Улсаас “уяатай” зээлжих зэрэглэл
Олон улсын санхүү, хөрөнгө оруулалтын орчин улам бүр даяарчлагдаж байна. Улс орнууд мөн санхүүгийн байгууллагууд урьд өмнө байгаагүйгээр нягт хамтын ажиллагаатай болж байгаа энэ цаг үед зээлжих зэрэглэл нь тухайн улс, байгууллагын үйл ажиллагаа, урт хугацааны ирээдүйг үнэлдэг хамгийн чухал дүн болсон. Зээлжих зэрэглэл нь өндөр байх тусам тухайн зээлдэгч дотоод болон олон улсын бондын зах зээлээс хөрөнгө оруулалтыг таатай нөхцөлөөр татах боломжтой. Тийм учраас бонд гаргаж буй аливаа этгээдийн хувьд (хувь хүн, компани, муж, орон нутгийн засаг захиргаа, улс) зээлжих зэрэглэлээ өндөр тогтоолгох нь асар чухал ач холбогдолтой юм.
Хөгжлийн Банк зээлжих зэрэглэл тогтоодог олон улсын гурван том агентлагаас В, B3 буюу тогтвортой төлөвтэй хэмээн үнэлэгдэж байна. Тодруулбал, “Standard & Poor’s” (S&P) болон “Fitch” агентлаг B/тогтвортой, “Moody’s” B3/тогтвортой түвшинд хэвээр үлдээхээр болсон юм.
Тухайн үед эдгээр байгууллага Хөгжлийн банкийг Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль болон бусад Засгийн газрын баталгаатай гэрээ хэлцлүүдийн хүрээнд Засгийн газрынхаа дэмжлэгийг авах бүрэн боломжтой, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх чухал үүрэгтэй Засгийн газрын хамаарал бүхий байгууллага гэж үзсэний үндсэн дээр Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээтэй адил түвшинд тогтоосон.
Хөгжлийн банк 2015 онд “Standard & Poor’s” агентлагаар анхны зээлжих зэрэглэлээ “В+” (сөрөг) буюу Монгол Улсын Засгийн газартай ижил түвшинд тогтоолгож байв. Тухайн үед Хөгжлийн банкийг Засгийн газраас дэмжлэг авах бүрэн боломжтой чухал үүрэг бүхий цорын ганц 100 хувь төрийн өмчит бодлогын банк мөн тус банкаар дамжуулж дэд бүтцийн томоохон төслүүдээ хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байгаа учраас ийн тогтоосон тухай дурдсан байдаг.
Мөн Хөгжлийн банкны оролцоог арилжааны банк орлох боломжгүй гэдгийг онцолсон.
Харин 2016 онд “В-”/тогтвортой/ болгон бууруулсан. Шалтгаан нь төсвийн гүйцэтгэл болон эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөв. Аливаа банк санхүүгийн байгууллага, ААН-ийн зээлжих зэрэглэлийн үнэлгээ нь улсынхаа Засгийн газрын зэрэглэлээр хязгаарлагддаг буюу өндөр тогтох боломжгүй байдаг тул ижил түвшинд болгож бууруулсан гэсэн үг.
2018 онд Монгол Улсын төсвийн гүйцэтгэл сайжирч, зарцуулалтын хатуу хяналт болон эдийн засгийн өсөлт мэдэгдэхүйц нэмэгдсэн учир зээлжих зэрэглэлийг буцаан “В” (тогтвортой) болгон өсгөсөнтэй зэрэгцэн Хөгжлийн банкны зэрэглэлийг мөн адил түвшинд ахиулсан. Хамгийн сүүлд буюу 2022 онд В3 (тогтвортой) хэвээр үлдээв.
Хөгжлийн банк 2015 онд “Moody’s” агентлагаар зээлжих зэрэглэлийн үнэлгээг Монгол Улсын зэрэглэлтэй адил түвшинд буюу “В2” (сөрөг) гэж үнэлүүлсэн. Харин Засгийн газрын өрийн хэмжээ өндөр түвшинд хүрсэн 2017-2018 онд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “Саа1” (тогтвортой) түвшинд буулгаж, Хөгжлийн банкны зэрэглэлийг мөн адил түвшинд бууруулав. 2018 онд улсын зэрэглэлийг В3 болгон ахиулсан. Үүнд Засгийн газар өрийн удирдлагыг хэрэгжүүлж, төсвийн алдагдлыг бууруулсан мөн ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн нь нөлөөлжээ. 2022 онд дээрх зээлжих зэрэглэлийн үнэлгээг хэвээр үлдээсэн.
“Fitch” агентлаг анх 2018 онд “В” (тогтвортой) түвшинд үнэлж, 2022-2023 онд В (тогтвортой) хэвээр үлдээсэн. Ингэхдээ активын чанарын асуудлаа шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа бөгөөд хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх чухал үүрэг гүйцэтгэдэг цорын ганц бодлогын банк учир Засгийн газрын дэмжлэгийг шаардлагатай тохиолдолд авах бүрэн боломжтойг онцолсон.
Харин “Банкийг дэмжих Засгийн газрын дэмжлэг өөрчлөгдөж сулрах, банкны бодлогын үүрэг хариуцлага буурах, банкан дахь эзэмшлээ Засгийн газар эрс багасгах зэрэг эрсдэл үүссэн тохиолдолд зээлжих зэрэглэлийг бууруулахыг” анхааруулсан юм.
Гэхдээ ийм эрсдэл ойрын ирээдүйд үүсэхгүй гэж үзэж буй учраас зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээх шийдвэр гаргаснаа “Fitch” онцолсон билээ.
2023 оны гуравдугаар сарын 27-нд тус байгууллага Хөгжлийн банкны үнэлгээг хэвээр үлдээж буйгаа дахин нотолсон. Энэ бол сайн мэдээ. “Зээлийн эргэн төлөлтийг хангуулах нь 2023 оны хувьд тус банкны гол зорилго байх болно. Эс бөгөөс хөгжлийн шинэ төслүүдийн санхүүжилтийг шийдэх тус банкны боломж хязгаарлагдана” гэж уг мэдэгдэлд дурдсан юм.
Ийнхүү Хөгжлийн банканд өрнөж буй үйл явдал олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч агентлагуудын анхааралд байна. Ийм нөхцөлд өндөр дүнтэй, чанаргүй, муу зээлүүдийг эргэн төлүүлэх, санхүүгийн суурь үзүүлэлтүүдэд анхаарах, институцийн шинэчлэл зэрэг нь Хөгжлийн банкны гадаад имиж, зээлжих зэрэглэлд ихээхэн нөлөө үзүүлэхээр байгаа юм. Зээлжих зэрэглэлээ хэвээр хадгалж үлдсэн гэж тайвшралгүй, улам сайжруулахын төлөө хичээх үүрэг хариуцлага бас бий.
Гэхдээ Хөгжлийн банкны олон улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэхэд тус байгууллага дангаар анхаарч ажиллах боломжгүй бөгөөд тус банкны зэрэглэл нь Монгол Улсын зээлжих зэрэглэлээс ихээхэн хамааралтайг дээрх жишээнүүд харуулж байна. Тэгвэл санхүүгийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн онолоор тухайн улсын зээлжих зэрэглэлийг үнэлэхэд нэг хүнд ногдох ДНБ, авлигын түвшин, инфляц, төсвийн тэнцэл, ажилгүйдлийн түвшин, эдийн засгийн урт хугацааны өсөлт зэрэг 10 гаруй хувьсагч нөлөөлдөг. Хөгжлийн банкны хүчин чармайлтаас гадна Засгийн газрын үүрэг оролцоо зээлжих зэрэглэлд нь ихээхэн ач холбогдолтой гэсэн үг. Банк хэчнээн сайн ажилласан ч улс нь, Засгийн газар нь санхүүгийн сахилга батгүй бол зээлжих зэрэглэлийг өндөр тогтоох боломжгүй юм.