ХААН Банк Монголын анхны Ногоон бондыг олон улсын зах зээлд гаргалаа

Mongolian Economy
2023-03-18 10:49:44
Ангилал: Мэдээ

Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК) сэргээгдэх эрчим хүч болон байгальд ээлтэй ногоон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой Монголын анхны Ногоон бондыг олон улсын зах зээлд гаргахад нь дэмжлэг үзүүлж, ХААН Банканд хөрөнгө орууллаа.

Таван жилийн хугацаатай, 60 сая ам.долларын Ногоон бондын эх үүсвэр босгох ажлыг ОУСК зохион байгуулж, 15 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бол Нидерландын хөгжлийн банк (FMO) 35 сая ам.доллар, байгаль орчин, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулдаг АНУ-д төвтэй “MicroVest” компани 10 сая ам.долларын санхүүжилт тус тус олгоод байна.

Энэхүү хөрөнгө оруулалтаар Монгол Улсын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт, ногоон барилга байгууламж, хүрээлэн буй орчинд ээлтэй хөдөө аж ахуйн төслүүдийг санхүүжүүлснээр ХААН Банкны ногоон зээлийн багцыг өсгөөд зогсохгүй Монгол Улсын санхүүгийн зах зээлийн тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэж бид үзэж байна.

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй томоохон сорилтуудтай тулгарч байна. Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлын түвшин дэлхийд дээгүүрт орж буй нь айл өрхүүд болон цахилгаан станцууд нүүрс, мод түлж байгаагаас улбаатай. Мөн сүүлийн жилүүдэд Монгол орны хэмжээнд агаарын дундаж температур дэлхийн түвшнээс өндөр байгаа нь уур амьсгалын өөрчлөлт хурдацтай явагдаж буйн илрэл төдийгүй хур тунадасны хэмжээ багасаж, ган, зуд, үер зэрэг байгалийн гамшигт үзэгдлүүд өвөрмөц, эмзэг экосистемд дарамт учруулах төлөвтэй байна.

ХААН Банк Ногоон бонд гаргасан нь Монгол Улсын хувьд түүхэн үйл явдал бөгөөд банкны салбарын нийт зээлийн багцад ногоон зээлийн багцын эзлэх хувь хэмжээ 1.4 хувь байгааг 2030 он гэхэд 10 хувь болгох зорилтыг дэмжих юм. Мөн түүнчлэн жил бүр ялгарах хүлэмжийн хийг хэдэн арван мянган тооноор багасгаж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад тусална гэж банкны удирдлагууд онцолж байна.

“Ногоон санхүүжилт нь ХААН Банканд нэн чухал ач холбогдолтой. Үндэсний хэмжээний хамгийн том арилжааны банк ХААН Банк урт хугацааны түншүүд болох ОУСК, FMO, MicroVest компанийн дэмжлэгтэйгээр олон улсын зах зээлд анхны Ногоон бонд гаргаж буйдаа маш их бахархаж байна. Энэ бол манай банкны, Монголын банкны салбарын  хувьд ногоон санхүүжилт, тогтвортой эдийн засгийг дэмжих түүхэн үйл явдал юм.

Бид бүхэн анхны Ногоон бондоо гаргаснаар цаашид харилцагчдадаа урт хугацаат зээл олгох, мөн санхүүжилтийн эх үүсвэрээ төрөлжүүлэх боломж бүрдэнэ. Бид ОУСК болон бусад түншүүдтэйгээ хамтран илүү шинэлэг санхүүжилтийн хэрэгслийг таниулан нэвтрүүлэхээр зорьж байна” хэмээн ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа сэтгэгдлээ хуваалцлаа.

ОУСК-ийн зүгээс Ногоон бондын ерөнхий бүтцийг боловсруулахад нь ХААН Банканд шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлсэн бөгөөд цаашид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, жендэрийн мэдрэмжтэй санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэхэд хамтран ажиллаж байна. Тухайлбал, энэ оны эхээр ОУСК-иас ХААН Банканд 130 сая ам.долларын урт хугацаат синдикат зээл олгосон нь Монгол Улс дахь бичил болон жижиг дунд бизнесүүд, тэр дундаа бизнес эрхлэгч  эмэгтэйчүүдийг дэмжих зорилготой юм.

“Монгол Улсын хувьд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтууддаа хүрэхэд энэхүү санхүүжилт маш чухал ач холбогдолтой, түүхэн үйл явдал болж байна. Ногоон бонд гаргах нь тухайн улс орон болон ард иргэдэд үр өгөөжөө өгөхүйц ногоон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үр ашигтай санхүүжилтийн арга юм.

Монгол Улсын анхны Ногоон бондыг олон улсын жишигт нийцүүлэн дэмжиж ажилласнаар ОУСК нь тус улсын зах зээлд Ногоон бондын стандартыг тогтоож, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр болох ногоон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд бусад банкууд болон аж ахуйн нэгжүүдийг уриалсан хүчтэй дохио болно гэдэгт бид итгэж байна” гэж  ОУСК-ийн Ази, Номхон далайн бүсийн санхүүгийн байгууллагууд хариуцсан захирал Аллен Форлему хэллээ.

“Монгол Улсаас анх удаа олон улсын зах зээлд Ногоон бонд гаргахад  хувь нэмрээ оруулж буйдаа бид баяртай байна. Урт хугацааны түнш болох ХААН Банктай хамтын ажиллагаагаа дахин өргөжүүлж, энэхүү Ногоон бондоор дамжуулан бид Монгол орон  даяар тогтвортой, ногоон санхүүжилтийг хөгжүүлж, энэ төрлийн бүтээгдэхүүнүүдийг Монголд олноор бий болгоход тустай гэж үзэж байна.

Энэхүү хөрөнгө оруулалт нь байгаль цаг уурын өөрчлөлттэй тэмцэх үр дүнтэй алхам болох төдийгүй бидний стратегитэй нягт уялдаж буй.

Мөн Тогтвортой хөгжлийн 13 дугаар зорилтыг дэмжиж байгаа үйлдэл юм. Нидерландын хөгжлийн банкны зүгээс ХААН Банктай хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэх, ялангуяа тус банкны ногоон стратегийг бэхжүүлэхэд хамтран ажиллахдаа таатай байна” хэмээн Нидерландын хөгжлийн банк (FMO)-ны Санхүүгийн байгууллагуудыг хариуцсан захирал Марникс Монсфорт онцолсон юм.

“Монгол Улсаас олон улсын зах зээлд анх удаа гаргаж буй ХААН Банкны Ногоон бондод хөрөнгө оруулагчаар хамтран оролцож байгаадаа бид туйлын их баяртай байна. ХААН Банк манай урт хугацааны түнш байсаар ирсэн.

Монгол Улсын хувьд нүүрстөрөгч багатай, байгаль цаг уурын хувьд тэнцвэртэй тийм ирээдүйг бий болгоход энэ санхүүжилт хувь нэмрээ оруулаад зогсохгүй сэргээгдэх эрчим хүчний санал санаачилгуудыг хөгжүүлэхэд тустай ногоон хөрөнгө оруулалт байна гэдэгт итгэлтэй байна” хэмээн “MicroVest” компанийн Гүйцэтгэх захирал Жошуа Моразевски сэтгэгдлээ хуваалцлаа.

2030 он гэхэд Монгол Улс  хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулахаар зорилт тавиад байгаа. Үүнийг хэрэгжүүлэхэд ойролцоогоор жилийн 413 сая ам.долларын санхүүжилт шаардагдах тооцоо гарсан бөгөөд тус санхүүжилтийн 80 хувийг олон улсын хөрөнгө оруулагчид болон хувийн хэвшлээс бүрдүүлэхээр байгаа юм.

ОУСК нь сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын тогтвортой санхүүжилтийн хөгжилд ихээхэн дэмжлэг үзүүлж ирсэн төдийгүй Байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын шаардлагуудыг арилжааны банкуудад хэвшүүлэхэд тусалж ажилласан. Мөн ОУСК нь Монголын Ногоон бондын дүрэм журам, зааварчилгааг боловсруулснаараа дотоодын зах зээлд Ногоон бонд гаргах бололцоог бүрдүүлсэн юм.

 

 

 

Mongolian Economy