэл Монгол Улс сэргээгдэх эрчим хүчээ ч хөгжүүлж чадна. Төвийн эрчим хүчинд тохиолддог бүх бэрхшээлүүдийг арилгаж чадна. Энэ асуудлыг манай Эрчим хүчний яам нухацтай авч үзэж, зорилго чиглэл тавьж хэрэгжүүлээсэй.

Нэлээн хэдэн компани тодорхой чадлын станц баръя гээд зүтгэвэл нөөцтэй болно. Монгол Улсад эрчим хүчний нөөцийн талаар олон ажлууд хийгдэж байна. Өмнөговьд гурван ч компани нүүрсний давхаргын метаны хайгуул хийж байгаа. Гол нь Монголын төр засаг энэ хүмүүст бэрхшээл учруулмааргүй байна. Шинээр орж ирж байгаа гадаадын хөрөнгө оруулалтад хүйтэн хөндий ханддаг.

Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг: Эдийн засгийн шинэ боломж бий болоход эрчим хүч хэрэгтэй. Тиймээс эрчим хүчний үнэ тарифт өөрчлөлт орох хэрэгтэй. Үнэ тарифын хатуу бодлого нь хөрөнгө оруулалтад чөдөр үүсгэж байна. Дулаан, эрчим хүчний үнэ хямдхан байгаа нь шинэ эх үүсвэр барих боломжийг олгоогүй. Хувийн хэвшлийн ажил хийе гэсэн хүмүүст нь боломж олгож үнэ тарифаа чөлөөлөх бодлогоо цаг хугацаатай зарламаар байна. Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдыг татахын тулд тус салбарын үнэ тарифын бодлогыг өөрчлөх цаг болсон.

“Бодь интернэйшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын барилга угсралтын ажил 2022 оноос эхэлсэн. Цахилгаан станц 600 МВт-ын хүчин чадалтай. Төслийн хувьд 150 МВт-аар дөрвөн үе шаттай хэрэгжинэ. Хүрэн нүүрсний орд болон усны эх үүсвэртэйгээ ойрхон. Нүүрсний цахилгаан станцын хамгийн сүүлийн үеийн технологиудыг шингээсэн. Төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.

“Юрика” ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Орчлон: Монгол Улсын хэмжээнд дөрвөн эрчим хүчний сүлжээ байдаг. Хамгийн том нь төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ. Эрчим хүчийг бүсчлэлийн хөгжлөөр нь харах ёстой. Заавал төвийн эрчим хүчинд Улаанбаатар, Өмнөговийг хамруулах ёстой юм уу гэдэг дээр бодолцох хэрэгтэй.  Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглэгчдийг бүсчлэлээр нь ангилж байж тарифын зөв тогтолцоог боловсруулна. Тиймээс эрчим хүч хэрэглэгчдийн хэрэглээний ялгаа, төрлийг зөв танин, ангилж чадвал тарифын тогтолцоо ч органикаар тодорхойлогдоно. Тарифын тогтолцоо нь ил тод болоод гараад ирэх байх.

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай: Өнөөдөр тулгамдаад байгаа эрчим хүч, дулааны чадлын дутагдал дээр нэмэлт зүйл төлөвлөж байна. Хамгийн ойрхон хэрэгжүүлж болох асуудал байна. Батарей хураагуурыг жилийн дотор барих боломжтой. Тиймээс 200 МВт-ын батарей хураагуур барихаар төлөвлөж байна. Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль үүргээ сайн биелүүлсэн. Тогтвортой 20 жилийн гэрээ хийсэн. Эрчим хүчний тариф өртөгтөө ч хүрэхгүй байгаа. Ер нь үнэ тарифаа нэмж таарах байх. Ирэх өвлийн хувьд бид Хятадаас импортын урсгалыг 70-80 МВт-аар нэмэхээр төлөвлөж, бэлтгэл ажлаа хангаад явж байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 300 МВт, эхний 150 блок ирэх аравдугаар сард ашиглалтад орно. Энэ хоёр шинэ эх үүсвэрээр ирэх өвлийн ачааллыг давна.

Х.Нямбаатар:  Эрчим хүчний хууль, тогтоомжуудад өөрчлөлт оруулна

“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын үеэр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар болон Монголын Эдийн засгийн форум ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг нарын эрчим хүчний талаар ярилцсан хэсгээс хүргэе.

Ч.Ганхуяг: Энэ өвөл Монголчууд бид үзэгдээгүй удсан цахилгааны хязгаарлалтад орлоо. Энэ нь таныг хот удирдаж байгаа үетэй таарлаа. Ямар учир шалтгаантай зүйл болоод байна. Өнөөдөр эрчим хүч, дулаан хангамжийн асуудал ямар байна вэ. Ирэх өвөл бид яах вэ. Асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?

Х.Нямбаатар: Хаврын чуулганаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль, хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, эрчим хүчний салбарын тодорхой хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах хуулийн төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуулийн баг боловсруулаад холбогдох яамдуудад санал авахаар хүргүүлсэн.

Монгол Улсын эрчим хүчний систем өнгөрсөн өвлийг давж гарахад нийт 1630 МВт-ын хэрэгцээ үүссэн. Харин бид 1400 орчим МВт-аар давж гарсан. Өнгөрсөн өвөл эрчим хүчний хэрэгцээ огцом нэмэгдсэн нь эдийн засгийн өсөлттэй холбоотой. Эдийн засаг цаашид өсөх бүрт хэрэглээ нэмэгдэх нь тодорхой. Энэ индэр дээрээс олон таван үг хэлмээргүй байна. Отгон чуулганаар эрхэм хүндэт парламентчид маань төр, хувийн хэвшлийн түншлэлийнхээ хуулийг либералчилж бидэнд өгөөрэй. Ингэвэл бид энэ оны хоёр, гуравдугаар улирал гэхэд өвлийнхөө дутагдсан эрчим хүчний хэрэглээг яаралтай шийдэж чадна. Нийслэлд өөрт нь төр, хувийн хэвшлийн түншлэл хийх эрх мэдлийг олгоорой. Дээр нь энэ салбарт хөрөнгө оруулах сонирхлыг хуулиараа бий болгож өгөөрэй. Ингэвэл бидэнд ирэх өвлийг давж гарах боломж байгаа. Бид өнөөдөр гурван эрчим хүчний аж ахуйн нэгжтэй санамж бичиг байгуулна. Эрчим хүчинд хөрөнгө оруулалт хийнэ. Эхнийх нь төсөл зургадугаар сардаа багтаж дуусна. Хоёр дахь төсөл нь аравдугаар сарын 1 гэхэд дуусна. Хоёрдугаарт, дулаан хангамжийн хувьд нийтдээ 23 тархмал эх үүсвэр барих шаардлагатай. Энэ жил арван эх үүсвэрийг нь барихаар төлөвлөж байна. Бас л харамсалтай нь газрын асуудлыг нь 3-4 байгууллага шийдэхээр байна. 13 эх үүсвэр барих техникийн үндэслэл боловсруулж байна. Хөрөнгө нь улсын төсөв дээр тавигдсан. Энэ жил бид яаралтай ажлаа хиймээр байна. Ингэж байж бид дулааны дутагдлаа даван туулна.