Уламжлал, инновацын уран шаглаа

Mongolian Economy
2021-08-02 17:38:49

Эгч дүүс Ч.Янжиндулам (Michel) Ч.Нямханд (Amazonka) нар шинэ тоног төхөөрөмж бүтээдэг инженер аав, үйлд уран эмч ээжийнхээ нөлөөгөөр бага наснаасаа хувцас урлалд дурлажээ. Мишээлийн хувьд 12 настайдаа “Есөн эрдэм” наадамд оролцож гоёлын даашинзаар хоёрдугаар байр эзэлж, хүүхдийн ордны “Үнсгэлжин наадам”-ын авангард хувцасны төрөлд гуравдугаар байрт шалгарсандаа урамшиж үүнээс хойш тасралтгүй тэмцээн уралдаанд оролцон 2014 онд “Fashion Asia Awards”-ийн Азийн шилдэг таван загвар зохион бүтээгчийн нэгээр шалгарч байв.

Харин Амазонка 2010 онд RHODIA хувцас загварын шоунд оролцож гараагаа эхэлснээс хойш мөн л жил бүр эгчтэйгээ болон бие дааж коллекц гаргахын хажуугаар тусгай бүтээлүүдийг урласаар ирсэн. Тэрбээр өдөр тутмын болон үндэсний хэв маягийг агуулсан загваруудыг голчлон гаргадаг төдийгүй “Мишээл-Амазонка”  брэндийн “Ээлтэй” эко уутны загварыг боловсруулж, хэрэглээ талын бүтээлүүдийг хариуцан хийж иржээ. Тэд хамтдаа 2013 онд коллекц гаргаснаасаа хойш Солонгос, Хятад, Орос зэрэг гадаадын загварын тайзнаа өөрсдийн бүтээлийг амжилттай таниулж, оролцсоор ирсэн байна.

Тэдний бүтээл дахин давтагдашгүй гар хийц, хатгамал, чимэглэлээрээ бусдаасаа ялгарч чаддаг. Энэ бүхэнд нөр их түүхэн судалгаа, хүч хөдөлмөр шингэж улам үнэ цэнтэй болгодог байна. Тэд жил бүр дөрвөн улирлын коллекц урлахаас гадна, захиалгаар цор ганц бүтээлүүд урлана. Тухайлбал, Шинэ Зеландаас хуримын даашинзны захиалга авч байжээ. Мөн гадна, дотны байгууллагуудаас хамтарч ажиллах санал их авдаг. Хаан банкны эмэгтэйчүүдэд зориулсан төлбөрийн картын загварыг гаргаж, “Авьяаслаг Монголчууд”, “Mongolian Next top Model” шоуны шүүгчдийн хувцсыг урлаж байв.

Мөн “Монголын Загвар Зохион Бүтээгчдийн Холбоо”-ноос Европын загварын агентлагуудад шалгуур хангасан монгол бүтээл танилцуулах шаардлагыг “Мишээл-Амазонка” брэнд бүрэн хангаж Европын зах зээлд бүтээлүүдээ гаргах үүд хаалгыг нээгээд байна.

“Michel&Amazonka” брэндийн үүсгэн байгуулагчид

Тэдний хамгийн сүүлийн томоохон төсөл Олимпийн наадамд Монголын баг тамирчдын өмсөж буй хувцасны коллекц болов. Токио-2020 зуны Олимп, Параолимпийн наадамд оролцох манай улсын баг тамирчдын ёслолын хувцасны болон спорт хувцсыг урлах эрхийг “Мишээл-Амазонка” ХХК авч, нийт 394.3 сая төгрөгийн хувцсыг урлахаар гэрээ хийжээ. Уг эрхийг авахын төлөө нийт 10 загвар зохион бүтээгч загвараа ирүүлснээс Мишээл-Амазонка” ХХК-ийн “Хийморь” загвар шалгарсан аж.

Ёслолын хувцасны тухайд урагш тэмүүлэн, хамраасаа цан хүүрэг гарган давхиж буй морины зулайг график аргаар дүрсэлжээ.

Ёслолын хувцасны тухайд урагш тэмүүлэн, хамраасаа цан хүүрэг гарган давхиж буй морины зулайг орчин үеийн дүрслэх график арга барил, үндэсний хээ зурах арга барилтай хоршуулан энгэр тус бүр дээр алтлаг өнгийн утсаар хатгамал хийн тодруулж өгсөн. Мөн эмэгтэй хүний эрхэмсэг хатан оршихуй, эрэмгий байдал, цэвэр цэгцтэй байдал зэргийг илтгэх үүднээс монгол үндэсний сампин зангидах аргаар чимэглэсэн толгойн гоёл, гарын богц, давхар эсгэлт бүхий урт нарийн бүс зэргээр баяжуулжээ.

Урлаг, бизнес хоёр уулзсан цэг

2016 онд эгч дүүс “Нью-Иорк” хотыг зорихоор шийдэв. Тэнд болох “Мерседес бенз” загварын шоунд оролцох бүтээлүүд нь тодорхой байсан ч 90 сая төгрөгийг олох шаардлагатай байлаа. Үүнд шоунд бүртгүүлэх суурь хураамж болон замын зардал, модель, тайзны засал, make-up артистын төлбөрүүд хамаарна. Монгол Улсаа төлөөлөн дэлхийн загварын салбарын шилдгүүдтэй өрсөлдөж нэгэн тайзнаа гарна гэдэг тэдний хувьд маш том боломж, бас эрсдэл байсан.

Гэсэн ч зоригтойгоор бүртгүүлж “Crystal mind” нэртэй коллекцио гарган, Австралид суралцаж байсан том эгчээсээ англиар бүрдүүлэх бичиг баримт дээрээ тусламж аван бэлтгэл ажлаа базааж байлаа. Харамсалтай нь тэднийг зуучилж байсан хүн хулхидсанаас болж хэдэн сарын хөдөлмөр нь талаар болж,  оролцож чадаагүйгээс үл хамаарч олон улсын загварын шоуны хатуу дүрмийн дагуу 90 сая төгрөгний өрөнд оров. Ингээд шоунд бэлдэж байсан бүх бүтээлээ өрөндөө өгч байжээ.

“Мишээл-Амазонка” брэндийн үүсгэн байгуулагч эгч дүүст энэ явдал хатуухан сорилт болсон ч бууж өгөх шалтгаан болсонгүй. Харин ч илүү ухаалаг байж цаашид брэндээ хэрхэн хөгжүүлж, том бизнес болгох вэ гэдэгт илүү анхаарах сэдлийг өгчээ. “Урлах эрдмийн дээд сургууль”-ийг загвар зохион бүтээгчээр төгсөж өөр өөрсдийн коллекцоо гаргаж байгаад 2013 оны Улаанбаатар хотын загварын долоо хоногоор Michel&Amazonka нэрээр хамтарч “Unique” нэртэй загварын  шоугаа танилцуулав. Өөрсдийн өвөрмөц донж төрхөө бүтээчихсэн байсан тэдэнд авьяас чадвар хүсэл тэмүүлэл байсан ч нэг л зүйл дутаж байсан нь “бизнес ноу хау” байв. Чухам үүнийг нь шийдэж чадах хүн тэдний том эгч байсныг тэд маш сайн мэдэж байсан тул компанийнхаа ерөнхий захирлын эрх мэдлийг эгчдээ санал болгожээ. Энэхүү саналыг авсан Ч.Мөнхжаргал “Зургаан сар туслаад хөл дээр нь босгочихоод л хувийн ажлаа хөөе гэж бодож байсан ч одоо дараа дараагийн шинэ ажлууд дээрээ дарагдчихаад байж байна даа” гэж инээмсэглэн өгүүллээ.

Тэрбээр 2015 онд албан ёсоор “Мишээл-Амазонка” компанийн Ерөнхий захирлын статустайгаар хоёр дүүтэйгээ хамтын бизнесээ албан ёсоор эхлүүлж байв. 30м2 байр түрээсэлж гурвуулаа хэсэг ажилласны дараа хоёр оёдолчин нэмж авав. Гэсэн ч санаснаар болохгүйн зовлон их тул ихэнх бизнесийн амсаж туулдаг замналаар санхүүгийн асуудалтай нүүр тулж хоёр оёдолчныхоо цалинг өгч чадахгүй хэмжээнд хүрчээ. Ингээд эхлээд нөхрүүдийн тусламж болон өөрсдийн хадгаламжаар хэсэг аргацааж үзэв. Гэр бүлийнхнийх нь зүгээс ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй ийм байдалтай үргэлжлүүлэх хэрэг байгаа эсэх талаар ширүүхэн маргаан өрнөдөг өдрүүд ч байсан аж.  Гэсэн ч тэдний бүтээлийг амилуулсан нүүр зураг бүхий Гоодаль сэтгүүл нэг ч ширхэг үлдэлгүй борлогдож, цөөн ч гэсэн үнэнч үйлчлүүлэгч бүтээлд нь сэтгэл хангалуун байдгаа илэрхийлж байсан зэрэг нь тэдэнд энэ зах зээлд үлдэх хэрэгтэйг ойлгуулав.

Ингээд санхүүгийн асуудлаа шийдэх үүднээс ЖДҮийг хөгжүүлэх санд хандаж үзсэн ч тэдний хүсэлтийг  шалгуур хангахгүй байна хэмээн түдгэлзүүлж байв. Гарц эрэлхийлж “Шарк Танк-д оролцож гурван шаркаас нийт 300 сая төгрөгийг хөрөнгө оруулалтыг авах боломжтой болсон ч 40 хувиа өгнө гэдэг дэндүү хайран байсан учраас өөрсдөө илүү хичээхээс өөр аргагүй юм байна гэж боджээ.

Ийнхүү тэд брэндийнхээ гол амин сүнс болох монгол уламжлалт хэв маягийг европ хувцастай хэрхэн уяж илүү баялаг, инновацлаг байлгах талаар судалгаагаа тууштай хийн бүтээлээ урласаар байжээ. Үүнийх нь үр дүнд хэн ч амар дуурайж чадахааргүй “цор ганц, шилмэл загварууд төрсөн” байна.

Ч.Мөнхжаргал “Хувцас загварын салбарт бүрэн судалгаа хийж байж бүтээлээ гаргах нь маш чухал” гэдгийг онцолж байв. Ашгаа бодоод хэт яарах нь эрсдэл дагуулдаг аж. Уг зарчмаа баримтлаад тасралтгүй тууштай ажилласны дүнд санхүүгийн асуудлаа шийдэж чадсан гэж ярих тэрбээр “Аавын авч өгсөн хоёр оёдлын машин, дөрвөн сая төгрөгийн хөрөнгө оруулалт “Мишээл-Амазонка”-гийн эхлэл болж өсөж дэвжих бэлгэдэл болсон гэж боддог” хэмээсэн юм.

“Хэрвээ би хоёр дүүтэйгээ хамтарч ажиллаагүй бол яг л хуучных шигээ ширээний ард, бичиг цаастайгаа зууралдсан хэвээр үлдэх байсан” гэх Ч.Мөнхжаргал бизнесийн чиглэлээр чамгүй боловсрол эзэмшсэн нэгэн. 2004 онд Чингис Соосэ ОУХДС, 2006 онд Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийг хэлзүйч-Англи хэлний орчуулагч, 2014 онд Австралийн Үндэсний Их сургуулийг Төслийн удирдлагын магистрт тус тус дүүргэсэн нь  “Мишээл-Амазонка”  брэндийг удирдахад бэлтгэж байсан гэлтэй.

Брэндээ бизнес талаас анхаарч ажиллах үүргийнхээ хүрээнд анх нэг хувцсыг хоёр цагт оёж дуусгах, өдөрт таван бэлэн бүтээгдэхүүн гаргах ёстой гэх даалгаврыг хоёр дүүдээ өгдөг байжээ. Хэт хатуу бизнесийн дүрмээс болж дүү нартайгаа ам мурийхаас эхлээд цөөн насны зөрүүтэй эгч дүүсийн жижигхэн зодоон ч болдог байсансан гэж инээнгээ “Урлагийн хүнд онгод хүлээх шаардлага байдаг юм байна лээ. Эхэндээ түүнийг нь ойлгохгүй шахдаг байсан бол одоо  илүү харилцан ойлголцож ажилладаг болсон” гэлээ.

Мишээл, Амазонка хоёрын хувьд анх өөрсдийнхөө ажлыг зөвхөн урлаг, бүтээл туурвих гэж хардаг байсан бол одоо эгчийнхээ заавраар бизнес талаас нь ойлгож ажилладаг болсон байна.

Энэ салбарт орж ирсэн цагаасаа хойш “Хувцас загвар бол олныг алмайруулж болдог салбар юм байна гэдгийг ойлгосон” гэх тэр 2016 оноос хойш хөтөлж байгаа дэвтэртээ #4501 дэх ажлаа тэмдэглэсэн байв. Тэрбээр “Залуу насандаа өөрийгөө боловсруулахад анхаарч байсан маань хамгийн их хэрэг болж байна. Бас тэвчээртэй суугаад хичээлээ судалж байсан нь өөртөө хийсэн том хөрөнгө оруулалт байсан” гэж дүгнэсэн юм. Бид түүнээс ажилдаа баримталдаг хамгийн чухал зарчим тань юу вэ гэж асуухад шуудхан л цаг баримтлах гэж хариулав.

Материалын хараат байдал

Монгол Улсад хувцас загварын салбарт бизнес эрхлэгчдэд тулгардаг хамгийн том саад бэрхшээл нь материалын асуудал. Учир нь манай улсад дотоодын материал үйлдвэрлэл сайжирч амжаагүй яваа. Товчноос эхлээд туслах материал, бүх төрлийн даавуу, торгыг гаднаас авч байна. Арьс ширний үйлдвэрүүд байдаг ч Хятад, Италийн савхины чанарыг гүйцдэггүй.  Технологи нь сайн хөгжөөгүй учраас язрах, эдэлгээ муутай байх зэрэг эрсдэл учирдаг. Тиймээс дотоодын үйлдвэрлэлд нар мандах хүртэл экспортын материалаар бүтээлээ урлахаас өөр сонголтгүй байгаа гэж учирлав.

Чанартай бүтээл гаргаж түүнийхээ брэнд гэсэн нэрийг хадгалахын тулд сайн материал л ашиглахгүй бол бүх хүч хөдөлмөр талаар болно. Тиймээс тэд Солонгос болон урд хөршөөс сайн материал шилж бүтээлээ урладаг. Ингээд материалын зардал болон дахин давтагдашгүй оюуны бүтээлийн үнэлэмж, ажилчдын цалин зэрэг бусад өртөг шингэхлээр бүтээгдэхүүний үнэ бага зэрэг өндөр гардаг. Бүтээгдэхүүний дундаж үнэ 500 мянган төгрөг байдаг бол захиалгын бүтээгдэхүүний дундаж үнэ  1.5 сая орчим төгрөг болдог байна. Энэ мэт шалтгаанаас болоод масс зах зээлд зориулсан үнэ хямд бүтээгдэхүүн гаргахад хүндрэлтэй. Цаашдаа дотоодын материалын үйлдвэрлэл хөгжөөд ирвэл боломжийн үнэтэй, шинэлэг бүтээлийг масс зах зээлд гаргах боломж бүрдэнэ гэж найдаж байгаагаа онцоллоо.

 

 

Mongolian Economy