Уул уурхайн олборлолтын улмаас эвдрэлд орсон 12 мянган га талбайг нөхөн сэргээжээ

БОАЖЯ-аас 2020 онд улсын хэмжээнд зохион байгуулсан эвдэрсэн газрын тооллогын дүнгээр нийт 30.7 мянган га талбай эвдрэлд орсны 28.9 мянган га нь уул уурхайн ашиглалтын улмаас эвдрэлд орсныг тогтоосон. Үүнээс уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч олон жил орхигдсон 8,000 га талбайг нэн тэргүүнд нөхөн сэргээх шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хариуцлагагүй уул уурхайтай тэмцэж, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 938 тусгай зөвшөөрлийг цуцлан, эвдэрч сүйдсэн талбайг нөхөн сэргээхийг салбарын яам, ажилтнуудад үүрэг болгож байсан юм.
Тухайлбал, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8,000 га талбайг нөхөн сэргээнэ” гэсэн зорилтыг тусгаж, улмаар Байгаль орчны салбарын ажилтнуудтай уулзахдаа нөхөн сэргээлтийг хийлгүүлэх асуудлыг онцгой анхаарч, нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгч байсан юм.
Манай улсын хувьд 2020 оноос өмнө улсын хэмжээнд жилдээ хийгддэг нөхөн сэргээлтийн хэмжээ хамгийн ихдээ 2018 онд 912 га талбайд хийгдэж байсан бөгөөд Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 8000 га талбайг нөхөн сэргээхийн тулд жил бүр 2000 га талбайгаас багагүй га талбайд нөхөн сэргээлтийг хийлгэх шаардлага нь томоохон сорилтыг бий болгосон байдаг. Энэхүү сорилт, бэрхшээлийг даван туулж уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч олон жил нөхөн сэргээлт хийгээгүй биологийн олон янз байдал бүхий ойн сан, усан сан бүхий газруудад эвдрэлд оруулсан үлэмж хэмжээний талбайг яаралтай нөхөн сэргээх, улсын хэмжээнд хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаатай тэмцэх, нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх хүрээнд “Нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тухай” дөрвөн сайдын хамтарсан тушаалыг боловсруулан батлуулжээ.
“Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэх 26 ажлын төлөвлөгөө боловсруулж, салбар дундын ажлын хэсэг байгуулж, аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх ажлын дэд хэсгүүдийг байгуулан хэрэгжилтийг хангаж эхэлсэн байна. Үүний зэрэгцээ уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө, уулын ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөнд эвдэрч эзэнгүй орхигдсон газруудаас тодорхой хэмжээний талбайг нөхөн сэргээлт хийлгүүлэхээр тусган батлуулж ажилласан байна. Түүнчлэн салбарын сайдын аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулах гэрээнд нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх, аймаг, нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх асуудлыг тусгах, олон жил нөхөн сэргээлт хийгээгүй эвдэрч эзэнгүй орхигдсон нөхөн сэргээх эзэн холбогдогч нь тодорхой талбайд нөхөн сэргээлтийг хийлгүүлэхээр эзэн холбогдогчийг нь Экологийн цагдаагийн албанд шилжүүлэх, хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамгаалалт зохион байгуулах хүрээнд тус яамнаас Экологийн цагдаагийн алба, аймгуудын Засаг даргын тамгын газартай хамтран “Хамгаалалт” арга хэмжээг 11 аймгийн 18 цэг байршилд зохион байгуулах зэргээр олон талт арга хэмжээг авч ажилласан байна.
Нөхөн сэргээлтийг эрчимжүүлж ажилласны дүнд 2020, 2021, 2022, 2023 онд нийт 9773 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 2549 га талбайд биологийн нөхөн сэргээлтийн ажлыг хийжээ.
2023 онд 3488 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 463.7 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийв.
2020 оноос өмнө улсын хэмжээнд жилдээ 1,000 хүрэхгүй га талбайд нөхөн сэргээлт хийж байв.
“Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийд ууланд нуусан болон манаач айлын гадаа үлдээсэн, эзэнгүй орхисон нийт 57 экскаватор, ковш, бульдозер, алт угаах төхөөрөмж, ачааны автомашин, техник хэрэгслийг хураан журамлаж, хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгч, эвдэрсэн газрын экологи, эдийн засгийн хохирлыг тооцуулсан байна. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюу толгой” ХХК-иудтай ажил хэргийн уулзалтууд хийж ойн сан, усан сан бүхий газруудад эвдэрч эзэнгүй орхигдсон талбайд нөхөн сэргээлтийг хийлгэх “Нөхөн сэргээлтийн хөтөлбөр”, “Эвдэрсэн газрыг нөхөн сэргээх санамж бичиг”-ийг байгуулж хамтран ажиллажээ. Ийнхүү олон талт арга хэмжээг авч ажилласны үр дүнд 2020-2024 онд нийт уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэл орсон нийт 12,117 га (арван хоёр мянга нэг зуун арван долоо) талбайд техникийн нөхөн сэргээлт 3,032 га (гурван мянга гучин хоёр) талбайд биологийн нөхөн сэргээлт хийлгүүлсэн нь манай улсын түүхэнд өмнө нь гарч байгаагүй үлэмж хэмжээгээр нөхөн сэргээлтийг ажлыг эрчимжүүлж хийлгэсэн амжилт юм.
Өөрөөр хэлбэл, 2018 онд түүхэндээ хамгийн их буюу 912 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж байсан бол 2020 онд 1973 га, 2021 онд 2,123 га, 2022 онд 2,189 га, 2023 онд 3,488 га, 2024 онд 2,531 га талбайд тус тус техникийн нөхөн сэргээлт хийлгэсэн байна. Харин биологийн нөхөн сэргээлтийн хувьд 2020 онд 634 га, 2021 онд 679 га, 2022 онд 773 га, 2023 онд 463 га, 2024 онд 483 га талбайд тус тус биологийн нөхөн сэргээлт хийлгэсэн байна. Дээрх 12,117 га талбайд хийгдсэн техникийн нөхөн сэргээлтийн дүнгээс ойн сан болон усны сан бүхий газарт эвдэрсэн, хариуцах эзэнгүй орхигдсон 5281 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж, ойн сэргэн ургалтыг дэмжих замаар газрын доройтлыг бууруулан, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан байна.
Үүний зэрэгцээ олон улсын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын буцалтгүй тусламжаар хэрэгжих “Улаанбаатар хотын Налайх дүүрэгт нүүрсний хаагдсан уурхайн тогтвортой хөгжлийн орчныг бүрдүүлэх замаар ногоон үйлдвэрлэлийн инновацыг бий болгох” төслийн хэлэлцээрийн протоколыг боловсруулан баталж 2025 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлэхээр тохиролцоод байна. Энэхүү төслийн үр дүнд Налайх дүүрэгт нүүрсний хаагдсан уурхайн орчмын 10 га газрыг нөхөн сэргээж, ухаалаг хүлэмж, мод үржүүлгийн газар бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн БОУАӨЯ-аас ХБНГУ-ын Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)- тай хамтран нөхөн сэргээлт, уурхайн хаалтын төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулах, жишиг үйл ажиллагааг туршлага болгон түгээн дэлгэрүүлэх зорилготой “Байгальд ээлтэй, хариуцлагатай уул уурхай” төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Цаашид БОУАӨЯ-аас улсын хэмжээнд эвдэрч эзэнгүй олон жил орхигдсон талбайг бүрэн нөхөн сэргээж дуусгах, ялангуяа ойн сан, усан сан, биологийн олон янз байдал бүхий онцгой ач холбогдолтой газар нутагт хууль бус уул уурхай, бичил уурхайн улмаас эвдрэлд орсон газруудад техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийлгүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Нөхөн сэргээхээс өмнө

Нөхөн сэргээсний дараа
/Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран хийсэн тусгай дугаараас 2025.01 сар/