Хариуцлагагүй уул уурхайгаас сүйдсэн 187 га газрыг нөхөн сэргээх гэрээ үзэглэлээ

B Shurenchimeg
2023-11-26 12:18:52
Ангилал: Мэдээ Нийгэм

Энэ сарын 24-ний өдөр “Оюу толгой” компанийн Байгаль орчны хэлтэс үйл ажиллагааныхаа 20 жилийн ойн хүрээнд салбарын ололт амжилт, алсын харааг хэлэлцэх зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Энэ өдөр “Оюу толгой” компани, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай Дархан-Уул аймгийн нутагт 187 га газрыг нөхөн сэргээх хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ. Тус гэрээний хүрээнд Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор сумын нутагт хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрч, сүйдсэн 187 га орчим газрыг “Оюу толгой” компани, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ирэх онд нөхөн сэргээх юм. Тус гэрээнд Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Оюу толгой компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б. Оюунсанаа, Дархан-Уул аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Г. Батбаяр нар гарын үсэг зурлаа. Энэ үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: “Бид Ерөө сум ямар нөхцөлтэй болсон байсныг, тус талбайг “Оюу толгой” компани хэрхэн нөхөн сэргээснийг харлаа. Үүнээс бидний эх дэлхийдээ хандах хандлага хариуцлагатай болон хариуцлагагүй гэсэн хоёр янзаар илэрч буйг харж болно.

Өнөөдөр бид уул уурхайг Оюу толгой шиг, Эрдэнэт шиг, Эрдэнэс Тавантолгой шиг байх хэрэгтэйг ойлгуулснаар хариуцлагатай уул уурхайн жишгийг олон нийтэд таниулах юм. Өдгөө бидэнд маш олон тулгамдсан асуудал байна. Тэр дундаа орон нутгийнханд хамгийн их хор нөлөөтэй уршиг ч байна. Тиймээс цаашдаа хохирдог биш хождог уул уурхайг хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар анхаарч бодлогын олон баримт бичигтээ өөрчлөлт оруулж байна.” Өнгөрөгч онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Сэлэнгэ аймгийн Засаг дарга, “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлын 2022 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндий дэх бичил уул уурхайн улмаас эвдрэлд орсон 400га талбайд техникийн нөхөн сэргээлтийг хийн, орон нутагт хүлээлгэн өгсөн юм. 

 

 

 

 

B Shurenchimeg