Туркийн “English Home” брэндийн франчайзинг хариуцсан захирал Халил Эринийг Монгол Улсад айлчлах үеэр нь уулзаж ярилцсан юм.

– Ярилцлагын эхэнд та манай уншигчдад English Home брэндийн талаар танилцуулна уу?

– English Home брэнд 2009 онд Aydin Holding компанид нэгдсэн цагаасаа хойш богино хугацаанд гэр ахуйн нэхмэл бөс барааны чиглэлээр тэргүүлэгчдийн нэг болж чадсан юм.

Aydin Holding компанийн тухайд 1958 онд Стамбулд байгуулагдсан, өдгөө 40 мянган ажилтантай болж өргөжөөд байна. Уг группийн анхны гол брэнд болох Dömeks Стамбул хотод 1976 оноос үйл ажиллагаа эхлүүлсэн бөгөөд 1991 онд Туркийн Aydın Örme хэмээх тэргүүлэгч нэхмэлийн компани байгуулагдсанаар тус брэндийн байр суурь улам хүчирхэгжсэн. Aydın Örme эдүгээ нэхмэл бүтээгдэхүүн, хөшиг, дотуур хувцасны үйлдвэрлэлээр салбартаа тэргүүлэгчдийн нэг болсон.

Харин English Home брэнд нь Турктээ 277 дэлгүүртэйгээс гадна онлайн худалдан авалтыг хэрэглэгч нарт санал болгодог. Харин хилийн чанадад Украин, Болгар, Румын, Грек, Ирак, Герман, Австри, Бельги, Швейцар, Азербайжан, Бахрайн, Беларусь, Кувейт, Йордан, Ливи, Косово, Узбекистан, Киргизстан, Монгол, Венесуэл, Гана зэрэг улсад 111 дэлгүүр ажиллуулж байна. Удахгүй ОХУ, Оман, Марокко, Македон, Саудын Араб, Египет, Алжир, Казахстан, Сербид дэлгүүрээ нээнэ.

Манай брэнд нь зөвхөн Английн сонгодог хэв маягаас гадна төрөл бүрийн цаг үеийн өнгө аясыг таны гэрт авчрах олон янзын бүтээгдэхүүн санал болгодог. Бид улирал бүр коллекц санал болгох замаар таны гэрт таатай, тансаг мэдрэмж өгч, төгс орон зайг бий болгохыг чармайдаг юм. Унтлагын өрөө, ариун цэврийн өрөө, зочны өрөө, гал тогоо, хүүхдийн өрөөнд тохирох манай нэхмэл бөс бараа, чимэглэлийн бүтээгдэхүүнүүд нь таны гэрийг яг л хүссэнээр тань, мөрөөдлийнх болгож тохижуулдаг, үүгээрэ хэрэглэгчдийн таашаалд нийцдэг гэж болно.

– Танай компани Монголын зах зээлд анх хэрхэн хөл тавьж байсан бэ?

– Миний санаж буйгаар хоёр жилийн өмнө байх, Номин Холдинг компани бидэнтэй холбоо барьснаар хамтын ажиллагааны эхлэл тавигдсан. Бид Номингийн талаар юу ч мэдэхгүй учир хоёр компанийн хооронд олон удаагийн танилцах процесс явагдсан гэж болно. Үүний дараа хоёр тал томоохон франчайз гэрээнд гарын үсэг зурж, 2021 оны долдугаар сард анхны дэлгүүрээ Улаанбаатарт нээж байлаа. Дараа нь Улсын их дэлгүүрт хоёр дахь дэлгүүрээ нээж, талбайг нь 300 м.кв болгож томруулсан.

Эхний дэлгүүрийн үйл ажиллагаа, борлуулалтад бид үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Борлуулалтын хэмжээг нь хараад бид бараг л шоконд орсон гэж болно. Борлуулалт одоо ч сайн хэвээр байгаа учир бид энэ хамтын ажиллагаандаа тун их баяртай байна. Номинтой хамтран ажиллахад таатай байдаг. Маш сайн мэргэжлийн баг хамт олон учир тэдэнтэй цаашид олон жил хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байна.

– Манай улсыг сонирхохоос өмнө та бүхэн зах зээлийн судалгаа хийсэн үү? Монголын эдийн засаг, хэрэглэгч, зах зээлийн талаарх таны анхны сэтгэгдэл ямар байсан бэ?

– Мэдээж, бид Монголын зах зээлд өөр ямар өрсөлдөгч брэндүүд байгаа талаар судалгаа хийсэн. Гэвч өрсөлдөгч байгаагүй. Мөн ямар ч зах зээлд боломж байдгийг бид өөрсдийн туршлагаас мэддэг. Монголын хувьд амьдралын өртөг тийм өндөр биш учир логистикийн зардал, бэрхшээлийг эс тооцвол бүтээгдэхүүнээ харьцангуй боломжийн үнээр зарах боломжтой.

Номингийн хувьд маш олон брэндтэй хамтарч ажилладаг, зах зээлээ маш сайн мэддэг, амжилттай компани учраас бид Номинд итгэсэн.

– Эхний дэлгүүрийн борлуулалт их сайн байсан гэж та хэллээ. Монголын хэрэглэгчдийг ийн татахад юу нөлөөлсөн гэж бодож байна вэ? Монголын хэрэглэгчдийн талаарх таны бодлыг сонсоё?

– Бид нар үнээ аль болох бага түвшинд байлгахыг хичээдэг учир их үнэтэй бүтээгдэхүүн зардаггүй гэж ойлгож болно. Мөн бид монголчуудын орлогын түвшин, худалдан авах чадварыг ч судалсан. Манай компани зах зээл тус бүрд ялгаатай үнээр зарахыг хэзээ ч хичээж байгаагүй.

Бид бүтээгдэхүүндээ нэг үнэ тогтоож, бүх улсад тэр л үнээрээ зардаг.

Одоогоор бид Монголын хэрэглэгчдээс сөрөг сэтгэгдэл аваагүй байна. Манай бүтээгдэхүүний эрэлт ч нэмэгдэж байна. Бид зөвхөн гэр ахуйн бараа бус аксессуар, чимэглэл, гоо сайхны бараа зэргийг борлуулдаг. Монголын хэрэглэгчид манай бүтээгдэхүүнд сэтгэл хангалуун байдаг гэж бодож байна.

– Та Монголын бизнесийн орчны талаар ямар бодолтой байдаг вэ? Манай улсад бизнес эрхлэх хугацаандаа ямархуу сорилтуудтай тулгарч байв?

– Монгол Улсын хувьд хамгийн том сорилт бол логистикийн сүлжээ, гарцуудыг сайжруулах, тээвэрлэлтийг аль болох шуурхай болгох гэж боддог. Томоохон компаниуд энэ тал дээр анхаарч, логистикийн сүлжээ байгуулах талаар санаачилга гаргах, эсвэл улсаас энэ асуудлыг шийдэх нь зүйтэй. Номин шиг томоохон, мэргэжлийн аж ахуйн нэгжүүдийг улсаас дэмждэг, улам томорч өсөхөд нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Чухам ийм компаниуд худалдааг хөгжүүлнэ, худалдаа нь нийгмийн баялаг бий болгож, эдийн засгийг хөгжүүлнэ. Монгол Улсад ихээхэн боломж бий гэдэгт, хөгжих боломж бий гэдэгт манай компани итгэдэг.

 

 

 

Mongolian Economy