Улаанбаатар хотын худалдааны танхимын шинэ ерөнхийлөгч сонгогдлоо

Mongolian Economy
2024-01-26 17:31:35
Ангилал:

Нийслэл хотод бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн үүсгэл санаачилгаар Улаанбаатар хотын худалдааны танхим 2015 оны гуравдугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан. Танхим нь нийслэлийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэхэд таатай орчин бүрдүүлэхэд гишүүдийн дуу хоолойг нэгтгэн хүргэх, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, хөгжлийн бодлого боловсруулахад бизнесийн төлөөллийн оновчтой санал санаачилгыг эрх бүхий байгууллагуудад хүргэх зорилготой ажилладаг.

УБХТ-ын дүрмийн дагуу танхимын Ерөнхийлөгч хоёр жилээр ээлжлэн сонгогддог.  Улаанбаатар хотын Худалдааны Танхимын Удирдах Зөвлөлийн ээлжит хурал 2024 оны I сарын 17-нд болж, “Онч Аудит” ХХК-ийн Үүсгэн байгуулагч бөгөөд Ерөнхий захирал Д.Ончинсүрэн УБХТ-ын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Д.Ончинсүрэн нь Монгол Улсын болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад, аудит, татварын зөвлөх үйлчилгээ болон менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг “Онч Аудит” ХХК-ийг үүсгэн байгуулсан, олонд танигдсан бизнес эмэгтэй, олон нийтийн зүтгэлтэн, санхүү, аудитын мэргэжлийн үйлчилгээний салбарт манлайлж буй цөөхөн эмэгтэйчүүдийн нэг юм.

2004 онд “Онч Аудит” компаниа үүсгэн байгуулснаас хойш үндэсний болон олон улсын томоохон компаниудад аудит, татвар, зөвлөх үйлчилгээг үзүүлдэг мэргэжлийн цогц үйлчилгээний компани болгон хөгжүүлж чадсан төдийгүй олон улсын Дөрвөн Том компанийн салбараар сонгогдон арван жил ажилласан туршлагатай үндэсний тэргүүлэх компанийн нэг болжээ.

Тэрээр эзэмшсэн мэргэжил болон нийгмийн оролцоогоороо амжилт гаргахаас гадна Монгол дахь бизнесүүдийн харилцаа холбоо, бизнес хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бэхжүүлэхэд үргэлж манлайлан оролцсоор ирсэн. Энэ ч үүднээс 2015 онд бусад компаниудын хамтаар Улаанбаатар хотын худалдааны танхимыг үүсгэн байгуулж Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм. Мөн 2015-2018 онуудад Америкийн худалдааны танхимын (AMCHAM)-н УЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан бөгөөд 2022 оноос АмЧам-н Дэд ерөнхийлөгч, Эмэгтэй Захирлуудын Монгол дахь салбар зөвлөлийн хамтарсан Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байна.

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэний дараа олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартыг Монгол Улсад нэвтрүүлэх үйлс болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж Д.Ончинсүрэнг “Алтан гадас” одонгоор шагнасан байна. Мөн Монголын эмэгтэйчүүдийн холбооны Шилдэг бизнес эмэгтэй 2019 шагнал, олон улсын “Форбес” сэтгүүлээс шалгаруулсан “Монголын бизнесийн хамгийн хүчирхэг 50 эмэгтэй” захирлын нэгээр шалгарсан юм.

Ирэх хоёр жилд Д. Ончинсүрэн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг шинэчлэн батлуулах, бизнесийн төлөөллийн оновчтой санал санаачилгыг эрх бүхий байгууллагуудад хүргэх зорилготой ажиллах юм.

2021-2023 онд УБХТ-ын Ерөнхийлөгчөөр “Премиум групп” ХХК-ийн ТУЗ-ийн дарга А.Ганхуяг ажиллаж, УБХТ-ыг өргөжүүлэн хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийг хамтран ажиллах гүүр болоход хувь нэмрээ оруулж байв.

 

 

Mongolian Economy