Хариуцлагатай уул уурхайг түүчээлэгч нь залуучууд

tselmeg tselmeg
2019-10-31 15:02:54
Ангилал:

“Аж үйлдвэрийн 4.0” хувсгалын эринд амжилттай шилжихийн тулд уул уурхайн салбарыг хариуцлагатай болгох замаар инженерүүддээ инновац, шинэ технологи бий болгож, бүтээмжтэй ажиллах орчин бүрдүүлэх шийдлийг “Эрдэнэс Монгол” ХХК хэрэгжүүлж байна.

Тус компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү “Аж үйлдвэрийн 4.0 эринд технологид суурилсан хариуцлагатай уул уурхайг бий болгоход авъяаслаг чадвартай инженерүүдийг бэлтгэх, дадлагажуулахад онцгой анхаарч, үндэсний хүний нөөцийн цогц бодлогыг боловсруулж, цаашид төрийн бодлогын нэг хэсэг болгон хэрэгжүүлэх нь зөв” хэмээн “Уул уурхайн салбарын хөгжилд залуу инженерүүдийн оролцоо” чуулганы үеэр эрдэс баялагийн салбарт ажиллаж буй 4000 орчим инженерийн төлөөлөл болсон залууст хэллээ. Тэрбээр “Ирээдүйд өсөн нэмэгдэх уул уурхай, аж үйлдвэрлэл, аялал жуулчлал, органик бүтээгдэхүүний эрэлтийг хангах боломж бидэнд байна. Энэхүү боломжийг цаг алдалгүйгээр зөв ашиглаж, эдийн засгийн өсөлтийг зөв удирдан чиглүүлж чадвал иргэн болгон, айл бүр үр шимийг нь хүртэх нөхцөл бүрдэх юм. Дэлхий нийтэд өрнөөд буй технологи, инновацын хөгжлийн шинэ эрин үе бидний өмнө хэдэн тэрбум хүнтэй асар том зах зээлийг нээж буйн зэрэгцээ энэ боломжийг ашиглахад монголчууд, энэ танхимд хүрэлцэн ирсэн залуу инженерүүд та бүхнээс нээлттэй байдал, хурд хүч, бүтээлч хандлагыг шаардаж байна” гэв.

Энэ оны гуравдугаар улирлын байдлаар улсын хэмжээнд бүртгэлтэй 770 мянган ажилтан байгаагийн найман хувь буюу 61 мянган хүн уул уурхай, олборлох салбарт ажиллаж байна. Тэд экспортын орлогын 90 хувийг бүрдүүлж, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 73 хувь 9.5 их наяд төгрөгтэй тэнцэх баялаг бүтээгээд байна. Гэтэл улс орны эдийн засгийг авч яваа уг салбарт ердөө 4000 инженер ажиллаж байгаа нь цаашид манай улс инженер, оюуны инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч боловсон хүчин бэлдэхдээ онцгой анхаарах хэрэгтэйг харуулж байна. УИХ-ын гишүүн, НАМТХ-ны ерөнхийлөгч Н.Учрал “Статистикаас харахад Монголд инженерийн мэргэжлийн сонголт 17 хувьтай байгаа бөгөөд хуульч эдийн засагч, нийгмийн ухааны чиглэлийн мэргэжлүүд сонгосон хэвээр байна. Тиймээс ч инженерүүдийг сурталчлах, дэлхийн топ 100 сургуульд тэтгэлэг хөтөлбөрт хамрагдалтыг нэмэгдүүлэх зэрэг асуудал шинэ эрин үед амжилттай шилжихэд нэн тулгамдаж байна. Эдийн засгийн суурь болж буйн хувьд уул уурхайн салбар инновацыг нэвтрүүлэх, инженерүүдээ бэлтгэхэд түүчээлэх ёстой. Уул уурхайн салбарт технологитойгоо зэрэгцэн хөгжихөд залуу инженерүүдийн тус дэм, оролцоо хамгийн чухал” гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 11 дүгээр сарын 5-нд төрийн ордонд болох “Залуу инженерийн үндэсний чуулган”-ыг угтаж “Эрдэнэс Монгол” ХХК, НАМЗХ-ны хамтран зохион байгуулсан өнөөдрийн салбар хуралдааны үеэр залуу инженерүүд цалин хангамж, нийгмийн асуудал, зогсолтгүй хөгжих орчин, ажлын байрны тогтвортой байдлыг бий болгохын чухлыг төр засагт хүргэх илгээлтдээ онцолж байсан юм. Шинэ эрин үед орчныг нь бүрдүүлээд өгвөл залуучууд улс орноо аяндаа хөгжилд хөтөлнө гэдгийг НҮБ-ын зөвлөмждөө тусгасан байдаг. Тиймээс ч “Эрдэнэс Монгол” компани залуу инженерүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хөгжих орчныг бүрдүүлэх замаар бүтээмжийг нь сайжруулж, уул уурхайн салбарт инновац бий болгоход хариуцлагатай уул уурхайн систем нэвтрүүлжээ.

2018 онд УУХҮЯ, Уул уурхайн үндэсний ассоциац болон “Эрдэнэс Монгол” зэрэг уул уурхайн найман том компани хамтран 36 зарчим бүхий Хариуцлагатай уул уурхайн кодекс гаргаж дагаж мөрдөхөөр болсон юм. Уг системийг “Эрдэнэс Монгол” ХХК олон улсад мөрддөг хариуцлагатай уул уурхайн 24 төрлийн санаачилгаас өөрийн онцлогт тохируулан, таван бүлэг бүхий 290 заалт болгож нутагшуулаад байгааг аж. Тухайлбал, хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлүүдийг ил тод болгох замаар компанийн сайн засаглал ил тод байдлыг нэмэгдүүлж, дотоод болон гадаад орчноос ирсэн санал гомдлыг тусган авч, үйл ажиллагаагаа сайжруулах ашигтай дата болгож эхэлжээ. Мөн хөдөлмөрийн харилцаанд хүний эрхийг хангаж, ажилтнуудынхаа гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний шударга тогтолцоо нэвтрүүлсэн байна. Тус компанийн нийт ажилтны 60 хувийг залуучууд бүрдүүлдэг бөгөөд тэдний EQ буюу сэтгэл хөдлөлөө хянах, удирдах чадвар, техник технологийн хурдтай зэрэгцэн дасан зохицох чадвар, системийн сэтгэлгээг нь хөгжүүлэх дата анализ хийх чадварыг нь сайжруулахад хүний нөөцийн бодлого нь чиглэж буйг компанийн Дотоод хяналт, мониторингийн албаны дарга Б.Мэндбаяр хэлж байлаа. Харин нийгмийн зүгээс компанийн хариуцлага гэж хардаг байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, орон нутгийн хөгжил, олон нийтийн оролцоог хангах нь хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлэх гол цөмүүд болж байгаа аж. Энэхүү бие биенээ харилцан дэмжих гинжин хэлхээ нь хариуцлагатай уул уурхайн системийг бий болгож, залуу боловсон хүчинд хөгжиж, өсөж дэвжих орчин бүрддэг байна. Ийн хариуцлагатай, хүндэтгэлтэй, шударга цалин хөлстэй орчин бүрдсэнээр залуучуудын ажлын бүтээмж нэмэгдэнэ.

Төрийн өмчийн компаниуд нь нэг талаар ирээдүйн хөрөнгө оруулалт, төсвийг бүрдүүлэгч юм. Нөгөөтэйгүүр, салбарын мега төслүүдийг гардан гүйцэтгэдэгийн хувьд гадаадын шинэ ноу хау, бизнесийн туршлагыг нэвтрүүлж, үндэсний хэмжээний инженер боловсон хүчнээ бэлтгэж, чадавхжуулах арвин нөөцтэй. Судалгаа хөгжүүлэлтэд ч гэсэн чухал байр суурь эзэлдэг. Тиймээс “Эрдэнэс Монгол” компани залуучуудыг дэмжих орчин бүрдүүлж, хариуцлагатай уул уурхайд залуучуудын хувь нэмрийг оруулах юм.

tselmeg tselmeg