Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурлаа

Zoltsagaan Zol
2021-08-06 11:04:53
Ангилал: Төсөл хөтөлбөр

Монголын Мянганы сорилтын сангийн компакт гэрээний санхүүжилтээр Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр байгуулах, СКАДА систем суурилуулах ажлын гэрээг 2021 оны наймдугаар сарын 02-ны өдөр үзэглэж, үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ. 

Гэрээнд Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос, Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр шалгарсан МАПА группийг төлөөлж Төслийн захирал Омер Исикман нар гарын үсэг зурав. Мөн МСС-ын Гүйцэтгэх захирлын орлогч С.Зоригт, Төслийн менежер Сулэйман Баяхан гэрчээр оролцлоо. 

“Бид Монголын анхны ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулах гэрээг үзэглэж, маш хариуцлагатай ажлыг эхлүүлж байна. МАПА групп усны барилга байгууламжийн томоохон бүтээн байгуулалтуудыг хийж гүйцэтгэсэн арвин туршлагатай компани тул хүлээлт өндөр байна. Энэ бүтээн байгуулалтыг хийхэд олон янзын эрсдэл, бэрхшээл тулгарна. Ковид-19 цар тахал, манай орны эрс тэс уур амьсгалаас хамааралтай цаг хугацааны эрсдэл зэргийг нарийн тооцож, өндөр мэдрэмжтэй ажиллах шаардлагатай. Та бүхэн улсынхаа, компанийнхаа нэр төрийг хичээж, чанартай, сайн үйлдвэр барина гэдэг итгэж байна” хэмээн Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос цохон тэмдэглэв.  

МАПА групп нь дэд бүтцийн бүтээн байгуулалт, усны болон нисэх буудлын барилга байгууламж, сэргээгдэх эрчим хүч, зочид буудал, зочлох үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг. Дэд бүтцийн 200 гаруй төслийг амжилттай хийж гүйцэтгэсэн Турк улсад төвтэй олон улсын тэргүүлэх барилга угсралтын компаниудын нэг юм. Тус групп нь далан, усан цахилгаан станц, ус цэвэршүүлэх болон бохир ус цэвэрлэх байгууламжийн төслүүдийг хэрэгжүүлж ирсэн арвин туршлагатай. БНТУ болон дэлхийн бусад оронд бүтээн байгуулсан ундны ус цэвэршүүлэх байгууламжууд нь нийт 15 сая хүн амыг аюулгүй, цэвэр цэнгэг усаар хангаж байна.

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга байгууламжийн инженерийн нарийвчилсан зураг төслийг АНУ-ын АЭКОМ компани, үндэсний зөвлөх Престиж инженеринг ХХК боловсруулжээ. 

Сонгинохайрхан уулын зүүн бэлд барих Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралтын ажил 2024 оны сүүлчээр дуусч, ашиглалтад орох ба туршилт тохируулгын ажил нэг жил үргэлжилнэ. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орсноор Компакт гэрээний санхүүжилтээр Биокомбинат, Шувуун фабрикт шинээр барьж байгуулах газрын доорх усны хоёр шинэ эх үүсвэрээс хоногт 140 мянга, жилд 50 сая хүртэл метр куб усыг авч цэвэршүүлэн, нийслэлийн ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ.

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ буюу Усны Компакт гэрээнд 2018 оны долдугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурсан. Компакт гэрээний санхүүжилтээр Улаанбаатарт ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулна. Мөн ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.

 

Zoltsagaan Zol