Ханбогд-бүтээн байгуулалт, ажлын байр форум боллоо

B Shurenchimeg
2023-04-03 16:04:00
Ангилал: Хот төлөвлөлт

Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан “Хот хөдөөгийн сэргэлт” зорилтын хүрээнд Ханбогд сумыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө батлагдсан. “Эрдэнэс Оюу Толгой” ХХК энэхүү зорилтын хэрэгжилтийг хангахаар Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газартай хамтран “Ханбогд-Бүтээн байгуулалт, ажлын байр” форумыг Ханбогд суманд зохион байгууллаа. Энэхүү форумд Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат болон Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар оролцож “Хот хөдөөгийн сэргэлт” зорилтын хүрээнд хөдөө, орон нутагт амьдарч байгаа иргэдийн амьдралын чанарыг сайжруулах чиглэлээр хийж байгаа гол ажлуудаа танилцуулж Ханбогд сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдан гарах эдийн засгийн боломжуудын талаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд танилцуулга хийж, санал солилцлоо.

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа “Ямар орон нутаг хамгийн сайн сэргэж хөгжиж байна вэ гэхээр бизнесүүдийн хувьд зах зээлийн боломжтой, иргэдийн хувьд ажлын байр бэлэн, малчин ардад хамгийн сайхан байгаль орчинтой хөдөө нутаг цэцэглэн хөгжиж байдаг. Тэгвэл Ханбогд сум энэ гурван шалгуурыг бүгдийг нь хангаж байгаа. Засгийн газрын “Боомтын сэргэлт” зорилттой шууд уялддаг сумдын нэг. Нүүрсний нийт экспортын 56 хувийг Гашуунсухайт боомт дангаар хангадаг. Мөн Өмнөговь аймгийн авто замын хоёр боомт нүүрсний экспортын 78 хувийг дангаараа бүрдүүлж байна. Тиймээс боомттой сумдыг хотын дайтай болгож хөгжүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллана.” гэдгийг онцлоод “Хөдөөгийн сэргэлт” Ханбогд сумаас эхэлж байна гэв. 

Ханбогд сумын хөгжлийн стратегийг “Оюу Толгой” компанийн урт хугацааны бизнесийн стратеги болон “Алсын Хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан боловсруулсан. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ханбогд сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг өнгөрсөн оны тавдугаар сарын 26-нд орон нутгийн удирдлагуудад хүлээлгэн өгч, эл төлөвлөгөөг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт, “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдре Лингенфэлдер нар гарын үсэг зурж байсан. 

Энэ хугацаанд санамж бичигт тусгасан олон ажлууд шат дараатай хэрэгжиж байгаа бөгөөд Ханбогд сумыг хөгжүүлэх “Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан” байгуулагдсан. Үүнтэй уялдуулан Оюу Толгой төслөөс ирэх таван жилд Ханбогд суманд эхний ээлжинд 50 сая ам.доллар зарцуулахаар баталжээ.

Уг форумын үеэр “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат “2040 он гэхэд Ханбогд сумын хүн амын тоо гурав дахин нэмэгдэж 25 мянгад хүрнэ. Тэр үед нэг хүнд ногдох ДНБ 5.4 дахин өсөж, 85.2 саяд хүрэх юм. Харин Ханбогд сумын ДНБ 16 дахин өсөж, 2.2 их наяд болно” гэдгийг онцолсон. Мөн тэрбээр “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан Ханбогд сумын эдийн засгийн салбар бүрд боломж, ирээдүй байна. Гэхдээ энэхүү нүсэр төлөвлөгөөг бодит ажил хэрэг болгох нь та бидний хүчин чармайлт, хичээл зүтгэлээс шууд хамааралтай” гэдгийг хэлж байлаа.

Дээрх үзүүлэлтүүдэд хүрэхийн тулд “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-аас 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөг дараах байдлаар танилцуулсан юм. Эхний гурван жилд буюу 2023-2025 онд хүнс, хөдөө аж ахуйн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, 2025-2030 оны хооронд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, үйлчилгээ, ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрийг дэмжин ажиллана. Харин 2030-2040 онд аялал жуулчлал, дэд бүтэц мэдээллийн технологийн парк болон бусад шинэ эдийн засгийг хөгжүүлнэ гэж төлөвлөсөн байна. Ингэснээр аялал жуулчлалыг Ханбогд сумын эдийн засгийн гурав дах гол салбар болгон хөгжүүлэх юм.

Мөн аймгийн Засаг дарга Р.Сэддорж тус форумд оролцон Ханбогд сумын цаашдын хөгжлийн уул уурхайгаас хамаарах хамаарлыг бууруулж, бусад эдийн засгийн хүчин зүйлүүд нэмэгдэх чухал ач холбогдолтой шийдлүүдийг хэлэлцүүлгээс хүлээж буйгаа илэрхийлэв.

Ханбогдыг орчин үеийн хот болгон хөгжүүлснээр тус нутгийн иргэд төдийгүй Оюу толгой болон Тавантолгой төслийн ажилтан албан хаагчид, гэр бүлтэйгээ хамт эрүүл аюулгүй шинэ хотод амьдрах таатай боломж бүрдэж, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, таталцлын шинэ соронзон орныг үүсгэх боломж бүрдэх юм.

 

 

 

 

 

 

 

 

 

B Shurenchimeg