Хаврын ээлжит чуулган эхэллээ
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр эхэллээ. Чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөллийг урьж оролцуулж байна. Түүнчлэн нээлтийн хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Нийслэлийн болон Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлага, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцож буй.
Хаврын ээлжит чуулганыг нээж, Улсын Их Хурлын дарга Н.Учрал үг хэлсэн. Тэрбээр “хаврын ээлжит чуулган онцгой цаг үе, нөхцөл байдалд эхэлж байгааг тодотгоод, 126 гишүүнтэй Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа талдаа орсон тул үлдсэн цаг хугацаанд өндөр хариуцлагатай, үр бүтээлтэй, идэвх санаачилгатай ажиллахыг, дэлхийн цаг төрийн хурцадмал нөхцөл байдал, сорилтуудын өмнө нам, бүлгээрээ талцан хуваагдах бус гагцхүү улс орны эрх ашиг, шударга ёс дээр суурилан эвлэлдэн нэгдэхийг цаг үе нэхэж байгаа” гэдгийг онцолсон.

УИХ-ын чуулган бүрэн эрхийн хугацаандаа 119 удаа хуралджээ. Энэ хугацаанд ердөө 19 хувьд нь суусан гишүүн ч байна.
Хурал, чуулгандаа сууж, сонгогчдоо төлөөлөх үндсэн ажлын цагийнхаа 81 хувийг тасалсан хууль тогтоогч байгаа цагт парламентын нэр хүнд, итгэл, дархлаа суларна гэдгийг Улсын Их Хурлын дарга Н.Учрал тодотгов.
Хаврын чуулганаар Зөвшөөрлийн тухай хууль, түүнийг дагалдсан 90 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль болон хөрөнгө оруулалтын орчинд саад учруулж хуулийн төслүүд, татварын багц хуулийн төсөл болон Банкны тухай хууль болон Төвбанкны хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон хүүхдийн дээд эрх, ашиг сонирхлыг хангахын тулд нөхцөл байдлыг тал бүрээс, бүрэн, бодитой тогтоох зорилгоор шүүгч нотлох зарчмыг хэрэгжүүлдэг хуультай болох, үүний хамт Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг боловсруулж хэлэлцэхээр төлөвлөж буй.
Тэр дундаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд ихээхэн дарамт болж буй татварын ачааллыг бууруулах зорилготой хэмээн эрх баригчдын онцолж буй Татварын багц хууль хамгийн их анхаарал татаж байна. Тус хуулийн төсөлд НӨАТ, хувь хүний орлогын албан татварын ачаалал хоёр их наяд төгрөг, аж ахуйн нэгжүүдийн татварын ачаалал 700 тэрбум төгрөг, нийтдээ 2,7 их наяд төгрөгийн ачааллыг хөнгөлөх, жилийн 400 сая төгрөг хүртэлх орлоготой жижиг бизнес эрхлэгч татвараа хялбараар тайлагнадаг болж, татварыг нэг хувиар тооцон төлөх зэрэг өөрчлөлтүүдийг тусгасан.
Түүнчлэн НӨАТ-ын буцаан олголт, аж ахуйн нэгжүүдийн татварын босго зэргийг өөрчилж баталснаар төсөвт дөрөв хүртэл их наяд төгрөгийн нөлөө үзүүлнэ гэж Сангийн яам тооцоолжээ. Харин Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн үзэж буйгаар Татварын хуулийн эдгээр шинэчлэл 2027
оноос хэрэгжиж эхэлснээр татварын орлогод огцом нөлөө үзүүлнэ. Тухайлбал, ААНОАТ-ын орлого 719 тэрбум төгрөг, ХХОАТ-ын орлого 483 тэрбум төгрөгөөр дутах аж.
