Улс орны хөгжил бол амжилттай төслүүдийн нийлбэр

Mongolian Economy
2021-09-24 13:02:17
Ангилал: Мэдээ

АНУ-д төвтэй Олон улсын төслийн удирдлагын институт байгууллагын Монгол дахь салбар болох Пи Эм Ай Монголиа Чаптэр байгууллага өнөөдөр “Төслийн эдийн засгийг хөгжүүлье” олон улсын цахим хурлыг онлайнаар зохион байгуулж байна. Пи Эм Ай Монголиа Чаптэр  нь гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд төслийн удирдлагын шилдэг туршлага, аргачлал, мэргэшлийг Монголдоо нутагшуулан түгээхээр ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг юм. Эл байгууллага  нь PMI байгууллагын Зүүн Азийн бүсийн салбарт харьяалагддаг бөгөөд найман жилийн өмнө олон улсын салбар эрхээ авч байв.

Жил тутам явагддаг тус хурал нь төслийн эдийн засаг хэмээх үзэл баримтлалыг олон нийтэд танилцуулах, төслийн удирдлагын салбарын өнөөгийн хөгжлийг тодорхойлох, төслийн мэргэжилтнүүд, гүйцэтгэх удирдлага, PMI-ийн дотоодын болон олон улсын гишүүд, салбар бүрийн менежерүүдийг нэг зорилго дор нэгтгэж, төслийн удирдлагын хамгийн сүүлийн үеийн арга зүй, шилдэг туршлагийг хуваалцах боломжийг олгох зорилготой юм.

Энэ удаагийн хурал Ногоон сэргэлт, Ажайл арга зүй, Тогтвортой хөгжил хэмээх дэд сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт гурван онцлох илтгэгч, 12 салбар сэдвийн илтгэгч нар оролцоно.

Эхний онцлох илтгэгч болох Олон Улсын Төслийн Удирдлагын Институтийн Ази, Номхон далайн бүс хариуцсан захирал Бэн Брийн илтгэлдээ ажил хэргийн шинэ экосистем үүсэж буйг онцлоод ажлыг зөв хийх арга ухаан, gymnastic enterprise-ийн бусад уламжлалт байгууллагуудаас ялгарах онцлог, давуу талын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Мөн цар тахлын энэ цаг үед технологи нь байгууллага, ажилтнуудаас илүү хурднаар хөгжиж байгаа бөгөөд үүнээс шалтгаалж байгууллага болон ажиллаж буй төсөлдөө хувь нэмэр оруулах, үр дүн гаргахын тулд ажилтнууд ур чадвараа улам сайжруулах шаардлага улам бүр өсөн нэмэгдэж буйг дурдав. Чухам ажлаа хийсэн шиг хийдэг, авьяас билэгтэй удирдагч болон ажилтнуудыг дэмжих, ур чадварыг нь сайжруулахад байгууллагын соёл чухал аж. “Хүчирхэг соёлгүй бол байгууллагын стратеги үр дүнд хүрэхгүй, улмаар энэ нь тухайн төсөлд нөлөөлдөг” гэдгийг тэрбээр сануулсан юм.

Бага үдийн хэлэлцүүлгийн дараагийн илтгэгч нь Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд, улстөрч, гавьяат эдийн засагч М.Энхсайхан байв. Тэрбээр улс төрчөөс гадна 2013-2014 онд Эрчим хүчний яамны харьяа Тавантолгой цахилгаан станц төслийг боловсруулах үүрэг бүхий Төслийн нэгжийн захирлаар, 2015-2016 онд Монгол Улсын Засгийн газрын мега төслийг хариуцсан сайдаар томилогдон ажиллаж байсан, төслийн удирдлагын талаар хур туршлагатай нэгэн билээ.

Тэрбээр илтгэлийнхээ эхэнд Монгол Улс стратеги төлөвлөлтгүй явж ирсэн нь бензиний хомсдолоор илэрч гарч ирж байгаа бөгөөд цаашид бусад салбарт ч ийм асуудал үүсэж болзошгүйг анхааруулав. Түүнчлэн Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн сүүлийн 10 жилд 10-12 тэрбум ам.долларт “гацаж”, дорвитой нэмэгдэхгүй байгаа нь сайн төсөл хэрэгжүүлэхгүй, гадаадын хөрөнгө оруулалт татаж чадахгүй байгаагийн “гор” гэдгийг дурдсан юм. Өөрөөр хэлбэл, улс орны хөгжил нь амжилттай төслүүдийн нийлбэр бөгөөд хөгжингүй зарим улсын жишгээр эдийн засгийн элит байгууллагыг Ерөнхий сайдын дэргэд байгуулах нь зүйтэж гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Компанийн захирлууд ихэнх цагаа төсөл боловсруулахад зарцуулах ёстой гэсэн нь түүний илтгэлийн өөр нэг онцлох санаа бөгөөд сайн төслийн удирдагч нарыг бэлтгэхийн тулд хүүхдүүдэд энэ чиглэлээр сургалт явуулах хэрэгтэйг захисан юм. Мөн мега төслүүдийг хэрэгжүүлэхэд төр-хувийн хэвшлийн итгэлцэл, хамтын ажиллагаа, ил тод байдал, тунгалагийн зарчим нэн чухал агаад дараа шийдье гэсэн хандлага гаргаж хэрхэвч болохгүй хэмээн хувийн туршлагаасаа хуваалцав.

Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болд Оюу тоогой төслийн талаар 700 гаруй оролцогчдод танилцууллаа. Нийт 6.75 тэрбум ам.долларын төсөв нь Оюу толгойг эл үзүүлэлтээр дэлхийд хоёрт оруулах зэсийн уурхай болгож байгаа юм. Цар тахал дэгдсэнээс хойш тус төсөл 800 сая ам.долларыг улсын төсөв төвлөрүүлсэн нь эдийн засгийн амаргүй үед ихээхэн хувь нэмэр гэдгийг тэрбээр мөн онцлов. Ташрамд дурдахад цар тахлын үеэр Оюу толгой нь сар бүр зочид буудлын 1300 өрөөг ажилтнуудаа тусгаарлах зориулалтаар ашиглаж, өдөр бүр 500 PCR шинжилгээ хийж, 15 мянган маск, 74 мянган бээлийг өдөр бүр хэрэглэж байгаа аж.

Оюу толгой төслийн бусад онцлох үзүүлэлтүүд:
– Ид үедээ гүний уурхайд 7000 хүн ажиллаж байв
– Нийт таван тэрбум ам.долларын 3.7 тэрбумын Монголын ханган нийлүүлэгчдэд зориулсан
– Сүүлийн 10 жилд гадаадын шууд хөрөнгө оруулалтын гуравны нэгийг тус төсөл татсан
“Төслийн эдийн засгийг хөгжүүлье” хурлын бага үдийн хөтөлбөрийн төгсгөлд олон улсын болон үндэсний шилдэг төсөл, төслийн шилдэг удирдагчид шагнал гардууллаа.

2021 оны шилдэг төслийн удирдагчаар “Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийн захирал Н.Энхбат, олон улсын шилдэг төслөөр түүний удирлсан NUBIA төсөл, харин дотоодын шилдэг төслөөр Оюу толгойн дулааны станцын төсөл шалгарсан юм.

 

 

 

Mongolian Economy