Уламжлалт аж үйлдвэрээ сэргээх цойлогчийн эрэлд

Mongolian Economy
2023-10-16 12:47:13
Ангилал: Uncategorized @mn

Ковид-19 цар тахлын дараах үйлдвэрлэлийн сэргэлт рүү дэлхийн улс орнууд шилжиж эхэллээ. Монгол Улс ч уламжлалт аж үйлдвэрээ сэргээх чиглэл буюу хөгжлийн аяллаа “экспорт” гэж тодорхойлсон. Ковид-19 цар тахал, хөл хорио, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, импортлогдсон инфляц, дэлхийн геополитикийн асуудал, халсан хийгээд царцсан эдийн засаг гээд бидний хөгжлийн аялалд олон сорилт нэгэн зэрэг тулгарсан. Энэ бүх сорилтыг уламжлалт аж үйлдвэрийн салбар тойрохгүй нь мэдээж, туулаад гарахаас аргагүй. Гэхдээ хэдэн жил, хэр их хөрөнгө шаардлагатай вэ? Тэгээд хаана хүрэх вэ, хүрсэн эсэхээ хэрхэн харах вэ?

Монголын уламжлалт аж үйлдвэрийн салбар нь хөдөө аж ахуйн нөөц, хүний нөөц, санхүүгийн нөөц, хөрөнгө оруулалт болон худалдааны чадамжаас шууд хамааралтай. Хөдөө аж ахуйн нөөцийг гүйцэд ашиглахад түүхий эдийн бэлтгэлийн сүлжээ нь өрсөлдөөний зарчмаар ажиллаж, боловсруулах салбарынхаа эрэлтийг буюу үйлдвэрлэгчдийг түүхий эд, завсрын бүтээгдэхүүнээр хангах нь зүйн хэрэг биз. Гэхдээ асуудлын гол нь хөдөө аж ахуйн түүхий эдийг, тухайлбал, жимс, мах, сүү, цагаан идээ, арьс шир, ноос, ноолуурын худалдааг хэн нэгэн нэгтгэн бүртгэж, үйлдвэрлэлийн эхэн үеийн, явцын, дахин, нэмэлт захиалгыг хаа нэгэн газар төвлөрүүлэх байх.

Дараагийн асуудал нь хөдөө аж ахуйн потенциалт нөөцөө хувиргаад орлого бүтээсэн нь эргээд ажиллагсдын цалин, бүтээмж, хэрэглээг хэрхэн дээшлүүлсэн бол, мөн уламжлалт аж үйлдвэрийн экспортын боломж, чадамж нь үндэсний өрсөлдөх чадвар, үнэт зүйлээ хэрхэн бэхжүүлсэн бол? Манай улсын хөгжлийн зам, түүнд дорвитой хувь нэмэр оруулах уламжлалт хөдөө аж ахуй ба боловсруулах салбарын хөгжлийн замыг арай өөр өнцгөөр харж, чиглэлийг илүү тодорхой болгох гэж хичээе.

Монголын уламжлалт аж үйлдвэрийн салбар нь хөдөө аж ахуйн нөөц, хүний нөөц, санхүүгийн нөөц, хөрөнгө оруулалт болон худалдааны чадамжаас шууд хамааралтай

Уламжлалт хөдөө аж ахуй ба боловсруулах салбарыг холбосон бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээ нь малын тоо, бэлчээрийн даац, газрын хэмжээ, хөрсний шинж байдал, цаг агаарын нөхцөл гээд байгаль, цаг агаарын хүчин зүйлсээс шууд хамааралтай ч боловсруулах салбарынхаа түүхий эдийг бэлтгэсээр байх нь салбарын хөгжлийн зүй тогтол юм. Гагцхүү зах зээлийн зарчмаар ажиллах гэж байгаа бол энэхүү нөөцийг эрэлт, нийлүүлэлт, олон улсын худалдаа ба хөрөнгө оруулалтын харилцаанд оруулах буюу ихэнх хүмүүсийн хэлдгээр “эдийн засгийн эргэлтэнд оруулах ёстой болно”. Энд урт хугацааны хөрөнгө оруулалтын үр өгөөж, эдийн засгийн үр ашиг, ашигт байдал, зардал ба бүтээгдэхүүний ялгаварлалын давуу тал буюу салбарын өрсөлдөх давуу тал, өрсөлдөх стратеги, үндэсний үнэт зүйл, хамтран бүтээх үнэт зүйл, зардлыг хуваалцах арга зам, зорилтот бүтээгдэхүүн ба зорилтот зах зээл, өрсөлдөөн ба өрсөлдөх чадвар, худалдаа ба хөрөнгө оруулалтын боломж, сорилт, чөлөөт худалдааны хэлэлцээр болон хөрөнгө оруулалтын хэлэлцээр гээд “эдийн засгийн эргэлтэнд оруулах” гэхээс хавьгүй илүү өргөн утгатай зах зээлийн тогтолцооны багц үгстэй учирч, эдгээрийг нэгтгэн илэрхийлэх ойлголтыг бид хэрэглэх болсон нь өргөн утгаараа “кластерын хөгжлийн чиг хандлага” юм. Тиймээс бид кластерын хөгжлийн чиглэл рүү дэлхийн бусад орны нэгэн адил шилжлээ.

Ийн шилжихдээ салбар хоорондын хөгжлийн уулзвар, түүн рүү хурдтай маневр хийж орох, чиглэлээ аль болох уян хатан өөрчлөх, тухайн чиглэлдээ дасан зохицох, өөрчлөлт гарах үед дараагийн алхмаа урьдчилан тогтоох нь чухал юм. Ерөнхийдөө, улс орнуудын уламжлалт хөдөө аж ахуйн ба боловсруулах салбарууд нь кластерын хөгжлийн загварын хольцтой байдаг. Олон улсын байгууллагууд хийгээд бусад орон кластерын хөгжлийн хандлага, өртгийн сүлжээг нягтруулах хөгжлийн арга замыг хайж байгаа бол бид ч ялгаагүй эрэлхийх л болно.

Энд нэг санааг толилуулъя. Хөдөө аж ахуйн нөөцөө гүйцэд бэлтгэхэд тухайн он биш, түүнээс ч өмнө бэлтгэж эхлэх хэрэгтэй гэсэн үг. 2024 онд боловсруулах үйлдвэрлэлд шаардлагатай хөдөө аж ахуйн түүхий эдийн нөөцийг бэлтгэх санхүүжилт 2023 онд шаардлагатай болдог. Боловсруулах үйлдвэрлэлийн гүйцэтгэл нь 2025 онд бодитой харагдана. Арилжааны банкны богино хугацаат, барьцаа нэхсэн, бага хүүтэй зээл үүнийг дэмжих үү? 2022 оны байдлаар жижиг, дунд үйлдвэрүүдэд олгосон зээлийн дүнгээс харахад, хөдөө аж ахуй 4.86 хувь, аж үйлдвэр 15.15 хувийг тус тус эзэлж байгаа бөгөөд нийлээд нийт олгосон зээлийн 1.5-д ч хүрэхгүй байна. Уламжлалт салбарт ихэнхдээ жижиг, дунд үйлдвэр ажилладаг билээ. Дийлэнхдээ эргэлтийн хөрөнгийн зээл болохоор “урт хугацааны хөрөнгө оруулалтын үр өгөөж” гэдэг санааг март гэж буйтай адил. Иймд ХАА, аж үйлдвэрийн салбарыг сэргээхэд санхүүжилтийн өөр механизм, өөр бүтэц шаардлагатай. Гэхдээ үүнийг хэн, хэзээ, хэрхэн хөтлөх вэ?

2022 оны байдлаар жижиг, дунд үйлдвэрүүдэд олгосон зээлийн дүнгээс харахад, хөдөө аж ахуй 4.86 хувь, аж үйлдвэр 15.15 хувийг тус тус эзэлж байгаа

ХАА, аж үйлдвэрийн салбарын эцсийн бүтээгдэхүүн нь дотоодын хэрэгцээг ч хангана, экспортод ч гарна. Дийлэнхдээ өвөрмөц бараа (niche) болохоор салбар нь өөрөө мөн niche. Нэгтгэн харвал, нөөц, хөрөнгө оруулалт, худалдаа, санхүүжилтийг нэг сагсанд хийх боломж нь ХАА, аж үйлдвэрийн салбарын өртгийн сүлжээ. Улс орнуудын салбарын хөгжлийн туршлагаас харахад, ийм салбарыг “инновацлаг” болгоход хугацаа, хөрөнгө маш их шаардагдахаас гадна их эрсдэлтэй. ХАА, аж үйлдвэрийн салбарын өртгийн сүлжээний бүх оролцогч талыг удирдан чиглүүлж, хөгжлийн зам руу хөтөлбөл кластерын хөгжлийн хандлага тогтох эхлэл болно. Энгийнээр хэлэхэд, тухайн салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчид өртгийн сүлжээнд нэгдэж, нөөц, хөрөнгө оруулалт, худалдаа, санхүүжилтээ нэгэн зэрэг багцлан авч үзэн бусад оролцогч талтайгаа зөвшилцөж шийдэх нь кластерын хөгжлийн чиг шугам болно.

Кластерын хөгжлийн хандлагын цөм нь хувийн хэвшил юм. Хүрэх гэж буй хүсэл эрмэлзэл ялгаатай ч хаана байгаагаа мэддэг, хаашаа явахаа ойлгодог байвал хэдэн жил зарцуулсан ч хамаагүй, зөвшилцөлд хүрэх л болно. Хэдий чинээ олон уулзаж, асуудлаа нэг мөр болгоно, төдий чинээ олон янзын шийдэл олох болно. Энд кластерын манлайлагч буюу бүгдийг шинэ зүгт чиглүүлэх “цойлогч” хэрэгтэй.

Х.Цэвэлмаа (МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал, доктор Х.Цэвэлмаа)

Эдийн засгийн форум 2023 тусгай дугаараас

Mongolian Economy